Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 113

 

 

 

 

 

 

 

   2022        01          03                                  2022/ШЦТ/113

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Ц.Ганцэцэг /цахимаар/,

Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бид холбогдох эрүүгийн 2106 02467 2563 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Ч.Б нь 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр өөрийн гар утас нь дээрээ хадгалагдсан, иргэн Б.Лхамсүрэнийн эзэмшлийн Голомт банкны тоот данснаас, интернэт банк ашиглан “1xbet гэх мөрийтэй тоглоомын сайтад нэвтрэх эрх олж авах зорилгоор Хаан банкны 5135585047 дугаарын данс руу данс хооронд цэнэглэлт буюу шилжүүлэг хийж 1.500.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч иргэн Б.Лхамсүрэнд 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх бичгээр гаргасан өргөдөл /хх-7/, иргэн Б.Лхамсүрэнгийн голомт банкны 1105070417 тоот дансны хуулга /хх-25-26/, хохирогч Г.Лхамсүрэнгийн мэдүүлэг /хх-11-12/, гэрч Б.Төмөртулгын мэдүүлэг /хх-15-16/, гэрч Ч.Номин-Эрдэнийн мэдүүлэг /хх-18/, яллагдагч Ч.Бийн мэдүүлэг /хх-43-44/, яллагдагч Ч.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-49/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Ч.Б нь 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр өөрийн гар утас нь дээрээ хадгалагдсан, иргэн Б.Л эзэмшлийн Голомт банкны данснаас, интернэт банк ашиглан “1xbet гэх мөрийтэй тоглоомын сайтад нэвтрэх эрх олж авах зорилгоор Хаан банкны  дугаарын данс руу данс хооронд цэнэглэлт буюу шилжүүлэг хийж 1.500.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч иргэн Б.Лхамсүрэнд 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-7/,

 

Иргэн Б.Лхамсүрэнгийн голомт банкны  тоот дансны хуулга /хх-25-26/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Лхамсүрэнгийн өгсөн: “Би Голомт банкны 1105070417 дугаарын дансыг 2018 оноос хойш ашиглаж байгаа ба 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 02 цаг 56 минутад миний уг данснаас 1.500.000 төгрөгийг Хаан банкны 5135585047 дугаарын данс руу шилжин орсон байсан юм. Миний алдсан интернэт банкны нууц үгийг надаас өөр хүн мэдэхгүй. Би гомдолтой байна. Хохирлоо бүрэн барагдуулж авмаар байна.” /хх-11-12/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Төмөртулгын өгсөн: “Би 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс өөрийн хадам дүү Азбаярын ажиллуулдаг. 1xbet гэх сайтын шилжүүлгийг хийж өгч ажиллуулж байгаа юм. Гэтэл 2021 оны 07 дугаар сарын 20-ны шөнө 03 цагийн орчим Лхамсүрэн гэх хүний данснаас 1.500.000 төгрөгийн цэнэглэлт хийлгэх хүсэлт ирэхээр нь эхнэр Уранбилэгийн дансаар хүлээн авч, цэнэглэлтийг нь хийж өгсөн юм. Тухайн хэрэглэгч 117775841 гэсэн ID хаягаар хандсан ба тухайн ID хаягийн тухайн ID хаягийн түүхийг шалгахад Хаан банкны 5133199676, Төрийн банкны 104801017361 гэсэн данснуудаар гүйлгээ хийж байсан түүх үлдсэн байсан. Тухайн дансны эзэмшигч нарыг огт танихгүй хүмүүс байсан. Манай сайтын зүгээс харьцсан данснаас өөр мэдээлэл байхгүй./хх-15-16/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Номин-Эрдэнийн “Би Ч.Бийн төрсөн дүү нь байгаа юм. Бид хоёр эхээс хоёулаа. 5133199676 тоот дансыг 5 жилийн өмнөөс эзэмшиж байгаа. 2021 оны 07 дугаар сарын сүүлээс миний данснаас манай ах Б мөнгө аваад байхаар нь Хаан банканд хандаж хаалгуулсан. Одоо уг дансыг ашиглахгүй байгаа. Манай төрсөн ах Б миний хаан банкны дансыг интернэт банк болон виза картын хамт 2021 оны 06 дугаар сарын сүүлээр авч ашигласан. Миний дансыг 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүртэл буюу данс хаалгах хүртэл ашигласан...надад яг юунд ямар зорилгоор ашиглах гэж байгаа талаараа хэлээгүй. Би ахыг өөртөө дансгүй, виза картгүй байдаг учраас миний илүү дансыг түрдээ хэрэглэгдээ гэж бодоод өгсөн. Б ах эхнэр хүүхэдгүй, ганц бие, хотод оршин суух гэр орон байхгүй. Манай эцэг, эх хотод байртай байж байгаад 2021 оны 08 дугаар сарын дундуур зарчихсан. Одоо Улаанбаатар хотод амьдрахгүй байгаа.” /хх-18/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Ч.Бийн “Би 2021 оны 07 дугаар сарын дундуур, яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна, найзууд болох Мөнгөнсор, Тайван, Хүчбаяр, Лхамсүрэн нарын хамт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Уран ган” нэртэй зочид буудалд, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж хоносон. Тухайн үед Лхамсүрэн нь миний утсаар өөрийнхөө интернэт банк руу ороод мөнгө шилжүүлээд архи авч байсан ба би мөнгө шилжүүлэх үед нь нууц үг болон нэвтрэх нэрийг нь харчихсан байсан. Тэр өдрөөс хойш 1, 2 хоногийн дараа байхаа би Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, 1-15 тоот хуурай ахындаа байхдаа, шөнө 02 цагийн үед Лхамсүрэнгийн Голомт банкны интернэт банк руу нэвтрээд ортол 1.5 сая төгрөг байхаар нь би бооцоо тавихаар 1xbet гэх нэртэй бооцооны сайтын данс руу 1.500.000 төгрөгийг нууцаар шилжүүлж аваад бооцоо тавиад алдчихсан...би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Б Лхамсүрэнгээс авсан мөнгөө буцаагаад өгсөн.” /хх-43-44/ гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Хулгайлах гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Иймд шүүгдэгч Ч.Бийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч Ч.Б нь бусдад төлөх төлбөргүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн болон бусдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх хууль зүйн үндэслэл бүхий саналыг шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Б нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч Ч.Бийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр үйлдэгдсэн. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр  баталсан Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар “...2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй...” гэсэн тул Өршөөл Үзүүлэх тухай  хуульд  хамрагдах  үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Ч.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бид 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаар Ч.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

            4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч                Ч.Бид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

            5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                                                                          

            7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА