Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 218

 

                                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах  даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Т.М-ийн  нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Л.Б-д  холбогдох

27 000 000 төгрөг  гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: 

нэхэмжлэгч Т.М, 

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхтуяа  нар оролцов.

 

                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2008 оны 02 дугаар сарын 14-ний  өдөр хариуцагч Л.Б-тай  гэр бүл болсон. Л.Б бид хоёр 2014 оныг  хүртэл  хамт амьдарсан. Ийнхүү хариуцагчтай  гэр бүл болж, хамт амьдарч байх хугацаанд  дараах эд  хөрөнгүүд бий болсон. Үүнд:

Миний бие хариуцагч Л.Б-тай   хамт 2012 онд иргэн н.Д-аас 3 000 000 төгрөгийн үнэ бүхий палк мод  худалдаж авсан. Уг худалдаж авсан палк модоо 2012 онд  зарж 38 тооны эм ямаа худалдаж авсан. Энэхүү худалдан авахад төлсөн 3 000 000 төгрөгийн 2 000 000 төгрөгийг  миний зүгээс гаргасан. Мөн тухайн жил манай хүүгийн үсний найр болсон бөгөөд хүмүүсийн бэлэглэсэн хонь зэрэг нийт 45 тооны хонь, ямааг  манай хамаатан болох н.Ц-аар  тухайн  жил харуулж өвөлжүүлсэн. Улмаар 2013 оноос Ихтамир суманд нутаглах С гэх малчнаар  маллуулах болсон. Миний зүгээс тухайн малчны  ажлын хөлсөнд иргэн Ц-ээс 1 000 000 төгрөгийн үнэ бүхий мотоцикль, 600 000 төгрөгийн үнэ бүхий телевизор худалдаж авч өгсөн. Ийнхүү Л.Б нь хамтран амьдрахгүй болсоноор тухайн малыг туугаад явсан. Энэхүү мал өсөөд 150 толгой болсон гэж сонссон. Иймээс тухайн 150 тооны  малнаас өөрт болон хүү М.Г-д  ногдох хэсэг буюу 75 тооны хонь, ямаа буюу нэг хонь ямааны зах зээлийн үнэ буюу 1 толгой нь 100 000 төгрөг байгаа учир нийт  толгой хонь, ямааны үнэ болох 7 500 000 төгрөг гаргуулах хүсэлттэй байна. 

Хариуцагч нь 2012 онд ажлаасаа халагдахад 4 500 000 төгрөгийн цалингийн зээлтэй халагдсан. Тухайн зээлийг миний зүгээс цалингийн зээл авч төлж хаасан. Мөн хариуцагч нь 2012 онд лизингээр  компьютер  1 500 000 төгрөгөөр худалдаж авсан. Лизингийн төлбөрийг  би төлсөн. Гэвч хариуцагч 2014 онд салж явахдаа энэхүү зөөврийн компьютерийг  авч явсан. Иймд цалингийн зээл хаасан 4 500 000 төгрөг, зөөврийн компьютерийн үнэ 1 500 000 төгрөг, нийт 6 000 000 төгрөг тус тус нэхэмжилж байна. 

3. Миний бие Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг Архангай дээд сургуулийн баруун хойд  тал дахь өөрийн эзэмшлийн газартаа  дугуй завсарын газар  ажиллуулдаг байсан. Тухайн дугуй засварын газрыг н.О гэдэг хүнд 250 000 төгрөгөөр түрээслүүлдэг байсан. Гэтэл 2013 оны 11 дүгээр сард тухайн засварыг  түрээслэн ажиллуулдаг байсан н.О-г хариуцагч Л.Б нь хөөж явуулснаар хариуцагчийн аав н.Л нь   тухайн дугуй  засварыг ажиллуулах болсон бөгөөд түрээсийн мөнгийг хэн төлөх талаар намайг асуухад хариуцагч нь “би ааваасаа авч, чамд төлж байна” гэж хэлсэн. Хариуцагч Л.Б нь ааваасаа авч надад өгсөн бөгөөд  түүнээс хойш түрээсийн  төлбөрөө  өгөхөө байсан. Нэхэмжлэгчийн зүгээс  түрээсийн төлбөрөө өгөхийг  хариуцагчийн ааваас  удаа дараа  шаардахад би “Л.Б-д сар бүр өгөөд  байгаа” гэж надад хэлдэг байсан. Ийнхүү хариуцагчаас 2014 оны 02 дугаар сараас 2017 оны 09 дүгээр сарыг хүртэлх дугуй засварын түрээс болох 13 500 000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. Дугуй засварын газрыг Л л ажиллуулдаг байсан. 

Иймд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.4-д “гэрлэгчид гэр бүлийн бусад  гишүүний хэн нэгний  нэр дээр байгаагаас  үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон  бусад хөрөнгө” дундын өмч тул дундын хөрөнгөөр бий болсон  150 толгой  малнаас өөрт  болон хүү Г-д  ногдох хэсэг буюу 75 толгой хонь, ямаа  буюу нэг хонь, ямааны зах зээлийн  үнэ 1 толгой нь 100 000 төгрөг байгаа учир нийт 75 толгой хонь, ямааны зах зээлийн  үнэ болох 7 500 000 төгрөг, цалингийн зээлийг хаасан 4 500 000 төгрөг, зөөврийн компьютерийн үнэ болох 1 500 000 төгрөг, 2014 оны 02 дугаар сараас 2017 оны 09 дүгээр сар хүртэлх  дугуй засварын түрээс болох 13 500 000 төгрөг, нийт 27 000 000 төгрөгийг хариуцагч Л.Б-аас гаргуулж өгнө үү гэв. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.М-ийн эдийн засгийн болон бусад үүрэг оролцооны тусламжтайгаар хонь, ямааг худалдаж аваагүй. Мөн хүү н.Д-ий сэвлэг үргээх ёслолд ах, дүү  хамаатан саднаас нь 5-6 тооны бог малыг өгсөн байдаг. Уг бог малыг худалдан авсан малтайгаа нийлүүлэн Т.М-ийн төрлийн хүн н.Ц гэдэг хүнээр харуулдаг байсан. Тухайн үед н.Ц малнаас нь дутаагаад байхаар нь  сард 50 000 төгрөг өгөхөөр тохиролцож н.С гэдэг хүнээр малаа харуулах болсон. Мөн Л.Б, Т.М нар нь хамт амьдарч байх хугацаандаа өвлийн идшиндээ болон сард нэг, хоёроор нь малаасаа авч байсан бөгөөд 2014-2015 оны өвлийн зуднаар буюу байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас бүх мал үрэгдсэн гэдгийг н.С мэдүүлсэн. Л.Б, Т.М нар нь 2016 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан. Т.М нь хүү М.Г-ийг өөрийн төрсөн эцэг н.Т-т 2006 оны 03 дугаар сарын 20-ны өдөр албан ёсоор үрчлүүлсэн байдаг. 

Л.Б-ы хувьд 2012 оны 04 дүгээр сард ажлаасаа албан ёсоор чөлөөгдсөн байдаг. Л.Б нь ажлаас халагдах үедээ цалингийн зээлгүй байсан. Учир нь Л.Б 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн цалингийн зээл болох 4 000 000 төгрөгийг өөрийн үйлдэл оролцоогоор бий болгосон хөрөнгөөрөө хаасан. 

Л.Б болон компьютер худалдсан А.С нар нь компьютероо 1 000 000-1 200 000 төгрөгийн хооронд авч, зарсан талаар хэлсэн байдаг. Гэрч А.С  нь “Л.Б надаас 2012 онд компьютер хуваариа зээлээр авч байсан, лизингээр ямар нэгэн баримт бичиг бүрдүүлж авч байгаагүй,  Т.М надаас хуваариа юм уу, албандаа компьютер авч байсан, түүнийгээ нэхэмжлэхээр төлж байсан” гэж мэдүүлэг өгсөн. Хавтаст хэрэгт авагдсан компьютерыг лизингээр авсан гэсэн дансны хуулга нь Т.М-ийн өөрийнх нь компьютер авч байсан дансны хуулга юм. Мөн Л.Б нь 2012 оны 03 дугаар сарын 02-ны өдөр цалингийн зээл аваад А.С-ээс компьютер авсан зээлээ төлсөн гэдэг нь хэрэгт авагдсан дансны хуулгаар давхар нотлогдож байх тул үүнийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй юм.

Тухайн үед Л.Б, Т.М нар хамт амьдарч байсан учир Л.Б-ы эцэг, эх нь хөрөнгийн эх үүсвэрээ босгож,  дугуй засварын хашаа байшин барьж, тоног төхөөрөмжийг худалдаж авсан. Дугуй засварын байшин болон тоног төхөөрөмж нь Л.Б-ы эцэг н.Л, эх н.О нарын өмчлөлийнх учир түрээсийн төлбөр 13 500 000 төгрөгийг өгөх хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.М нь хариуцагч Л.Б-д холбогдуулан хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 75 толгой хонь, ямааны үнэ болох 7 500 000 төгрөг, хариуцагчийн цалингийн зээлийг хаасан 4 500 000 төгрөг, зөөврийн компьютерийн үнэ 1 500 000 төгрөг, дугуй засварын түрээсийн төлбөр 13 500 000 төгрөг, нийт 27 000 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 

Хариуцагч талын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн мэтгэлцээний байр суурьтай байсан болно.  

Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Зохигч нь 2008 онд гэрлэлтээ батлуулан хамтран амьдарч байгаад 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан, хэрэгт авагдсан Архангай аймаг дах сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 68 дугаар захирамжид дурдсан Л.Б-ы нэхэмжлэлтэй Т.М-д холбогдох дундын эд хөрөнгөтэй холбоотой 24 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, уг маргаанд одоо Т.М-ийн нэхэмжлэлээр шийдвэрлэж буй гэр бүлийн дундын эд хөрөнгөтэй холбоотой 27 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд дурдсан хөрөнгө, төлбөр хамаарахгүй, түүнчлэн маргаж буй малыг Д.С маллаж байсан, зөөврийн компьютерийг А.С гэдэг хүнээс худалдан авсан гэх үйл баримт талуудын маргаагүй байдлаар тогтоогдсон.  

 

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар Л.Б, Т.М нарын гэрлэснээс хойш тэдгээрийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тодорхой тооны хонь, ямаа бий болсон нь талуудын тайлбар, гэрч Д.С-ийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Гэхдээ хариуцагчийн тайлбар, гэрч Д.С-ийн мэдүүлэгт дурдагдсан тухайн дундын өмчлөлийн хонь, ямаа нь үрэгдэж байхгүй болсон гэх нөхцөл байдлыг нэхэмжлэгч баримтаар няцаагаагүй, шүүхээр хэргийг шийдвэрлэж буй энэ цаг хугацаанд Л.Батсайхан, Т.М нарын өмчлөлд хонь, ямаа байгаа нь тогтоогдоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын 150 хонь, ямаанаас Т.М, Т.Г-д ногдох хэсэгт нэхэмжилсэн 7 500 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Мөн Т.Г нь 2006 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Ш.Т, З.Г нарт үрчлэгдсэнтэй холбогдон Л.Б, Т.М нарын дундын эд хөрөнгөөс хөрөнгө хуваарилах үндэслэлгүйг дурдаж байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зохигч хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй, 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх хэргийн оролцогчийн үүргийг өөртөө хүлээж, хуулийн дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэг нь нэхэмжлэгч талд байгаа бөгөөд Л.Б-ы авсан цалингийн зээлд 4 500 000 төгрөг, зөөврийн компьютерийн үнэ 1 500 000 төгрөгийг хариуцагчийн өмнөөс зохих этгээдэд төлж барагдуулсан гэдгээ хуульд заасан нотлох баримт, арга хэрэгслээр Т.М нотолж чадаагүй учир нэхэмжлэлийн шаардлыг дурдсан хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

Учир нь  2 ширхэг зөөврийн компьютерийг А.С-ээс 2012 онд зохигчид тус тусдаа худалдан авсан үйл баримт дээр талууд маргаагүй, харин өөр өөрсдийн авсан зөөврийн компьютерийн үнийг тус тусдаа хариуцаж төлсөн гэх хариуцагч талын тайлбар, түүнийг нотлосон гэрч А.С-ийн мэдүүлэгтэй өрсөлдөх, үгүйсгэх, түүнчлэн Л.Б-ы өмнөөс төлбөр төлсөн гэх нотлох баримтуудыг нэхэмжлэгч гаргаж өгөөгүй болно. 

Мөн өмнө тайлбарласанчлан Л.Б-ы цалингийн зээлд 4 500 000 төгрөгийг Т.М төлснийг нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй баримт хэрэгт авагдаагүй байна.  

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Л.Б-д холбогдуулан дундын эд хөрөнгийн маргааны хүрээнд дугуй засварын түрээс 13 000 000 төгрөг нэхэмжилсэн. Үндэслэлийн хувьд Л.Б-тай хамтран амьдарч байхдаа хариуцагчийн аав  н.Л-т дугуй засварын газраа түрээслүүлж байсан, 2014 оны 02 дугаар сараас 2017 оны 09 дүгээр сар хүртэлх түрээсийн төлбөр гэж 13 000 000 төгрөгийг Л.Б төлөх ёстой гэжээ. 

Дугуй засварын засварын газар ажиллуулах, түрээслүүлэх асуудал нь Т. н.Л нарын хооронд үүссэн гэдэг дээр талууд маргаагүй, Иргэний хуулийн 125-127 дугаар зүйлд зааснаар Т.М-ийн дугуй засварын газар түрээслүүлснээс олох ёстой /олсон/ байсан хуваарьт хөрөнгийг, эсхүл дундаа хамтран өмчлөх ёстой хөрөнгийг хариуцагч өөртөө авсан гэх үйл баримт байхгүй, Т.М, н.Л нарын хооронд үүссэн гэх түрээсийн гэрээнд Л.Б хамаарал бүхий болох нь нотлогдохгүй байна. 

Дээрхээс үзэхэд Л.Б нь Т.М-д дугуй засварын түрээс төлөх үүрэг хүлээгээгүй, дугуй засварын газрыг түрээслүүлснээс бий болсон дундын эд хөрөнгийг ашиглаагүй, захиран зарцуулаагүй байгаа тул дугуй засварын түрээсийн төлбөр 13 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Харин нэхэмжлэгч Т.М-ийн тухайн дугуй засварын газрыг түрээслэн ажиллуулж байсан этгээдэд холбогдуулан түрээсийн төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргах эрх нээлттэй. 

 

Өгсөн дүгнэлтүүдийн хүрээнд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа хуульд заасан баримт, арга хэрэгслээр нотлоогүй тул 75 толгой хонь, ямааны үнэ болох 7 500 000 төгрөг, хариуцагчийн цалингийн зээлийг хаасан 4 500 000 төгрөг, зөөврийн компьютерийн үнэ 1 500 000 төгрөг, дугуй засварын түрээсийн төлбөр 13 500 000 төгрөг, нийт 27 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

 

Нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болохыг дурдвал зохино. 

Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар нотлох баримтыг үнэлсэн бөгөөд хуульд заасан шаардлага хангаагүй Т.М-ийн ХААН банкны 5149081043 тоот дансны 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны гүйлгээний 2 хуудас дэлгэрэнгүй хуулгыг үнэлээгүй болно.  

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295 900  төгрөгийг орон нутгийн төсөвт  хэвээр үлдээв.

   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,  116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                           ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 130 дугаар зүйлийн 130.1, 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Б-аас 27 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.М-ийн  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 295 900 төгрөгийг орон нутгийн төсөвт  хэвээр үлдээсүгэй.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

                                                                

                                                    ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ               Т.БАДРАХ