Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 805

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

     Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалантын 5-5 тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар ДП, Жинчин овогт Эрдэнэчимэгийн Мөнхсүх,

 

     Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалантын 5-5 тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар, Их Өөлд овогт Янжингийн Уранчимэг нарын нэхэмжлэлтэй

 

     Хариуцагч:Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 302 дугаар байрны 56 тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар ИХ, Хэлбүү овогт Дуламын Сүхээд холбогдох

 

     Үхрийн үнэ 2 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

     Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Э.Мөнхсүхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, нэхэмжлэгч Я.Уранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Уранбайгаль нар оролцов.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Д.Сүхээ манай улаан халзан, хээлтэй, гунжин үхрийг 2016 оны 8 дугаар сард бэлчээрээс хулгайлж авсан, хүний өмчийг дураараа авах эрхийг бид Д.Сүхээд отгоогүй, Сонгинохайрхан дүүргийн цагдаад гомдол гаргахад түүнээс авсан мэдүүлэгээр нотлогдоно.Манай тугалах үнээ өнөөдрийн ханшаар 2 000 000 төгрөгийн өртөгтэй байгаа.Д.Сүхээ миний эзэмшлийн Пронтер машиныг мал, мотоцикл оролцуулан 2015 онд худалдаж авсан, мотоцикл нь бичиг баримтгүй надад ирсэн бөгөөд 2 жилийн татвар төлөөгүй байсан.Иймд Д.Сүхээгээс хулгайлж авсан үхрийн үнэ 2 000 000 төгрөг, мотоциклийн бичиг баримт гаргуулахыг хүсэж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Д.Сүхээ 2016 оны 8 дугаар сард Э.Мөнхсүх, Я.Уранчимэг нарын гэрт ирээд үхрийг нь асуугаад 3 настай гунжин үнээг нь аваад явсан байдаг, 2017 онд үхэр хулгайлсан тухай гомдлоо Цагдаагийн байгууллагад гаргахад хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх үндэслэлээр хэрэг нээхээс татгалзсан байдаг. Д.Сүхээ нь Э.Мөнхсүхэд малчны шар гэх хөргөгчийг худалдсан боловч ажиллахгүй болохоор нь буцааж ав гэхэд маргаан үүсэж, хөлдөөгчийн үнэ гэж гунжин үхрийг нь бэлчээр дээрээс нь дур мэдэн аваад явсан байдаг.Э.Мөнхсүх нь Д.Сүхээгийн аваад явсан үхрийг хөргөгчийн үнэд ав гэж Д.Сүхээд хэлээгүй, тэр үхрийг зүсэлж өгөөгүй байдаг.Тухайн үед гунжин үхэр хээлтэй байсан тул өнөөдөр 3 толгой мал болсон байх ёстой.Д.Сүхээ шүүхэд гаргасан тайлбартаа хөргөгчийнхөө 800 000 төгрөгийн үнэд охин гунжин үхэр авсан гэж байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ дүнг багасгаж Д.Сүхээгээс 800 000 төгрөгийг, мөн өмнө нь эднийд худалдсан мотоциклын бичиг баримтын хамт гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Я.Уранчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Д.Сүхээ манайд малчны шар хөргөгч зарсан, үнэнд нь манай нөхөр үхэр оролцуулж төлнө гэж хэлж байсан боловч үхэр зүсэж хэлээгүй байхад бидний зөвшөөрөлгүй манай үхрийг бэлчээрээс нь аваад явсан, түүний манайд худалдсан малчны шар ажиллахгүй байгаа буцааж өгнө гэв.

 

Хариуцагч Д.Сүхээ шүүхэд гаргасан тайлбартаа:Би нэхэмжлэгчийн үхрийг хулгай хийж аваагүй, би Э.Мөнхсүх, Я.Уранчимэг нарт 2016 оны 5 дугаар сарын 20-ны үеэр өөрсдийнх нь хүсэлтээр малчны шар хөргөгч, 1 ширхэг 100 вт-ын аккумлятор, 60 вт-ын нарны толь өгсөн, хөргөгчийнхөө  800 000 төгрөгийн үнэнд 1 ширхэг охин гунжин үхэр авсан, 100 вт-ын аккумлятор, 60 вт-ын нарны толийг Э.Мөнхсүх, Я.Уранчимэг нараар 25 хонио маллуулсны хөлсөнд өгсөн.Гэтэл энэ хүмүүс миний хонийг өөр хүмүүст миний зөвшөөрөлгүй маллуулахаар өгсөн байсан, тэр хүнээс нь хонио буцааж авах болоход миний хонийг өгөхгүй хөлс нэхсэн.Би хөргөгч зарсан хөлсөндөө түүний өгсөн гунжин үхрийг авсан, энэ хавар л тугалах насны үхэр байсан гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Мөнхсүх, Я.Уранчимэг нар Д.Сүхээд холбогдуулан үхрийн үнэ 2 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг шүүхэд гаргасан боловч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагынхаа дүнг багасган 800 000 төгрөг гаргуулахыг хүсэж байна.

 

Д.Сүхээ нь малчны шар хөргөгчийг Э.Мөнхсүх, Я.Уранчимэг нарт хуралдсан, үүнийхээ өртөгийг үхэр оролцуулан төлөх тухай хэлцэл талуудын хооронд хийгдсэн болох нь тэдний тайлбараар нотлогдож байна.

 

Гэхдээ Э.Мөнхсүх, Я.Уранчимэг нар хөргөгчийн үнэнд ямар зүсний, ямар насны үхэр өгөх тухайгаа товлоогүй байсан гэж тайлбарлаж байхад Д.Сүхээ хөргөгчийн өртөгт гунжин үхрийг авсан гэж тайлбарласан байна.

 

Э.Мөнхсүх, Я.Уранчимэг нар нь өөрийнхөө үхрээс монголын гунжин үхрийг хөргөгчний өртөгт ав гэж Д.Сүхээд зүсэлж өгөөгүй гэж тайлбарлаж байхад Д.Сүхээ тэдний малнаас гунжин үхрийг дур мэдэн авч явсан нь буруу байна.

 

Нэг талаар хариуцагч Д.Сүхээ шүүхэд гаргасан тайлбартаа “хөргөгчийнхөө  800 000 төгрөгийн үнэд 1 ширхэг охин гунжин үхэр авсан” гэж тайлбарласан байх тул түүний нэхэмжлэгч нарт зарсан хөргөгчийг 800 000 төгрөгийн үнэтэй гэж үзсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэстэй байна.

 

Нөгөө талаар хэдийгээр шинжээч 2016 оны 3 дугаар улирлын байдлаар монгол үүлдрийн гунжин үхэр 500 000 төгрөгийн үнэ ханштай худалдаалагдаж байсан гэж тодорхойлсон байх боловч 2016 оны гунжин үхэр нь тоо толгойны хувьд өсөж, улмаар  тодорхой хэмжээгээр ашиг шимээ өгсөн байх магадлалтай байх тул хариуцагчаас 800 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Мөн талуудын хооронд өмнө нь хийгдсэн наймаа болох мотоциклийн бичиг баримт гэх DAYUN маркийн модел DY-150, VIN-L7GPCKLY1E404779, E6048344 дугаар бүхий PRODUCT CERTIFICATE, Нарны Буман Гэрэл ХХКомпанийн албан тоотын бланк, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг 1005710, нэмэлт маягт 0517138 зэрэг баримтуудыг нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэв.

 

Хариуцагч Д.Сүхээ  шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан Д.Сүхээгээс 800 000 /найман зуун мянган/ төгрөгийг, DAYUN маркийн модел DY-150, VIN-L7GPCKLY1E404779, E6048344 дугаар бүхий PRODUCT CERTIFICATE, Нарны Буман Гэрэл ХХКомпанийн албан тоотын бланк, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг 1005710, нэмэлт маягт 0517138 зэрэг баримтуудын хамт  гаргуулан Э.Мөнхсүх, Я.Уранчимэг нарт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Сүхээгээс 23 750 /хорин гурван мянга долоон зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

         

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                З.ДОРЖНАМЖИН