Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2021/00186

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021           03            09                                          001/ХТ2021/00186

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын

хэлтсийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/01643 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1588 дугаар магадлалтай,

 

...........ийн нэхэмжлэлтэй

...........ХХК-д холбогдох

 

Шимтгэл болон алдангийн 67 622 422 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаяр, Ц.Отгонжаргал нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: ...........ХХК нь тус дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 2014 оны 7 дугаар сараас эхлэн бүртгэлтэй болсон бөгөөд 2018 оны 11 дүгээр сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүйн улмаас45 081 615 төгрөгийн өр үүсгээд байна. Дээрх байгууллагын холбогдох албан тушаалтан нартай холбогдож нийгмийн даатгалын шимтгэлээ төлж барагдуулах талаар удаа дараа сануулсан боловч төлөөгүй нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16.1-т Нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам, 17.1.1, 17.1.4-т заасан Ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх үүргийн заалтуудыг зөрчиж байна. Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасны дагуу дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги оногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасны дагуу 22 540 807 төгрөгийн алдангийг ногдуулсан. Төлбөл зохих шимтгэлийн өр 45 081 615 төгрөг, алданги 22 540 807 төгрөг нийт 67 622 422 төгрөгийг хариуцагчаас хуулийн дагуу гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар гаргаагүй байна.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/01643 дугаар шийдвэрээр Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар хариуцагч ЦОБАХХК-иас нийт 67 622 422 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч ...........ХХК-иас 496 062 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1588 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/01643 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ...........ХХК давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270 660 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаяр, Ц.Отгонжаргал нар хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна. Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь ...........ХХК-иас нийт 67 622 422 төгрөгийг нэхэмжилснээс анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. ...........ХХК нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг эс зөвшөөрч байгаа учир нь компани санхүүгийн хүнд нөхцөлд орсон учраас тогтоосон хугацаанд төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 22 540 807 төгрөгийн алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаагаа илэрхийлсэн боловч шүүх Иргэний хуулийг буруу тайлбарлах замаар нотлогдоогүй гэдэг үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэнд гомдолтой байна. Мөн анхан шатны шүүх хэргийн оролцогчийг мэтгэлцэх эрхээр нь хангахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үйлдэл болсон юм. Иймд магадлал болон шийдвэрт тус тус өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ зохигчийн хооронд үүссэн маргааны талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, маргаантай харилцааг тусгайлан зохицуулсан хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлжээ.

 

Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхив.

 

Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, ...........ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлд төлөгдөөгүй өр 45 081 615 төгрөг, алданги 22 540 807 төгрөг, нийт 67 622 422 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч нэхэмжлэлд тайлбар, баримт гаргаагүй байна.

 

Даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх журмыг  Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заажээ.

...........ХХК нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар тайланд тусгагдсан 45 082 615 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, хуульд заасан хугацаанд төлөлт хийгээгүй тул Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “... хугацаандаа төлөөгүй шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй” гэж зааснаар алданги төлөх үүрэгтэй, шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Хариуцагч нь нийгмийн даатгалын шимтгэлийг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож, гэрээ байгуулж байсан боловч төлөөгүй байна.  /хх10/

 

Хариуцагч нь санхүүгийн хүнд нөхцөлд орсон учраас алдангийг багасгах хүсэлтийг хяналтын гомдолд дурдсан боловч энэ талаарх баримт гаргаагүй тул гомдлыг хангах боломжгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/01643 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1588 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 270 660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ЦОЛМОН

 

                       ШҮҮГЧИД                                                 Х.СОНИНБАЯР

 

                                                                                         Г.ЦАГААНЦООЖ

 

                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД

 

                                                                                         П.ЗОЛЗАЯА