Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 160

 

х

 

 

 

 

 

   2022        02          08                                     2022/ШЦТ/160

 

-          

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

улсын яллагч Л.Галав,

шүүгдэгч П.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ойрд овогт Пүрэвдоржийн Мд холбогдох эрүүгийн 2106 03381 0172 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1989 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, халх, “Сайн тавилга” ХХК-д мужаан ажилтай, Ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Витсамо 5-569а тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, РД:УУ89120432, Ойрд овогт Пүрэвдоржийн М,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч П.М нь 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Витсамогийн 5-569а тоот өөрийн хашаандаа, тээврийн хэрэгсэл дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ хамт ажилладаг Э.Бтой маргалдан, ууж байсан архины шилээр толгой руу нь цохисны улмаас тархи доргилт, дух, дагзанд няцарсан шарх, хамарт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч П.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

           

Шүүгдэгч П.М шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Бын ”Би ажлын газрын найз гэх М болон түүний эхнэрийн хамт 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өрийн 23 цаг 00 минутын үед Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны эцэст байхдаа шөнийн цагаар архи шаглаж зардаг хүмүүстэй холбогдож 0.75 литрийн “ Хараа” нэртэй архи, 2 литрийн савлагаатай “Сэнгүр” гэх нэртэй пиво худалдан авч тэндээсээ машинтайгаа Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд байх Мын хашааны гадна талд очиж Мын хар өнгийн суудлын автомашин дотор хэсэгт бид гурав нөгөө архи, пивоо хувааж уусан. Би М болон Мын эхнэртэй архи болон пиво хувааж ууж байхдаа ойр зуурын юм ярьж байснаа санаж байна. Архиа ууж сууж байгаад би их муудсан байсан. Яг юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Нэг мэдсэн М архины шилээр миний толгой руу цохисон. Миний толгойноос цус гараад тэрүүхэн тэнд манараад сэрээд харах үед би Мын эхнэрийн хамт гэрийнхэн ойролцоо засмал зам дагуу алхаж явж байсан бөгөөд Мын эхнэр түргэн дуудсан байсан. Мын эхнэр надад түргэн дуудахгүй бол болохгүй байна” гэж хэлж байсан. Удалгүй 103-ийн түргэн тусламж ирж надад анхны тусламж үзүүлж, миний толгой хэсэгт боолт хийсэн. Намайг гэртээ ирснээс хойш утсаар Мын эхнэр холбогдож “нэгнийгээ шоронд хийх гээд байгаа юм уу, чи намайг гичий янхан гэж хэлсэн тэгээд зодоон болсон шүү дээ” гэж хэлж байсан. Миний биед учруулсан гэмтлийг М учруулсан. Тэгэхдээ миний эмчилгээний үардалд гаргасан мөнгийг төлчихвөл надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй.” (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас) гэх мэдүүлэг

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Отгонжаргалын өгсөн Би тухайн өдөр гэртээ 2 хүүхдийн хамт байж байхад нөхөр залгаад “улаанхуаранд байна, ирээд аваа” гэхээр нь 22 цагийн үед очиж авахад ажпын газрынхаа 1 залуугийн хамт согтуу байж байсан. Тэр залуутайгаа хамт гэр рүү явна гээд замаараа Шархадны 2-ын буудал орчмоос хувь хүнээс 1 шил архи болон пиво ундаа тамхи зэргийг аваад манай гэр рүү явсан. Би хашаагаа онгойлгоод машинаа оруулаад гэр рүүгээ орсон. Манай нөхөр болон хамт ажилладаг Б нар хашаанд авч ирсэн архиа уусан. Би орж гараад явж байхад манай нөхөр урд сандал дээр, Б хойд сандал дээр архиа уугаад нэлээн согтсон байсан. Б согтуурхаад байхаар нь би “чи одоо харь гэхэд харихгүй надтай хэрүүл хийгээд байсан. Би гэр рүү орчихоод гараад ирэхэд Бын толгойноос цус гарсан байхаар нь би түргэн тусламж дуудаж өгсөн. Түргэний машин гудамны үзүүрт ирэхээр нь би Быг хүргэж өгөөд гэр рүүгээ буцаж орсон. Хэсэг хугацааны дараа над руу өөрийнхөө утаснаас залгаад би түргэний машинаас буугаад явж байна, чи намайг хүргэж өг гээд байсан. Хөмсөгнийх нь ойролцоогоос цус гараад байсан. Цус их гарч байсан болохоор нь түргэн тусламж дуудаад зам дээр ирчихлээ гэхээр нь Быг хүргэж өгсөн.” (хавтаст хэргийн 25-27 дугаар хуудас) гэх мэдүүлэг,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 9034 дугаартай шинжээч эмч Б.Ганзоригийн гаргасан “Э.Бын биед тархи доргилт, дух, дагзанд няцарсан шарх, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” (хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас) гэх дүгнэлт,

 

 Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч П.Мын өгсөн "Гэрт хүүхдүүд байсан болохоор гадаа хашаанд машиндаа авч очсон архи болон пивоо уусан. Өдрөөс хойш уусан болохоор би их муудсан байсан.” (хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас) гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 49 дугаар хуудас),

Байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 52 дугаар хуудас),

            Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

            Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт

 

Гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч “Шүүгдэгч П.М нь 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Витсамогийн 5-569а тоот өөрийн хашаандаа, тээврийн хэрэгсэл дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ хамт ажилладаг Э.Бтой маргалдан, ууж байсан архины шилээр толгой руу нь цохисны улмаас тархи доргилт, дух, дагзанд няцарсан шарх, хамарт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцуулах саналтай.” гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч П.М нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Үйл баримтын талаарх дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Витсамогийн 5-569а тоот өөрийн хашаандаа, тээврийн хэрэгсэл дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ хамт ажилладаг Э.Бтой маргалдан, ууж байсан архины шилээр толгой руу нь цохиж гэмтэл учруулсан байна.

 

Хохирогч Э.Бийн Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 9034 дугаартай шинжээч эмч Б.Ганзоригийн гаргасан “Э.Бын биед тархи доргилт, дух, дагзанд няцарсан шарх, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна

 

Эрх зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос П.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

           

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч П.М нь хохирогч Э.Бын эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Хохирогч Э.Бод Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 9034 дугаартай шинжээч эмч Б.Ганзоригийн гаргасан “Э.Бын биед тархи доргилт, дух, дагзанд няцарсан шарх, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч П.М нь хохирогч Э.Бын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч П.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж тус тус зааснаар шүүгдэгч П.М нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч Э.Бод гэм хорын хохиролд 200.000 төгрөгийг өгсөн байх тул шүүгдэгч П.М нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу П.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, П.М нь уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

 

Шүүх шүүгдэгч П.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

           

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.М нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч П.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.М нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХТУЛГА