Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 115

 

 

 

 

  2022         01           17                                  2022/ШЦТ/115

 

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

      Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

   Улсын яллагч Х.Еркебулан,

   Хохирогч Я.М,

Шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

            Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдох эрүүгийн 2106 00000 1779 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.О нь 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Ганцхудаг” гэх газрын задгай гудамжинд хохирогч Я.Мтой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар татаж унагаах, толгой тус газар нь өшиглөх зэргээр түүний эрүүл мэндэд баруун чамархай ясны хөхлөг сэртэнгийн сэлтэрсэн хугарал, эрүү ясны хүзүү, толгой хэсгийн хугарал, баруун талын толгойн мултрал, эрүү, орчимд зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэн, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Ц.О нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр цайз зах гараад гэртээ ирээд байж байгаад үдээс хойш дэлгүүр рүү архид явсан. Буцаж ирэх замдаа хохирогч нэг эмэгтэй хүнтэй хоёулаа цуг согтуу явж байхад нь таарсан. Гэрч Баттулгын таньдаг хүн байсан учраас маргасан. Би тухайн үедээ хохирогчтой маргаад намайг доромжлохоор нь мөргөчихөөд явсан.” гэв.

           

            Хохирогч Я.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр уусан байсан. Тухайн үед гэрч Энхжаргалтай хамт явж байсан. Би Баттулга гэх гэрчтэй танилууд юм. Түүнтэй юм ярьж байхад чи хэн юм гэхээр нь та өөрөө хэн юм гээд маргаан болтол цохиж унагаад толгой тархи руу дэвссэн. Тэр үед нь би манарсан. Нэг ухаан ортол гэрчтэй маргалдаж байсан. Би алуулах юм байна гэж бодоод шууд гэр рүү явсан. Гэртээ байхад ах ирээд гэмтэл авч явсан. Гэртээ 7 хоног хэвтээд гомдол гаргасан. Эрүүний мултрал бороолж эдгэдэггүй заавал хагалгаанд орно. Үе сольдог гэх зүйл ярьсан. Хагалгааны төлбөр 3.000.000 төгрөг гэсэн. Би мөнгө төгрөгийн боломжгүй учраас хагалгаанд орж чадаагүй. Мөн эмчилгээндээ хүнээс 1.000.000 төгрөг зээлж авсан. Нийт 5.000.000 төгрөг болох ёстой. Хагалгаанд 3.000.000 төгрөг, хүнээс авсан 1.000.000 төгрөг эмнэлэгт байх үеийн гаднаас авсан эм тарианы төлбөр байгаа. Гаднаас хэдэн төгрөгөөр оруулж ирсэн гэдгийг мэдэхгүй байна.” гэв.

                                                 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөгчийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 441 дүгээр ангийн урд хэсэгт хэргийн газрын үзлэг хийсэн" тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хавтаст хэргийн 05-06 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Я.Мын өгсөн “2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр би гэртээ буюу Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын 6 дугаар гудамж, 2196 тоотод эхнэр, хүүхэдтэйгээ амьдарч байсан юм. Тэгсэн 13 цаг өнгөрч байхад манай эгч Энхжаргал гаднаас жаахан халамцуу орж ирээд “дүүгээрээ ганц 0.33 литрийн архи авхуулчихъя” гэсэн. Тэгэхээр би “за тэгье” гээд дагаж гарсан. Гарахад манай эгчийн найз Анхаа гээд нэг ах хамт явж байсан. Тэгээд би дэлгүүр ороод 0.75 литрийн 1 шил Хараа нэртэй архи авч гараад тэр хоёртой хамт манай гэрийн урд байдаг хуучин “Карьер” гэдэг газарт гудамжинд сууж уусан. Тэгээд ууж дуусахад би нэлээн халчихсан байсан. Тэгээд дараа нь доошоо буугаад 0.75 литрийн Стандарт архи аваад бид нар цуг уух гээд хуучин “Ганц худаг” хорих ангийн ойролцоо сууж ууж эхэлсэн. Тэгээд архи ууж эхэлмэгц би муудаад, тасраад согтоод ухаангүй болсон. Тэрнээс хойш юм санахгүй байгаа бөгөөд нэг мэдэхэд гэртээ орон дээр сэрж байсан. Намайг тэгэхэд түргэний машин “авч явна” гээд сэрээж байсан. Тэгэхэд би ухаан орсон. Тэгээд түргэний машинтай явахаа болиод Ариунболд ахыг дуудаад машинтайгаа явахаар ирэхээр нь гэмтлийн эмнэлэгт хүргүүлж үзүүлэхэд “хэвтэж эмчлүүл” гэсэн юм. Дараа нь Энхжаргал эгч хэлэхдээ “бие чинь яаж байна, чамайг тэр залуу зодоод алахаар шахсан шүү, чи санаж байна уу” гэж хэлж байсан юм. Эгч надад хэлэхдээ намайг зодуулдаг өдөр “Батлааг нэг залуутай ирсэн бөгөөд тэр залуу нь чамайг зодсон” гэсэн.” /хавтаст хэргийн 10-12 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Я.Энхжаргалын өгсөн “2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гэрт 2 пиво уучхаад дүү Мтой уулзах гээд гэрээсээ гарсан. Гэрээсээ гарч яваад замдаа Анхаа гэдэг залуутай уулзаад Мын гэрт хамт очсон. Дүүгийн гэрт нь очиход М архи согтууруулах зүйл огт хэрэглээгүй байсан. Би Мод хандан “эгчдээ 0.33 архи аваад өгчих" гэхэд дүү “тэгье” гээд Анхаа бид 3 хамт дэлгүүр орсон. Тэгээд дэлгүүр ороод 0.75 литрийн 1 шил архи аваад архийг бид 3 гудамжинд хувааж уусан. Тэрний дараа М дэлгүүр ороод 0.5 литрийн 1 шил архи авч гарч ирсэн. Тэр архийг бид 3 “хүн багатай газар очиж ууя” гээд хуучин Ганцын ойролцоо очиж гадаа гудамжинд ууж суусан. Архи ууж дуусгах үед Анхаа алга болчихсон, М бид 2 явж байхад Анхаа тасраад унтчихсан байсан. Бид 2 сэрээх гээд оролдоод сэрэхгүй болохоор нь бид 2 Анхааг татаж босгоод авч явах гээд байж байхад цаанаас нь 2 залуу гараад ирсэн. Тэр хоёр залуугийн нэгийг нь Батлаа гэж дууддаг, нөгөөх нь танихгүй. Нэг харахад тэр танихгүй залуу Мыг зодож байсан. Дэгээдэж унагаагаад тарх толгой, эрүү рүү нь аймаар хүчтэй өшиглөсөн. Би тэгээд салгах гээд зөндөө үзсэн.” /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Баттулгын өгсөн “2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр би самарт явж ирчхээд Оын гэрт очиж, гэрт нь тал шил архи Отой хувааж уусан. О бид хоёр дэлгүүр орох гээд Хорих 441 дүгээр ангийн тийшээ явж дэлгүүр ороод буцах замдаа зүс таних залуутай таарсан. Тэр залуугийн нэрийг мэдэхгүй байна. Бас түүний эгч нь байсан юм. Тэр хэд согтуу байсан юм. Тэгээд би “сайн уу” гэх хооронд тэр зүс мэдэх залуутай О барилцаж аваад хэд хэдэн удаа цохилцож авсан.” /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/ гэх мэдүүлэг:

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 7287 дугаартай “Я.Мын биед баруун чамархай ясны хөхлөг сэртэнгийн сэлтэрсэн хугарал, эрүү ясны хүзүү, толгой хэсгийн хугарал, баруун талын толгойн мултрал, эрүү, орчимд зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэн, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/ гэх дүгнэлт

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

 Шүүгдэгч Ц.О нь урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 1998 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 385 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,

-Дорноговь аймгийн Сум дундын нэгдүгээр шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 238 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

-Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 220 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар,

-Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 223 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

-Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 527 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, урьд нийт 5 удаа хорих ялаар шийтгүүлж, гэмт зан үйлээ засаагүй хувийн байдал болон энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо сайн дураараа барагдуулаагүй. 

Мөн шүүгдэгч Ц.О нь 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 10:00 цагийн шүүх хуралдаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэж, түүний согтолтын хэмжээг драгер багжаар шалгахад 0,62 хувийн согтолттой шүүх хуралдаанд ирсэн зэрэг хувийн байдлууд харагдаж байна.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч “шүүгдэгч Ц.О нь 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Ганцхудаг” гэх газрын задгай гудамжинд хохирогч Я.Мтой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар татаж унагаах, толгой тус газар нь өшиглөх зэргээр түүний эрүүл мэндэд баруун чамархай ясны хөхлөг сэртэнгийн сэлтэрсэн хугарал, эрүү ясны хүзүү, толгой хэсгийн хугарал, баруун талын толгойн мултрал, эрүү, орчимд зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэн, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцуулах саналтай.” гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Ц.О нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

            Үйл баримтын талаарх дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Ц.О нь хохирогч Я.Мын эрүүл мэндэд баруун чамархай ясны хөхлөг сэртэнгийн сэлтэрсэн хугарал, эрүү ясны хүзүү, толгой хэсгийн хугарал, баруун талын толгойн мултрал, эрүү, орчимд зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэн, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 7287 дугаартай “Я.Мын биед баруун чамархай ясны хөхлөг сэртэнгийн сэлтэрсэн хугарал, эрүү ясны хүзүү, толгой хэсгийн хугарал, баруун талын толгойн мултрал, эрүү, орчимд зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэн, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарахаар тогтоож, хохирогч Я.Мын эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч Я.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирчээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж үзэв.  

 

Эрх зүйн дүгнэлт

                     

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан

 

Шүүгдэгч Ц.О нь хохирогч Я.Мын эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Шүүгдэгч Ц.Оын үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийн хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс болон үл ялих зүйлээр шалтаглан маргалдсанаас үүдэж гэмт хэрэг гарсан байна гэж үзэв.

 

Хохирол, хор уршгийн талаар

 

            Хохирогч Я.М нь 140000 төгрөгөөр томографийн зураг авахуулсан баримт хэрэгт авагдсан байх бөгөөд тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт энэ гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний зардалтай холбоотой 290.000 төгрөгийн баримтыг нэмж гаргаж өгсөн. Иймээс шүүгдэгч Ц.О нь хохирогч Я.Мод 430.000 төгрөгийг төлөх төлбөртэй гэж үзэв.

 

Харин хохирогч Я.М нь хохирол, хор уршигтай холбогдуулан цаашид гарах зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхийг нь нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ц.О нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

                                                                     

Улсын яллагч: “Шүүгдэгч Ц.Оод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн цагдан хоригдсон 11 хоногийг эдлэх ялд тооцуулах.” гэх саналыг гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч Ц.Оод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгож ухамсарласан байдал, гэм буруугийн хэлбэр, урьд ял шийтгэл эдэлж засран хүмүүжээгүй хувийн байдал, хохирлоо нөхөн төлөөгүй, гэмт хэргийн ангилал эргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, цагдан хоригдсон 11 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Оын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Ц.Оод цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ өдрөөс эхлэн эдлэх ялыг нь тоолов.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Оод 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сар хорих ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оод оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оын цагдан хоригдсон 11 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай

 

5. Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 510-р зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.Ооос 430.000 /дөрвөн зуун гучин мянган/ төгрөг гаргуулан хохирогч Я.Мод олгуулсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

7. Хохирогч Я.М нь хохирол, хор уршигтай холбогдуулан цаашид гарах зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Оод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХТУЛГА