Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 235

 

                                                              

                                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж,  тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч:  ХДТ-ын нэхэмжлэлтэй 

Хариуцагч:  И.А-д  холбогдох

800 000  төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: 

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ш, 

хариуцагч И.А, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхтуяа нар оролцов.

 

                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХДТ-ын  дарга ажилтай И.А нь 2015 оны 05 дугаар сард Орхон аймаг, Дархан-Уул аймагт аялан тоглолтоор  ажиллах  үедээ  билетний үнэ 800 000 төгрөгийг байгууллагын дансанд дутуу  төвлөрүүлсэн байна. И.А нь уг билетний үнэ 800 000 төгрөгийг тухайн үед аваагүй бөгөөд Эрдэнэт хотын Б.Ц гэдэг хүнд хариуцуулан үлдээсэн байдаг. Гэтэл 2015 оноос хойш одоог хүртэл Б.Ц гэдэг хүн нэг ч төгрөгийг ХДТ-т шилжүүлээгүй. Б.Ц-той утсаар холбогдоход “Мөнгийг чинь шилжүүлнэ,  яг тэдний өдөр шилжүүлнэ” гэж нэг огноо хэлдэг байсан. Гэтэл Б.Ц нь ямар ч мөнгө шилжүүлээгүй бөгөөд сүүлдээ утсаа авахаа больсон. Тухайн үед 2015 оны мэргэжлийн хяналтын шалгалтаар хариуцагч И.А-ийн нэр дээр 800 000 төгрөгийн авлага үүссэн. Мөн Б.Ц-той 2017 оны 11 дүгээр сарын эхээр ярихад “2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд шилжүүлнэ, 14 хоногийн хугацаа өгчих” гэж байсан. Гэтэл одоог хүртэл мөнгө шилжүүлээгүй. Аудитын газраас “энэ өр, авлагыг барагдуул” гэсэн албан даалгавар ирсэн учир шүүхэд хандсан. Иймд хариуцагч И.А-өөс билетний үнэ 800 000 төгрөг гаргуулан байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү. 

Гэрч Ц-ийн мэдүүлэгт дурдсан 800 000 төгрөгийг хариуцагч нь байгуулагат тушаасан гэдэгтэй маргахгүй, одоо байгаа үлдэгдэл 800 000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэв. 

 

Хариуцагч  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн захиргааны зүгээс манай байгууллагад “2013 онд Архангай аймгийн 90 жилийн ой болоход Улаанбаатар, Дархан, Эрдэнэтийн нутгийн зөвлөлүүд аймагт тодорхой хэмжээний тусламжийг үзүүлсэн, тийм учраас Архангай аймгийн зүгээс талархалын тоглолт хийх шаардлагатай” гэсэн үүргийг өгсөн. Тэгээд 14 хоног хүрэхгүй хугацаанд аялан тоглолтоор явах болсон. Тоглолтын цаг хугацаа давчуу байсан учир Архангай аймгаас Эрдэнэт, Дархан хотын нутгийн зөвлөлд билетийг хүргүүлсэн. Би энэ билетийг өөрийн биеэр хүлээж аваагүй. Тоглолт зохион байгуулагдсаны дараа борлуулсан билетын мөнгө, үлдэгдэл билетыг хүлээн авсан. Тоглолтыг Орхон аймаг дахь нутгийн зөвлөлийн  гишүүн Б.Ц гэдэг хүн хариуцаж байсан учир тооцоо хийгдээгүй 800 000 гаруй төгрөгийн билетийг түүнд хариуцуулсан. Миний бие 2015 оны 08 дугаар сард ажлаасаа чөлөөлөгдөж, ажлаа өгөхдөө театрынхаа захиргаа, санхүүгийн албанд тооцооны үлдэгдэл, тооцоо хийх хүмүүсийн нэр хаяг, утасыг нь хүлээлгэж өгсөн. Би ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш 1 жил гаруй хугацаанд ажилгүй байж байгаад 2016 оны 08 дугаар сард ажилдаа эргэж орсон. Намайг ажилдаа эргээд ороход энэ тооцоо мөн хийгдээгүй байсан. Миний ажлын байрны тодорхойлолтод билет борлуулах, мөнгө хурааж авах чиг үүрэг байхгүй бөгөөд байгууллага өөрөө нярав, нягтлан бодогч, менежертэй болно. Миний хувьд уг мөнгийг  хүлээн аваагүй, хувьдаа хэрэглэсэн  зүйл байхгүй учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. 

Гэрч Ц-ийн мэдүүлэгт байгаа надад өгсөн гэх 800 000 төгрөгийг тухайн үед нь байгууллагад өгсөн, одоо нэхэмжилж байгаа 800 000 төгрөг бол тусдаа асуудал юм гэв. 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

          ХДТ нь И.А-д холбогдуулан билет буюу тасалбарын үнэд 800 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь тоглолтын билетний үнэ 800 000 төгрөгийг хүлээн аваагүй, хувьдаа ашиглаагүй  учир төлөхгүй гэж маргасан. 

Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчийг тухайн байгууллагад ажиллаж байх явцдаа байгууллагад 800 000 төгрөгийн хохирол учруулсан гэж хөдөлмөрийн харилцаанд үндэслэн нэхэмжлэл гаргасан нь шүүхээр шууд хянан шийдвэрлэх хөдөлмөрийн маргаанд хамаарч байна. 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

ХДТ-ын Орхон, Дархан-Уул аймгуудад 2015 оны 05 дугаар сард хийсэн тоглолтын билетний үнэ 800 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байгаа боловч хариуцагчид тухайн үед тоглолтын билетийг хүлээлгэж өгсөн, хариуцагч нь ямар тоо хэмжээтэй билетийг худалдан борлуулсан нь тодорхойгүйн зэрэгцээ хариуцагч нь билет худалдан борлуулж олсон 800 000 төгрөгийг хувьдаа ашигласан, байгууллагад хүлээлгэн өгөөгүй гэх үйл баримт тогтоогдохгүй байна. 

Өөрөөр хэлбэл 800 000 төгрөгийн үнэ бүхий тоглолтын билет бодитоор борлуулагдсан, ийнхүү билет борлуулж олсон 800 000 төгрөгийг И.А ашиглаж үрэгдүүлсэн болохыг ХДТ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан үүргийнхээ дагуу нотолж чадаагүй болно. 

 

Мөн гэрч Б.Ц нь билетний үнэ 800 000 төгрөгийг хариуцагч И.А-д өгсөн талаар мэдүүлсэн байх боловч уг мөнгийг И.А нь ХДТ-ын дансанд тушаасан, нэхэмжлэгчийн одоо  нэхэмжилж буй 800 000 төгрөг нь гэрч Б.Ц-ийн И.А-д өгсөн гэх 800 000 төгрөгөөс тусдаа мөнгө болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх бөгөөд нэхэмжлэгч талын зүгээс энэ талаар маргаагүй болно. 

Түүнчлэн хэрэгт 2015 оны билетний тооцоотой ажилчдын талаарх хүснэгтэд И.А гэж 800 000 төгрөгийн төлбөр бичигдсэн, хариуцагч гарын үсэг зурсан байгаа боловч энэ нь 800 000 төгрөг төлөх биш, харин тухайн билетний төлбөрийг холбогдох этгээдээс хариуцаж барагдуулах үүрэгтэй холбоотой баримт гэж хариуцагч тайлбарласан бөгөөд өмнө дурдсанчлан 800 000 төгрөгийн үнэ бүхий тоглолтын билет бодитоор борлуулагдсан, ийнхүү билет борлуулж олсон 800 000 төгрөгийг И.А ашиглаж үрэгдүүлсэн болохыг нэхэмжлэгч нотлоогүй энэхүү баримтыг шүүхийн зүгээс үнэлсэнгүй. 

 

Дээрх өгсөн дүгнэлтийн хүрээнд бодитоор хохирол учирсан болох нь нотлогдохгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 133, 135 дугаар зүйлүүдэд заасан эд хөрөнгийн хязгаарлагдмал болон бүрэн хариуцлага хүлээлгэх үндэслэл хариуцагчид тогтоогдохгүй байх тул хариуцагч И.А-ээс билетний үнэ 800 000 төгрөг гаргуулах тухай ХДТ-ын  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

ХДТ-ын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдвал зохино. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,  116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                           ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч И.А-ээс 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ХДТ-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Улсын тэмдэгтийн хурамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар ХДТ-ын  нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

                                                                

                                                     ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                 Т.БАДРАХ