Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/191

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022         05             24                                     2022/ШЦТ/191

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбахишиг,

Улсын яллагч Г.Анх-Ирээдүй,

Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н-д холбогдох эрүүгийн 2225001020*** дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Н /;

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Н нь 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б лонуж”-д хамгаалагчийн үүргийг гүйцэтгэж байх явцдаа Г.Э-ыг текний ширээ мөргүүлж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Б.Н шүүх хуралдаанд: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,

 

- Шүүгдэгч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд: “...согтуу хүн агсам тавиад гарахгүй байна гэх дуудлага ирээд шуурхай бүрэлдэхүүний жолооч Б.М-ын хамтаар очсон. Очих үед лоунжний тек дээр согтуу хүн байсан. Тэгээд тухайн үед лоунжний зохион байгуулагч эмэгтэйгээс юу болсон талаар асуухад энэ хүн согтуу өөр хүний ширээн дээр очиж суугаад хүн рүү юм авч шидээд байна. Намайг гар гэхээр зодчих гээд байна гэхээр нь тэгвэл гаргах уу гэхэд наад хүн чинь юм хагалсан тооцоотой байгаа гэхээр нь тэр согтуу хүнд хандаж тооцоогоо хийчих гэхэд тооцоогоо хийчихнэ, хийхгүй гэсэн хүн алга, яасан тооцоогоо хийж чадахгүй гэж бодоо юу, тооцоогоо одоо хийлээ гээд зогсоод байсан. Манай жолоочтой яриад цаашаагаа харчихсан зогсож байхаар нь мөрөн дээр нь цохиод та тооцоогоо хийчих гэхэд чи яах гээд байгаа юм гээд нудраад цохиод авахаар нь би хойш нь түлхээд араас нь барьж авахад өөрөө намайг өшиглөх гээд тек мөргөсөн. Юм авч шидсэн ширээнд үйлчлүүлж байсан эмэгтэй наад хүний чинь хагалсан зүйлийн тооцоог бид нар хийчихнэ, наад хүнээ хурдан гаргаад өг гэхээр нь тэр хүнийг аваад гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10х/,

 

- Хохирогч Г.Э мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах Б нэртэй лоунжид танил ахынхаа хамтаар үйлчлүүлсэн. Тухайн үед Лоунжид байхдаа үүдний текний хэсэгт гарах гээд хамт явж байсан хүмүүсээ хүлээгээд зогсож байтал бамбай харуул хамгаалалтын хоёр ажилтан ирсэн. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. 2 танихгүй эмэгтэй хүн намайг хэл амаар доромжлоод байсан. Миний хамт байсан ахыг өөрсдийнхөө ширээн дээр суулгачихаад намайг тэр хүүхнүүд яв гээд байсан. Тэр үед лоунжид үйлчилж байсан эмэгтэй хамгаалалтын ажилтанг дуудсан юм шиг байгаа юм. Энэ үед харуул хамгаалалтын ажилтан нь ирээд намайг тэндээс гар, яв гэхэд нь би болоогүй байна гэхэд надтай маргалдаж, тэр хамгаалалтын ажилтан намайг үүдний тек хэсгийг мөргүүлсэн, улмаар миний үүдэн шүд хугарсан, 2 шүд хөдөлгөөн орж гэмтсэн мөн миний толгой өвдөж зовиурлаж байна. Тухайн өдрийн маргааш нь уруул хавдаж, шүд суларсан, шингэн зүйл ууж чадахгүй, хоол унд ч идэж чадахаа больсон, мөн хамраас цус гараад байгаа, надад ийм шинж тэмдгүүд илэрч байна. Би тухайн асуудал болсны дараа намайг мөргүүлсэн харуул хамгаалалтын ажилтантай уулзсан боловч намайг үл ойшоосон, хамт эмнэлгээр явъя гэхэд бас яваагүй. Би өөрийн эрүүл мэнд, эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Тухайн үед миний орсон лоунж нь үүдний хэсэгтээ хяналтын камертай байсан, би бичлэгийг нь авчихсан, бичлэг дээр болсон асуудал тодорхой харагдаж байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14х/,

 

- Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 102 дугаартай "... 1. Г.Эын биед тархи доргилт, 11-р шүдний цөгцний хугарал, 12,31-р шүдний ганхалт, баруун гарын шуунд зөөлөн эдэд 1 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

4. Гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байж болно.

5. Тархи доргилт болон 11-р шүдний цөгцний хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

6. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

7. Магадлуулагчийн нүүрэнд гэмтэл үүсээгүй.

8. Уг хүний гэмтэл нь тухайн үедээ амь насанд аюул учруулахгүй.

9. Гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байж болно...” гэсэн дүгнэлт /хх-ийн 17-18х/,

 

- Мөрдөгчийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “... Бамбай гэх бичиглэлтэй ногоон хувцастай эрэгтэй хар куртиктай эрэгтэйн баруун гар талын тохой хэсгээс зуурч байгаад түлхэж тухайн хар курткитай эрэгтэй текний хэсгийг мөргөж улмаар газарт унаж байна...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 47-48х/,

 

- Б.Нид мөрдөн шалгах ажиллагааны үед хийсэн тэмдэглэл /хх-ийн 31х/,

 

- Шүүгдэгч Б.Нийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52х/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Нийг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Дээрх нотлох баримтуудаар Б.Н нь Б нэртэй лоунжид дуудлагаар очсон бөгөөд хохирогч Г.Э нь Б.Нтой маргалдаж, улмаар Б.Н түлхсний улмаас тек мөргөж, хохирогч Г.Эын биед тархи доргилт, 11-р шүдний цөгцний хугарал, 12, 31-р шүдний ганхалт, баруун гарын шуунд зөөлөн эдэд 1 тооны цус хуралт бүхий гэмтэл учруулсан үйл баримт болсон байна.

 

Прокуророос шүүгдэгч Б.Нид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Эын “...Миний хамт байсан ахыг өөрсдийнхөө ширээн дээр суулгачихаад намайг тэр хүүхнүүд яв гээд байсан, тэр үед лоунжид үйлчилж байсан эмэгтэй хамгаалалтын ажилтан дуудсан юм шиг байгаа юм. Энэ үед харуул хамгаалалтын ажилтан нь ирээд намайг тэндээс гар, яв гэхэд нь би болоогүй байна гэхэд надтай маргалдаж, тэр хамгаалалтын ажилтан намайг үүдний тек хэсгийг мөргүүлсэн, улмаар миний үүдэн шүд хугарсан, 2 шүд хөдөлгөөн орж гэмтсэн мөн миний толгой өвдөж зовиурлаж байна...” гэсэн мэдүүлэг, хяналтын камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 102 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч Б.Нийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг  хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Б.Нийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

   Хавтаст хэрэгт хохирлын талаар нотлох баримт авагдаагүй бөгөөд хохирогч Г.Эад шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “... оролцох боломжгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Шүүгдэгч Б.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Улсын яллагч: “... Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай...” гэв.

 

  Шүүгдэгч Б.Нид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 Шүүх шүүгдэгч Б.Нийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй түүний хувийн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 480,000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, шүүгдэгчийн цалин орлогыг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон гэж үзэв.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Б.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сдиг 1 ширхгийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч Б.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ийг дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 480,000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д оногдуулсан 480,000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Н нь 480,000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сди 1 ширхэгийг хэрэгт хавсаргасугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.НАРМАНДАХ