Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
Хэргийн индекс | 105/2022/0219/Э |
Дугаар | 292 |
Огноо | 2022-02-25 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 292
2022 02 25 2022/ШЦТ/292
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч М.Ариунцэцэг,
Хохирогч А,
Шүүгдэгч С.А нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ад холбогдох эрүүгийн 2206 00000 0073 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.А нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 17 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ану төвд иргэн Атай "мөрлөж өнгөрлөө" гэх шалтгааны улмаас маргалдаж, толгойн тус газар нь гараараа цохиж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.А нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн өдөр манай найз, манай дүү бид гурав “Ану” худалдааны төв рүү манай найз үсээ засуулах гээд орсон. Би утсаараа тоглоод хана налаад зогсож байсан. Хохирогч тэр үед ломбардны хүн рүү залгаад уурлаад согтуу явж байсан. Охинтойгоо хамт. Зайтай байхад энэ ах намайг өөрөө мөрлөж явсан. Би дуугарахгүйгээр эргээд харсан чинь “чи надад зам тавьж өгсөнгүй” гээд намайг элэгдсэн. Тэгээд боож унагаагаад цохисон. Тэр хавийн худалдагч нар салгах гээд дийлээгүй. Миний уур хүрээд доошоо бууя гэсэн. Тэгэхэд охин нь уйлаад байхаар нь “ахаа, та больчих охин чинь уйлаад байна” гэхэд намайг угсраад хоёр цохисон. Миний уруулын доод талыг майжаад цус гарсан. Уурладаггүй хүн гэнэт уурлахаар яасан гэдгээ мэддэггүй юм байна. Би хоёр цохисон гэдгээ санаж байна. Тэгээд би цагдаа дуудсан. Энэ ах эхнэрээ дуудсан.” гэв.
Хохирогч А нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “12 дугаар сарын 07-ны өдөр манай ажлын нэг залуу оны шидэг ажилтан болоод нэг газар суугаад хоёр пиво уусан. Тэгээд би охиноо сургуулиас нь аваад охиндоо бишгүүр хөгжим авахаар “Ану” худалдааны төв орсон. Хөгжмөө аваад гарах гэхэд 3 залуу шатан дээр утсаа үзээд зогсож байсан. Хажуугаар чинь зөрье гэхэд зай байгаагүй. Би хажуугаар чинь зөрье гэхэд над руу нэг нь хараад тоосон шинжгүй байсан. Тэгэхлээр нь зөрөөд гарахдаа нэгийг нь мөрлөсөн. Би энд хүмүүсээс ахмад гэдэг утгаараа надад зам тавиад өгөх байх гэж бодсон. Би Аг элэгдэж цохисон зүйл байхгүй. С.А ганцаараа цохисон гэж байгаа ч нөгөө хоёр нь ч мөн цохисон. Хэн нь яаж цохисон гэдгийг мэдэхгүй. Нүүр рүү 5-6 удаа цохисон. Гурван хүн зэрэг дайрсан. Би охиндоо утсаа өгч эхнэрээ дуудуулсан. Мөн цагдаа дуудсан. Цагдаа ирээд энд асуудлаа шийдэх үү гэхэд нь би үгүй гэсэн. Тэгээд мэдүүлэг өгч, шүүх эмнэлэгт үзүүлэх бичиг хийж өгсний дагуу шүүх эмнэлэг рүү явсан. Шүүх эмнэлэг намайг яаралтай зураг авхуул гэсэн. Тэгээд гэмтлийн эмнэлгийн хажууд байдаг хувийн эмнэлэгт зураг авхуулсан.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хавтаст хэргийн 3 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Агийн "2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 16 цаг 40 минутын үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт хуучин эцэст байдаг Ану худалдааны төв орох гээд охины хамт явж байсан, тэгсэн тус дэлгүүр дотор миний орох гэж байсан тасгийн үүдэн дээр үл таних 3 залуу зам хаагаад чихэж гарахдаа нэгийг нь мөрлөчихсөн, тэгсэн нэг залуу нь яагаад байна, гэхээр нь зогсож байсан. Тэгэхээр тэр гуравтай маргалдаад зууралдсаар 1 давхарт ирсэн. Тэгээд нэг мэдсэн тонгойлгоод намайг зодоод байсан." /хавтаст хэргийн 07 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Отгонбаатарын "2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ах А, Тэмүүжин ах нартай хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Ану төвийн 2 давхарт үсээ засуулаад гарах гэж байтал 2 давхрын шатны хажууд 30 орчим насны 10 насны хүүхэдтэй хөтөлсөн согтуу ах хажуугаар зөрж байгаад А ахыг гараараа түлхсэн. Тэгсэн А зүгээр яваач, яаж яваад байгаа юм гэж хэлсэн чинь, үгийн зөрөөгүй гараараа элэг хэсэг рүү нь нэг удаа цохиод гараараа заамдсан. Тэгсэн А ах өөдөөс нь хөдлөөгүй, “Та хүүхэдтэйгээ явж байна боль, зүгээр явчих ахаа" гэж хэлсэн чинь тоохгүй нүүр хэсэг рүү нь цохиод гарж зодолдох уу гэж Ад хэлтэл, тэгье гээд тэр 2 гарч зодолдохоор болсон. Тэгээд нэг давхар руу буусан, тэгээд Тэмүүжин ах бид 2 салгах гээд буутал А ахыг цохисон байдалтай уруул хэсгээс нь цус гарсан байсан. Тэгээд А ах уурлаад нүүр болон бие хэсэг руу нь цохиод байсан. Тэгсэн нөгөө ах адилхан цохиод байсан, тэгээд зодолдоод ирэхээр нь Тэмүүжин ах бид 2 очиж салгатал нөгөө ах Тэмүүжин ах бид 2 руу та 3 нийлж намайг зодлоо гээд байсан." /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 149 дугаартай "Агийн биед зүүн нүдний ухархайн дотор болон доод хана, хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, хоёр сарвуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/ гэх дүгнэлт,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 35 дугаар хуудас),
Байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 36 дугаар хуудас),
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 34 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч “Шүүгдэгч С.А нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 17 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ану” төвд иргэн Атай "мөрлөж өнгөрлөө" гэх шалтгааны улмаас маргалдаж, толгойн тус газар нь гараараа цохиж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Улсын яллагч шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлт гаргасан. Шүүгдэгч нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Үйл баримтын талаарх дүгнэлт
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч С.А нь хохирогч Агийн биед зүүн нүдний ухархайн дотор болон доод хана, хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, хоёр сарвуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь үйл баримт тогтоогдож байна.
Эрх зүйн дүгнэлт
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан
Шүүгдэгч С.А нь хохирогч Агийн эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогч нарын Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Шүүгдэгч С.Агийн үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийн хувьд “мөргөж өнгөрлөө” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдсан. Хохирогчийн ахархсан, хамгаалалтын албанд олон ажилласан байдлаа “хуулийн хүн” шүү гэж аархах, согтуурхсан байдал нь нөхцөл байдал хурцдаж гэмт хэрэг болоход хүргэсэн байна гэж үзэв.
Хохирол, хор уршгийн талаар
Хохирогч А нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалинтай холбоотой мөнгийг нэхэмжилсэн ч нотлох баримтын шаардлага хангасан 2.453.981 төгрөгийг шүүгдэгч С.Агаас гаргуулж, хохирогч нь гэм хорын хохирол, түүнтэй холбоотой цаашид гарах зардал байвал нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээв. Учир нь ажилгүй байсан хугацааны цалин, цаашид гарах эмчилгээний зардал, хүүхдийн сэтгэлзүйн эмчилгээ хийлгэх зардал зэрэгтэй холбоотой баримтаа хангалттай гаргаж ирүүлээгүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч С.А нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, цагдаад өөрөө дуудлага өгөн өөрийгөө илчилсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзлээ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар ноцтой их биш, нялх хүүхэдтэй залуу гэр бүл толгойлж байгаа өрхийн тэргүүн, оюутан зэрэг хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагч: “Шүүгдэгч С.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сар орчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” саналыг гаргасан.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Агийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Гончиг овогт Сарнайцэцэгийн Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ад 2 /хоёр/ сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, дээрх хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахгүй, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллага, албан тушаалтанд урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 505-р зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Агаас 2.453.981 /хоёр сая дөрвөн зуун тавин гурван мянга есөн зуун наян нэг/ төгрөг гаргуулан хохирогч А д олгуулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гэм хорын хохиролтой холбоотой баримтаа нөхөж бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА