Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 67

 

 

 

 

 

 

 

  2022        01           04                                  2022/ШЦТ/67

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Х.Еркебулан,

Шүүгдэгч С.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гд холбогдох эрүүгийн 2106 00000 2530 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,

 

            Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч С.Г нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дунд Дарь-Эхийн 13 дугаар гудамжны 1139 дугаартай нийтийн байрны 03 тоотод байршилтай гэрт хохирогч Д.Энхбаатартай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд зүүн дээд 4, доод 2 дугаар шүдний булгарал, буйланд цус хуралт, зүүн доод 1 дүгээр шүдний сулрал, доод уруулын зөөлөн эдийн няцрал, салстад цус хуралт, язрал, доод уруулд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Д.Энхбаатарын мэдүүлэг /хх-08-09/, гэрч Т.Батхишигийн мэдүүлэг /хх-20-21/, гэрч Д.Ганчимэгийн мэдүүлэг /хх-31-32/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 10571 дугаартай дүгнэлт /хх-35-36/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч С.Г нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дунд Дарь-Эхийн 13 дугаар гудамжны 1139 дугаартай нийтийн байрны 03 тоотод байршилтай гэрт хохирогч Д.Энхбаатартай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд зүүн дээд 4, доод 2 дугаар шүдний булгарал, буйланд цус хуралт, зүүн доод 1 дүгээр шүдний сулрал, доод уруулын зөөлөн эдийн няцрал, салстад цус хуралт, язрал, доод уруулд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Энхбаатарын “2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд байрлах Шинэ буудал, Дунд буудал хоёрын завсарт байрлах Хишгээгийн нийтийн байранд очсон юм. Хишгээгийн гэрт очиход Г гэх залуугийн хамт бууз жигнэж идээд, архи, пиво уугаад согтчихсон байсан. Тэгээд Хишгээ надад мөнгө өгөөд хүү бид хоёр буузанд гарсан. Тэгээд буцаад ирэхэд манай эхнэр “намайг доромжилсон” гэсэн. Тэгээд би нөгөө залууд “чи яагаад байгаа юм бэ?” гэхэд нөгөө залуу “чамд ямар хамаатай юм бэ? ална шүү” гээд үгээр доромжлоод шууд татаж унагаагаад, нүүр рүү цохисон чинь шүд унасан.” /хх-08-09/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Батхишигийн “2021оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 14 цагийн үед 100 айл худалдааны “Жоби” төвийн үүдэнд хуучны танил Г гэх залуутай таарсан. Ойрд уулзаагүй найзтайгаа таарсан учир 2 литрийн том шар айраг 2 ширхгийг хувааж уугаад манай гэр рүү явсан. Замаараа бууз, 1 ширхэг 0.75 граммын Хараа нэртэй архи авсан. Тэгээд манай гэрт ууж байгаад Энхбаатартай яриад “манай гэрт жоохон ууж сууя” гэж хэлээд дуудсан. Тэгээд удалгүй ирээд би Энхбаатарт 20,000 төгрөг өгөөд “бууз, архи аваад ир” гэж гаргасан. Тэгтэл эхнэр Батчимэг нь бие засах гэж гарах гэж байтал Г хүрч ирээд “нөхрийнхөө араас 20.000 төгрөг аваад бултах гэж байна’’ гээд түлхсэн. Тэгээд удалгүй Энхбаатар орж иртэл эхнэр Батчимэг нь болсон үйл явдлын талаар хэлтэл Энхбаатар, Г хоёр маргалдаад Г, Энхбаатарыг цохисон юм шиг байна лээ.” /хх-20-21/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Ганчимэгийн “2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Хишгээгийн гэрт иртэл Г гэх найзтайгаа хамт архи уугаад сууж байсан. Тэгсэн Хишгээ ах “бууз аваад ир” гэж хэлээд Энхбаатарт мөнгө өгөөд явуулсан. Тэгсэн Энхбаатар гарсны дараа Г гэх залуу учир үл ойлгогдох шалтгаанаар намайг түлхэж унагаасан. Тэгээд манай нөхөр орж ирэхэд түлхэж унагаасан талаар хэлэхэд Энхбаатар “чи ямар дээрэлхүү юм бэ?” гэж хэлэхэд Г манай нөхөр Энхбаатарын нүүрэн тус буюу шүд хэсэг рүү цохисон. Тэгээд шүд хэсгээс нь цус гарсан.” /хх-31-32/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 10571 дугаартай: ”Д.Энхбаатарын биед зүүн дээд 4, доод 2 дугаар шүдний булгарал, буйланд цус хуралт, зүүн доод 1 дүгээр шүдний сулрал, доод уруулын зөөлөн эдийн няцрал, салстад цус хуралт, язрал, доод уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн доод 1 дүгээр шүдний сулрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хх-35-36/ гэх дүгнэл гэх дүгнэлт зэрэг болно.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Иймд шүүгдэгч С.Ггийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

            Хохирогч Д.Энхбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч С.Ггаас 800.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч энэ гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй тул хохирогч нь нь гэм хорын бусад хохирол, мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч С.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч С.Ггийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, урьд 5 удаагийн ял шийтгэл эдэлж засран хүмүүжээгүй хувийн байдал зэрэг түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзэв.

 

Шүүхээс шүүгдэгч С.Г нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хасах ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч С.Ггийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр үйлдэгдсэн байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр  баталсан Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “...2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй...” гэж зааснаар Өршөөл Үзүүлэх тухай  хуульд  хамрагдах  үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч С.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гд 2 /хоёр/ сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахгүй байх, оршин суух газар, ажил, суургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллага, албан тушаалтанд урьдчилах мэдэгдэх үүрэг бүхий зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш шүүгдэгч С.Гд 2 сарын хугацаагаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

            5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч С.Гд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

            6. Хохирогч Д.Энхбаатар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдсугай.

 

            7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Г нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА