Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2376

 

 

 

 

 

 

 

 

 

Н.С, Д.Днарын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/02604 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.С, Д.Днарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Г, Р.Т нарт холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт Н.Соёлмаад 38 780 000 төгрөг гаргуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 25 000 000 төгрөг Д.Дид гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч Д.Дийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Од, нэхэмжлэгч Н.Соёлмаагийн өмгөөлөгч Г.Нацагдорж нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч Д.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Мөнх-Од

Нэхэмжлэгч Д.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Одын өмгөөлөгч: Д.Гантөмөр

Нэхэмжлэгч Н.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Алтансүх

Хариуцагч: Ц.Г, Р.Т

Хариуцагч нарын өмгөөлөгч: Д.Хишигбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Сшүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Г.Нацагдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ц.Ганбаатар нь манай гэр бүлийн өмч болох экскаваторыг 120 000 000 төгрөгөөр худалдаад авчих, жилийн дотор өөрийн зардлаа нөхнө гэхэд нь түүнд итгэж, худалдан авахаар болсон. Ингээд хашаа. байшингаа зараад 43 000 000 төгрөгийг төлсөн. Төлбөрийг гүйцэд төлөх боломжгүй болмогц тэрээр 60 000 000 төгрөгийг нь яаж ийгээд төлчих, экскаватораа ажиллуулаад үлдэгдэл мөнгийг өөрөөр нь төлүүлчихье гэсэн. Гэвч манай гэр бүлийн санхүүгийн боломж болохгүй байсан тул тэрээр өөрийн үеэл Н.Дамдинбазараас 25 000 000 төгрөгийг гаргуулж, экскаватораа ажиллуулан үлдэгдэл төлбөрийг төлүүлэх замаар 2004 онд үйлдвэрлэгдсэн, 2005 УН улсын дугаартай экскаваторыг бид хоёрын дундын өмч болгож өгөхөөр 2014 оны 05 дугаар сард ярилцан тохиролцож, уг мөнгийг үеэлээсээ авсан. Ц.Ганбаатар нь уг экскаваторыг 2014 оны хавар Дундговь аймаг руу ажилд авч яваад одоог хүртэл холбоо барихгүй байгаа ба урьд төлсөн мөнгийг эгүүлэн болон ярилцсан тохиролцсон экскаватораа өгөхгүй байх тул урьдчилан төлсөн мөнгөө нэхэмжлэн тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагч нараас 43 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа 4 220 000 төгрөгөөр багасгаж хариуцагч нараас 38 780 000 төгрөг гаргуулна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эксковаторыг түрээслүүлэх хэлцэл огт хийгдээгүй. Эксковаторыг худалдан авсан учраас худалдан авсан үнийг төлөхөөр богино хугацаанд их хэмжээний мөнгийг шилжүүлсэн. Хэдийгээр худалдах, худалдан авах хэлцэл хийсэн, гэрээ хийсэн бичгийн баримт байхгүй ч гэсэн их хэмжээний мөнгийг шилжүүлсэн баримт нь талуудын хооронд худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн болохыг нотолж байна. Хэрвээ түрээсийн гэрээ хийсэн бол тийм их хэмжээний мөнгө орж ирж байхад ямар учиртай мөнгө болохыг асуух ёстой ч хариуцагч нар чимээгүй байсан. Тийм өндөр үнээр эксковатор түрээслүүлдэг гэж бодохгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ. 

Нэхэмжлэгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Од шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ц.Ганбаатар нь 2014 оны 05 дугаар сард иргэн Ж.Баяраад 120 000 000 төгрөгөөр өөрийн эзэмшлийн экскаваторыг худалдахаар тохиролцож, төлбөрийг бүрэн барагдуулсан тохиолдолд Ж.Баяраагийн эзэмшилд шилжүүлэн өгөхөөр тохиролцож Эрдэнэт хотод экскаваторыг зориулалтын трейлэр машинаар тээвэрлүүлэн хүргүүлсэн. Ингэхдээ хариуцагч Ц.Ганбаатар нь иргэн Ж.Баяраатай эхний ээлжид эксковаторын үнийн 50 хувийг нь төлөөд, үлдэгдэл 50 хувийн төлбөрт Эрдэнэт хотод экскаваторыг цаашид ажиллуулж олсон орлогын 50 хувийг cap бүр хийж барагдуулахаар тохиролцсон. Ийнхүү тохиролцсоны дагуу иргэн Ж.Баяраа нь өөрийн гар дээр бэлэн мөнгө хараахан байхгүй байсан тул хариуцагч Ц.Ганбаатартай тохиролцсон хэлцлээ надад тайлбарлан 25 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээч, гэхдээ энэ мөнгөө шууд Экскаваторын төлбөрт Ц.Г, Р.Т нарын дансанд хийцгээе гэсэн юм. Бид Экскаваторын төлбөрийг бүрэн дуусгаад Баяраа эзэмшилдээ шилжүүлэн авсны дараагаар Экскаваторыг ажиллуулж олсон орлогоо хувь тохирч хувааж авч байхаар тохирсон юм. Ингээд экскаваторын төлбөрт тооцуулан 25 000 000 төгрөгийг дараах байдлаар хариуцагч Р.Туулын Хаан банк дахь 5462074345 дугаартай дансруу шилжүүлсэн. Үүнд: 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч Ц.Ганбаатарын төрсөн дүү Ц.Нямсүрэнгийн Хаан банк дахь 5017112473 дугаартай дансаар дамжуулан 19 500 000 төгрөгийг, 2014 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 5 000 000 төгрөгийг, Ж.Баяраагийн эхнэр Н.Соёлмаагийн дансаар дамжуулан 500 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Ингээд Ж.Баяраа ч удалгүй өөрийн эзэмшлийн машин, хашаа байшин зэргээ худалдаж 43 000 000 төгрөг, нийт 68 000 000 төгрөгийг экскаватор худалдан авахаар шилжүүлээд байтал, хариуцагч Ц.Г, Р.Т нар нь Экскаваторыг ямар нэгэн шалтгаангүйгээр Өмнөговь аймаг руу буцаан авч явсан. Үүнээс хойш бидэнд Экскаваторыг буцаан өгөхгүй, тохирсон хэлцлээсээ буцаж, Экскаваторын төлбөрт шилжүүлсэн мөнгийг бид маш олон удаа буцаан олгохыг нэхсэн боловч өгөхгүй өнөөдрийг хүрсэн тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэгчээс хариуцагч нарт холбогдуулан эксковатор худалдан авахаар шилжүүлсэн 25 000 000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг ийнхүү томъёолсон нь хариуцагч нараас худалдах, худалдан авах гэрээний үүргийг шаардаж бус харин тэдгээрт шилжүүлсэн өөрийн мөнгийг буцаан гаргуулах шаардлага байсан. Д.Д нь Ж.Баяраагийн тэрээр Ц.Ганбаатартай эксковатор худалан авах хэлцэл хийж байгаа, төлбөрийг төлж дуусгасны дараа эксковаторыг ажиллуулж олсон орлого хувь тохирч хувааж авах гэх саналыг хүлээн зөвшөөрч 25 000 000 төгрөгийг хариуцагч нарт шилжүүлсэн байдаг. Харин шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч нараас шилжүүлсэн мөнгийг түрээсийн гэрээний төлбөрт тооцсон, худалдах, худалдан авах гэрээг байгуулаагүй гэх тайлбарыг мэдсэн. Гэвч нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргаж байгаа үндсэн зорилго нь тэдгээргээс худалдах, худалдан авах гэрээний үүргийг шаардаж бус өөрийн хариуцагч нарын дансанд шилжүүлсэн 25 000 000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар буюу хариуцагч нар нь нэхэмжлэгчийн 25 000 000 төгрөгийг авсан хэрнээ буцаан өгөхгүй байгаа буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн мөнгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ. 

Нэхэмжлэгч Д.Дийн өмгөөлөгч Д.Гантөмөр шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Д.Д болон хариуцагч Ц.Г, Р.Т нарын хооронд үүрэг үүсээгүй тул хариуцагч нарыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Ц.Г, Р.Т нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Р.Туул, Ц.Ганбаатар бид Дундговь аймгийн Хултад экскаватораа түрээсэлж сард 18 000 000 төгрөгийн орлоготой ажиллаж байхад Н.Соёлмаагийн нөхөр н.Баяраа Эрдэнэт хотод би 24 000 000 төгрөгийн ажил авчихлаа та хоёр 18 000 000 төгрөгөө аваад бид 6 000 000 төгрөгийг авуул бидний ахуй амьдрал дээшлэх гээд байна гэж удаа дараа гуйхаар нь зөвшөөрөөд Дундговь аймгаас Эрдэнэт хот дахь ажил руу экскаватораа зөөж тухайн газар ажиллуулсан билээ. Н.Соёлмаа, түүний нөхөр н.Баяраа бидэнд түрээсийн мөнгө дутуу өгсөн. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Хишигбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд түрээсийн гэрээ бодитоор байгуулагдсан. Гэвч эх хувиар нь гаргаж өгч чадахгүй байна. Харин Түрээсийн гэрээний загвар нь ямар байсныг нотлох зорилгоор иргэн Ж.Баяраа гэж бичсэн, Ж.Баяраа өөрөө гарын үсэг зураагүй гэрээний төслийг шүүхэд гаргаж өгсөн. Талууд худалдах, худалдан авах хэлцэл, гэрээ хийгээгүй, Д.Дийн мөнгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зүйлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Ц.Г, Р.Т нарт холбогдох, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 38 780 000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Соёлмаад олгуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 25 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Дид олгуулах тухай нэхэмжлэгч Н.С, Д.Днарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Н.Соёлмаагийн төлсөн 373 000 төгрөг, нэхэмжлэгч Д.Дийн төлсөн 282 950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Дийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Од давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг тодруулж 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр анхан шатны шүүхэд бичгээр гарган өгсөн. Ийнхүү нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг тодруулахдаа нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргаж байгаа үндсэн зорилго нь хариуцагч нараас худалдах, худалдан авах гэрээний үүргийг шаардаж бус өөрийн хариуцагч нарын дансанд шилжүүлсэн 25 000 000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар буюу хариуцагч нар нь нэхэмжлэгчийн 25 000 000 төгрөгийг авсан хэрнээ буцаан өгөхгүй байгаа буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн мөнгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг тодруулсан болно.

Мөн Иргэний хуулинд худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийх шаардлага байхгүй, түүнчлэн. хэлцлийг амаар хийж болдог. Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд гэрч н.Нямсүрэн болон н.Шижирбаатар нар талуудын хооронд экскавотар түрээслэх асуудал яригдаагүй худалдах, худалдан авах талаар ярилцаж тохирсон, одоо мөнгө ч байхгүй, экскавотар ч байхгүй. гэсэн мэдүүлгийг өгсөн байдаг.

Гэтэл анхан шатны шүүхээс шийдвэрийн үндэслэлээ нэхэмжлэгч Н.Соёлмаа, хариуцагч Р.Туул, Ц.Ганбаатар нарын хооронд экскавотарыг худалдах, худалдан авах агуулга бүхий иргэний эрх зүйн харилцаа үүссэн байдал хэрэгт цугласан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул худалдах, худалдан авах гэрээний үүрэгт хариуцагч Р.Туул, Ц.Ганбаатар нараас 38 780 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Соёлмаагийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзсэн.

Түүнчлэн нэхэмжлэгч Д.Дийн нэхэмжлэлийг нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг тодруулсаар байтал нэхэмжлэлийн шаардлага болох 25 000 000 төгрөгийг экскавотар худалдан авахаар тохиролцон урьдчилгаанд төлсөн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон гэж үзээд нэхэмжлэгч Н.Соёлмаа, хариуцагч Р.Туул, Ц.Ганбаатар нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй учир мөн Д.Дийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлээ тодруулсан тухайгаа бичгээр гарган өгсөөр байтал шүүх үүнийг авч үзсэнгүй. Харин нэхэмжлэгч Д.Дийг Ж.Баяраагийн хүсэлтээр түүний өмнөөс зохих төлбөрийг гүйцэтгэсэн хэмээн үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Н.Соёлмаагийн өмгөөлөгч Г.Нацагдорж давж заалдах гомдолдоо: “...Н.Соёлмаа, Ц.Ганбаатар нарын хооронд худалдах, худалдах авах иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй гэдгийг анхнаасаа хүлээн зөвшөөрч байсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа "Р.Туул, Ц.Ганбаатар нараас 43 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү" хэмээн тодорхойлжээ. Н.Соёлмаагаас шилжүүлсэн мөнгийг Ц.Ганбаатар хүлээн авч, түүнийг хувьдаа хэрэглэснээр иргэний эрх зүйн харилцаа үүсч эхлэх ба уг мөнгийг эгүүлэн шаардах эрх Н.Соёлмаад байгаа. Мөнгө шилжүүлсэн баримт нь иргэний эрх зүйн харилцааг үүсгэсэн факт мөн бөгөөд түүнийг нотлох баримт хэмээн үзэхгүй байгаа талаарх үндэслэлээ шүүх тайлбарлаагүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчиж байна. Н.Соёлмаагаас хариуцагч Ц.Ганбаатарын дансанд мөнгө шилжиж орсныг хариуцагч хүлээн зөвшөөрдөг ба уг мөнгөө шаардах эрх Н.Соёлмаад үүсээгүй юм бол уг мөнгийг шаардах эрх түүний гэр бүлийн хүн Ж.Баяраад байгаа юу гэдэг асуулт үүснэ. Гэвч шилжүүлээгүй буюу өгөөгүй мөнгөө Ц.Ганбаатар нараас шаардах эрх Ж.Баяраад байхгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг шийдвэрт оруулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйн улмаас маргааны үйл баримтад зөв дүгнэлт өгөөгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч Н.Снь хариуцагч Ц.Г, Р.Т нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлсөн 38 780 000 төгрөгийг буцаан гаргуулах, нэхэмжлэгч Д.Д нь мөн хариуцагч нарт холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 25 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл тус тус гаргасан байх ба хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “эксковаторыг худалдаагүй, түрээслэсэн” гэж маргажээ.

 

             Анхан шатны шүүх хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг зохигчдын тайлбар болон бусад нөхцөл байдалтай харьцуулан дүгнээгүйн улмаас хэргийн үйл баримтад буруу дүгнэлт өгч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “...зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар нь нотолгооны хэрэгслээр тогтоогдоно.” гэж заасан тул талуудын тайлбарыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой.

 

            Хэрэгт авагдсан гэрч Ц.Нямсүрэнгийн “...Ц.Ганбаатар мөнгөгүй хэрэг болоод байгаа учраас эксковатораа зармаар байна, эхлээд 60 000 000 төгрөгийг өгчихвөл бусдыг нь ажлаа хийгээд ашгаасаа хувааж төлж болно гэж ярьсан. Ж.Баяраа, Н.Снар...хашаа байшингаа зарж байгаад тал мөнгийг нь олоод өгье гэсэн...Д.Д нь хөрөнгө оруулаад Ж.Баяраатай хамтарч ажиллахаар Ц.Ганбаатараас худалдаж авч байгаа эксковаторын төлбөрийг 19 500 000 төгрөг, дараа нь 5 000 000 төгрөгийг Ц.Ганбаатарын данс руу шилжүүлсэн /хх 110, 209, 210/, гэрч Ж.Шижирбаатарын “...манай гэрийн хашаанд Ц.Ганбаатар эксковатор авчирсан байсан. Бид ярилцаад худалдаж авах тухай яриа үүссэн. Эхний 40 000 000 төгрөгийг өгчихвөл бусдыг нь хийсэн ажлаасаа төлчих гэдэг саналыг Р.Туул, Ц.Ганбаатар хоёр гаргасан. Тэгээд 40 000 000 төгрөгийг өгчихсөн байхад эксковаторыг очоод авчихсан...Манай эхнэр ах дүү нараасаа бас мөнгө зээлсэн. Н.С, Д.Дхоёр мөнгөө нийлүүлж эксковатор худалдаж авсан” /хх 112, 211, 212/, гэрч Н.Жаргалсайханы “...2900LC7 маркийн машиныг би зарахад дургүй байсан. Энэ хүмүүсийн хоорондын яриагаар эксковаторыг худалдаж авахаар болоод надаар буулгуулсан /хх 116, 117/ гэсэн мэдүүлэг, нэхэмжлэгч Н.С, Д.Днарын тайлбараар хариуцагч нарын “эксковаторыг худалдаагүй, түрээслэсэн” гэх тайлбар няцаагдаж байх ба нэхэмжлэгч Н.Снь хариуцагч нартай 2900LC7 маркийн эксковаторыг худалдах, худалдан авах хэлцлийг байгуулж, эксковаторын үнэд 38 780 000 төгрөгийг шилжүүлсэн, нэхэмжлэгч нь уг гэрээнээс татгалзаж шилжүүлсэн мөнгөө буцаан шаардах эрхтэй болох нь нотлогдсон байна.

 

            Түүнчлэн нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч нартай ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй боловч тэдэнд Ц.Нямсүрэнгээр дамжуулан 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 19 500 000 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 5 000 000 төгрөгийг, нийт 24 500 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгч Д.Дийн тайлбар, гэрч Ц.Нямсүрэн, Ж.Шижирбаатар нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан Ц.Нямсүрэн, Д.Д нарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, мөнгөн шилжүүлэг /I-хх 110, 209, 210, II-хх 10, 11/ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч нараас Иргэний хуулийн 492 дугаар 492.1.1-д заасан үндэслэлээр 24 500 000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

            3 дугаар хавтаст хэргийн 52, 53 дугаар талд эксковатор түрээсийн гэрээгээр ажиллуулах тухай гэрээ гэх баримт авагдсан бөгөөд гэрээний нэг тал болох Ж.Баяраа нь гарын үсэг зурж баталгаажуулаагүй тул шүүх Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар тэдний хооронд хэлцэл байгуулагдаагүй гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

            Хариуцагч нар эксковаторыг бусдад түрээслэж байсан талаар тайлбарлаж, хэрэгт 2005 УН улсын дугаартай 2900LC7 маркийн эксковаторыг бусдад түрээсийн гэрээгээр ашиглуулах тухай гэрээ, засвар үйлчилгээ хийлгэсэн баримтуудыг ирүүлсэн боловч маргааны үйл баримтад хамааралгүй болно.

 

            Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон агуулгын өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/02604 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р.Т, Ц.Г нараас 38 780 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.С-д олгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Р.Т, Ц.Г нараас 24 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Дид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч Ц.Г, Р.Т нараас улсын тэмдэгтийн хураамжид 351 850 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.С-д олгож, хариуцагч Ц.Г, Р.Т нараас улсын тэмдэгтийн хураамжид 280 450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Дид олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Н.С-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 373 000 төгрөг, нэхэмжлэгч Д.Дийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 950 төгрөгийг тус тус буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                            ШҮҮГЧИД                                                  Б.НАРМАНДАХ

 

                                                                                               Д.ЦОГТСАЙХАН