Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 111

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч А.Цэрэнханд даргалж

Нарийн бичгийн дарга Б.Алтансүх

Улсын яллагч Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд сумын харъяат, 1974 оны 02 сарын 02-ны өдөр төрсөн, 42 настай, яс үндэс халх, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 1,  Замын Үүд сумын 3 дугаар  баг, Усны 1-27 тоотод оршин суух, энэ хэрэгт татагдахдаа эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, Адуучин овогт Өвгөнхүүгийн Энхтуяад /РД: ЕП74020209/ холбогдох эрүүгийн 201610010208 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд  авагдснаар/

Шүүгдэгч  Ө.Энхтуяа нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний орой 21 цагийн орчимд Замын-Үүд сум 1-р багт байрлах каргоны сахиул Ш.Мөнхжаргалмаагийн гэрт Ш.Мөнхжаргалмаа, Ө.Энхтуяа нар нь архидан согтуурсан үедээ улмаар хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар Ш.Мөнхжаргалмааг Ө.Энхтуяа нь архины шилээр толгойн тус газар  цохиж махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүгдэгч Ө.Энхтуяа 2016 оны 10 дугаар сарын 01-ний орой 21 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р багт байрлах каргоны сахиул Ш.Мөнхжаргалмаагийн гэрт архидан согтуурсан үедээ “ Мөнхжаргалмаа нь шүүгдэгч Ө.Энхтуяаг чи миний охиныг жирэмсэн гэж гадуур ярьсан байна, миний охиныг муугаар ярьдаг хэн бэ” гэж маргалдан улмаар шүүгдэгч Ө.Энхтуяа нь хохирогч Ш.Мөнхжаргалмаагийн толгойн тус газарт нь архины шилээр цохиж бие махбодид хуйханы зүүн чамархай хэсэгт язарсан шарх бүхий хөнгөн гэмтэл нь учруулсан байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул шүүгдэгчийг 2016 оны 10 сарын 01-ний өдөр  хохирогч Ш.Мөнхжаргалмаагийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь уг хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Ө.Энхтуяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ тэр өдөр буюу 2016 оны 10 сарын 01-ний өдөр Мөнхжаргалмаа нь Бат-Эрдэнэ бид 2-ыг бууз хийлцээд өгөөч гэж дуудсан юм. Тэгээд бууз хийж хөлдөөчихөөд бид 3 архи ууя гээд 1 шил авч уусан бөгөөд архи дуусах үед Мөнхжаргалмаагийн найзууд гээд 2 залуу шандаас ирсэн юм. Тэгээд тэд нар нэг шил авч бүгдээрээ ууцгаасан. Тэгтэл Мөнхжаргалмаа над руу “чи миний охиныг жирэмсэн гэж гадуур ярьсан байна, чи миний охиныг гадуур ярьдаг хэн бэ”  гэхээр нь би тэгж хэлээгүй гэж хэлсэн. Тэгээд л маргалдаад сууж байтал тэр миний нүүр рүү өшиглөчихөөр нь би архины шил аваад толгой руу нь цохьсон. Тэгээд айлд очоод байж байтал цагдаа ирсэн. Би толгойг нь хагалсан гэж мэдээгүй. Мөнхжаргалмаа бид 2-ын хувьд олон жил найзалж нөхөрлөж яваа, одоо бие биенээсээ уучлалт гуйгаад хоорондоо эвлэрсэн, тэр өнөөдрийн шүүх хуралдаанд оролцмооргүй байна гэж байсан. Одоо гомдол санал байхгүй болсон. Хэргийг минь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү ” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Ө.Энхтуяа 1,50 хувь, хохирогч Ш.Мөнхжаргалмаа 1,21 хувийн согтолттой байсан гэсэн согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 6-7/

Хохирогч Ш.Мөнхжаргалмаагийн хэрэг бүртгэлийн шатанд өгсөн “2016 оны 10 дугаар сарын 01-ний орой би 15 цагийн орчимд байх найз Энхтуяа, Бат-Эрдэнэ нарыг гэрт хүрээд ир бууз хийж хөлдөөх гэсэн юм гэж дуудсан. Буузаа бид гурав хийж дуусчихаад нэг пиво уухуу гэхэд нөгөө хоёр зөвшөөрсөн тэгээд дэлгүүрээс пиво авчирч бид гурав ууж дуусчихаад дахин дэлгүүрээс 1 шил архи авчирч хувааж уусан би нэлээнд согтсон байна лээ ууж сууж байхдаа найз Энхтуяатай маргалдсан байсан ба юунаас үүдэн маргалдснаа сайн санахгүй байгаа юм нэг мэдэхэд ууж дуусгасан байсан архины шилээр толгойг цохиж хагалсан байсан энэ талаар надад найз Бат-Эрдэнэ хэлсэн ба бид хоёрыг ноцолдож маргалдаад байхаар нь салгачихаад гэрээд явсан гэсэн өөр ямар нэг зодоон цохион болоогүй юм. Миний толгойн тус газар архины шилээр цохьсоны улмаас бага зэрэг хагарч цус гарсан ба тухайн шөнөө эмнэлэгт үзүүлж 2 оёдол тавиулсан юм. Өөр ямар нэг гэмтэл байхгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, ямар нэг гомдол санал хүсэлт гэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11/

Гэрч Ц.Бат-Эрдэнийн хэрэг бүртгэлтэнд өгсөн “ 2016 оны 10 дугаар сарын 01-ний 14 цагийн орчимд байх цагийг тодорхой хэлж мэдэхгүй байна найз Мөнхжаргал над руу утсаар залгаж бууз хийлцээд өгөөч гэж ярьсан тэгээд би түүний цайны газарт очсон юм. Намайг очиход Энхтуяа мөн ирчихсэн байсан тэгээд бид гурав бууз хийж хөлдөөсөн энэ үеэр бид гурав ганц архи уух уу гэж ярилцаж 2 шил 750 граммын архи авч хувааж уусан. Тэгээд хажууханд нь байдаг Мөнхжаргалын гэрт орсон. Би уг нь 2 шил архийг уугаад согтсон байналээ. Нэг мэдэхэд Мөнхжаргал толгойгоо хагалчихсан байсан ба түүнээс юу болсон талаар түүнээс асуухад Энхтуяа архины шилээр толгой руу цохьсоны улмаас хагарсан эмнэлэг ороод оёдол тавиулаад ирсэн гээд сууж байсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй  ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12/

Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 сарын 03-ны өдрийн “1.Ш.Мөнхжаргалмаагийн биед хуйханд зүүн чамархай хэсэгт язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийнүйлчлэлээр  үүснэ.

3.Дээрх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..

4. Шинээр илэрсэн зүйлгүй болно” гэсэн 396 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14/

Хохирогч Ш.Мөнхжаргалмаагийн хэрэг бүртгэлийн шатанд өгсөн “Миний бие нь 10 сарын 01-нд найз Энхтуяатай архи ууж согтуугаар маргаж биедээ хөнгөн гэмтэл авжээ. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү  ” гэсэн хүсэлт /хх-ийн 4/ зэрэг  нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүх дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны нотлох баримтууд гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Ө.Энхтуяа нь уг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон байх тул Замын Үүд дэх Сум дундын прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд  тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Хавтаст хэргийн 24 дүгээр хуудсанд авагдсан ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудаснаас үзэхэд шүүгдэгч Ө.Энхтуяа нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь тогтоогдож байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Түүнчлэн хохирогч Ш.Мөнхжаргалмаа нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүгдэгч Ө.Энхтуяатай сайн дураараа эвлэрсэн талаараа хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн ба мөн энэ байдлаа бичгээр илэрхийлсэн байна.

Хэдийгээр шүүгдэгч нь уг гэмт хэргийг согтуугаар үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-т “согтуурал буюу мансуурсан байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй “ гэж заасанд хамрагдаж байх боловч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн зохицуулалтыг хэрэглэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Ө.Энхтуяа нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд гэм хорыг арилгасан, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн  зэрэг Эрүүгийн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т заасан үндэслэлээр шүүгдэгч Ө.Энхтуяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ө.Энхтуяа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Хохирогч Ш.Мөнхжаргалмаад шүүх хуралдааны товыг албан ёсоор мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд тэрээр шүүх хуралдаанд өөрөө оролцох талаар хүсэлт гаргаагүй болно. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.3-т зааснаар шүүх хохирогчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284-286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Адуучин овогт Өвгөнхүүгийн Энхтуяаг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Замын Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Өвгөнхүүгийн Энхтуяад холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар  хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн  хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Ө.Энхтуяа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй олохыг дурдсугай.

4. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Ө.Энхтуяад урьд авсан гадагш явахгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгсугай.

5. Энэ шийтгэх тогтоолыг Ө.Энхтуяа, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ  А.ЦЭРЭНХАНД