Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 243

 

 

 

 

 

 

 

   2022        02          18                                     2022/ШЦТ/243

 

-          

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

улсын яллагч Ц.Батболд,

шүүгдэгч П.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн П.От холбогдох эрүүгийн 2106 04028 0189 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч П.О нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Голден Вилл хотхоны орчим, хохирогч Э.Маналжавын автомашин дотор, хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ, түүний эзэмшлийн Самсунг A72 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 1.199.920 төгрөгийн хохирол учруулан, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч П.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

           

Шүүгдэгч П.О шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Маналжавын өгсөн "2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өөрийн найз П.Оийн хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Голден Вилл хотхоны орчимд автомашин дотроо архи ууж байгаад өөрийн эзэмшлийн Самсунг А72 загварын гар утсаа хулгайд алдсан тул цагдаагийн байгууллагад хандсан. Би гар утсаа хүлээн авлаа. Ямар нэгэн гомдол санал байхгүй" /хх-ийн 9-10 хуудас/ гэх мэдүүлэг

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Ганбатын өгсөн "Би 2021 оны 11 дүгээр сарын эхээр хөдөө ажил дээрээ буюу Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байсан болохоор өөрийн хамаатны дүү болох Аззоригт гар утас худалдаж авч өгөөч, мөнгийг нь шилжүүлье гэхэд Аззориг надад манай найз утас зардаг юм, тэрнээс аваад өгье гэсэн. Тэгээд надад Самсунг-А72 загварын гар утсыг үзүүлээд 1.100.000 төгрөг гэж байна гэхээр нь би авъя гэж хэлээд дүүгийн 2133142868 тоот данс руу шилжүүлсэн юм. Дүү Аззориг надад хэлэхдээ Монтелд байдаг гар утасны лангуунаас авсан гэсэн. Тухайн гар утас хулгайлах гэмт хэргийн улмаас олдсон утас юм бол надад гар утсыг хураалгахад татгалзах зүйл алга. Харин гар утсыг ярьсан гэх хүнээс 1.100.000 төгрөгөө гаргуулан авч хохиролгүй болмоор байна" /хх-ийн 21- 22 хуудас/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Ариунаагийн “2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байхаа өдрийг нь сайн санахгүй байна, 19 цагийн үед 30 орчим насны эрэгтэй орж ирээд гар утас авах уу гээд Самсунг А72 загварын гар утас харуулсан. Гар утас зарсан хүний иргэний үнэмлэхийн лавлагааг авч үзээд данстай нь тулгаж үзэхэд таарч байсан. тэгээд би өөрийн 2 сим картыг хийгээд шалгаж үзсэн. Тэгээд ойролцоогоор 2-3 хоногийн дараа надтай цуг ажиллалдаг Мөнгөнхишиг гэх залуу надаас найздаа сайн утас авч өгөх гэсэн юм гээд тухайн Самсунг А72 загварын гар утсыг Мөнгөнхишигт 800.000 төгрөгөөр зараарай гэж хэлээд өгсөн, Мөнгөнхишиг надад 750.000 төгрөг миний данс руу шилжүүлсэн.” /хх-ийн 25 хуудас/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Д.Ганбатын өгсөн “Би одоо гар утас худалдаж авсан гэх 1.100.000 төгрөгийг гар утас зарсан Ариунаа гэх эмэгтэйгээс бүрэн хүлээж авлаа. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй” /хх-ийн 30 хуудас/ гэх мэдүүлэг

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч Э.Ариунаагийн өгсөн “Үл таних эрэгтэй хүнээс Самсунг A72 загварын гар утас 400.000 төгрөгөөр аваад, Мөнгөнхишигт 800.000 төгрөгөөр зараарай гэж өгсөн, Мөнгөнхишиг 1.100.000 төгрөгөөр найздаа зарсан гэсэн. Би гар утас зарсан гэх хүндээ буцаагаад 800.000 төгрөгийг өгч хохиролгүй болгосон. 300.000 төгрөгийг Мөнгөнхишиг өгсөн гэсэн. Надад 400.000 төгрөгийн хохирол учирсан” /хх-ийн 31 хуудас/ гэх мэдүүлэг,

“Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-ийн 48 хуудас/,

Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 36 хуудас/,

Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 37 хуудас/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 54 дугаар хуудас),

            Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 53 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

            Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт

 

Гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч “Шүүгдэгч П.О нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Голден Вилл хотхоны орчим, хохирогч Э.Маналжавын автомашин дотор, хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ, түүний эзэмшлийн Самсунг A72 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 1.199.920 төгрөгийн хохирол учруулан, хулгайлсан болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцуулах саналтай.” гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч П.О нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Үйл баримтын талаарх дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр П.О нь хохирогч Э.Маналжавын автомашин дотор, хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ, түүний эзэмшлийн Самсунг A72 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 1.199.920 төгрөгийн хохирол учруулан, хулгайлсан байна.

 

Эрх зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос П.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Хулгайлах гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Шүүгдэгч П.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ, гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хулгайлсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч П.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О нь “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж тус тус зааснаар шүүгдэгч П.О нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч Э.Маналжавт гэм хорын хохирол төлбөр нэхэмжлээгүй. “Миний бие болсон хэрэгт гомдолгүй мөн шүүх хуралд оролцохгүй” /хх-68/ гэх хүсэлт гаргасан тул шүүгдэгч П.О нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу П.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан 1 жилийн хугацаагаар тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах ял оногдуулах саналыг танилцуулж, П.О нь уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Энэ нь бусдын хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, хуульд заасан журмыг зөрчөөгүй, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүх шүүгдэгч П.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.От хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.О нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч П.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.От хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад  тус тус зааснаар П.От тэнсэгдсэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь заалтад зааснаар шүүгдэгч П.О нь үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг зөрчвөл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

 

            5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар П.Оийн тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

           

            6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч П.От хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

            7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.О нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХТУЛГА