| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2018/00917/И |
| Дугаар | 1076 |
| Огноо | 2018-04-05 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 1076
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хороолол 725 дугаар байрны 7 тоотод байрлах, регистрийн дугаар 6018203, Хайв ХХКомпанийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Туулын 18 дугаар гудамжны 378 тоотод оршин суух, гадаад паспортын дугаар М8520208113, БНСУ-ын иргэн Шин Еунг Сүек-д холбогдох
Түрээсийн гэрээний үүрэгт 132 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Нацагдорж, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ёндонжамц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Уранбайгаль нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хайв ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:БНСУ-ын иргэн Шин Еунг Сүек манай компаниас 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр эд хөрөнгө түрээслэх гэрээ байгуулан компанийн өмчлөлийн 39 нэр төрлийн 254 843 902 төгрөгийн үнэтэй эд хөрөнгийг, сарын 8 000 000 төгрөгөөр түрээслэн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах Амрита клубт үйл ажиллагаа явуулах зорилгоор түрээсэлж авсан.Гэрээний дагуу түрээсийн төлбөрийг 2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл төлсөн үүнээс хойш ямар ч төлбөр төлөөгүй 11 сар өнгөрч байна. Шин Еунг Сүект удаа дараа шаардлага өгөхөд Амрита клубын эзэн Д.Мөнхмандах дайрч ороод үйл ажиллагаа явуулж чадахгүй байна гэх болсон.Гэтэл Амрита клуб нь манай эд хөрөнгийг ашиглаж үйл ажиллагаа явуулан ашиг олж байна.Иймд Шин Еунг Сүек-ээс 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 88 000 000 төгрөг, алданги 44 000 000 төгрөг нийт 132 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Хайв ХХКомпани Шин Еунг Сүек манай компанийн захиралаар ажиллаж байсан Даваадоржтой 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр шөнийн клубт ашиглах зориулалттай 39 нэр төрлийн иж бүрдэл эд зүйлсийг 5жилийн хугацаатай, 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүртэл түрээслэхээр гэрээ байгуулсан.Шин Еунг Сүек 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс хойш түрээсийн төлбөрөө төлөөгүй тул хариуцагч Шин Еунг Сүекээс 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдоөөс 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх түрээсийн төлбөр 88 000 000 төгрөг, алданги нь 44 000 000 төгрөг нийт 132 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:Шин Еунг Сүек нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах Амрита клубт үйл ажиллагаа явуулах зорилгоор 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Хайв ХХКомпанитай эд хөрөнгө түрээслэх гэрээг байгуулан тус компанийн өмчлөлийн 39 нэр төрлийн 254 843 902 төгргөийн үнэтэй техник, тоног төхөөрөмжийг нэг сарын 8 000 000 төгрөгөөр түрээслэж авя гэрээний дагуу түрээсийн төлбөрийг 2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл төлсөн бө үүнээс хойш төлбөр төлөх чадваргүй болсон.Шин Еунг Сүек нь 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах Амрита диско клубыг Д.Мөнхдаваагаас 5 жилийн хугацаатай, сарын 11 000 000 төгрөгөөр түрээслэхдээ тухайн ажлын байранд 699 730 800 төгрөгийн засварыг нэг жил шахам хугацаанд хийж өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж түрээслэн авч суурилуулан 2016 оны сард нээлтээ хийсэн боловч орлого бага байсан тул сурталчилгаанд их мөнгө зарах болсон.Ингээд Шин Еунг Сүек-ийг Солонгос явсан үед 2017 оны 1 сарын 2-ны өдөр Мөнхмандах клубт дайрч ороод үйл ажиллагааг зогсоож хаасан, үүнээс хойш клубт Шин Еунг Сүек-ийг оруулаагүй, үйл ажиллагаа явуулц чадахгүй байна.Энэ түрээсийн эд хөрөнгийн Амрита клубын өмчлөгч Д.Мөнхмандах эзэмшиж байгаа тул түүнийг хариуцагчаар татаж хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Шин Еунг Сүек нь Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Амрита" клубыг 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр клубын өмчлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхмандахтай гэрээ байгуулж түрээслэсэн.Гэтэл Шин Еунг Сүек нь түрээсийн байранд үйл ажиллагаа явуулах гэсэн боловч байр нь хуучирч, муудсан байсан учраас засвар хийх шаардлагатай болсон.Иймд 1 жил гаруй хугацаанд их засвар хийсэн.Шөниин клубын үйл ажиллагааг явуулахын тулд “Хайв” ХХКомпанитай эд хөрөнгө түрээслэх гэрээг 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан.Гэрээгээр 39 нэр төрлийн 254 843 902 төгрөгийн үнэлгээтэй эд зүйлсииг 1 сарын 8.000.000 төгрөгиин төлбөртэйгээр түрээслэж авсан.Түрээсийн төлбөрийг 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл 7 сар тасралтгүй төлж байсан.Гэвч төлбөрийг төлж байх хугацаандаа ашиг, орлого олоогүй, 2016 оны 7 дугаар сард клубын нээлтийг хийсэн боловч орлогогүй байсан, клубт засвар хийж, үйл ажиллагаагаа явуулсан боловч зар сурталчилгаа хийх шаардлагатай болсон.2017 оны эхээр Шин Еунг Сүек Солонгос улс руу яваад ирэхэд нь клубын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхмандах нь 2017 оны 1 дүгээр сард клубт дайран орж, клубын үйл ажиллагааг зогсоож хаасан.Энэ үеэс клубыг ашиглаагүй, тоног төхөөрөмжийг ашиглаагүй бөгөөд Д.Мөнхмандах бусдад түрээслэн ашиглаж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хайв ХХКомпани хариуцагч Шин Еунг Сүек-т холбогдуулан түрээсийн төлбөрийн 88 000 000 төгрөг, алданги 44 000 000 төгрөг нийт 132 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Хайв ХХКомпани Шин Еунг Сүек нарын хооронд 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хэлцэл хийсэн байх бөгөөд зохигчид уг гэрээг эд хөрөнгийн түрээсийн гэрээ гэж нэрлэсэн байх боловч тухайн гэрээний агуулгаас үзэхэд тэдний хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан байна.
Энэхүү гэрээгээр Шин Еунг Сүек нь Хайв ХХКомпаниас хавсралтад дурдсан 39 нэр төрлийн, 254 843 902 төгрөгийн үнэ бүхийн эд хөрөнгийг авч, 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд эзэмших, үүний төлбөрт сар бүр 8 000 000 төгрөгийг Хайв ХХКомпанид төлөхөөр талууд тохиролцсон үйл баримтад маргахгүй байна.
Хариуцагч Шин Еунг Сүек нь дээрх эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргээ 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөөс эхлэн биелүүлээгүй тул тухайн өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацааны төлбөрийг, алдангийн хамт нэхэмжлэгч байгууллага шаардаж байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Шин Еунг Сүек-ийг эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргээ биелүүлээгүй байгаа үйл баримтад маргахгүй байх боловч тухайн гэрээний зүйл болох эд хөрөнгийг бодитоор эзэмшиж үйл ажиллагаа явуулахгүй байгаа гэж тайлбарлаж байна.
Гэвч хариуцагч нь гэрээний дагуу хүлээн авсан эд хөрөнгийг ашиглаж үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа гэх нөхцөл байдлаа баримтаар нотлогдоогүй байна.
Нөгөө талаар хариуцагч Шин Еунг Сүек тухайн эд хөрөнгүүдийг ашиглаж чадахгүй байгаа гэх нөхцөл байдал нь нэхэмжлэгч Хайв ХХКомпанийн буруутай үйлдэл болон үйл ажиллагаанаас болсон байна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Талуудын хооронд хийгдсэн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр талууд тохирсон байх тул нэхэмжлэгч байгууллага алданги шаардах эрхтэй байна.
Иймд Шин Еунг Сүек-ээс эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийн төлбөрт 88 000 000 төгрөг, уг төлбөрийг хугацаандаа төлөөгүйн алдангид 44 000 000 төгрөг нийт 132 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т зааснаар Шин Еунг Сүек-ээс 132 000 000 /нэг зуун гучин хоёр сая/ төгрөгийг гаргуулан Хайв ХХКомпанид олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 817 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шин Еунг Сүек-ээс 817 950 /найман зуун арван долоон мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан Хайв ХХКомпанид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН