Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 674

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүгч  Ц.Алтанцэцэг, Т.Энхтуяа  нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: З.А-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ТЕГ-т холбогдох,

2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болон Засгийн газраас төрийн албан хаагчдад олгосон нэг удаагийн урамшуулалд 300 000 төгрөгийг гаргуулж,  нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэх тухай  иргэний хэргийг  2018 оны 01 дүгээр сарын 29-нд хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, хариуцагч ТЕГ-ынитгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, иргэдийн төлөөлөгч С.Тунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Маралмаа нар оролцов. 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч З.А-гаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 0421 дүгээр шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн  0612  дугаар магадлал, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Улсын Дээд шүүхийн 456 дугаар тогтоол гарч нэхэмжлэгч З.А намайг Төв аймгийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, цалин хөлсийг олгож, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилтийг хийхийг даалгасан боловч өнөөдрийг хүртэл ажилд маань эгүүлэн томилоогүй.

Иймд шүүхэд нэхэмжлэл гарган 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс  шүүхийн шийдвэр гарах хүртэлх  хугацааны цалин хөлсийг нөхөж олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулах, мөн ажилд томилоогүйгээс төрийн албан хаагч нарт олгосон урамшуулал болох 300 000 төгрөгийг авч чадаагүй хохирсон тул  нэхэмжилж байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх миний нэг сарын цалинг 1 339 527 төгрөгөөр тооцсон бөгөөд  аваагүй цалингаа энэ хэмжээгээр тооцоход  10 жил 6 хоногийн цалинд  14 077 992  төгрөг тооцогдож  байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа тул хангаж шийдвэрлэж  өгнө үү гэв.

   Хариуцагч ТЕГ-ынитгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүнээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч З.А 2 зүйл шаардаж байгаа бөгөөд тус мөнгийг олгох боломжгүй гэж үзэж байгаа. Учир нь цалин хөлстэй холбоотой харилцааг Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан. Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь 2017 оны 06 дугаар сараас буюу анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс эхэлж эрх нь зөрчигдсөн гэдгийг мэдсэн. Энэ үеэс эхэлж 3 сарыг тоолохоор ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Урамшууллыг нөхөж авъя гэж нэхэмжилсэн, энэ бол үр дүнгийн урамшуулал бөгөөд үр дүнгийн урамшууллыг олгох тухай Улсын ИХ Хурлын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 67 дугаар тогтоолын 1.1-д  2017 оны төсвийн жилд төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчид 300 000 төгрөгийн ажлын үр дүнгийн урамшуулал олгоно гэж заасан. Энэ тухай Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас тусгайлан манай байгууллагад албан бичиг өгсөн. Тус албан бичигт Монгол улсын 2017 оны төсвийг тодорхойлох, төрийн албан хаагчдын сахилга, хариуцлага, ажлын үр дүнгийн урамшуулал олгоход зориулан тодорхой хөрөнгийг төсвийн ерөнхийлөн захирагч нарын багцад тусгана гэж заасан. Иймд төсвийн шууд захирагч нар ажилтан, албан хаагч нарын жилийн эцсийн үйл ажиллагааны үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг дүгнэж ажлын бүтээмж, үр дүн, сахилга хариуцлага, албан даалгаврын хэрэгжилт зэргийг харгалзан дээрх үр дүнгийн урамшуулал олгох гэсэн чиглэл өгсөн. Тэгэхээр үр дүнгийн урамшуулал нь ажлыг хийгээд түүнийг хэр хийсэн байгааг нь дүгнээд эрх бүхий албан тушаалтан олгох ёстой байдаг.

Нэхэмжлэгч нь 2017 онд татварын байгууллагад ажиллаагүй болохоор түүнийг ажлаа сайн хийсэн гэж үзэх үндэслэл байхгүй. Үр дүнгийн урамшууллыг “А”, “Б” үнэлгээ авсан албан тушаалтанд олгодог байхад нэхэмжлэгч нь ажлаа дүгнүүлээгүй, гэрээ байгуулаагүй тул үр дүнгийн урамшууллыг олгох эрх зүйн үндэслэл байхгүй. Цалинг нь олгох боломжгүй тул нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэлийн баталгаажилт хийхийг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.А нь хариуцагч ТЕГ-т холбогдуулан ажилгүй байсан 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцож гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэхийг даалгах болон  ажлаа гүйцэтгэж чадаагүйн улмаас Засгийн газраас төрийн албан хаагчдад олгосон нэг удаагийн урамшуулалыг авч чадаагүйн хохиролд 300 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Уг нэхэмжлэлийн шаардлагыг  хариуцагч байгууллагаас, нэхэмжлэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Улсын Дээд шүүхийн  456 дугаар тогтоол гарснаас хойш эрх зөрчигдсөн гэдгээ мэдсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн, урамшуулалд 300 000 төгрөгийг нөхөн олгох үндэслэлгүй, ажилтны гүйцэтгэсэн ажил, үр дүнгийн гэрээг дүгнэж уг урамшууллыг олгох ёстой, нэхэмжлэгч нь ажиллаагүй тул авах эрхгүй гэж тайлбарлан нэхэмжлэлийг үл зөвшөөрч маргасан.  

Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

1.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч З.А нь 2015 оны 11 дүгээр сарын 19-нөөс Төв аймгийн Татварын хэлтсийн даргаар  томилогдон ажиллаж байгаад ТЕГ-ындаргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/207 тоот тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

Уг тушаалыг үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэгч гомдол гаргаснаар  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 421  дугаартай шийдвэрээр З.Аг урьд эрхэлж байсан Төв аймгийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд  нь эгүүлэн тогтоож, түүнд ажилгүй байсан хугацаан цалин  хөлстэй тэнцэх олговороос хуульд заасан татвар, шимтгэлийг суутган тооцож 3 276 051 төгрөг  олгож шийдвэрлэснийг Захиргааны хрэгийн Давж заалдах шатын шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 612 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 456 дугаар тогтоолоор хэвэр баталж шийдвэрлэсэн байна.

Дээрх шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болжээ.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.1.-д зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан байх ба нэхэмжлэгч З.А  нь 2017 оны 11 дүгээр сарын 13-нд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 сар 16 хоногийн дараа буюу 2018 оны 01 дугаар сарын 29-ний өдөр ажилгүй байлгасан хугацааны цалинтай тэнцэх олговрыг олгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй, хуульд зааснаар эрхээ хамгаалуулж гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй байна.

3.Хариуцагч Татварын ерөнхий газар нь хамгийн сүүлд Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 456 дугаар тогтоол  2017 оны 11 дүгээр сарын 13-нд гарснаас хойш нэхэмжлэгч З.Аг урьд эрхэлж байсан ажилд нь томилоогүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн хэвээр байгаа нь зохигчдын тайлбараар  нотлогдсон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т “...ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй” гэж заасан байх ба дээрх үүргийг хариуцагч байгууллага  зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

4.Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д “энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор...олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  шийдвэр гарснаас хойш буюу 2017 оны 05 дугаар сарын 31-нээс хойш одоог хүртэл хугацаанд  ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй буюу хариуцагч байгууллагаас ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй байх тул дээрх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг нэхэмжлэх эрхтэй. 

5. Монгол Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Монгол улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан ава харга хэмжээний тухай” 67 дугаар тогтоолоор 2017 оны төсвийн жилд төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчдад 300 000 төгрөгийн ажлын үр дүнгийн урамшуулал олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч З.Агийн урьд эрхэлж байсан Төв аймгийн Татварын хэлтсийн даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2., 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар төрийн жинхэнэ албан тушаал байх бөгөөд УИХ-ын дээрх тогтоолоор олгогдсон 300 000 төгрөгийн ажлын үр дүнгийн урамшуулал авах эрхтэй этгээдэд  хамаарч байна.

Иймд нэхэмжлэгч нь, хариуцагч Татварын ерөнхий газар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй буюу нэхэмжлэгч З.Аг урьд эрхэлж байсан ажилд нь томилон ажиллуулаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн буруутай үйлдлийн  улмаас төрийн албан хаагчдад олгосон ажлын үр дүнгийн урамшууллыг авч чадаагүй гэж үзэж  гэм хорын хохиролд тооцон Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д зааснаар 300 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

6.Хэрэгт нэхэмжлэгч З.А-гийн цалингийн тодорхойлолт авагдаагүй боловч түүнийг ажилд нь эгүүлэн тогтоосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт сарын дундаж цалин хөлсний хэмжээг 1 339 527 төгрөгөөр тогтоосон ба талууд энэ талаар маргаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасны дагуу  нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа болох 2017  оны 05 дугаар сарын 31-нээс хойш  2018 оны  04 дүгээр сарын 09-нийг хүртэл  10 сар 06 хоногийн  цалинтай тэнцэх олговорт нийт 13 769 088 төгрөгийг хариуцагч байгууллага төлөх үүрэгтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.-д “Ажил олгогч болон...ажилтан нь ...нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй” гэж, 46.2.-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч З.Агийн ажилгүй байсан дээрх хугацааны шимтгэл, хураамжийг тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж  баталгаажуулахыг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч байгууллагаас ажилгүй байлгасан хугацааны цалинтай тэнцэх олговорт 13 769 088 төгрөг, хохиролд 300 000 төгрөг, нийт 14 069 088 төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийг 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн цалинтай тэнцэх олговрыг гаргуулах тухай нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж,   мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгөөс  9 650 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээн, илүү төлсөн 60 550  төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж,  хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид  9 650 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид  олгон,  хариуцагчаас 226 795 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь хуульд нийцнэ.          

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 160 дугаар зүйлийн 160.1.1. дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон         

                                                                                                  ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан хариуцагч Татварын ерөнхий газраас  ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 13 769 088 төгрөг, хохиролд 300 000 төгрөг, нийт 14 069 088 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.А-д олгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т заасныг баримтлан З.А-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичиж баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалгасугай.

   3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийг 41.1.5.-д зааснаар цалинтай тэнцэх олговрыг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж,   мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгөөс  9 650 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээн, илүү төлсөн 60 550  төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж,  хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид  9 650 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид  олгон,  хариуцагчаас 226 795 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.   

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.                

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ж.БАЙГАЛМАА  

                                       ШҮҮГЧИД                              Ц.АЛТАНЦЭЦЭГ

                                                                                      Т.ЭНХТУЯА