Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2016/0278

 

 

 

 

 

 

 

 

“Т и” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 55-ны өдрийн 75 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, А.З нарын гаргасан давж заалдах гомдлоор “Т и” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч И.Ю холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Т и” ХХК-ийн захирал Э.Золбоо 2015 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 0000609 тоот актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хоёр. Хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны Санхүүгийн хяналтын албаны ахлах референт И.Юмчиндулам 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан  хариу тайлбартаа:

“...Тус Хорооны валютын хяналтын улсын байцаагч М.Б, И.Ю нар “Т и” ХХК-д 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн хэрэгжилтийн талаарх газар дээрх шалгалт хийж, 2012-2013 оны 6 дугаар сарыг дуустал хугацааны валютын харилцах данс, /валютын касс/ бэлэн мөнгөний гүйлгээг шалгахад борлуулж буй бүтээгдэхүүний үнийг ам.доллараар тогтоож, тухайн үеийн Монгол банкны албан ханшаар төгрөгт шилжүүлэн худалдаж, тооцож байсан нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Бараа, ажил үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монгол банкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно” гэж заасныг зөрчсөнийг илрүүлэн Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.7, Валютын зохицуулалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д тус тус заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалтыг үндэслэн 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 98 тоот зөрчлийн тухай тэмдэглэл үйлдэж, 0000609 дугаартай шийтгэврийн хуудсаар “Т и” ХХК-ийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.600.000 төгрөгөөр торгож энэ тухай “Т и” ХХК-ийн захирал М.Манлайбаатар, ерөнхий нягтлан бодогч Б.Чинсүрэн нартай удаа дараа утсаар ярьж зөрчлийн тухай тэмдэглэл, шийтгэврийн хуудастай танилцахыг мэдэгдсэн боловч хүлээн зөвшөөрөхгүй, шүүхэд өг гэж хэлэн утсаа тасалж, зөрчлийн тухай тэмдэглэл, шийтгэврийн хуудсанд гарын үсэг зурахаас татгалзсан.

Мөн 2013 оны 10 сарын 10-ны өдөр ерөнхий нягтлан бодогч Б.Чинсүрэнд Санхүүгийн зохицуулах хорооны 109 тоот өрөөнд зөрчлийн тэмдэглэлийг танилцуулсан боловч торгууль төлөхгүй гэдгээ хэлэн гарч явсан. Гэвч шийтгэврийн 1 хувийг компанийн захирал М.Манлайбаатарт дараах байдлаар гардуулж өгсөн.

Хянан шалгагч М.Б А.Д нар 2013 оны 11 сарын 22-ны өдөр “Т и” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг “Гранд плаза” үйлчилгээний төвд очин ерөнхий захирал М.Манлайбаатартай уулзаж зөрчлийн тэмдэглэл болон шийтгэврийн хуудсыг өөрт нь гардуулан өгч гарын үсэг зуруулах гэхэд татгалзаж өөрт үлдэх хувийг /шар өнгөтэй/ авч үлдсэн байна.

“Т и” ХХК-ийн ерөнхий захирал М.М дээрх шийтгэврийн хуудсыг гардаж авснаас хойш Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан захиргааны шийтгэлд гомдол гаргах хугацаа өнгөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184 дүгээр зүйлийн 184.1-д заасны дагуу дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд “Захиргааны шийтгэврийг баталгаажуулах тухай” хүсэлтийг гаргасан.

“Т и” ХХК нь зөрчлийн тухай тэмдэглэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурахаас татгалзсан нь хариуцлага хүлээлгэх, захиргааны шийтгэл биелүүлэхийг хойшлуулах үндэслэл болохгүй, компанийн захирал М.М зөрчлийн тухай тэмдэглэл, шийтгэврийн хуудастай танилцахыг мэдэгдсэн болох нь 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 0000609 тоот шийтгэврийн хуудас, зөрчлийн тухай тэмдэглэл, хянан шалгагч миний тэмдэглэл, валютын улсын байцаагч М.Б тодорхойлолт, М.М утсаар ярьсан тэмдэглэл, “Т и” ХХК-д очиж уулзсан уулзалтын тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдон 2014 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 20322 дугаартай шүүгчийн захирамжаар 0000609 тоот шийтгэврийн хуудсыг баталгаажуулсан болно.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 20322 дугаар шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болно.

Иймд дээр дурдсан үндэслэлүүд байх тул нэхэмжлэгч “Т и” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гурав. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 75 дугаар шийдвэрээр:

“...Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1-д заасныг удирдлага болгон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.10, 10.9.11, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасныг тус тус баримтлан Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 0000609 тоот актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч И.Ю 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 0000609 тоот шийтгэврийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Дөрөв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, А.З нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлээгүй, логик уялдаа муутай үндэслэл болсон. А.А тус компанийг төлөөлж Санхүүгийн зохицуулах хорооны бичиг баримт авах эрхийн итгэмжлэлийг захирал М.М олгосон бөгөөд энэхүү итгэмжлэлийг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд өгсөн ч үүнийг шүүх үнэлж үзээгүй. М.М гэдэг захирал хэн гэдгийг шүүх тогтоогоогүй байдаг.

Мөн шүүхийн шийдвэрт “...Улсын байцаагчийн 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 0000609 тоот актыг шүүхээс баталгаажуулсныг нь мэдсэн даруй Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гомдол гаргасан боловч тус хороо нь торгуулийн шийтгэвэр бүхий актыг албан ёсоор хүлээлгэн өгөхөөс татгалзаж шүүхэд ханд гэсэн хариуг манайд өгсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна” гэжээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг зөрчиж дээд шатны захиргааны байгууллага албан тушаалтанд тухайн актын талаар гомдол гаргаагүй байхад буюу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй байхад нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэсэн мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.3-т заасныг зөрчсөн байна.

Түүнчлэн “...Улсын байцаагчийн шалгалтын үед нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирлаар М.Манлайбаатар байсан. Хавтаст хэрэгт байгаа баримтаар Э.Золбоо гүйцэтгэх захирал байна. ...Улсын бүртгэлийн ерөнхий газраас энэ байдлыг тодруулах шаардлагатай гэж үзэж байна... гэсэн хүсэлтийг шүүх хуралдааны явцад гаргажээ. Иймээс Улсын бүртгэлийн ерөнхий газаас дахин лавлагаа авах шаардлагагүй гэж үзэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасныг удирдлага болгон хариуцагчийн хүсэлтийг шүүхээс хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ” гэсэн нь шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв үнэлээгүй болох нь харагддаг.

М.М тус хорооны шалгалтынхан очиход өөрийгөө захирал гэж танилцуулсан, шийтгэврийн хуудас гардуулан өгөхөд мөн захирал гэж Хорооны шалгагч А.Д, М.Б нартай уулзаж байсан. Санхүүгийн зохицуулах хорооноос лавлагаа мэдээлэл авах эрхийн итгэмжлэлийг өмгөөлөгч А.А олгосон, шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлийг тус компанийг төлөөлж М.М гаргаж байсан зэргээс үзэхэд манай хүсэлтийг хүлээн аваад М.М гэдэг хүний албан тушаалын эрх зүйн байдлыг шүүх шалгах ёстой байсан.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 20322 дугаар “2014 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 10783/Б дугаартай захирамжид өөрчлөлт оруулах тухай” захирамжийн үндэслэх хэсгийн “...компаний захирал М.М зөрчлийн тухай тэмдэглэл, шийтгэврийн хуудастай танилцуулахыг мэдэгдсэн болох нь 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 0000609 тоот шийтгэврийн хуудас, Зөрчлийн тухай тэмдэглэл, хянан шалгагч И.Юмчиндуламын тэмдэглэл, байцаагч М.Б тодорхойлолт, М.М утсаар ярьсан тэмдэглэл, “Т и” ХХК-д очиж уулзсан уулзалтын тэмдэглэл гэсэн баримтуудаар тогтоогдож байна” гэж үзэн 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 0000609 тоот шийтгэврийн хуудсыг баталгаажуулахаар захирамжилан шийдвэрлэснийг үнэлж үзээгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 75 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

“...Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 20322 дугаар захирамжийн дагуу манай компаниас 9.600.000 төгрөг гаргуулж, Санхүүгийн зохицуулах хороонд олгохоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж буй талаар 2015 оны 2 дугаар сарын эхээр мэдэгдсэнээр энэхүү актыг мэдсэн...” гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй болох нь дараах үйл баримтаар тогтоогддог, мөн шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн талаар анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргах тул дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, “Т и” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 0000609 тоот актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг анх 2015 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр “Т и” ХХК-ийн төлөөлж захирал М.М гаргасан төдийгүй мөн оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/48 тоот “шүүхэд нэхэмжлэл гаргах эрх олгосон” итгэмжлэлийг хуульч А.А олгосон байна.

Түүнчлэн хянан шалгагч М.Б, А.Д нар 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тус компанийн захирал гэх М.М уулзаж зөрчлийн тэмдэглэл болон шийтгэврийн хуудсыг гардуулан өгөхөд тэрбээр гарын үсэг зурахаас татгалзсан, гэхдээ өөрт үлдэх хувийг авч үлдсэн...” гэж хариуцагчаас тайлбарладаг;

-Нийслэлийн дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 8459 дүгээр шүүх хуралдааны тэмдэглэлд “...2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр М.М захирлын өрөөнд шийтгэврийг танилцуулсан...” гэж хэлсэн болох нь тусгагдсан;

-11 дүгээр сарын 30-ны өдрийн 9088 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлд ерөнхий нягтлан бодогч Б.Ч “...2013 оны 5 дугаар сар хүртэл компанийн захирлаар М.М ажиллаж байсан, мөн Э.З захирлыг байхгүйд түүнийг орлодог талаар мэдүүлсэн;

-Шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх тухай 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 142/01 дугаар мэдэгдлийг М.М нэрээр хүргүүлсэн, мөн өдрийн болон 6-ны өдрөөр огноолсон шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд “...НШГА-ны 312 тоотод захирал М.М ирж уулзсан талаар, мөн түүнтэй утсаар холбогдсон талаар тус тус тусгагджээ.

Хамгийн гол нь М.М “Т и” ХХК-ийн захирлын хувиар 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Хан-уул дүүргийн шүүхэд хандаж “Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийтгэврийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компани хуулиа дээдлэн ажилладаг бөгөөд уг байгууллагатай холбоотой дүрэм, журмыг зөрчөөгүй болно” гэсэн тайлбар гаргаснаас үзэхэд тэрбээр маргаан бүхий захиргааны актыг энэ үед, үүнээс ч өмнө мэдсэн байна гэж дүгнэх бүрэн үндэслэлтэй бөгөөд энэхүү нотлох баримт нь шийтгэврийн хувийг М.Манлайбаатар захиралд өгсөн гэх хариуцагчийн тайлбарыг баталж байна.  

Хэдийгээр компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд М.М гүйцэтгэх захирлаар томилсныг 2011 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр бүртгэсэн, гэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн тус компанийн үүсгэн байгуулагчийн талаарх дэлгэрэнгүй лавлагаанд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Э.З бүртгэгдэж, харин  М.М мөн өдрөөс төлөөлөх эрхгүй болсон талаарх бүртгэл хийгдсэн байдаг ч М.М нь өнөөдрийг хүртэл тус компанид удирдах албан тушаал хашиж байгаа, ерөнхий нягтлан бодогч Б.Ч мэдүүлснээр Э.З түр эзгүйд орлодог зэргээс үзэхэд тухайн үед актыг М.М мэдэгдсэн, хувийг гаргуулан өгснийг “Т и” ХХК-ийн эрх бүхий этгээдэд мэдэгдсэн гэж үзэх боломжтой юм.

Түүнээс компанийг төлөөлөх эрхтэй этгээд боох Э.З л шийтгэврийг гардуулсныг нэхэмжлэгч хуулийн этгээдэд мэдэгдсэнд тооцно гэж үзэх нь хэт өрөөсгөл, мөн шийтгэврийн хувийг авах талаар Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан өмгөөлөгч А.А хүсэлтээр нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн талаарх хариуцагчийн тайлбар, холбогдох нотлох баримтыг шууд үгүйсгэх үндэслэлгүй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргахаар;

мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д “энэ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2-т заасан хугацааг хүндэтгэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар зохицуулсан байдаг. 

Гэтэл “Т и” ХХК-иас маргаан бүхий актыг 2013 оны 11 дүгээр сард мэдсэн атлаа хуульд заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Санхүүгийн зохицуулах хорооны улсын ерөнхий байцаагчид хандаж гомдол гаргаагүй, мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн, энэ нь хүндэтгэх шалтгаантай байсан тухай баримт хэрэгт авагдаагүй, хугацаа сэргээлгэх хүсэлт гаргаж шийдвэрлүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэгч дээрх хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтээ шийдвэрлүүлсний дараа дахин нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан ам.долларын ханшнаас шалтгаалж бараа, бүтээгдэхүүний үнэ өөрчлөгддөггүй гэх тайлбараа нотлох баримтыг гаргах шаардлагатай болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...урьдчилан шийдвэрлэх журмаар дээд шатны албан тушаалтанд хандаагүй нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн нь процессийн зөрчил...” гэж тайлбарлах хэдий ч энэ тохиолдолд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.3-т заасан “захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” эсэх нь цаг хугацааны хувьд хариуцагчийн эрх хэмжээнд хамаарахаар байна. 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2, 88 дугаар зүйлийн 88.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 75 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Т и” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчид холбогдох “Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 0000609 тоот актыг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д заасныг баримтлан хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, А.З нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН