Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 628

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

    2022         04           28                                  2022/ШЦТ/628

 

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, С.Олзод нарын бүрэлдэхүүнтэй,

            нарийн бичгийн дарга Б.Хонгорзул,

            иргэдийн төлөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ, 

            улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б.О

шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Н.Нямдорж нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Эт холбогдох эрүүгийн 2106 02260 1981 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Э нь 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 07 дугаар хороо 31 дүгээр байрны 0 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, биеэ хамгаалах чадваргүй буюу өвчин эмгэгтэй гэдгийг мэдсээр байж өөрийн хамтран амьдрагч Д.Мгийн толгойн тус газар нь цохиж улмаар эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Ц.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Энэ зүйлчилсэн зүйл ангийн талаар би байцаалт авч байхад хэлсэн. Ямар зүйчлэлтэй зүйл анги гэдгийг нь мэдэхгүй, надад ямар ч хууль зүйн мэдлэг байхгүй гэдгийг байцаагчдаа хэлж байсан. Би энэ гэмт хэргийг хийсэн гэж зөвшөөрөөгүй. Анхнаасаа ийм үйл явдал болсон талаар би мэдэхгүй байна гэж хэлсэн  яллах дүгнэлтийг прокуророос авч үзээгүй. Байцаагч намайг дуудсан би ажлаасаа чөлөө аваад ирсэн. Баянзүрх дүүргийн 2 дугаар хэлтэс дээр ирэхэд намайг ийм зүйчлэлтэй гэж нарийн ярьж байгаагүй. Анхны байцаалт авахад хэлсэн. Хамтран амьдрагч болох Д.Мгаа ингэсэн байна гэж хэлсэн. Би хүлээн зөвшөөрөөгүй. Би энэ хүнийг цохиж зодоогүй гэдгээ хэлсэн. Би хүлээн зөвшөөрөөгүй би тэр хүнийг цохиж зодоогүй гэдгээ хэлсэн.” гэв.

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “Хэргийн талаар 2021 оны 06- сарын дундуур дүүгээ сувилалд авч хэвтсэн. Дараа нь 30-ны өдөр гараад авч гараад хамрын эмчид үзүүлсэн тэгсэн чинь хамран дотор хавдар байна. Ирж шинжилгээ өг гээд өгсөн. Манайд байсан тэгээд 7 дугаар сарын 5-ны өдөр манай 2 хүүхэд короно туссан юм шиг шинж тэмдэг илрэхээр нь Д.М дүүг хамраараа амьсгалж чадахгүй хүн короно тусвал үхчихэж магадгүй гэж айгаад Ц.Э руу залгаад “Д.Мг гэр лүү нь буцаадаг юм уу гэсэн чинь аваад ирээ би бас санаад байна” гээд орой нь гэр лүү нь аваачсан. 1 сард харваснаас хойш ер нь хөл дээрээ явдаг болсон байсан. Ц.Э үнэхээр сайн асарсан тэрийг хэлэх хэрэгтэй. Тэр өдөр би гэрийнх нь гадаа очоод Ц.Э луу залгаад, энэ гарч ирээд авсан. Тэгээд би 7-ны өглөө 07 цаг 30 минутад эмчтэй уулзах ёстой би ирж авъя эсхүл та хоёр таксидаад хүрээд ир гэхэд за гэсэн тэгээд би бүх юмыг нь оруулж өгөөд явсан. Тэгээд 7-ны өглөө 6 цаг 30 минут болж байхад гэрээс гараад залгасан чинь утсаа авахгүй байхаар нь мессеж бичээд “Би очиж байна. Та хоёр яахаар байна” гэсэн тэгээд залгаад ярьсан чинь энэ согтуу байсан. Тэгэхээр нь чи яг согтуу байна. Чи ирж чадахгүй юм байна би өөрөө яваад очъё гэж хэлсэн чинь “хэрэггүй та битгий ир“ гэж хэлчихээд утсаа тасалсан. Тэгэхээр нь би мессеж бичсэн чи хувцаслаад байж бай. Би такси бариад очиж байна гээд. Тэгээд 07 цаг болж байхад очсон. Тэгээд хаалгыг нь нүдсэн дотор нь хүн байгаа нь сонсогдоод байсан. Тэгээд нүдээд байсан тайлдаггүй сүүлдээ эмч нь 07 цаг 30 минутаас үзнэ гэсэн үүдээ тайлаач ээ гээд. Би Ц.Эыг унтаж байна. Манай дүүг боссон, сэрүүн байна гэж ойлгосон. Тэгээд Мөнхөө чи босоод үүдээ тайлчихаач гээд тайлахгүй байсан. Тэгээд 07 цаг 40 минут боллоо. Тэгээд эмч рүү нь хэллээ. Эд нар хаалгаа тайлдаггүй гээд. Тэгээд цагдаа дуудлаа ирээд нүдэж байгаад эвдчих юм байх гэж ойлгосон тэгсэн цагдаа ирж нүдэж нүдэж байгаад яваад өгсөн. Тэгээд 08 цаг өнгөрөөд аргаа бараад цоож эвддэг хүн дуудаад 08 цаг өнгөрөөгөөд ирсэн. Тэгээд онгойлгоод орсон чинь Ц.Э согтуу манай дүү ухаан алдсан цус болсон, нүүр ам нь хавдсан байдалтай байсан. Би үхсэн юм болов уу гэж бодсон. Тэгээд Ц.Э руу юу “хийж байгаа юм бэ” гэсэн чинь “би яасан гэдгээ мэдэхгүй байна” гээд наашаа цаашаа алхаад байсан. Тэгээд түргэн дуудаад нөгөө ах бид хэд түргэн ирэхэд дамнуурга дээр нь тавьж гараад, дүүгээ аваад гэмтэлд очсон. Гэмтэлд 5 хоног ухаангүй байсан. Тэгээд хүчтэй тариа хийж сэргэсэн.” гэв.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, /хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Б.Огийн “2021 оны 07 дугаар сарын 07-ны өглөө би өөрийн төрсөн дүү Д.Мг эмнэлэгт үзүүлэх гээд 06 цаг 45 минутын үед түүний хамтран амьдрагч болох Ц.Этай утсаар ярих үед Ц.Э согтуу байсан. Тэгэхээр нь би Ц.Эт хандан би өөрөө яваад очъё гэж хэлээд утсаа таслаад такси бариад явж байтал надад Ц.Эаас мессеж ирж унштал Ц.Э надад хандан бид хоёр гараад явж байна гэж бичсэн байсан. Тэгэхлээр нь би Ц.Эт хандан би 4 зам дээр байна Д.Мг шээлгэчхээд гараад ир гэж хэлсэн. Тэгтэл Ц.Э надад хандан Д.М бид хоёр 100 айл дээр явж байна гэж мессеж бичсэн. Тэгэхлээр нь би тэр хоёрыг гэрээс гараагүй iov байна гэж бодоод шууд гэр лүү нь явж очоод 30-40 минут орчим хаалгыг нь цохисон болов- Д.М, Ц.Э хоёр хаалгаа тайлахгүй байсан. Тэгээд цагдаа дуудаад хүлээж байтал удалгүй цагдаа ирээд цагдаа 15 минут орчим хаалга нүдсэн боловч xaar'aa тайлаагүй. Тэгэхээр нь би цоожны гол сольдог хүн дуудаад дүү Д.Мгийн гэрийн хаалгыг нээгээд дотогш ортол Д.М орон дээр ухаангүй нүүр ам нь хавдсан байдалтай, хувцас нь цус болсон байсан. Мөн хажууд нь Ц.Э согтуу хэвтэж байсан. Тэгээд би шууд түргэн дуудаад түргэн тусламж 10 минут орчмын дараагаар ирээд дүү Д.Мд дусал хийгээд эмнэлэг аваад явсан. Би гарахдаа цагдаад дуудлага өгсөн.” /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

 Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 6187 дугаартай “Д.Мгийн биед тархины дух, зулайн дэлбэнд хатуу хальсан доорх цусан хураа, баруун, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/ гэх дүгнэлт,

 

Д.Мгийн өвчний түүх /хавтаст хэргийн 27-47 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс авсан “Миний төрсөн дүү Д.М нь надтай хамт Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны 91-45 тоотод амьдарч байсан. Тэгээд 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр би төрсөн дүү Д.Мг өөрийнх нь тухайн үед түрээсэлж байсан байр болох Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны 31-0 тоотод хүргэж ирсэн. Намайг Д.Мг гэрт нь хүргэж ирэхэд түүний хамтран амьдрагч болох Ц.Э нь гэртээ ганцаараа байсан. Улмаар би төрсөн дүү Д.Мг орцных нь үүдэнд буулгахад Ц.Э гэрээсээ гарч ирсэн. Тэгээд би Ц.Этай хамт Д.Мг түшээд хамт гэр рүүгээ хөлөөрөө алхаж орсон. Тухайн үед Д.Мг хүргэж өгчхөөд Ц.Эт хандан би 2021 оны 07 дугаар сарын 07-ны өглөө эрт 7 цаг 30 минутад нэгдүгээр эмнэлэг дээр уулзана гэж тохиролцоод оруулсан. Тэгээд түүнээс хойш би Д.М болон Ц.Э нартай холбоо барилгүй байж байгаад 2021 оны 07 дугаар сарын 07-ны өглөө 06 цаг 45 минут хавьцаа Ц.Э руу залгахад тухайн үед утсаа аваад ярихдаа согтуу байсан. тэгээд би такси бариад Д.Мг би өөрөө такси бариад очиж авъя гэхэд Ц.Э нь надад хэрэггүй бид хоёр өөрсдөө яваад очъё гэж надад хэлээд утсаа тасалсан. Тэгээд дахин залгахад дахин залгахад Ц.Э нь гар утсаа авахгүй таг чиг болсон. Тэгэхээр нь такси бариад 07 цагийн үед Ц.Эын гэрийн хаалгыг тогшиход надад хаалгаа тайлж өгөөгүй. Би 45 минут хаалгыг нь тогшиход надад хаалгаа тайлж өгөхгүй байсан. Цагдаа дуудаад хаалгыг нь тогшиход хаалгаа тайлаагүй. Тухайн үед цагдаагийн албан хаагчаас хаалгыг нь эвдээд өгөөч гэхэд бидэнд тийм эрх байхгүй гэж хэлсэн. Тэгээд би цоож онгойлгодог хүнээс хаалгыг онгойлгуулж орсон. Намайг дотогш ороход манай дүү Д.М нь орон дээрээ ухаангүй байдалтай хэвтэж байсан. харин Ц.Э нь архи уучихсан байдалтайгаар гэртээ дотроо ийш тийшээ холхиод байсан. шууд 102, 103 дуудсан.” /хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Ц.Нандинцэцэгээс авсан “Д.Мгийн биед үүссэн гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн гэмтэл нь унах үед үүсэх боломжтой гэмтэл байна. Тухайн гэмтэл нь унах үед үүсэх боломжгүй гэмтэл байна. Цохих цохигдох зэргийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл байна. Д.Мгийн биед учирсан тархины дух, зулайн дэлбэнд хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл нь шинэ гэмтэл бөгөөд урьд тархинд харвалт өгч байсан гэх эмгэг өөрчлөлт нь КТГ шинжилгээнд хуучин гэж дүгнэж бичигдсэн байх бөгөөд шинээр учирсан тархины зулайн дэлбэнд хатуу хальсан доорх цусан хураа гэмтэлтэй хамааралгүй.” /хавтаст хэргийн 70 дугаар хуудас/ гэх мэдүүлэг зэргийг шинжлэн судалсан болно.

 

            Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Шүүгдэгч Ц.Э нь хохирогч Д.Мгийн эрүүл мэндэд халдсан байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй гэж өндөр настай, өвчин эмгэгтэй , хөгжлийн бэрхшээлтэй, биеийн ерөнхий хөгжлөөр илтэд сул дорой болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй зэрэг хүн хамаарна.

 

Хохирогч Д.М нь өөрийгөө хамгаалж чадахгүй өвчтэй болох нь түүний өвчний түүх болон “зүүн гар хөл саатай, өөртөө үйлчлэх чадваргүй, хөдөлмөрийн чадвараа алдсан талаарх эмчийн тодорхойлолтуудуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч нь өөрийгөө хохирогчид гэмтэл учруулаагүй, хохирогч унах үедээ гэмтсэн байх гэх боловч хохирогч Д.М 2021 оны 1 дүгээр сард цус харваж хэвтэрт орсон байснаасаа хойш шүүгдэгчийн асаргаа сувилгаагаар хөл дээрээ босч гэр дотроо ойр зуур алхах, суух хэмжээнд биеийн байдал дээрдсэн, хэрэг болохын өмнө эгч Д.Б.О гэрт нь хүргэж өгөх үед биеийн байдал сайн, ямар нэгэн гэмтэл шархгүй хэвийн байсан талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б.Од хууль сануулан мэдүүлэг авахад мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлгийн үед мэдүүлсэн. Үүнтэй шүүгдэгч Ц.Э маргаагүй. Мөн шүүгдэгч нь мэдүүлэхдээ гэрт нь тухайн үед хохирогч Д.М тэр хоёроос өөр хүн ирээгүй байсан талаар хэлдэг тул шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед тогтоогдсон гэмтлийг шүүгдэгч учруулсан болох нь тодорхой байна.

 

Иргэдийн төлөөлөгч шүүгдэгч Ц.Эыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн болно.

 

Иймд шүүгдэгч Ц.Эын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ц.Э нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Улсын яллагч: “Шүүгдэгч Ц.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад 8 жил 6 сарын хорих ял оногдуулж, нээлттэй хорих ангид эдлүүлэх” саналыг гаргасан.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Ц.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан шударга ёсны зарчмыг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 6 жил хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон 115 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

 

Бусад асуудал:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж тус тус зааснаар шүүгдэгч Ц.Э бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй. Гэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б.О нь гэм хорын хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Ц.Эыг энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэстэй. Харин хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийг арилгахад гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй үлдээв.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Эын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Ц.Эт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ өдрөөс эхлэн эдлэх ялыг нь тоолов.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хохирогчийг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Ц.Эт 6 /зургаан/ жил хорих ял оногдуулсугай.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эт оногдуулсан 6 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ц.Эт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

            5. Хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч Б.О нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, цаашид гарах зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эын цагдан хоригдсон 115 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

            7. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Э нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Эт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.МӨНХТУЛГА

 

                                                    ШҮҮГЧ                                     Ч.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                    ШҮҮГЧ                                      С.ОЛЗОД