Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 61

 

 

 

 

 

 

 

  2022        01           03                                  2022/ШЦТ/61

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Г.Цогтгэрэл,

Шүүгдэгч Ч.Б түүний өмгөөлөгч О.Санчирбал нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бт холбогдох эрүүгийн 2006 02512 0412Т дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн

 

             Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ч.Б нь  Б.Штой бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай” их дэлгүүрийн гадна, автомашины зогсоол дээр нийтийн хэв журмыг зөрчиж, цахилгаан бороохой буюу зэвсэг хэрэглэн бусдад хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэн хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “Тухайн өдөр эгчтэй нь үерхэж байсан Тэнгис над руу залгасан. “ахаа намайг хүмүүс зодох гээд байна” гэхээр нь би Ш ахтайгаа яриадах гээд Ш утсаа өгөхөд Тэнгистэй яриад гурвуулаа гаръя гээд гарсан. Тэр өдөр машинд суухад Ш гар цүнхнээсээ цахилгаан бороохой гаргаж ирээд юмыг яаж мэдэх вэ олон хүн байх шиг байна. Чи барьчих гээд надад өгсөн. Ингээд би цахилгаан бороохой ашигласан. Тэр залууг цахилгаан бороохойгоороо цохиулснаа яг сайн мэдэхгүй байна. Тухайн үед Шд галт зэвсэг байгаа гэдгийг мэдээгүй. Хүн хөөж байхдаа араас буун дуу гарах үед мэдсэн. Ингээд хүмүүс тарсан... Шүүхэд ирэхгүй, оргож зугатаасан минь миний буруу, гэхдээ шалтгаан байсан. Ш болон түүний эхнэр байсан талийгаач Болорчимэг, миний анхны өмгөөлөгч Аззаяа нар намайг энэ хэрэг шийдэгдтэл хэсэг хугацаанд шүүх дээр ирэхгүй байгаад өгчихөөч гэж гуйх, алга бол гэж дарамтлах, зөвлөх ятгах зэргээр хэлсэн. Би Болорчимэгтэй багаасаа найз байсан учраас “нөхөр бид 2 хүүхэдтэй болох гэж байна, бидний амьдралыг бодоод гэх ... “ гуйлтыг нь зөвшөөрсөн. Мөн Ш “чи урьд нь ял шийтгүүлж байсан надад гай болно. Намайг хэргээ шийдүүлтэл чи хэсэг алга бол. Илүү дутуу хөдөлгөөн хийж болохгүй. Хийвэл хаана амьдардаг, хаана байдгыг чинь мэднэ” гэж сэтгэл санаагаар дарамтлаад байсан. Ш нь бидний дундын өмгөөлөгч Аззаяаг хөлсөлсөн, бүх төлбөрийг төлж байсан учраас түүнээс хуулийн бүх зөвлөгөөгөө авдаг. Намайг тэр 2 яриандаа оролцуулдаггүй байсан. Энэ хэргийг хэрхэн удаашруулах, сунжруулж хойшлуулах талаар тэр 2 ярилцаж, олон арга хэрэглэсэн. Арга нь дуусахаар над руу орж намайг алга бол гэсэн. Намайг 2021 оны 11 сарны 21-ний өдрөөс эхлэн “Маршалл таун”-ы “Кингтаур”-ын 116-р байрны 249 тоотод байлгаж Адъяагийн Цэнд-Аюуш гэдэг 1988 оны барилгын компанитай залуугаар харгалзуулж, миний утас зэргийг хурааж авч гадагш хүнтэй холбоо бариулахгүй, гадагшаа гаргахгүй байлгасан. Гэхдээ хоол ундтай. Түүнээс би эхний 2 удаагийн шүүх хуралдаанд ирж байсан. Би Эрдэнэт огт яваагүй. Түүнийг Ш л зохиож хэлсэн. Намайг харж байсан ах “Ш 12 сарын 24-нд ялаа авчихсан чи одоо шүүх дээр оч” гэсэн. Би өөрөө аавтайгаа цуг Учрал байцаагч дээр очсон. Тэгээд шүүх дээр 12 сарын 27-ны нэг дэхэд өөрөө ирсэн.” гэв.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх-12/, Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн Шуурхай удирдлагын тасаг, Дуудлагын лавлагааны хуудас /1хх-15/, гэрч Х.Сын мэдүүлэг /1хх-20-25/, гэрч Б.Гүн-Эрдэмийн мэдүүлэг /хх-24-25/, гэрч Г.Баянтулгын мэдүүлэг /1хх-28-29/, гэрч З.Сумъяабазарын мэдүүлэг /1хх-31-33/, гэрч Ч.Тэнгисийн мэдүүлэг /1хх-33-34/, 2020 оны 08 сарын 27-ны өдөр эд зүйл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл\Ч.Баас 34.5 см урттай НҮ-Х8 гэсэн бичиглэлтэй хар өнгийн цахилгаан гүйдлээр цохиулах зориулалт бүхий цахилгаан бороохой 1 ширхэг /1хх-60/, яллагдагч Ч.Бын мэдүүлэг /1хх-73-75/, гэрч Б.Билгүүний мэдүүлэг /1хх-152-155/, гэрч Б.Аззаяагийн мэдүүлэг /1хх-157-160/, гэрч Б.Хонгорзулын мэдүүлэг /1хх-166-167/, гэрч Э.Чингүнбатын мэдүүлэг /1хх-169-171/, гэрч А.Халиуны мэдүүлэг /1хх-174-176/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх-188-191/, яллагдагч Ч.Бын мэдүүлэг /1хх-180-182/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Ш, Ч.Б нарт холбогдох эрүүгийн 2006 02512 0412 дугаартай хэргийг тус шүүх 2021 оны 09 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч хянах явцад шүүгдэгч Ч.Б нь шүүхийн дуудсан цагт ирэхгүй байсан учираас түүнд холбогдох хэргийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тусгаарлаж, Б.Шд холбогдох хэргийг тухайн өдрөө шийдвэрлэсэн. Ч.Быг оргон зайлсан үндэслэлээр түдгэлзүүлсэн байсан үндэслэл 3 хоногийн дараа арилсан тул хэргийг сэргээж шийдвэрлэж байгаа болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Ч.Б нь  Б.Штой бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай” их дэлгүүрийн гадна, автомашины зогсоол дээр нийтийн хэв журмыг зөрчиж, цахилгаан бороохой буюу зэвсэг хэрэглэн бусдад хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэн хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх-12/,

Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн Шуурхай удирдлагын тасаг, Дуудлагын лавлагааны хуудас /1хх-15/

Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Сын “Би 2018 оны 3 сард Штой, Бтай 2019 оны 3  сард танилцсан. Бид 3 2020 оны 03 сард БЗД-ийн 7 хороо сансарт байр түрээслэн хамт байдаг байсан. 2020 оны 5 сарын 18-ны шөнө цагийг нь санахгүй байна 23:00 цагийн орчимд Бын дүү Тэнгис гэх хүүхэд залгаад ахаа энд намайг хүмүүс зодох гээд байна гэхэд Б Шд утсаа өгч яриулсан. Тэгээд бид 3 БЗД-ийн 3 хороо Скай их дэлгүүрийн гадна очиж уулзсан. Бид гурвыг очиход Тэнгис найзуудтайгаа байсан. Бид нарыг очсоны дараа Тэнгистэй маргалдсан гэх 3-4 машин хүмүүс ирсэн. Тэгтэл Тэнгисийн найз гэх залуу нь машинтай ирсэн хүмүүсийн 1 залуутай нь зодолдсон. Тэгэхээр нь бид нар салгаад тойроод зогсож байхад Ш нь хойноо буу гаргаж ирээд дээшээ буудсан. Тэгтэл Б машинаас цахилгаан бороохой аваад үл таних залууг сэлбэ гол дагуулаад араас нь хөөгөөд явсан. Бт хөөгдөж байгаа залуу цагдаа дуудлаа гэсэн. Тэгэхээр нь бүгд тараад бид 3 машиндаа суугаад Ш бид хоёрыг Сансарт буулгаад цааш явсан.  “2020 оны 0: дугаар сарын 18-ны шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах SКУ их дэлгүүрийн талбайд Тэнгисийн дуудсан Б, Ананд бид гурав саарал өнгийн тоёота приус 20 маркийн машинтай ирсэн. Машинд байхдаа Б нь цахилгаан бороохой машины хаалганаас гаргаж ирсэн. Бид нар SКУ их дэлгүүрийн талбай дээр очоод тэр хүмүүсийг хүлээгээд байж байхад Ананд нь биеэсээ буугаа гаргаж ирээд Тэнгис болон тэнд байсан хүмүүст үзүүлж байсан. Би тэр үед Ананд биедээ буутай явж байгааг мэдсэн. Бид нар машинаас буугаад байж байхад гаднаас 4-5 машин ирээд залуучууд бууж ирээд бөөгнөрөөд зогсож байсан. Энэ үед Ананд нь гар буугаараа буудсан. Б нь цахилгаан бороохойгоор нэгийг нь хөөгөөд хойш чиглэлд гүйсэн. Бын хөөж явсан залуу нь цагдаад дуудлага мэдээлэл өгсөн гээд бид нар тэндээс хөдөлсөн.” гэх мэдүүлэг /1хх-20-25/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Гүн-Эрдэмийн “Би 2020 оны 05 дугаар сарын 18-ны шөнө 01:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо SКУ их дэлгүүрийн орчим найз Баянтулгийн уулзах ёстой хүмүүсийн дуудсанаар ирсэн. Учир нь Баянтулга нь Туул гэх эмэгтэйг Жуковоос аваад Нүхт рүү хүргэж өгөхөөр явж байхад Баянтулга руу нэг хүн залгаад дуудаад байсан. Баянтулга бид хоёр Бат-Эрхэм \95959525\ гэх найзын хамт Туул гэх эмэгтэйг Нүхт рүү хүргэж өгөөд буцаад нөгөө хүмүүсийн дуудсанаар Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо SКУ их дэлгүүрийн орчим хоёр машинтай очсон. Замаас Билгүүн \99181601\ гэх манай найз таараад хамт очсон. Машинтай очиход тэнд хоёр машинтай залуучууд байсан бөгөөд тэр хүмүүс дунд миний зүс мэдэх хүмүүс байсан. Бид нарыг машинаас буухад тэнд байсан хүмүүс тойроод ирсэн бөгөөд тэр хүмүүс дунд миний зүс мэдэх хүмүүс байсан. Бид нарыг машинаас буухад тэнд байсан хүмүүс тойроод ирсэн бөгөөд үсээ хойш самнасан, ямаан сахалтай, 170см орчим өндөртэй, махлагдуу, баруун хацартаа мэнгэтэй эрэгтэй чи юугаа хараад байгаа  юм гэсэн. Би хариу дуугараагүй. Энэ үед 190 см орчим өндөртэй махлаг эрэгтэй цахилгаан бороохой гаргаж ирээд миний баруун  хөлний гуя хэсэгт цахилгаан бороохойгоор цохиулсан. Энэ үед эхний надад хандаж чи юугаа хараад байгаа юм гэж хэлсэн залуу энгэрийн халааснаасаа гар буу гаргаж ирсэн. Буу гаргаж ирээд над руу чиглүүлээд гохоо хоёр удаа дарахад буу нь буудаагүй. Би бууг нь ажилладаггүй юм байна гэж бодсон бөгөөд нөгөө залуу нь намайг цахилгаан бороохойгоор цохиулах гээд хөөгөөд байсан. Энэ үед гар буугаа цэнэглээд дээш буудсан. Миний араас хөөгөөд байсан бөгөөд би цааш зугтсан. Би Сэлбэ гол руу зугтаад эргээд SКУ их дэлгүүрийн шат руу зугтсан. Би зугтаж явахдаа цагдаад дуудлага өгсөн. Цагдаад дуудлага өгсөн гэдгийг мэдээд тэр хүмүүс зугтсан. Сүүлд Бат-Эрхэм надтай хамт гүйж байсныг нь мэдсэн... Тэр үед Баянтулга, Бат-Эрхэм, Билгүүн нар хамт байсан. Би тэр хүмүүсээс зугтаж яваад эргээд ирэхэд тэр хүмүүс салаад явсан байсан. Би тэр шөнө цагдаагийн хэлтэс дээр ирээд өргөдөл гомдол өгөх гэж байгаад дотор бачуураад байхаар нь харьж унтаад маргааш өглөө найз Баянтулгын хамт SКУ их дэлгүүрийн урд буудуулсан газартаа очиж үзсэн. Энэ үед хэргийн газарт сумны хонгио байсныг бичлэг хийж аваад цагдаад авч ирж өгсөн. Тэнд байсан хүмүүс над руу хонгио нь үсэрсэн гэхээр нь би хайж үзэхээр шийдсэн. Би зургийг нь үзлээ энэ хүн намайг буудсан хүн биш байна. Энэ хүнтэй урд өмнө нь 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Энхтайваны гүүрний доор байрлах Өрнөх гээд засварын газарт 75-82 ДУА улсын дугаартай машиныг худалдан авахаар сонирхож байхад таарч байсан. Миний авахаар сонирхож байсан машиныг надад үзүүлж байсан хүний дүү нь байна. Тэр хүн намайг манай дүүтэй хамт явчих гэж хэлээд би С гэх хүнтэй хэсэг хугацаанд хамт явсан. Намайг буудаж, цахилгаан бороохойгоор цохиулсан хоёр хүн тэнд байсан бөгөөд бас тэр үед хүнтэй маргалдаад байсан тул би сайн санаж байна.” /1хх-24-25/ гэх мэдүүлэг

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Баянтулгын “Би өөрийн найзууд болох Гүн-Эрдэм, Бат-Эрхэм нарын хамт 2020 оны 05 дугаар сарын 18-ны шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 81 дүгээр байрнаас найз Туулыг авахаар очсон. Би очихоосоо өмнө Туултай утсаар ярихад Туул нь хамт байсан хүнээрээ хаягаа заалгахаар утсаа өгөөд би тэр хүнтэй нь утсаар ярихдаа хүлээж байгаа шүү хурдан гаргаарай гэж хэлсэн. Туулын хамт гурван эрэгтэй хүн гарч ирсэн бөгөөд тэр хүмүүстэй бид нар маргалдаад Туулыг аваад салсан. Бид нар Нүхт рүү Туулыг хүргэж өгөөд байж байхад Туулын найз гэх эмэгтэй над руу чатаар хандаад миний найз хаана байгаа юм бэ Туул гурвуулаа уулзъя гээд байсан. Надаас утасны дугаараа өгчих гээд байхаар нь би өөрийн дугаарыг өгсөн. Тэгтэл танихгүй дугаараас над руу залгаад хэдүүлээ эрэгтэй хүмүүс юм чинь тааралдана зүгээр уулзъя гээд их олон удаа залгасан. Тэр над руу залгаад байсан хүн нь Туултай хамт байсан бид нартай маргалдсан эрэгтэй байсан. Бид нар очихоор болоод байж байхад манай Билгүүн гэх найз хамт очихоор болоод бид нар хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах SКУ их дэлгүүрийн өмнө очсон. Бид нарыг очиход тэнд 2-3 машинтай их олон эрэгтэй хүмүүс байсан. Анх маргалдсан гурван залуу хамт байсан. Мөн Туулын найз гэх эмэгтэй хамт байсан. Бид нарыг машинаас буугаад 30 орчим секунд болж байхад тэнд байсан хоёр залуугийн нэг буюу 190 орчим өндөртэй махлаг хар өнгийн хувцастай залуу цахилгаан бороохой гаргаж ирээд манай найз Гүн-Эрдэмийн баруун гуяны гадна хэсэгт цохиулсан. Тэгтэл Гүн-Эрдэм Бат-Эрхэм нар хойшоо ухраад зугтсан. Энэ үед тэр хүнтэй хамт байсан 170 см орчим өндөртэй хууз сахалтай эрэгтэй энгэрээсээ буу гаргаж ирсэн. Би бодохдоо айлгаж байна гэж бодсон. Энэ үед гэнэт буун дуу гарсан бөгөөд тэр хоёр залуу манай хоёр найзыг хөөгөөд суу сөгд гээд байсан. Манай хоёр найз хойш зугтаад тэр хоёр залуу араас нь хөөгөөд байсан. Би юу болоод байгааг ойлгохгүй байж байхад анх маргалдсан гурван залуугийн нэг нь миний араас цохиод намайг газарт унагасан. Би тэр залуутай ноцолдож байхад тэнд байсан нэг залуу намайг салгаад за одоо дахин зодолд гэж хэлсэн. Би тэр залуутай харилцан зодолдсон. Би тэр залуутай хэсэг хугацаанд зууралдаж байсан бөгөөд нөгөө залуучууд нь тойроод зогсоод үзэж байсан. Би болон тэр залуу их ядарсан байсан бөгөөд болиод салсан. Намайг босоод ирэхэд буутай болон бороохойтой залуу байхгүй болсон байсан. Тэгээд тэнд байсан залуучууд машиндаа суугаад би мөн машиндаа суугаад байж байхад цагдаагийн машин ирсэн байсан.... Би найз Б.Гүн-Эрдэмийн хамт асуудал болсон газар болох SКУ их дэлгүүрийн авто машины зогсоолд очсон. Бид хоёр баримтжуулахаар гар утсаараа бичлэг хийж байсан. Бидний байсан газарт тухайн сумны хонгио байсан. Би зургийг нь үзлээ энэ хүн манай найз руу буудсан хүн биш байна. Энэ хүн тэнд байгаагүй. Би бууг нь харсан. Би гэхдээ бууны марк мэдэхгүй тул сайн хэлж мэдэхгүй байна. Татаад цэнэглэж байсан.” /1хх-28-29/ гэх мэдүүлэг

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч З.Сумъяабазарын “Би 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр найзууд болох Азжаргал, Хонгорзул, Анхилуун, Туул, Тэнгис, Ачит нарын хамт Азжаргалын гэрт архи ууж байсан. Шөнө 23:00 цагийн үед манай найз Туулийг гаргаж өгсөн бөгөөд ирсэн залуучуудын нэг нь бидэн рүү татаж байсан тамхиа шидэхээр нь Ачит ямар эвгүй юм бэ гэж хэлсэн. Энэ үед нөгөө залуучууд банди нар минь ална шүү нааш ир гээд байсан бөгөөд өндөр нуруутай залуу нь миний нүүрэн хэсэгт гараараа цохисон. Мөн манай найзуудыг хэл амаар доромжлоод байсан бөгөөд Туулыг гэрт нь хүргэж өгнө гээд аваад явсан. Би найзуудыгаа дуудах гэж байгаад болиод Тэнгис ах нараа дуудна гээд хүмүүс рүү яриад байсан. Тэнгис тэдгээр залуучууд руу залгаж яриад Скай их дэлгүүрийн гадна уулзахаар болсон. SКУ их дэлгүүрийн гадна Азжаргал, Хонгорзул, анхилуун, Тэнгис, Үнсү, Чингүүн нарын нэг машинтай очсон. Би тэнд байсан намайг цохисон залуутай маргалдаж зодолдсон. Тэнд байсан найзууд нь боль гээд бид хоёрыг болиулсан. Тэнгисийн дуудаж ирсэн нэг хүн цахилгаан бороохой гаргаж ирээд миний зодолдсон залуутай хамт явсан нэг залууг цохиулсан. Энэ үед Тэнгисийн дуудаж ирсэн нэг залуу тэнгэр лүү нэг удаа буудсан. Тэгээд хоёр тийшээ салаад явсан. Би тэр хүнийг танихгүй. Тухайн хүнийг Тэнгис дуудан авч ирсэн. Тэр эрэгтэй нь хар өнгийн ямар нэгэн бичиглэлгүй биеийн тамирын хувцастай байсан. Царайг нь харж чадаагүй. Тэр хүн нүүрээ халхалсан багтай байсан.” /1хх-31-33/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Тэнгисийн “Би 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах найз Азжаргалын гэрт найзуудын хамт архи, пиво уусан. Найзуудын хамт байж байхад 23:00 цагийн үед миний найз охин Туулыг гаргаж өгөхөөр гарсан. Тэнд байсан гурван залуу манай хоёр найзыг хөөе нааш ир, та нар яадаг бацаанууд юм гээд байсан. Гүнээ гэх нэг залуу нь найз Сумъяабазарыг цохисон гэсэн. Бид нар буцаж тэд нар Туулыг аваад явсан. Бид нар эргэж ороход манай найз Сумъяабазар намайг цохисон гээд байхаар нь би тэр хүнээр чамаас уучлалт гуйлгана гэж хэлээд Хонгорзулаар залгуулж тэд нартай холбогдсон. Манай найз Аззаяа тэд нартай утсаар ярихад та нар наанаа байж бай. Та нар хүмүүсээ цуглуулж бай бид нар очлоо гэж байсан. Би тэд нарыг ирнэ гэхээр нь би хүн дуудсан. Би өөрийн танил ах болох С гэх хүний 80491441 гэсэн дугаар луу залгасан. Бид нар Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Голден вилл хотхоны орчим байж байхад тэд нар бид нарыг SКУ их дэлгүүрийн өмнө хүрээд ир гээд байсан. Бид нар С ах болон түүнтэй хамт ирсэн 2-3 хүмүүс болон манай найзуудын хамт SКУ их дэлгүүрийн зогсоолд очсон. Бид нарыг тэнд очоод байж байхад Гүнээ гэх залуу баахан хүмүүсийн хамт 3 машинтай ирсэн. Тэд нар машинаасаа бууж ирсэн бөгөөд бид нар учраа олох гээд ярилцах гээд байж байсан. Энэ үед С ах хамт ирсэн хүмүүсийнхээ хамт машиндаа сууж байгаад машинаасаа бууж ирсэн бөгөөд нэг нь агаар луу нэг удаа буудсан. Мөн Сумъяабазар Баянаа гэх залуутай харилцан зодолдоод байсан. Тэр буудсан хүн өөр нэг залуугийн хамт цахилгаан бороохой бариад тэнд байсан нэг залууг хөөгөөд байсан. Тэгээд хоёр талаасаа тарцгаая гээд тарсан. Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Тэнгисийн “.Тухайн үед би Халиун, Төгөлдөр, Итгэл, Ачит, Сумъяабазар, Хонгорзул, Аззаяа, Чингүүнбат нарын хамт очсон. Би очихоосоо өмнө Б гэх таньдаг ах руугаа залгаад “энд жаахан маргаан үүсээд байна, энэ асуудлыг эвлэрүүлж зохицуулж чадах уу гэсэн үүднээс түүнийг дуудахад Ананд \Шийрэнинбо\ таньдаг үл таних дүү \С\-тэй гурвуулаа ирсэн....Бид нар туулын найзуудыг нь хүлээгээд байж байхад уг залуучууд 4 машинтай бид нар дээр ирсэн. Тэнд байсан хүмүүсээс анх маргаан эхлүүлсэн 2 залууг нь таниад юм ярих гээд ойртож байхад миний хойд талаас Ш, Б хоёр баг зүүсэн бууж ирээд Б нэг залууг нь цахилгаан бороохойгоо дугаргаад хөөсөн. Харин Ш нь энэ үед дээшээ 1 удаа байхаа буудсан. Тэгээд Б, Ананд \Ш\ хоёр машиндаа суугаад явцгаасан. Би Анандыг ямар буугаар буудсаныг нь мэдэхгүй гэнэтхэн л буудсан. Уун дууны дараагаар Сумъяабазар өөрийг нь цохисон залуутай хоёулаа зодолдоод байхаар нь салгаад бид нар хоёр тийшээ явсан.” /1хх-33-34/ гэх мэдүүлэг

2020 оны 08 сарын 27-ны өдөр эд зүйл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл\Ч.Баас 34.5 см урттай НҮ-Х8 гэсэн бичиглэлтэй хар өнгийн цахилгаан гүйдлээр цохиулах зориулалт бүхий цахилгаан бороохой 1 ширхэг /1хх-60/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Ч.Бын “2020 оны 05 дугаар сарын 18-ний өдөр гэртээ байж байхад Тэнгис миний утас руу залгаад “ахаа намайг энд хэдэн залуучууд зодох гээд байна” гэсэн тухайн үед Ш, С бид гурав хамт болохоор Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо “Скай” дэлгүүрийн гадаа очсон. Бид гурвыг очиход Тэнгис 2-3 найзтайгаа байсан ба үл таних 2-3 машинтай Тэнгистэй маргалдсан гэх залуучууд бид нар луу дайраад ирэхээр нь машины суудал дээр байсан цахилгаан бороохойг аваад цахилгаан цохиулж дугаргасан\гэхдээ хүн цохиулаагүй\ тэгтэл над руу ирсэн залуу зугтаахаар нь би тэр залууг нэг мөсөн айлгая гэж бодоод араас нь С бид гурав гүйгээд явж байхад хойно нэг удаа пан гээд чимээ гарсан\буун дуу\ би хөөж байсан залуугаа орхиод буцаад гүйгээд ирэхэд Ш буудсан гартаа буу барьсан байсан \хар өнгийн буу байсан маркийн мэдэхгүй байна\. Би Шог буудсаныхан дараа л түүнийг биедээ буу авч явсныг нь мэдсэн. Тэнд байсан бүх хүмүүс тараад явсан. Тухайн үйл явдал маш хурдан болоод өнгөрсөн. Намайг Ш, С хоёр намайг гэрт буулгаж өгөөд цаашаа явсан. Ш намайг цахилгаан бороохой гэр лүүгээ аваад ор гэхээр нь би гэр рүүгээ авч орсон дараа нь эрүүгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Б.Заяад хүлээлгэн өгсөн... Би хэрэг гарснаас хойш Штой 2-3 удаа уулзсан. Тухайн үед С бид 2 хамт байр хөлсөлж байсан. Би Сыг Шор дамжуулж 2020 оны 03 дугаар сард танилцаад 2020 оны 09 дүгээр сарын 10-ыг хүртэл хамт байсан. Миний хувьд Сыг заналхийлсэн асуудал байхгүй түүнээс дахин мэдүүлэг авч баталгаажуулж өгнө үү гэж хүсэж байна. Одоо бидний харьцаа хэвийн байгаа...олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулснаа хүлээн зөвшөөрч байна.” /1хх-73-75/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Билгүүний “Тэр залуучууд дундаас нь надтай утсаар ярьсан бэ гэж асуусан. Яг асуух үед өндөр том биетэй залуу их том хэмжээтэй \өөрийн шууг зааж аруулав\ бараг миний гарын шуу шиг хэмжээтэй бороохой дээш нь өргөж их хүчтэй дуу гаргасан. Гэтэл өөр нэг залуу хувцасныхаа халааснаас буу гаргаж ирээд манай найз болох Гүн-Эрдэм рүү чиглүүлж гох дарсан. Чаг гэж дуу гарсан гэхдээ буудаагүй. Тэгээд ахин бууныхаа замгийг татаж дээшээ чиглэлтэй нэг удаа буудсан. Харин манай найз Гүн-Эрдэм урдаас хойшоо чиглэлтэй гүйсэн. Харин буутай залуу араас нь хөөсөн.... Гүн-Эрдэм нь зугтааж байхдаа цагдаад дуудлага өгсөн байсан.... Тэнгис, Төөгөө нар нь зүгээр хараад л зогсож байсан. Ямар нэгэн үйлдэл гаргаагүй. Орилж маргалдаагүй..” /1хх-152-155/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Аззаяагийн “Тэнгисийн дуудсан ах нар нь 1 машинтай ирсэн. Гурвуулаа байсан цахилгаан бороохой ашигласан болог буугаар буудсан ах нараас гадна дүү нь гэх залуу цуг байсан. Гэхдээ дүү нь гэх залуу ямар нэгэн үйлдэл гаргаагүй. Цахилгаан бороохой ашиглаж хүний биед гэмтэл учруулаагүй. Харин машинаасаа бууж ирэхдээ баг зүүчихсэн байсан ба шууд буу гаргаж ирээд буудсан. Буу нь гар буу байсан. Миний харснаар тэр залуу машиныхаа урд талын суудлаас бууж ирсэн ба буугаа энгэрээсээ гаргаж ирээд дээшээ нь чиглүүлж байгаад нэг удаа буудсан, хүн рүү чиглүүлээгүй санагдаж байна. Дүү нь гэх залуу ямар нэгэн идэвхтэй үйлдэл гаргаагүй, цуг явсан ах нарынхаа хэлснийг нь хийдэг залуу шиг санагдсан.” /1хх-157-160/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Хонгорзулын “Тэнгис нэг хүнтэй утсаар яриад дуудсан. Ямар хүнтэй ярьсан болохыг нь мэдээгүй. Ингээд бид нарыг тэндээ байж байхад Төгөлдөр, Чингүнбат, Халиун нар машинтай ирсэн. Тэгэхээр нь Анхилуун бид 2 тэр машинд суусан. Тэгээд байж байтал өөр машинтай хүмүүс ирээд тэд нартай уулзаад байх шиг байсан. Удалгүй буун дуу бололтой чанга чимээ гаргахаар нь хартал нэг эрэгтэй хүн буутай байсан. Би тэр хүнийг дээшээ буудаад гараа буулгаж байх үед нь харсан.” /1хх-166-167/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Чингүнбатын “Приус машинд сууж байсан 3 ахын 2 нь бууж ирээд нэг нь буу гаргаж ирээд шууд дээшээ нэг удаа буудсан. Тэр хаанаас буу гаргаж ирсэн болохыг мэдээгүй. Ямар буу болохыг нь ч мэдээгүй их чанга дуутай буу байсан. Гэтэл нэг залуу нь цахилгаан бороохой гаргаж ирээд нөгөө залуучуудын 2-3-г нь хөөгөөд хойшоо гүйсэн.” /1хх-169-171/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Халиуны “Саарал өнгөтэй приус байсан. Машиныхаа дугаарыг нэг юмаар дараад нуучихсан байсан. Машины баруун талаас хүн буугаад дээшээ буудсан. Тэр хүний царай харагдахгүй байсан. Царайгаа нуусан байсан. Цахилгаан бороохой барьсан хүнийг нь машины аль талаас буусныг анзаараагүй, мөн л царайгаа дарж нуусан байсан. Хоёулаа махлаг биетэй. Буудсан хүн нь бороохойтой байсан хүнээс арай өндөр байсан санагдаж байна. Тэр 2 хүн орилоод л байсан. Ална шүү гэж хэлж байсан. Хүн рүү буу тулгаж, чиглүүлсэн зүйл байгаагүй. Бороохойгоор хүн цохиогүй.” /1хх-174-176/ гэх мэдүүлэг,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх-188-191/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Ч.Бын “Тогтоолд дурдсан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна.” /1хх-180-182/ гэх мэдүүлэг зэрэг болно.

Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг гэж нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдалд халдаж, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж эсхүл эдгээр үйлдэлд өдөөн, турхирч, татан оруулж хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Шүүгдэгч Ч.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос үйлдсэн яллах дүгнэлтийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч Ч.Б нь бусдад төлөх төлбөргүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч Ч.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Ч.Бын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, урьд ял шийтгүүлж байсан ч засарч хүмүүжээгүй, мөн шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийж, шүүхийн дуудсанаар ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж байсан хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзаж шүүгдэгч Ч.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 /гурван/ жил хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ч.Бын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь 2020 оны 05 дугаар сарын 18-нд үйлдэгдсэн байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр  баталсан Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтад зааснаар  2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүний ялаас өршөөн хасахаар хуульчилсан байх тул шүүгдэгч Ч.Бт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулах 3 /гурван/ жил хорих ялаас 2 /хоёр/ жилийг өршөөн хасаж, Ч.Бын биечлэн эдлэх хорих ялын хугацааг 1 /нэг/ жилээр тогтоож, түүний цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцоохоор шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан NY-X8 гэсэн бичигтэй хар өнгийн цахилгаан бороохой 1 ширхгийг эрх бүхий байгууллагад шилжүүлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж нийтийн хэв журмыг зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэн хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Шүүгдэгч Ч.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 03 /гурав/ жил хорих ял оногдуулсугай.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 2, 4 дэх заалт,  6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг тус тус баримтлан шүүгдэгч Ч.Бт Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жил хорих ялаас 2 жилийг өршөөн хассугай. 

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бт оногдуулсан 01 /нэг/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бын цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

            6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ч.Бт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ талаар холбогдох эрх бүхий байгууллагад мэдэгдэхийг шүүгчийн туслахад даалгаж, шүүгдэгч Ч.Бт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.      

 

            7. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Б нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т тус тус заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдсан Тагнуулын Ерөнхий газрын мөрдөн шалгах газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 1 ширхэг NY-X8 гэсэн бичиг бүхий хар өнгийн цахилгаан бороохойг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлж, энэ талаарх баримтыг тус шүүхэд даруй ирүүлэхийг даалгасугай.

 

            9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ч.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА