Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 728

 

 

 

 

 

 

 

   2022        05          19                                     2022/ШЦТ/728

 

-          

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

улсын яллагч Н.Ганчимэг,

шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Эод холбогдох эрүүгийн 2106 03536 1353 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Э нь олон нийтийн сүлжээ болох фэйсбүүкийн “Uka” нэртэй хаяг руу зээлсэн мөнгөө өгье, дансаа өгөөч гэж харилцсан хохирогч М.Аыг хуурч, фейсбүүк хаяг эзэмшигч мэтээр зохиомол байдлыг зориуд бий болгон Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо “Харуул-Алтай” хотхонд байхдаа 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Н.М нэр дээр бүртгэлтэй Хаан банкны 5913096686 тоот данс руу нийт 100.000 төгрөгийг шилжүүлснийг авч, залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Аын "Би өөрийн хамаатны эгч Ундаръяагаас 50,000 төгрөг 2021 оны 9 дүгээр сарын 16, 17-ны үед зээлж авсан байсан юм. Тэгээд 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр би Ундаръя эгч рүү фейсбүүкээр залгахад авахгүй байсан. Тэгэхээр нь би 50,000 төгрөгийг эгчид өгье гэж бодоод “та дансаа явуулаарай” гээд чат үлдээсэн. Тэгтэл чат бичсэнээс хойш 20 орчим минутын дараа хариу ирсэн. Тухайн үед над руу 5913096686, 2405141117 гэсэн хоёр дансыг зэрэг явуулсан Тэгэхээр нь би 50,000 төгрөгийг өөрийн 507716155 тоот данснаас 5913096686 тоот данс руу шилжүүлсэн. Тухайн дансны эзэмшигч Мөнхцэцэг гэж гарч ирж байсан. Тухайн үед нэмээд 50,000 хийчих боломж байгаа юм уу гэж асуухаар нь дахин 50,000 төгрөгийг шилжүүлсэн. Миний хувьд эгчид мөнгийг нь өгчихсөн гэж бодоод явж байтал өчигдөр над руу Ундаръяа эгч залгаад надад зээлсэн 50,000 төгрөгөө асуухаар нь би “тань руу 2021 оны 9 сарын 19-ний өдөр нийт 100,000 төгрөг шилжүүлсэн. Би танд мөнгө өгөх биш та надад мөнгө өгөх ёстой шүү дээ, та чатаа шалга” гэж хэлтэл юу билээ, хэзээ билээ гээд гайхаад байхаар нь хоорондоо харилцсан чатаа явуулсан. Ингээд Ундаръяа эгч намайг залилуулсан байна, цагдаад ханд гэж хэлсэн. ...би Мөнхцэцэг гэж хүн данс мөн үү гэж асуухад мөн гэж хэлсэн. Яагаад Мөнхцэцэг гэж хүний данс руу шилжүүлж авч байгааг асуугаагүй.” /хх-ийн 15 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ундаръяагийн “Би өөрийн хамаатны дүү М.Ад 50,000 төгрөг зээлсэн байсан юм. Тэгээд өчигдөр зээлсэн 50,000 төгрөгөө буцааж авахаар дүү рүү залгахад "би таны мөнгийг өгчихсөн шүү дээ, бүр нэмээд та надаас 50,000 төгрөг зээлж авсан шүү дээ” гэж хэлсэн. Над руу өөртэйгөө харьцсан чатаа явуулсан. Тэгэхээр нь би чамаас мөнгө шилжүүлж аваагүй, миний фейсбүүкээр өөр хүн орж чамаас өөр дансаар мөнгө авсан байна, чи залилуулсан байна гэдгийг нь хэлээд цагдаа руу хамт ирж гомдол гаргасан. Би Мөнхцэцэг гэж хүнийг таньж мэдэхгүй. Миний фейсбүүк хэвийн байгаа. Харин яг дүүтэй харьцсан чатыг устгасан байсан Би бол өөрөө чатаа устгадаггүй юм. Би ойр орчмын таньж мэддэг хүмүүсээс асууж тодруулсан. Одоогоор өөр хүнээс мөнгө авсан тохиолдол байхгүй байна. Би 2021 оны 9 сарын 06-ны өдөр утсаа гээгдүүлсэн юм. Гэхдээ хаана гээгдүүлсэн гэдгээ мэдэхгүй байгаа. Тэгэхээр миний утсыг олсон хүн миний фейсбүүкээр орсон байх гэж бодож байна. Миний гар утас кодтой байсан боловч бүх кодыг нь зургаан 0-р оруулчихсан байсан учраас хялбар нээгдэх боломжтой байсан. миний фейсбүүкийн кодыг өөр хүн мэдэхгүй.” /хх-ийн 17 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Хандсүрэнгийн "Би Голомт банканд 2405141117 дугаарын данс эзэмшдэг. Би энэ дансаа 2020 оны 12 сараас хойш хэрэглэж байгаа.” /хх-ийн 24 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Мөнхцзцэгийн “Би 5913096686 тоот дансыг 2009 оноос хойш одоог хүртэл эзэмшиж байгаа. Надаас өөр хүн миний дансыг ашигладаггүй. Би интернэт банк болон виза картаа бусдад шилжүүлж байгаагүй, зөвхөн өөрөө л эзэмшиж ашигладаг. Би интернэт банкаа шалгаад үзэхэд 507716155 тоот данснаас 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 17:15 цагт 50,000 төгрөгийг ariunjargal гэх гүйлгээний утгатай, 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 17:22 цагт 50,000 төгрөгийг ariunjargal гэх гүйлгээний утгатай нийт 100,000 төгрөгийн орлого миний дансанд орсон байна.” /хх-ийн 30-31 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг,

 

Фейсбүүкийн Uka нэртэй хаягаар харилцсан зурвас /хх-ийн 10 дугаар хуудас/,

 

М.Аын эзэмшлийн "Хаан” банкны 507716155 тоот данснаас 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 17:15 цагт тус банкны 5913096686 тоот данс руу 50,000 төгрөг, мөн өдрийн 17:22 цагт дээрх хүлээн авагчийн данс руу дахин 50,000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга /хх-ийн 11 дүгээр хуудас/,

 

Н.Мөнхцэцэгийн эзэмшлийн “Хаан” банкны 5913096686 тоот дансанд 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр тус банкны 507716155 тоот данснаас нийт 100,000 төгрөгийн орлого орсон талаарх дансны хуулга /хх-ийн 39 дүгээр хуудасны ар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Ц.Эын “Би таксиныхаа мөнгийг авах зорилгоор мөнгө залилж авсан. Тухайн мөнгөө өөрийнхөө хэрэгцээнд зарцуулсан.” /хавтаст хэргийн 55 дугаар хуудас/ гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Ц.Э нь олон нийтийн сүлжээ болох фэйсбүүкийн “Uka” нэртэй хаяг руу зээлсэн мөнгөө өгье, дансаа өгөөч гэж харилцсан хохирогч М.Аыг хуурч, фейсбүүк хаяг эзэмшигч мэтээр зохиомол байдлыг зориуд бий болгон Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Харуул алтай хотхонд байхдаа 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Н.Мөнхцэцэгийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны 5913096686 тоот данс руу нийт 100.000 төгрөгийг шилжүүлснийг авч, залилсан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

 

Улсын яллагч шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцуулах саналтай.” гэх дүгнэлт гаргасан. Шүүгдэгч Ц.Э нь уг дүгнэлттэй маргаагүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

“Залилах” гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Иймд шүүгдэгч Г.Э үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан”  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э нь “залилах” гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, Ц.Э нь уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ. Энэ нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчөөгүй байна.

 

Шүүх шүүгдэгч Ц.Эод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

           

            Бусад асуудал:

 

Хохирогч М.Ад нийт 100.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Ц.Э нь хохирогчийн Хаан банкны дугаартай данс руу хохирлын 100.000 төгрөгийг шилжүүлсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Ц.Э нь урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эод 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Э нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Эод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА