Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 620

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

  2022         04           27                                  2022/ШЦТ/620

 

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

      Нарийн бичгийн дарга Д.Хонгорзул,

   Улсын яллагч Д.Бат-Эрдэнэ,

Шүүгдэгч Т.Ж түүний өмгөөлөгч Ц.Цэрэнням нарыг оролцуулан тус шүүхийн “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Жт холбогдох эрүүгийн 2106 04462 0658 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Т.Т.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дүүргийн 2 дугаар гудамжны 53 тоотод иргэн Э.Мөнхбатын гэрт Э.Штай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Т.Т.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн..” гэв.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Шын “2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүүргийн 2 дугаар гудамжны 53 тоотод байх Мөнхбат найзындаа машинаа хамт засаж байгаад тэндээ хоносон. Өглөө нь босоод 10 цагийн үед Мөнхбатын хамт 0,5 литр хэмжээтэй Хараа нэртэй архи хувааж уусан. Тэгээд би ууж сууж байгаад унтаад өгсөн. Унтаж байгаад сэрээд хартал Жанка гэх хүн ороод ирсэн, Мөнхбаттай 1 шил архи хувааж уугаад сууж байсан. Ингээд би сэрээд тухайн 2 хүний хажууд очоод суутал Жанка нь чи намайг мэдэх үү, би цэргийн тусгай салааны хүн гэх мэтээр надад хандаж үг хаяад байхаар нь чиний ямар ажил хийдэг чинь надад хамаагүй гэж хэлтэл шууд миний баруун нүдэн тус газар цохиод авсан. Би цохиулаад манараад газар унатал шууд дээрээс дахиад миний нүүрэн тус газар 1-2 удаа цохисон. Мөн миний нүүрэн тус газар 2-3 удаа өшиглөсөн. Би босох гэтэл намайг ханан пийшингийн наана байсан галласан халуун зуух руу түлхэж унагаагаад чамайг шатаагаад алчихъя л даа гээд босгохгүй, тухайн зуух руу дараад байсан. Би уучлал гуйгаад одоо болно гэж хэлээд байхад Жанка гэх хүн нь болихгүй улам зуух руу дараад байсан. Би арай гэж зугатаж гараад цагдаа дуудсан боловч цагдаа нар тухайн хаягийг олж ирж чадахгүй байсан. Ингээд би Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Мөнхбат нь намайг сэрээд босож ирэзд суухад зөрөөд тасраад унтчихсан байсан. Болсон явдлын талаар сайн мэдэхгүй байгаа.” /хавтаст хэргийн 9-10 дахь хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Мөнхбатын “Би тэр хоёроос түрүүлээд тасраад нам унтчихсан. Утас дуугараад байхаар нь сэрээд ярьсан чинь аав яриад очиж байна гэж хэлсэн. Би аавтай ярьчхаад босоод харсан чинь гэрт бөөн зодоон нүдээн болчихсон, Шинээ нь нүүрээ дарсан, бие хувцас нь нэлээн цус болчихсон сууж байсан. Харин Жанка хажууд нь хувцас хунар нь урагдсан байдалтай зогсож байсан. Би нэлээн согтуу байсан болохоор өөр зүйл санахгүй байна. Тухайн үед яаж байгаад зодоон болсон талаар огт мэдэхгүй байна.” /хавтаст хэргийн 15-16 дахь хуудас/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11782 дугаартай шинжээчийн “1.Э.Шын биед хэвлий, бүсэлхий, зүүн шууны биеийн нийт гадаргуугийн 3 хувийг хамарсан III А,Б зэргийн түлэгдэлтийн шарх, баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамар ясны хоёр хажуу хананы цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн зүүн дээд 2 дугаар шүдний булгарал, баруун доод 2 дугаар шүдний эмтрэл, сулрал, баруун сарвууны дунд хуруунд няцарсан шарх, баруун чихний дэлбэнгийн ар талд хөхлөг сэртэнд цус хуралт, дух, хамар, эрүү, баруун бугалгад зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх түлэгдэлтийн шарх нь өндөр хэмийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. б.Нэг шүдний булгарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 23-25 дахь хуудас/,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Т.Т.Жын “Э.Шын баруун талын хацар руу гараараа цохиод ширээн дээр байсан ундаа, архи зэргийг хамаад газар унагасан. Тэгэхээр нь миний уур хүрээд босож ирээд хоёр нүдний гол хэсэгт нь гараараа 1 удаа цохисон. Э.Шын хамраас нь цус гарчихсан байсан. Эхлээд харахад баруун талын нүд нь улайчихсан байж байгаад хэсэг хугацааны дараа нүд нь хавдчихсан. Зүүн талын бөөрний хэсэгт нь зууханд арьс нь хайрагдаад улайчихсан байсан. Мөн зүүн гарын тохой хэсэгт нь улайчихсан байсан.” /хавтаст хэргийн 37-39 дэх хуудас/ гэх мэдүүлэг

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11782 дугаартай шинжээчийн “1.Э.Шын биед хэвлий, бүсэлхий, зүүн шууны биеийн нийт гадаргуугийн 3 хувийг хамарсан III А, Б зэргийн түлэгдэлтийн шарх, баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамар ясны хоёр хажуу хананы цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн зүүн дээд 2 дугаар шүдний булгарал, баруун доод 2 дугаар шүдний эмтрэл, сулрал, баруун сарвууны дунд хуруунд няцарсан шарх, баруун чихний дэлбэнгийн ар талд хөхлөг сэртэнд цус хуралт, дух, хамар, эрүү, баруун бугалгад зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх түлэгдэлтийн шарх нь өндөр хэмийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг болох нь үйл баримт тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж үзэв.  

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан

 

Шүүгдэгч Т.Т.Ж нь хохирогч Э.Шын эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Шүүгдэгч Т.Т.Жын үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийн хувьд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээс болон үл ялих зүйлээр шалтаглан маргалдсанаас үүдэж гэмт хэрэг гарсан байна гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Т.Т.Ж нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

                                                                     

Улсын яллагч: “Шүүгдэгч Т.Т.Жт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэх саналыг гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч Т.Т.Жт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үл ялих зүйлээр шалтгаглан хүний эрүүл мэндэд халдан хүндэвтэр гэмтэл учруулсан буюу гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, урьд гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгүүлж, хорих ял эдэлж байсан атлаа гэмт зан үйлээ засаагүй, засран хүмүүжээгүй, дахин гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө сайн дураараа нөхөн төлсөн хувийн байдал, бага насны 2 хүүхэдтэй ар гэрийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

           

Бусад асуудлаар

 

Хохирогч Э.Ш нь эмчилгээний зардалд 7.000.000 төгрөгийг авсан, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч Т.Т.Ж нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Т.Жын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Т.Т.Жт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т.Жыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Т.Жт 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Т.Ж нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Т.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гэм хорын хохиролтой нэхэмжлэл байвал баримтаа бүрдүүлэн иргэний журмаар хангуулах эрхтэйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Т.Жт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.МӨНХТУЛГА