| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 105/2022/0360/Э |
| Дугаар | 368 |
| Огноо | 2022-03-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ганчимэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 368
2022 03 14 2022/ШЦТ/368
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхтулга даргалж,
нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,
улсын яллагч Н.Ганчимэг /цахимаар/,
шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч.Бөд холбогдох 2106 025036 0280 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 11-ний хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа хохирогч Хгийн толгойн тус газарт цохиж, биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Хгийн “Би 2021 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Хан Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэрээсээ гарч Баянзүрх дүүргийн 16 хороололд ирж найз Ч.Б, Сэлэнгэ, Энкээнээ, Энхүүш нартай уулзаж, бид нар архи уусан. Тэгээд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улиастайн голын эрэг дээр очиж архи уусан. Миний толгой өвдөөд зарим болсон асуудлыг огт санахгүй байна". Би найз Сэлэнгэ, Ариунжаргал нартай уулзахад Ч.Б, Батдорж, Энхүүш, Энкээнээ нар байсан. Бид нар уулзаад Улиастайн тийшээ гол орохоор болсон. Тэд нар Ариунжаргалын гэрээс гарахаасаа өмнө тэндээ архи хувааж уусан. Би машин барьж байсан учраас архи уугаагүй. Голтой газар очоод тэр өдрөө хоноод 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр бид нар архи хувааж уусан. Орой харанхуй болсон байхад Ч.Б хараа нэртэй 0.75 литрийн архины шилээр миний зүүн нүдний хэсэгт цохисон. Яг хэдэн удаа цохисон гэдгийг мэдэхгүй байна. Цохиулсны дараа зүүн нүд хөхрөөд зүүн талын толгой хэсэг хавдаад цус гарсан. Сэлэнгэ миний толгойноос гарсан цусыг тогтоосон. Бүгд согтуу байсан тул машин бариад эмнэлэг хүргэх хүн байгаагүй. Тэндээ бид нар гол дээр хоноод маргааш нь буюу 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдөр ...голоос Энхүүш машинаа өөрөө бариад хөдөлсөн. Батмөнхийн гэр рүү очиж нэмж архи уугаад Ариунжаргалын гэр рүү явсан. Гэрийнхэн тэнд очоод зогсож байснаа санаж байгаа, нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн. Хэрэг болсон өдөр согтуу байсан тул тэгээд өнгөрсөн. Би өөрийгөө ийм айхтар гэмтчихсэн байна гэж мэдээгүй. байдлаар 3,150,000 төгрөг болоод байна, үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэх одоогийн шаардлагатай байгаа боловч санхүүгийн байдлаас шалтгаалан эмчилгээг түр зогсоосон байна. Эмчилгээний зардал болон цаашид гарах эмчилгээний зардлыг мөн нэхэмжилнэ” (хх-ийн 20-21, 16-17 дугаар хуудас) гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Энх-Оюуны "2021 оны 7 дугаар сарын 16-ны өглөө үлдсэн 1 шил архийг Х Ч.Б нар хувааж уугаад Ч.Б 1 шил архи авчирсан хувааж уугаад архи нэмэхээр болоод сүүлд авч ирсэн архиа хувааж уугаад би бие засах гээд машины ард сууж байхад Ч.Б Хг нэг юм хий гээд захираад байсан. Х өөдөөс нь үгүй гэсэн ба чанга дуу гараад явчихсан. Би тэд нар дээр ирэхэд Ч.Б гартаа архины хагарсан шил барьсан байдалтай, Х толгойгоо дараад цус нь гарчихсан зогсож байсан. Ч.Бийн гарт архины шилний толгой буюу урт хэсэг нь байсан. Хг цохисон хэсэг нь хагарсан байсан. Барьж байсан архины шил нь цус болчихсон байсан. Тэгээд Сэлэнгэ бид 2 маргааныг зогсоогоод Хгийн толгойноос гарч байсан цусыг тогтоогоод унтацгаасан. Маргааш өглөө нь харихаар болоод бүгд миний машинтай голоос явж Ч.Бийн гэрт очоод усанд ороод хоол хийж идчихээд явсан. Тэндээсээ Ариунжаргалын гэрт очсон ба Ариунжаргал гол дээр гэрийнхээ түлхүүрийг хаячихсан байсан. Гэнэт Сэлэнгээ орилохоор нь гараад ирэхэд Х газар дээшээ хараад хөлөө нугалчихсан хэвтэж байсан. Бид нар гэр рүү оруулаад Хгийн толгой дээр жин тавиад хэвтүүлсэн. Хд хар шөл хийж өгөөд бид нар унтацгаасан. Унтаж байхад гэнэт Х чанга орилохоор нь би босож ирээд харахад Х татаж байсан. түргэн ирээд аваад явсан. Сэлэнгэ бид 2 гэрийг нь түгжээд гараад явж байхад Хг тариа хийгээд гайгүй болчихсон болохоор Сэлбийн тэнд буулгачихсан байхаар нь би ардаас нь очиж авсан. Хг буцаж очиж аваад Ариунжаргалын гэр Рил явж байхад Х дахиж таталт өгөөд байсан ба дүүргийн нэгдсэн эмнэлэгт Х очсон хойноо таталт өгөх нь бүүр ихсээд байсан тул дүүргийн эмнэлгийн эмч тархины зураг авхуулахад "гадны нөлөөтэй, тархинд гэмтэл үүссэн байна, үүнээс болоод таталт өгөөд байна" гэсэн. Тэгээд дүүргийн эмнэлгээс Гэмтлийн эмнэлэг рүү шилжүүлээд цагдаа ирсэн. Хтай Ч.Б л ганц маргалдсан, өөр хүн цохиж зодоогүй. Ч.Б "би ажилгүй болмооргүй байна, энэ асуудлыг ингээд цэгцэлмээр байна, би Хд эмчилгээний төлбөр өгнө” гэж бид нарт хэлсэн тул бид нар Хгийн Ч.Бөд цохиулсан талаар хэлээгүй нуучихсан юм" (хх-ийн 23-25 дугаар хуудас) гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн №6264 дугаартай “1.