Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
Хэргийн индекс | 105/2022/0259/Э |
Дугаар | 260 |
Огноо | 2022-02-22 |
Зүйл хэсэг | 17.3.1., |
Улсын яллагч | Ц.Батболд |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 260
2022 02 22 2022/ШЦТ/260
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхтулга даргалж,
нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
улсын яллагч Ц.Батболд,
шүүгдэгч Т.Үэн
шүүгдэгч Х.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн нарт холбогдох эрүүгийн 2206 00242 0321 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Үэн, Х.Т нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, санаатай нэгдэн бүлэглэж, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кимбаб Чонгуг нэртэй рестораны гадна гудамжинд, фейсбүүк цахим орчинд "Шинэ оригинал Эйрподс чихэвч зарна" гэсэн зар байршуулан, хохирогч Г.Эыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурамч чихэвч зарж борлуулан, 250.000 төгрөгийг авч залилсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.Үэн, Х.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Үэн шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Х.Т шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 хуудас/,
Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Шуурхай 08 удирдлагын тасгийн Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 5 хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Эгийн "Би 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр фейсбүүк сайт дээр байрлах Эйрподс "Airpods" сонирхогчдын групп дээр Түмэнсайхан Үэн нэртэй фейсбүүк хэрэглэгч "Нью оржинал эйрпос 2 350d шууд авах нь залгаарай 96361338" гэсэн зар тавьсан байсны би өөрийн 99442340 дугаараас залгаж холбогдоод, Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кимбаб Чонгүг нэртэй рестораны гадан уулзаж Эйрподс чихэвч худалдаж авахаар болсон. Тэгээд орой 18 цагийн үед над дээр нэг хүүхэд ирээд, одоо ажлаасаа авчруулж байгаа, одоо ирнэ гэсэн, удалгүй буржгар үстэй, хар бараан өнгийн хувцастай, нүдний шилтэй Х.Т гэх хүүхэд цагаан өнгийн Эйрподс чихэвч авчраад, надад ганцхан ширхэг байгаа, оргинал, задлаад удаагүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би хайрцаг сав нь байгаа юу гэхэд тэр хоёр хүүхэд хайрцаг сав нь байна гээд нэг хайрцаг надад үзүүлсэн. Тухайн чихэвчний дугаарыг чихэвчний хайрцгийн сериал дугаартай харьцуулж үзэхэд, дугаар нь зөрж байсан, энэ талаар нь хэлэхэд наад чихэвчний чинь хайрцаг байгаа, шаардлагатай гэвэл аваарай гээд надад 85561029 гэсэн дугаар өгсөн бөгөөд наад чихэвчээ 250.000 төгрөгөөр ав гээд би бэлнээр 250.000 төгрөг өгч авсан. Тэгээд би худалдаж авсан чихэвчнийхээ зургийг аваад таньдаг хүн рүүгээ фейсбүүкээр явуултал, наад худалдаж авсан чихэвч чинь хуурамч чихэвч байна гэсэн, тэгэхээр нь би Тэди худалдааны төв ороод лангууны хүнээс асуусан чинь чиний чихэвч 1-рт мэдрэгчгүй байна, ориг чихэвч мэдрэгчтэй байдаг, 2-рт чинийх хөнгөхөн байна, ориг чихэвч хунд жинтэй байдаг, 3-рт хойд талын товч нь овойж гарсан байна, ориг чихэвч овойж гараагүй байдаг, 4-рт сериал дугаар нь томоор бичигдсэн байна, ориг чихэвч жижгээр бичигдсэн байдаг гэхээр нь би өөрийгөө хулхи чихэвч худалдан авч хулхидуулснаа мэдсэн. Тэгээд би өөрийн найз Дөлийн дугаараас чихэвч худалдаж авсан 99442340 дугаартай хүүхэд рүү залгаад чихэвч авмаар байна гэж хэлж уулзаад, чиний надад зарсан чихэвч чинь хуурамч байна, мөнгөө буцааж авмаар байна гэхэд тэр залуу надад чамд өгөх мөнгө байхгүй, би чихэвчийг чинь зарж байж мөнгийг чинь чамд өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хүүхдийг дахиад өөр хүнд хулхи чихэвч зараад асуудалд орох юм байна гэж бодоод тэр залууг дагуулаад цагдаа дээр ирсэн. Би гомдолтой байна. Хохирлоо төлүүлмээр байна. Энэ хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэмээр байна." /хх-ийн 8 хуудас/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Эгийн "Надад гомдол санал байхгүй. Би шүүх хуралд суух боломжгүй, байнга ажилтай байдаг" /хх-ийн 52 хуудас/ гэх мэдүүлэг,
“ Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-ийн 55 хуудас/,
Эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 17 хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 60, 61 хуудас/,
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас),
Байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас),
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт
Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “Шүүгдэгч Т.Үэн, Х.Т нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, санаатай нэгдэн бүлэглэж, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кимбаб Чонгуг нэртэй рестораны гадна гудамжинд, фейсбүүк цахим орчинд "Шинэ оригинал Эйрподс чихэвч зарна" гэсэн зар байршуулан, хохирогч Г.Эыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурамч чихэвч зарж борлуулан, 250.000 төгрөгийг авч залилсан болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Т.Үэн, Х.Т нар нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Үйл баримтын талаарх дүгнэлт
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кимбаб Чонгуг нэртэй рестораны гадна гудамжинд, фейсбүүк цахим орчинд "Шинэ оригинал Эйрподс чихэвч зарна" гэсэн зар байршуулан, хохирогч Г.Эыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурамч чихэвч зарж борлуулан, 250.000 төгрөгийг авч залилсан байна.
Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Т.Үэн, Х.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Залилах гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Иймд шүүгдэгч Т.Үэн, Х.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж хуульчилсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Үэн, Х.Т нар нь “ бүлэглэн залилах” гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч Т.Үэн, Х.Т нарын бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч Г.Эд гэм хорын хохирлоо барагдуулсан байх тул шүүгдэгч Т.Үэн, Х.Т нар нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Т.Үэн, Х.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, Т.Үэн, Х.Т нар нь уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ. Энэ нь бусдын хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, хуульд заасан журмыг зөрчөөгүй, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүх шүүгдэгч Т.Үэн, Х.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Үэн, Х.Т нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Үэн, Х.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Т.Үэн, Х.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Үэн, Х.Т нарт тус тус 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Үэн, Х.Т нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Үэн, Х.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Үэн, Х.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА