Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
Хэргийн индекс | 129/2018/00091/И |
Дугаар | 219 |
Огноо | 2018-03-09 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 219
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: В.Б-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: З.Д -д холбогдох
3 240 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч В.Б, түүний өмгөөлөгч Б.Э,
хариуцагчийн төлөөлөгч Г.Б,
гэрч С.Б,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 08 дугаар сараас Донагдамбаравжаалин хийдийн хамба ламын үүрэгт ажлыг хуучин ЗД, Сүсэгтний холбооны тэргүүн С.Б бид гурвын гэрээ байгуулсаны үндсэн дээр одоог хүртэл тогтвор суурьшилтай гүйцэтгэж байна. Энэ хугацаанд 2017 оны 05 дугаар сард урд сумын ЗД-р ажиллаж байсан Д.Г нь Г.Б-д ажлаа хүлээлгэж өгсөн. Г.Б дарга 05 дугаар сард ажлаа авсанаас хойш сард олгогдох 360 000 төгрөгийг ямар нэгэн үл ойлгогдох шалтгаанаар надад олгохоо больсон. Би гэрээний дагуу урамшууллын цалин авдаг байсан. Би 2017 онд гэрээгээ сунгахаар хуучин Засаг даргатай уулзахаар очиход “Ажилтай байна, таны урамшууллын цалин үргэлжлээд орох ёстой” гэж хэлсэн. Түүнээс хойш надад урамшууллын цалин орж байсан учир би гэрээг сунгагдаж, хүчин төгөлдөр үргэлжилж байгаа гэж бодсон. Гэрээний дагуу хийдэд ажиллахдаа шашны хурал номын ажиллагаагаа хариуцаж ажилладаг.
Иймд Донагдамбаравжаалин хийдийн ламын цалин болох 2017 оны 05 дугаар сараас хойших 3 240 000 төгрөгийг ЗД-аас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЗД асан Д.Г, Сүсэгтний холбооны тэргүүн С.Б, лам В.Б нарын хооронд гурвалсан гэрээ байгуулсан боловч гэрээнд заагдсан хугацааг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сар бүр 360 000 төгрөгийг урамшуулал болгож өгөхөөр заасан хугацаа нь дууссан, мөн гэрээнд гэрээний хугацааг сунгах, сунгагдах нөхцөлийг заагаагүй учир гэрээг цаашид үргэлжлэх боломжтой гэж үзэхгүй байна. Лам В.Б нь гэрээнд заасны дагуу ажлаа тайлагнаагүй, Донагдамбаравжаалин хийдийн хөрөнгийг харж хамгаалаагүй гэм мэт зөрчлүүд байна. Шашны үйл ажиллагааг дэмжиж болно гэсэн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын эрх зүйн акт, бусад баримт бичгүүдэд үндэслэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ламд цалин, урамшуулал олгохоор шийдвэрлэсэн боловч энэ шийдвэр Төсвийн тухай хуулийг зөрчиж байгаа учир дахин олгохгүй байхыг Архангай аймгийн Дотоот аудит, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн зөвлөсний дагуу зогсоосон байсан. Сумын Сүсэгтний холбооны үйл ажиллагаа нь удирдлагатайгаа холбоотойгоор маргаантай байгаа.
Аймгийн аудитаас 2017 оны 06 дугаар сарын дундуур шалгалт хийж “Төсвийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт заасан заалтыг зөрчиж байна, лам хүнийг цалинжуулж болохгүй” гэсэн заавар өгсөн. Тэгэхээр нь сумын Засаг даргын Тамгын газрын зүгээс 2017 оны 01-04 дүгээр сарын урамшууллыг 400 000 төгрөгөөр бодож 1 600 000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сард В.Б ламд өгсөн. Төсвийн тухай хууль зааснаар лам хүнийг цалинжуулж болохгүй гэсэн зөвлөмжийн дагуу В.Б ламыг 2017 оны 05 дугаар сараас хойш цалинжуулаагүй.
Иймд дээрх дурдьсан нөхцлүүд болон гэрээний хүчинтэй хугацаа дууссан, цаашид үргэлжлэх боломжгүй зэрэг шалтгаануудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч В.Б нь ЗД-д холбогдуулан 2017 оны 05 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сарыг хүртэлх хугацааны гэрээгээр тохиролцсон цалин гэж 3 240 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь хамтран ажиллах гэрээний хугацаа дууссан, Төсвийн тухай хуульд зааснаар төсвөөс шашны үйл ажиллагааг санхүүжүүлж болохгүй учир зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
ЗД, мөн сумын Сүсэгтний холбооны тэргүүн С.Б, иргэн В.Б нар нь Донагдамбаравжаалин хийдийн шашны үйл ажиллагааг иргэдэд хүргэх зорилгоор 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаатайгаар гэрээ байгуулан хамтран ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан гэрээ, гэрч Д.Г, С.Б нарын мэдүүлэг, зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба талуудыг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж үзэх үндэстэй байна.
Энэ гэрээний дагуу В.Б нь гэрээний нэг тал болох ЗД-аас сар бүр 360 000 мөнгөн урамшуулал авахаар тохиролцож, 2016 оны 08-12 дугаар сард гэрээнд тохирсон урамшууллаа тухай бүр авсан, 2017 оны 01-04 дүгээр сард урамшуулалд 1 600 000 төгрөг авсан, мөн 2017 оны 01 дүгээр сараас хойш бичгээр талууд гэрээний хугацааг сунгаагүй гэх үйл баримтууд дээр талууд маргаагүй.
Нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа гэх үндэслэлээр гэрээнд зааснаар сар бүр авах ёстой 360 000 төгрөгийн урамшууллаа хариуцагчаас нэхэмжилж байгаа боловч энэ байр суурийг хүлээж авах боломжгүй гэж үзэв.
Учир нь ЗД, мөн сумын Сүсэгтний холбооны тэргүүн С.Б, иргэн В.Б гэсэн гэрээний оролцогч 3 тал нь хамтран ажиллах гэрээг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаатайгаар байгуулсан байх бөгөөд уг гэрээний хугацааг дуусгавар болсон өдрөөс хойш хуульд заасан журмаар буюу гэрээний бүх тал оролцож гэрээг анх байгуулсан хэлбэрээр сунгаагүй байна.
Иймд Цахир сумын Донагдамбаравжаалин хийдийн талаар ЗД, мөн сумын Сүсэгтний холбооны тэргүүн С.Б, иргэн В.Б нарын хооронд байгуулсан 3 талт хамтран ажиллах гэрээ нь Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.1-д зааснаар гэрээнд заасан хугацаа дууссанаар дуусгавар болжээ.
Гэрээний хугацаа дуусгавар болсноор хариуцагч нь нэхэмжлэгчид сар бүр урамшуулал өгөх үүргийг хүлээхгүйн зэрэгцээ 2017 оны 05 дугаар сараас одоог хүртэл В.Б нь Цахир сумын Донагдамбаравжаалин хийдэд цалин урамшуулал авахгүйгээр шашны үйл ажиллагаа эрхэлснээс үүдэн ЗД үндэслэлгүй хөрөнгөжиж байгаа гэх үндэслэлгүй байна.
Дээр өгсөн дүгнэлтийн хүрээнд хариуцагч ЗД-аас 3 240 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ
Гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш хариуцагчаас нэхэмжлэгчид олгосон 2017 оны 01-04 дүгээр саруудын урамшуулал нь маргааны зүйлд хамаарахгүй учир шүүхийн зүгээс дүгнэлт өгөх шаардлагагүй, Цахир сумын Донагдамбаравжаалин хийд нь өмчлөлийн хувьд ЗД, түүний Тамгын газарт хамаарахгүй гэсэн хариуцагч талын байр сууурийг нэхэмжлэгч тал няцаагаагүй болохыг тус тус дурдвал зохино.
Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66 790 төгрөгийг орон нутгийн төсөвт хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан ЗД-аас 3 240 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч В.Б-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч В.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66 790 төгрөгийг орон нутгийн төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