Хэсэг газрын үзлэгт: зүүн дээд доод зовхинд 6х5.5см захаараа шинжээчийн 6264 шаргал ногоон голдоо хөх өнгийн шимэгдэж буй цус хуралттай, эргэн тойрон бага зэргийн хавдсан, тэмтрэхэд эмзэглэлтэй, зүүн хөмсөгний гадна хэсэгт 2х0.1см, 2.5х0.2см хүрэн өнгийн зах ирмэг тэгш бус өнгөц зулгарсан шархтай, хэвлийн зүүн дээд хэсэгт 6х5см, баруун гуяны дотор дээд хэсэгт 2.5х2.5см захаараа шаргал ногоон голдоо хөх өнгийн шимэгдэж буй цус хуралттай. ГССҮТ эмнэлгийн 6095 тоот өвчний түүхээс: эмнэлэгт хэвтсэн: 2021.07.17. ор хоног: 5, хэвтэх үеийн онош: Гавал доторх гэмтэл. Хэвтэх үеийн зовуурь. Эмх замбараагүй хөдөлгөөнтэй, хөөрлийн байдалтай. эмчлэгч эмчийн үзлэг: өвчтөний биеийн байдал хүндэвтэр, ухамсарт ухаантай, орчиндоо харьцаатай, асуусан асуултад буруу зөрүү хариулна. Команд биелүүлнэ....зовуурь: толгой болон зүүн шанаагаар өвдөнө, дотор муухай оргино гэнэ, бөөлжөөгүй. ...хэсэг газрын үзлэг: нүүрний зүүн талын зовхи шанаа хөхрөлт хавантай, эмзэглэлтэй, нүүрээр хавантай...КТГ:тархины зүүн дэлбэнгийн духны хэсэгт 3.5x4.8CM хэмжээтэй нягтрал ихэссэн зон тодорхойлогдоно. Эргэн тойрон хаван ихтэй. Зүүн талын MCA судас тодорсон. 1.Хгийн биед тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнд цус хуралт, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хөмсөгний гадна хэсэгт шарх, хэвлий, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна. 4. хөнгөн зэрэгт хамаарна” (хх-ийн 32-34 дүгээр хуудас) гэх дүгнэлт
2021 оны 7 сарын 17-ны өдрийн 00:46 цагт яаралтай тусламжид ирсэн Хд тусламж үзүүлсэн тухай 42 дугаартай хуудас (хх-ийн 58 дугаар хуудас),
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Ч.Бийн “2021 оны 7 дугаар сарын 17-ны өдөр найзуудын хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Улиастайн голын эрэг дээр архи ууцгаасан. Өмнө нь 2-3 хоног уусан. Би хоол хийж байгаад Хд хандан “ус өгөөч” гэхэд Х чадахгүй, давраад байгаарай гэхээр нь бид 2 маргалдаад миний Хгийн нүүрэнд хажууд байсан оносон. архины шилийг аваад шидэхэд Бид 2 хэрүүл маргаан хийж байгаад Х миний баруун шанаа руу нэг удаа цохихоор нь би зөрүүлээд нүүрэнд нь нэг удаа гараараа цохисон. Тэнд байсан найзууд салгаад бид нар идэж уугаад голын эрэг дээр хоносон. Маргааш нь явсан. Хгийн биед учирсан гэмтлийг би учруулсан. Би Хд 3 сая төгрөг өгсөн. Миний биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй тул би шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” (хх-ийн 76-78 дугаар хуудас) гэх мэдүүлэг,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 48 дугаар хуудас),
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 45--46 дугаар хуудас),
Байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 42 дугаар хуудас),
Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас),
Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 43 дугаар хуудас),
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт
Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “Шүүгдэгч Ч.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа хохирогч Хгийн толгойн тус газарт цохиж, биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Улсын яллагч шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Ч.Б нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Үйл баримтын талаарх дүгнэлт
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Ч.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа хохирогч Хгийн толгойн тус газарт цохиж гэмтэл учруулсан байна.
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн №6264 дугаартай “1.Хгийн биед тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнд цус хуралт, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хөмсөгний гадна хэсэгт шарх, хэвлий, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна. 4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна
Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ч.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан
Шүүгдэгч Ч.Б нь хохирогч Хгийн эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Хохирогч Хд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн №6264 дугаартай “1.Хгийн биед тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнд цус хуралт, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хөмсөгний гадна хэсэгт шарх, хэвлий, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Ч.Б нь хохирогч Хгийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Ч.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч Ч.Бөд бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч Хд гэм хорын хохиролд 3.000.000 төгрөгийг өгсөн байх тул шүүгдэгч Ч.Б нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Ч.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, Ч.Б нь уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.
Шүүх шүүгдэгч Ч.Бөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Ч.Бөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бөд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА