Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 775

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

  2022         05           30                                  2022/ШЦТ/775

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

      Нарийн бичгийн дарга Б.Даариймаа,

   Улсын яллагч Я.Амарзаяа,

   Хохирогч Д.Ц,

Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Бод холбогдох эрүүгийн 2206 00000 1162 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хашаан дотор хохирогч Д.Цтэй маргалдаж, улмаар хохирогч Д.Цийг гараараа баруун талын эрүү хэсэгт цохих, хөлөөрөө нуруу, зүүн талын хавирга руу өшиглөх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь эрүүний ясны хугарал гэмтэл үүсгэж хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Ц.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “02 дугаар сарын 27-ны өдөр Д.Ц ахаас ээлжээ сольж авсан. Би 02 дугаар сарын 15-ны өдөр Батлан хамгаалах их сургуульд БХИС жижүүрээр орсон. Д.Ц ах ээлж солиход огт цэвэрлэгээ хийж өгдөггүй. Тухайн өдөр мөн л цэвэрлэгээ хийгээгүй байсан. Заал зохион байгуулагч Сугармаа залгаад 14 цагаас генерал ирж заал авна гэж хэлэхэд нь би Д.Ц ах цэвэрлэгээ хийхгүй явдаг талаар хэлсэн. Удалгүй Д.Ц ах над руу залгаад хэл амаар доромжлоод, одоо очоод цэвэрлэчихье гэж хэлсэн. Д.Ц ах хүрч ирэхэд нь цэвэрлэсэн газар чинь хаана байна гэж хэлээд зодсон.” гэв.

 

            Хохирогч Д.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Ц.Бтой хамт ажиллаад удаагүй байсан. Бидний дунд урьдын таарамжгүй харилцаа, өр авлага, өс хонзон байгаагүй. Ц.Б над руу цэвэрлэгээ хийхгүй явсан гэж залгасан. Би буцаж очоод аль газрыг цэвэрлэх вэ гэхэд машины зогсоол хэсгийг заасан. Би цэвэрлэгээ хийчхээд ирэхэд Ц.Б намайг цохиж унагаад хавирга руу өшиглөсөн. Миний амьсгаа давчдаад дотогшоо ороод шатнаас бариад зогсож байхад дахин ирээд өшиглөсөн. Би зугтаад шатаар дээшээ гарахад араас ирээд дахин өшиглөсөн. Би тухайн үед нь шатаар доошоо унасан. Над руу чи намайг банди байхыг хаана харсан писда вэ гэж хэлсэн. Би гурван удаа больё оо гэж гуйсан. Намайг татаж босгоод үүдний сандал дээр суулгасан байсан. Би хэвтэж байгаад унтаад өгсөн байсан. Би даатгалаар эмчилгээ хийлгэсэн. Надаас зардал гараагүй. Даралтын эм л авсан. Би 3.000.000 төгрөг нэхэмжилнэ.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Цийн “Би 2022 оны 02 дугаар сарын 27-ны едөр 12 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Батлан хамгаалах их сургуулийн хашаан дотор байрлах спорт заалны урд автомашины зогсоол дээр хамт ажилладаг Ц.Б гэх залууд зодуулсан. Би ажил дээрээ ирээд Ц.Быг сүртэй банди вэ гэж хэлсэн чинь намайг баруун талын эрүү хэсэгт цохисон. Тэгээд би хаалга онгойлгох гэж байсан чинь миний зүүн талын хавирга руу өшиглөсен. Тэгсэн чинь би амьсгал давчдаад заалны шатнаас бариад зогсож байсан чинь араас ирээд намайг газар унагааж байгаад нуруу, хавирга хэсэг рүү өшиглөөд байсан. Би хохирол мөнгө гэж 700,000 төгрөг авсан."  /хх-9-12/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Сугармаагийн “Д.Ц машин дотор нь ороод суухад зүүн талын шанаа нэлээн хавдартай хөхөрсөн байдалтай байсан. Нөгөө ээлж болох Ц.Бын 89963747 дугаарын утас руу залгаад юу болсон талаар асуухад би зодсон юм аа гэж хэлсэн. Ажил дээр очоод Ц.Бтой уулзуулахад Ц.Б уучлалт гуйгаад эм тарианы мөнгө гэж миний Хаан банкны 5009036907 дугаарын дансанд 80,000 төгрөг шилжүүлээд уг мөнгийг нь Цогоо ахад бэлнээр өгсөн тэгээд Цогоо ах уг мөнгийг аваад гэр лүү гээ өөрөө машинаа бариад явсан.” /хх-ийн 13-16/ гэх мэдүүлэг,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн 4251 дугаартай “1.2.Д.Цийн биед эрүүний ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 3.5.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” /хх-ийн 24-25/ гэх дүгнэлт

Яллагдагч Ц.Бын “Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугийн хэлбэртэй маргах зүйл байхгүй.” /хх-ийн 34-36/ гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Ц.Б нь хохирогч Д.Цтэй маргалдаж, улмаар хохирогч Д.Цийг гараараа баруун талын эрүү хэсэгт цохих, хөлөөрөө нуруу, зүүн талын хавирга руу өшиглөх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь эрүүний ясны хугарал гэмтэл үүсгэж хүндэвтэр хохирол санаатай учруулсан учруулсан байна.

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн 4251 дугаартай “1.2.Д.Цийн биед эрүүний ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 3.5.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан

 

Шүүгдэгч Ц.Б нь хохирогч Д.Цийн эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч Ц.Б нь хохирогч Д.Цийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хүндэвтэр хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Ц.Бын үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ц.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

                                                                     

Улсын яллагч: “Шүүгдэгч Ц.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар 900.000 төгрөгөөр торгох ” гэх саналыг гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч Ц.Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол төлбөрөө нөхөн төлсөн, урьд ял шийтгэл эдэлж засран хүмүүжээгүй хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

           

Бусад асуудлаар

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж тус тус зааснаар шүүгдэгч Ц.Б нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч Д.Цд шүүх хуралдаан болтол гарсан зардлыг төлсөн байх тул шүүгдэгч Ц.Б нь энэ шуух хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хохирогч нь сэтгэл санааны хохиролд 3 сая төгрөг нэхэмжилнэ гэх боловч нотлох баримт ирүүлээгүй байх тул хангахгүй орхиж гэм хор болон цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хангуулах эрхийг нь нээлттэй үлдээв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Ц.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бөмбөө овогт Цэцэгсүрэнгийн Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бод 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Ц нь гэм хорын хохиролтой холбоотой болон цаашид гарах эмчилгээний зардал гарвал баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА