Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 10

 

 

 

 

 

 

 

    2021        12          22                                 2022/ШЦТ/10

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

Улсын яллагч Н.Ганчимэг,

Шүүгдэгч С.Ц түүний өмгөөлөгч С.Болорчулуун нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Түнжин овогтой Санжаасүрэнгийн Цд холбогдох эрүүгийн 2106 02575 2509 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч С.Ц нь ерөнхий захирлаар ажиллаж байх хугацаанд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9.5.Энэ хуулийн 9.1-9.4-т заасан шаардлагыг хангаагүй машин механизм, тоног төхөөрөмжийг ашиглахыг хориглоно”, 17 дугаар зүйлийн 17.3-т “ажлын байранд зохих сургалтад хамрагдаж, дадлага хийж, шалгалтад тэнцсэн иргэнийг ажиллуулах”, 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан “Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн, эсхүл мэргэшсэн хүнийг авч ажиллуулна”, 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудалд үл хамаарах ажил, үүрэг гүйцэтгэхийг хориглоно”, 28 дугаар зүйлийн 28.1.8-д “аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн эс үйлдэхүйн улмаас 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дуүргийн 16 дугаар хороо, Цагдаагийн академи 50 тоотод байрлах “Пластик Центр” ХХК-ийн үйлдвэрийн байранд тус компанид хайлах машины хэвлэгчээр ажиллаж байсан Ц.Энхбат хайлах халаах төхөөрөмж (АПН)-ийн бункер хэсэгт урт гялгар уут хийж байхдаа баруун гараа бункер хэсэг рүү хийж, түүний биеийн эрүүл мэндэд баруун гарын шуу богтос ясны дунд 1/3 хэсгээс урагш сарвууны яснууд бүгд бүтцээ алдаж бяцарсан хугарал, баруун гарын шууны дунд 1/3-р тайрах мэс заслын дараах байдал гэмтэл бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ц мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

                     

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-9/, 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн “Пластик Центр” ХХК-ийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10/, хохирогч Ц.Энхбатын мэдүүлэг /хх-15/, гэрч Ш.Төгсийн мэдүүлэг /хх-18-19/, гэрч Д.Бумдуламын мэдүүлэг /хх-135/, гэрч Б.Бадмаарагийн мэдүүлэг /хх-22/, гэрч Б.Баасангийн мэдүүлэг /хх-24/, ХАБ-05/20 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-65-67/, 6541 дугаартай өвчний түүхийн хуулбар /хх-28-36/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 73668 дугаар дүгнэлт /хх-26-27/, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилга өгсөн бүртгэлийн дэвтрийн хуулбар” /хх-40/, хайлах ба халаах төхөөрөмж (АПН) 4х метр, дагалдах хэрэгсэлтэй давтамжтай хөтлөгчтэй, АПН-400к ашиглалтын гарын авлага /хх-51-52/, яллагдагч С.Цгийн мэдүүлэг /хх-154-156/, иргэний хариуцагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол /хх-48/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч С.Ц нь ерөнхий захирлаар ажиллаж байх хугацаанд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9.5.Энэ хуулийн 9.1-9.4-т заасан шаардлагыг хангаагүй машин механизм, тоног төхөөрөмжийг ашиглахыг хориглоно”, 17 дугаар зүйлийн 17.3-т “ажлын байранд зохих сургалтад хамрагдаж, дадлага хийж, шалгалтад тэнцсэн иргэнийг ажиллуулах”, 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан “Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн, эсхүл мэргэшсэн хүнийг авч ажиллуулна”, 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудалд үл хамаарах ажил, үүрэг гүйцэтгэхийг хориглоно”, 28 дугаар зүйлийн 28.1.8-д “аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн эс үйлдэхүйн улмаас 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дуүргийн 16 дугаар хороо, Цагдаагийн академи 50 тоотод байрлах “Пластик Центр” ХХК-ийн үйлдвэрийн байранд тус компанид хайлах машины хэвлэгчээр ажиллаж байсан Ц.Энхбат хайлах халаах төхөөрөмж (АПН)-ийн бункер хэсэгт урт гялгар уут хийж байхдаа баруун гараа бункер хэсэг рүү хийж, түүний биеийн эрүүл мэндэд баруун гарын шуу богтос ясны дунд 1/3 хэсгээс урагш сарвууны яснууд бүгд бүтцээ алдаж бяцарсан хугарал, баруун гарын шууны дунд 1/3-р тайрах мэс заслын дараах байдал гэмтэл бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт  гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Хэргийн газрын үзлэг хийсэн “Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Цагдаагийн академи 50 тоот “Пластик Центр” ХХК-ийн үйлдвэрийн байр баруун хойд хэсэгт зүүнээс баруун тийш харуулж байрлуулсан бор өнгийн төмөр тоног төхөөрөмж байх ба “хайлах машин” гэж нэрлэдэг гэх, уг машины нийт урт 4 метр, дээд хэсэгт 105х99см хэмжээ бүхий гялгар уут хийх зориулалт бүхий бункер хэсэг байх ба бункер машины гол хэсэг рүү холбогдох хэсэг 16x16 см, уг бункерын урд хэсгийг төмөр тасдагчаар тайрч доош дарсан байдалтай, бункерын гол хэсэгт гялгар уут байх ба цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон. Уг хайлах машины бункерын дээд хэсгээс хүн зогсох зориулалт бүхий тавцан хэсгийг хэмжихэд 80 см, хүн зогсох зориулалт бүхий тавцан 18 см байв. Үүйлдвэрийн байрны хаалганы хэсэгт шалан дээр цус мэт зүйлээр бохирлогдсон байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-9/,

 

2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Пластик Центр” ХХК-ийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “Үйлдвэрийн дотор хэсгийг харуулсан дүрс харагдах ба үйлдвэрийн байрны хойд хэсэгт саарал өнгийн цамц, хар өнгийн малгай, цагаан өнгийн маск, саарал өнгийн бээлий өмссөн эрэгтэй хайлах машины урд хэсэгт хойш харсан байрлалтай зогсож, гялгар уутыг гараараа авч хайлах машины бункер хэсэг рүү өргөж хийж байгаа дүрс бичлэг байна. 04:15 секундэд хайлах машины бункер хэсэгт гялгар уут хийж байсан ажилтан баруун гараа бункер хэсгийн дотогш хийж хавчуулан улмаар тус үйлдвэрт байсан хар өнгийн цам, өмдтэй залуу ирж тус хайлах машины цахилгааны салгаж байгаа нь бичигдсэн байв“ /хх-10/ гэх тэмдэглэл,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Энхбатын “Би 2021 оны 5 сарын сүүлээр “Пластик Центр” ХХК-д хэвлэгчээр ажилд орсон. Үндсэн ажил үүргийн хувьд гялгар уутыг хайлуулж хэвлэх үүрэгтэй тус үйлдвэрийн хайлах машинд Б.Баасангийн хамт ээлжпэн ажилладаг байсан. 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хайлах машин дээр гялгар хийж байсан. Тухайн үед гартаа бээлий өмссөн байсан ба гялгар уутыг тус машины бункер хэсэгт хийгээд буцаад эргэх гэтэл бээлий хэсэгт гялгар уут ороогдож улмаар баруун гараа хайлах машины бункер дотор байрлах араа хэсэгт хавчуулсан. Тэгээд машинаа унтраагаарай гэж орилоход тухайн үед тус үйлдвэр дотор Б.Баасан ирж хайлах машиныг унтрааж, үйлдвэрийн ажилчид бункер хэсгийг задалж миний гарыг гаргасан. Тэгээд Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд яаралтай хагалгаанд орж баруун гарын тохойн урд хэсгээр тайруулсан. Үйлдвэрт хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг Ш.Төгс хариуцан ажилладаг. Намайг анх тус үйлдвэрт ажилд орох үед Ш.Төгс гэж хүн хайлах машин дээр хэрхэн ажиллах талаар зааварчилгаа өгч байсан. Тухайлбал, хайлах машин дээр гялгарыг хийх үедээ гараараа хий болохгүй, зөвхөн гялгарын хаягдал материалаар чигжиж байх талаар зааварчилгаа өгч байсан. Өдөр бүр ажил эхлэхийн өмнө хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааарчилгаа өгч гарын үсэг зуруулдаг байсан. Үйлдвэрийн хайлах машины хувьд дээд талд нь бункер бүхий гялгар хийх хэсэг байдаг ба тухайн хэсгээр гялгар уутаа хийж дээд талаас нь гялгарын хаягдлаар чигжиж ажиллах зориулалттай байдаг. Хайлах машин дээр ажиллаж байх үед урт гялгар байсан тул дээрээс нь чигжих шаардлагагүй байсан тул зориулалтын зүйлээр чигжээгүй гараараа гялгарыг өргөж бункер хэсэгт хийж байсан ба гялгар уутанд бээлий хавчуулагдаж улмаар гараа хавчуулсан” /хх-15/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Төгсийн “Би үйлдвэрийн оффисын өрөөнд ажиллаж байхад хангамжийн ажилтан холбогдож “Ц.Энхбат гараа хавчуулсан байна, хурдан ир” гэж хэлсэн. Би хайлах цех рүү очиход Ц.Энхбат хайлах машины бункер хэсэгт баруун гараа хавчуулсан байдалтай байсан тул түргэн тусламж, онцгой байдлын байгууллагад дуудлага өгсөн. Тухайн үед гагнуурчин Б.Бадмаараг бункерын дээд амсар хэсгийг төмөр тасдагчаар тайрч байсан. 103 ирэхэд Ц.Энхбатын гарыг гаргаагүй байсан. Онцгой байдлын алба хаагч нартай орж ирэхэд Ц.Энхбатын гарыг гаргасан эмч боолт хийж байсан. Үйлдвэрт хөдөлмөр хамгааллыг Д.Бумдулам бид 2 ээлжлэн хариуцан ажилладаг. Би ажлын байрны тодорхойлолтын дагуу хөдөлмөр хамгааллыг хариуцан ажиллах эрх бүхий албан тушаалтан. Гэхдээ хөдөлмөр хамгааллын сертификат байхгүй. Үйлдвэрт хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилга өгч гарын үсэг зуруулахаас гадна бээлий маск зэргийг олгодог. Мөн гар тасдагч хэрхэн ашиглах талаар амаар зааварчилга өгдөг. Үйлдвэрийн бүх ажилтан, албан хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, камераар болон биечлэн хяналт тавьж ажилладаг. Хайлах машин дээр ажилладаг 4 ажилтанд хайлах машины бункер хэсэгт гялгарыг хийх үедээ гараараа биш зөвхөн пластик хаягдлаар чихэж байх талаар биечлэн өдөр тутам зааварчилга өгч ажилладаг байсан. Ц.Энхбат нь архи, согтууруулах ундаа хэрэглэдэггүй. Өнөөдөр хэрэглээгүй байсан. Үйлдвэрийн зүгээс согтууруулах ундаа хэрэглэсэн хүнийг ажпын байранд ажиллуулдаггүй” /хх-18-19/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Бумдуламын “Би “Пластик Центр” ХХК-д 2021 оны 6 сараас хангамжийн менежер гэсэн албан тушаалд томилогдон ажиллаж байна. Компанийн хувьд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтан байхгүй тул манай үйлдвэрийн дарга Ш.Төгс, ерөнхий инженер н.Чинзориг бид 3 үндсэн ажил үүргийн хүрээнд ажилчдад аюулгүй ажиллагааны зааварчилга өгч, өдөр тутмын ажил үүргээ гүйцэтгэх явцад заавар зөвлөгөө өгч ажилладаг байсан. Түрүүлж ирсэн нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дэвтэрт ажилчдаар гарын үсэг зуруулдаг байсан. 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хэн зааварчилга өгснийг санахгүй байна. Гэхдээ дэвтэрт бичсэн нь Ш.Төгсийн бичиг мөн байна” /хх-135/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Бадмаарагийн  Би “Пластик Центр” ХХК-д гагнуурчин. 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 16:00 цагийн орчимд хайлах үйлдвэрийн гадна талд ажиллаж байтал үйлдвэрийн байрны дотор хүн дуугарах чимээ гарсан тул дотогш ороход үйлдвэрийн байранд байсан Б.Баасан гадагш гүйж гарч ирж байсан тул юу болсныг нь таамаглаж “машинаа унтраасан уу” гэж асуухад “унтраасан” гэж хэлсэн. Тэгээд дотогш ороход ажилтан Ц.Энхбат хайлах машины бункер хэсэгт гараа хавчуулж доош тонгойсон байдалтай байсан тул гарыг нь гаргаж авах зорилгоор бункерын урд талын хэсгийг төмөр тасдагчаар тасдаж доош болгон дотор байсан гялгар уутыг татаж гарган хайлах машины гол араа хэсгийг механикаар буцааж эргүүлэн гарын гаргасан. Тухайн үед Ц.Энхбат ахын баруун гарын бугуй хэсэг нь цус болсон байдалтай байсан. Тодорхой сайн хараагүй. Уг үйлдвэрт хөдөлмөр хамгааллыг эмэгтэй хариуцан ажилладаг ба аюулгүй ажиллагааны зааварчилгааг өдөр бүр уншиж танилцуулж, гарын үсэг зуруулдаг” /хх-22/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Баасангийн “Би “Пластик Центр” ХХК-д энэ жил хэвлэгчээр ажиллаж байна. 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр би үйлдвэрийн хайлах цехийн байранд хэв задлах ажил хийж байсан. Харин тус байрны дотор үйлдвэрийн ажилтан Ц.Энхбат ах хайлах машин дээр гялгар чихэх ажпыг хййж байсан. Гэнэт орилох чимээ гарсан тул би гүйж очоод тус хайлах машиныг унтрааж тус байрны гадна талд байсан гагнуурчдыг дуудаж, орж ирж харахад Ц.Энхбат ахын баруун гарын бугуй хэсэг нь хайлах машины дотор талд орсон байдалтай байсан тул гялгар уутыг татаж аваад бункер буюу гялгар хийх хэсгийг гагнуурчин Б.Бадмаараг ах төмөр тасдагчаар тасдаж Ц.Энхбат ахын гарыг бункер хэсгээс гаргаж авсан” /хх-24/ гэх мэдүүлэг,

 

 ХАБ-05/20 дугаартай шинжээчийн “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм MNS 4969:2000 стандартын 4.16-д заасны дагуу зааварчилгаа өгөгдөөгүй байна. Эрсдэлтэй ажлын байранд тохирсон нэг бүрийн хамгаалах хэрэгслээр хангагдаагүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тухай хуулийн 18.13, 18.2.2-д заасан эрхээ хэрэгжүүлээгүй, тоног төхөөрөмжийн ажиллах заавартай танилцаагүй, дадлагажих ур чадвар эзэмшээгүй. Ажил олгогчийн зүгээс мэргэшсэн ХАБ-ын ажилтан ажиллуулаагүйгээс эрсдэлтэй ажлын байр, тоног төхөөрөмжтэй ажиллах үеийн нарийвчилсан зааварчилгаа боловсруулж мөрдүүлээгүй, шинээр ажилд орсон ажилтан болон эрсдэлтэй ажпын байранд ажиллаж байгаа ажилтныг тоног төхөөрөмжтэй ажиллах ур чадвар эзэмшүүлээгүй зэргээр шалтгаалж осол гарах шалтгаан бүрдсэн байна” /хх-65-67/ гэх дүгнэлт,

 

6541 дугаартай өвчний түүхийн хуулбар /хх-28-36/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 7366 дугаар “Хэсэг газрын үзлэгт: Баруун гарын шууны дунд 1/3 хэсгээр мухарлажтайрсан, мэс заслын боолт бүхий шархтай. 1. Ц.Энхбатын биед баруун гарын шуу богтос ясны дунд 1/3 хэсгээс урагш сарвууны яснууд бүгд бүтцээ алдаж бяцарсан хугарал, баруун гарын шууны дунд 1/3-р тайрах мэс заслын дараах байдал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65 хувь алдагдуулна. 4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги их хэмжээгээр алдагдуулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Дээрх гэмтэл нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна” /хх-26-27/ гэх дүгнэлт

 

“2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилга өгсөн бүртгэлийн дэвтрийн хуулбар” /хх-63-80/,

 

Хайлах ба халаах төхөөрөмж (АПН) 4х метр, дагалдах хэрэгсэлтэй давтамжтай хөтлөгчтэй, АПН-400к ашиглалтын гарын авлагын “7.Тоног төхөөрөмж ашиглах, ажиллах 7.5.Түүхий эдийг хүлээн авах бункерээр ачих түүхий эд ачих ажлыг гараар эсвэл автоматаар хийх боломжтой (тэжээгч, дамжуулагч гэх мэт үйл явцыг механикжуулах ийм хэрэгсэл байгаа тохиолдолд) түүхий эдийг их хэмжээгээр нийлүүлэхээс зайлсхийж аажмаар жигд, аажмаар ачаалах шаардлагатай. Ю.Аюулгүй байдлын арга хэмжээ. АПН дээр ажиллахаасаа өмнө аюулгүй ажиллагааны зааварчилгаанд хамрагдах шаардлагатай. 10.З.АПН-ийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаарх танилцуулга, өдөр тутмын сургалтад хамрагдсан хүмүүсийг тоног төхөөрөмж дээр ажиллахыг зөвшөөрдөг. 10.4.Тоног төхөөрөмжийг ажиллуулах явцад гар болон гадны биетийн тусламжтайгаар түүхий эдийг ажпын тасалгаанд оруулахыг хатуу хориглоно. 10.6.Тоног төхөөрөмж дээр ажиллахыг зөвхөн нүдний шил, маск, хамгаалалтын бээлий дээр хийхийг зөвшөөрнө. Ажиллах хүнд тавигдах шаардлага: .суурилуулалтад ажиллаж буй ажилчид өмсгөл, хосолсон бээлий, хамгаалалтын шилтэй байх ёстой. Бээлий гар дээрээ чөлөөтэй суух ёстой бөгөөд бугуйнд нь ямар нэгэн зүйл наалдахгүй байх ёстой”/хх-51-52/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Цгийн өгсөн “Манай компани 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш хаягдал гялгар уут дахин боловсруулах чиглэлээр үйлдвэрлэлийн шатанд 20 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Компанийн үйлдвэрийн байранд 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хайлах тоног төхөөрөмжид хэвлэгчээр ажиллаж байсан Ц.Энхбат баруун гараа хавчуулж улмаар эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан. Үйлдвэрлэлийн ажилчид цөөн, үйл ажиллагааны хүрээнд бага хүчин чадалтай ажилладаг байсан тул хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтан байхгүй байсан. Компанийн ерөнхий инженер С.Чинзориг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны ерөнхий зааварчилгааг боловсруулж, дэвтэр нээж ажилчдад гарын үсэг зуруулдаг байсан. Ш.Төгс компанид борлуулалтын менежерээр ажиллаж байгаад 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн тушаалаар үйлдвэрийн даргаар томилогдсон. Үйлдвэрийн дарга нь үйлдвэрлэлийн норм, төлөвлөгөөг хангах, ажилчдын өдрийн ирц болон үйлдвэрийн өдөр тутмын үйл ажиллагаанд ерөнхий хяналт тавьж ажиллах чиг үүрэгтэй ажиллаж байсан. Манай компани хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтан байхгүй байсан тул би захирлын хувьд үйлдвэрийн дарга Ш.Төгс, хангамжийн менежер Д.Бумдулам, С.Чинзориг нарт хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны талаар ерөнхий чиглэл өгч, Ш.Төгс, Бумдулам, Чинзориг нар нь ажилчдад аюулгүй ажиллагааны зааварчилгааг өдөр тутам өгч ажиллаж байсан. Ш.Төгсийг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан албан тушаалтнаар томилсон тушаал байхгүй. Үйлдвэрийн даргын ажлын байрны тодорхойлолтын 2.10-т оруулсан заалтын хүрээнд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтны өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих үндсэн чиг үүргийг тусгасан. Манай компани хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтан байхгүй байсан бөгөөд миний бие, Ш.Төгс болон ерөнхий инженер, хангамжийн менежер нар үүрэг чиглэл өгч, үйлдвэрлэлийн өдөр тутмын үйл ажиллагааны хүрээнд ажилчдад аюулгүй ажиллагааны зааварчилгааг аман болон бусад байдлаар өгч байсан. Ш.Төгс нь хөдөлмөр хамгааллын ажилтан биш бөгөөд хөдөлмөр хамгааллын чиглэлээр сургалтад хамрагдсан зүйл байхгүй. Манай компани хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтангүй байсан нь үйлдвэрлэлийн осол гарах болсон шалтгаан гэж үзэж байна. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтан, алба хаагч томилоогүй нь миний буруу” /хх-154-156/ гэх мэдүүлэг болно.

 

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Иймд шүүгдэгч С.Цгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч С.Ц нь бусдад төлөх төлбөргүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн болон бусдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх хууль зүйн үндэслэл бүхий саналыг шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч С.Ц нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 2220 код бүхий хаягдал, хуванцар, гялгар уут дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч С.Цгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр үйлдэгдсэн байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр  баталсан Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнийг өршөөлд хамааруулах үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч С.Ц нь нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си Диг хэрэг хавсарган үлдээв

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Түнжин овгийн Санжаасүрэнгийн Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цд 2220 код бүхий хаягдал, хуванцар, гялгар уут дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

          5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч                С.Ц увийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Диг  хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

          7. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Ц нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

          8. Хохирогч нь цаашид гарах эмчилгээ, сувилгаатай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэн хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдсугай.

 

          9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

         

          10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА