Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 777

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

  2022         05           30                                  2022/ШЦТ/777

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

      Нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн,

   Улсын яллагч Ч.Батбаатар,

   Хохирогч Б.Г,

   Иргэний нэхэмжлэгч Ч.Ч,

Шүүгдэгч Т.Т нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Тд холбогдох эрүүгийн 2203 00900 0229 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Т.Т нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 13 цаг 20 минутын орчим Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Монелоос Дарь эхийг холбох замд “Хьюндай портер” маркийн 15-26 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон “Хьюндай соната-5” маркийн 97-93 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд чирүүлж явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд явж байсан “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч Б.Гын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгсэлд нийт 5.535.000 төгрөгийг хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Т.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирол төлбөрөө барагдуулна.” гэв.

           

Хохирогч Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Ч.Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо барагдуулж авмаар байна. Машинаа бүрэн бүтэн болгож авмаар байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-16 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Гын: “2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр би Т.Тгийн хамт “Хьюндай портер" маркийн 15-26 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг асаах санаатай хашаанаас өнхрүүлж гаргаад төв замын хажууд зогсож байтал замаас улсын дугаарыг нь мэдэгдэхгүй, мөнгөлөг өнгийн Соната-5 маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон танихгүй 40 орчим настай гэмээр эрэгтэй хүн ирээд машиныхаа цонхыг онгойлгоод “машинаа чирүүлэх үү 5.000 төгрөгөөр чирээд өгье” гэж хэлэхээр нь Т.Т бид хоёр зөвшөөрөөд Porter машинд байсан холбогчоор 2 машинаа холбоод дээрх авто машинаар чирүүлээд Т.Т жолоо бариад хажууд нь би суугаад төв зам руу ороод Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Монелоос Дарь-Эхийг холбох замд замын зүүнээс баруун тийш зорчих чиглэлд 3-4 км газарт явж байхад нь би Т.Тг машинаа 3 дугаар араандаа хийчих асаж магадгүй гэж хэлэхэд Т.Т 3 дугаар араандаа хийтэл миний зорчиж явсан Porter маркийн машин шарваад бараг бүтэн эргээд эсрэг талын урсгал руу орж тухайн урсгалд явж байсан цагаан өнгийн Toyota prius 20 маркийн 0464 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөөд зогссон. Осол болох үед би түрхэн зуур ухаан алдчихсан юм шиг байсан ба нэг сэрэхэд толгой эргэсэн, баруун гарын бугуй хэсгээр өвдөж байсан. Удаагүй эмнэлэг болон цагдаагийн машин ирсэн. Гомдол санал гээд байх зүйлгүй. Бидний буруутай үйл ажиллагааны улмаас осол гарсныг хүлээн зөвшөөрнө.” /хх-ийн 24-25 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Ч.Чийн: “2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 14 цаг өнгөрч байхад байхаа би цагийг нь сайн санахгүй байна Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр эмэгтэйчүүдийн хорих ангийн ертөнцийн зүгээр урд талын зам дээр хорих ангиас зүүн тийш 500 метр орчим зайтай, замын баруун талаас зүүн тийш зорчих чиглэлд өөрийн эзэмшлийн “Toyota prius 20” маркийн 0464 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод явж байтал гэнэт эсрэг талын урсгалаас буюу замын зүүнээс баруун тийш зорчих чиглэлд явж байсан хөх өнгийн “Porter” маркийн 1526 ХУВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоочийн эсрэг талын урд талын хэсгээрээ миний машины урд талын хэсгийг мөргөөд дахин жолоочийн эсрэг талын арын тэвш хэсгээрээ миний машины жолоочийн эсрэг талын арын хэсгийг мөргөөд зогссон. Би машинаа 2019 оны 5 дугаар сард 7.800.000 төгрөгөөр худалдаж авсан. Миний эзэмшилд байдаг. Одоо миний машинтай дүйцэхүйц хэмжээний Тоёота приус-20 маркийн машин авна. Миний машин засвар авахын аргагүй эвдэрсэн байна. Энэ эвдэрхий машиныг авахгүй.” /хх-ийн 28-29 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Үерхүүгийн: “Тухайн ослын талаар мэдэхгүй, тээврийн хэрэгсэлд ямар эвдрэл гэмтэл учирсан талаар мэдэхгүй, Батсайхан гэдэг хүнд “Хьюндай портер” маркийн 15-26 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зарсан. Батсайхан хохирол мөнгөө нэхэмжлэх байх, Миний тухайд ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Би ямар нэгэн хохирол хариуцаж төлөхгүй. Гэм буруутай хүн нь өөрөө хохирол төлбөрөө хариуцаж төлөх байх.” /хх-ийн 43, 46 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мөнхбаярын: “2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 13 цагийн орчим өөрийн эзэмшлийн “Сонота-5” маркийн 97-93 УНС улсын дугаартай саарал өнгийн автомашинтай хуурай дүү Мөнх-Очирын хамт Монелийн замаар явж байтал нэг шинэ баригдсан клонкийн эсрэг талд 2 залуу rap өргөөд цэнхэр өнгийн Хөвсгөлийн дугаартай машинтай залуучууд байсан. Тэгээд би зогсоод чирүүлж асаах гэж байгаа юм уу гэсэн, тийм гэхээр нь би 5000 төгрөг өгчих юм байгаа биз дээ гэсэн чинь тэгье гэсэн. Тэгээд тэр 2 өөрсдийнхөө олсон чирэгчээр өөрсдөө миний машинаас оосорлоод би чирч явсан. Анх чирээд хөдлөхөд нэг нь жолоо нь дээрээ суугаад нөгөө залуу нь үлдсэн юм. Тэгээд хөдлөөд 10 метр орчим явахад холбоос нь салсан. Тэгсэн нөгөө үлдсэн залуу гүйж ирээд холбож өгөөд нөгөө чирэгдэж яваа портерын жолоочийн хажууд суугаад явсан. Тэгээд би чирээд монелоос доошоо Эмэгтэйчүүдийн хорих анги өнгөрөөд уруудаад явж байтал нөгөө чирэгдэж яваа машин маань 2 удаа араандаа хийх шиг болоод машин гудчаад байсан. Тэгээд 2 дахь гудчаа нь дээрээ оосор тасраад араас дайвалзаад орж ирээд араас мөргөчих гээд байхаар би урагшаа мөргүүлчихгүй гээд явтал ард тас түс гэх чимээ гараад хартал эсрэг урсгалд явж байсан машинтай мөргөлдчихсөн байсан. Тэгээд би доошоо яваад машинаа замаас гаргаад яваад очиход мөргөлдсөн приус 20 машины жолооч нь машинаасаа гараад ирчихсэн. Портерт явж байсан 2 залууг яадаг муу хулгайч вэ та 2 гээд зогсож байсан. Портерын жолоо нь дээр сууж байсан залуу нэлээн манарсан толгойноос нь цус гарсан байсан. Хажууд нь сууж залуу машин хаалганы цонхоор цээжин хэсэг нь гарчихсан ухаан алдсан байдалтай байсан. Тэгэхээр нь би нөгөө ухаан алдсан цээжин хэсэг нь гарсан залууг цааш нь сандал дээр аятайхан суулгахад ухаан орж байсан. Би Портерын жолооч залуугаас гайгүй юу гээд асуухад гайгүй гайгүй гэсэн. Тэгээд би эмнэлэг цагдаа дуудах гээд байж байтал садангийн хүний бие муудчихлаа гэхээр нь би Приусын жолоочид эмнэлэг дуудаач э хүний бие муу байгаа юм биш үү гэж хэлсэн тэнд эмнэлэг цагдаа хүлээж байх хооронд нөгөө сандангийн хүн болох Эрдэнэцогт гээд манай хамаатны ах өнгөрчихлөө гэхээр нь Толгойт руу явсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 48-50 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Батсайханы: “Хьюндай портер” маркийн 15-26 ХӨВ улсын тээврийн хэрэгслийг 1 жилийн өмнө Хөвсгөл аймгийн Арбулаг суманд танил Үерхүү гэх хүнээс 4.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо дээрх тээврийн хэрэгсэл Үерхүүгийн нэр дээр байдаг ба одоог хүртэл тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэр солиулаагүй байгаа. Үерхүүд нийт 4.000.000 төгрөг ёстойгоос үлдэгдэл 350.000 төгрөгийг өгөөгүй байгаа. Машинаа анх худалдаж аваад Эрдэнэзаяа гэх хүнээр машинаа бариулдаг байх үед Эрдэнэзаяа машины гэрчилгээг гээчихсэн. Одоо бичиг баримтгүй байгаа. Би Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Монелд граш түрээсэлж гагнуурын ажил хийдэг байсан ба 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гражийн түрээсийн хугацаа дуусах байсан тул цагаан сарын баяраас өмнө тус гражийг суллаж эзэнд нь хүлээлгэж өгөх гээд тус гражид байсан, асахгүй байсан “Хьюндай портер” маркийн 15-26 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг асааж өөрийнхөө амьдардаг Дарь-Эхийн хашаа руу аваачиж тавих санаатай Т.Т, Б.Г нарт түлш хийгээд аккуммуляторыг цэнэглүүлээрэй, учрыг нь олоод асаагаад хашаа руу аваачаарай гэж хэлээд 80.000 төгрөг өгчхөөд Хөвсгөл аймагт cap шинийн баяр тэмдэглэхээр гэр бүлийн хамт явсан. Гэтэл 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 11 цаг өнгөрч байхад Б.Г над руу залгаад “Портер асаах гээд чирүүлээд явж байгаад торомз гишгэтэл бөгсөө хаяад эсрэг урсгал руу ороод приус 20 маркийн машин мөргөчихлөө” гэж хэлсэн. Нэгэнт “Хьюндай портер” маркийн 15-26 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний машин учир ослын улмаас үүссэн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг тодорхой хэмжээгээр, өөрийн боломжоороо төлж барагдуулна.” /хх-ийн 54 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2894 дугаартай шинжээчийн дүгнэлт: “Б.Гын биед зүүн богтос ясны зөрөөтэй хугарал, баруун чамархайн хуйханд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” /хх-ийн 71-72 дугаар хуудас/ гэх дүгнэлт,

 

“Арвижих Эстимэйт” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний: “Toyota Prius 20” маркийн 04-64 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 4.395.000 төгрөгийн шууд, 5.535.000 төгрөгийн нийт хохирол учирсан” гэх тайлан /хх-ийн 31 дүгээр хуудас/,

 

 Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 415 дугаартай: “Жолооч Т.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх үх нөхцөлийг хангана" гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. гэх магадлагаа /хх-ийн 142-143 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Т.Т нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 13 цаг 20 минутын орчим Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Монелоос Дарь эхийг холбох замд “Хьюндай портер” маркийн 15-26 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон “Хьюндай соната-5” маркийн 97-93 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд чирүүлж явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд явж байсан “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч Б.Гын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгсэлд нийт 5.535.000 төгрөгийг хохирол тус тус учруулсан байна.

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2894 дугаартай шинжээчийн дүгнэлт: “Б.Гын биед зүүн богтос ясны зөрөөтэй хугарал, баруун чамархайн хуйханд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан

 

Шүүгдэгч Т.Тгийн Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн идэвхтэй үйлдэл хийж, энэхүү үйлдлийн улмаас хохирогч Б.Гын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан хоёрын хооронд шалтгаант холбоотой байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Т.Тгийн үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Т.Т нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

                                                                     

Улсын яллагч: “Шүүгдэгч Т.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэх саналыг гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч Т.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдэгдсэн нөхцөл байдал, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, цаашид хохирлоо бүрэн барагдуулахаа илэрхийлсэн байдал зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

           

Бусад асуудлаар

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж тус тус зааснаар шүүгдэгч Т.Т нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч Б.Г нь гэм хорын хохирол, эмчилгээтэй зардал нэхэмжлээгүй, харин иргэний нэхэмжлэгч Ч.Чт гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлтээр үнэлэгдсэн машины үнэ 5.535.000 төгрөгийг төлөх төлбөртэй гэж үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Т.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Т нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Тгээс 5.535.000 төгрөгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц гаргуулж иргэний нэхэмжлэгч Ч.Ч / /-т олгуулсугай

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Б.Г, иргэний нэхэмжлэгч Ч.Ч нар нь гэм хорын хохиролтой холбоотой нэм гаргах нэхэмжлэл байвал баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хангуулах эрхтэйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, /иргэний нэхэмжлэгч нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэг/ тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА