Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 729

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

  2022         05           19                                  2022/ШЦТ/729

 

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,  ерөнхий шүүгч Н.Одонтуул, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

            нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

            иргэдийн төлөөлөгч Б.Баттулга, 

            улсын яллагч Н.Ганчимэг, 

шүүгдэгч Ч.М түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Мад холбогдох эрүүгийн 2206 00000 0670 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ч.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Замчны 1-6 тоотод таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа хохирогч Н.Бы нурууны доод хэсэгт хайчаар хатгаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Ч.М нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.” гэв.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-15/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Бы “Би 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 18:00 цагийн үед хамаатны эгчийнд очиж цагаан сарын бууз хийхээр болсон. Бид хэд бууз хийж байгаад Ч.М, Золбаяр бид гурав хоёр шил архи уусан. Уугаад байж байтал Ч.М бид 2 согтоод улмаар Ч.М бид 2 маргалдах шиг болсон. Би юунаас болж маргалдсанаа мэдэхгүй байна. Нэг мэдэхэд Ч.М миний нуруу хэсэг рүү хайчаар хатгачхаад яваад өгсөн. Миний нуруунаас цус гараад би эмнэлэг явах болсон. Бид хоёр ах дүүсийн хүүхдүүд. Миний зүүн талын нуруу хэсэг хутга мэсний шархтай. Одоо миний биеийн байдал хэвийн” /хх-ийн 18-19 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Бы өгсөн: “Надад эмчилгээ хийлгэсэн, нэхэмжлэх баримт бичиг байхгүй. Миний эмчилгээний зардлыг ах Ч.М бүгдийг төлж барагдуулсан тул надад нэхэмжлэх зүйл байхгүй. Миний биеийн байдал хэвийн сайн, бие хурдан эдгэрч байгаа. Тухайн үед намайг эмнэлэгт хэн хүргэж өгснийг би сайн санахгүй байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” /хх-ийн 21 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Золбаярын “2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 21:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Замчны 1-6 тоот гэртээ бууз хийхээр Н.Б болон ээж Мөнх-Өлзий бид 3 байсан. Тэгээд 0,5 литрийн архи Н.Б задлаад ганц хоёр хундага ууж байсан, би тэр архинаас уугаагүй. 20 цаг 30 минутын орчим Ч.М ах орж ирээд Н.Бтай архи хувааж уусан. Тэр архиа дуусгаад дахиж архи авахаар Н.Б дэлгүүр яваад 0,75 литрийн хэмжээтэй архи авч ирээд Ч.М ах, Н.Б бид гурав хувааж уугаад буузаа хийж байсан. Бууз хийж байхад Н.Б, Ч.М хоёр хоорондоо тоглоом хийсэн байдалтай нэгэнтэйгээ ярилцаад инээлдээд үг хаялцаад байсан. Тэгсэн тэр хоёр гэнэт л нэгнийхээ үгийг даахгүй муудалцаж хэрэлдээд хоорондоо зууралдаж барилцаж нэг нэгнийгээ цохиод гар зөрөлдсөн. Би тэгэхээр нь гэрээс гар гээд гаргасан. Гарахын өмнө Н.Б миний машины түлхүүрийг аваад Ч.М ахыг хүргэж өгөх гээд байж байсан. Би тэр хоёрыг гэрээс гарсны дараа юу болсныг мэдэхгүй. ..би гэрт байсан хутгануудаа нуугаад далд хийсэн. Яг юу барьж гарсныг мэдэхгүй байна.” /хх-ийн 28-29 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Мөнх-Өлзийгийн “2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр манай гэрт дүү Ч.М эрүүл орж ирсэн. Харин Н.Б жаахан халамцуу орж ирсэн. Манай гэрт хайч байдаг. Саарал өнгийн бариултай жижиг хайч. Манайх тухайн хайчийг ахуйн хэрэглээнд ашигладаг байсан. Манай хайч ширээн дээр ил байдаг. Одоо тухайн хайч байхгүй.” /хх-ийн 32 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2738 дугаартай “Хэсэг газрын үзлэгт: нурууны зүүн доод хэсэгт бүсэлхий нурууны 4, 5-р нугалмын орчим мэс заслын 2 оёдол тавигдсан шархтай. Хэвлийн голын шугамаар болон хэвлийн зүүн хажуу хэсэгт хөндлөн байрлалтай мэс заслын шархтай. Цэргийн төв эмнэлгийн өвчний түүх №22Я/00065 дугаараас: өвчний түүх нээсэн 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 02 цаг 47 минут, Хэвтэх үеийн онош: зоо нуруу ба аарцгийн ил шарх, Мэс ажилбарын онош: булчингийн хальсыг зүсэх гэжээ. Яаралтай тусламжийн хуудаснаас: хэвлийн ар хэсгийн шархаар өвдөнө. 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ЭХО шинжилгээнд: зүүн бөөрний доод хэсэгт 11.4x4.3 см эхо негатив голомт тодорхойлогдоно. Мориссоны зайд шингэнтэй гэжээ. 1. Н.Бы биед бүсэлхий нурууны 4, 5-р нугалмын зүүн хэсэгт хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.13-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” /хх- ийн 36-37 дугаар хуудас/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Ч.Мын “Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Н.Б халаад надад томроод намайг хэл амаар доромжлоод байхаар нь бид хоёр маргалдаад барьцалдаад би Н.Быг гараараа нэг удаа толгой руу нь цохиод автал хамаатны дүү болох Золбаяр бид хоёрыг гар гээд уурлахаар нь бид хоёр гэрээс гарсан. Би гэрээс гарахдаа шалан дээр байсан саарал өнгийн бариултай хайчийг аваад гарсан. Би Н.Бтай гэрээс гараад түүний зүүн бөөрний урд хэсэгт хайчаар нэг удаа хатгасан.” /хх-ийн 44 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг зэргийг шинжлэн судалсан болно.

 

            Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Ч.М нь хохирогч Н.Бы эрүүл мэндэд халдсан байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Шүүгдэгч Ч.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Замчны 1-6 тоотод таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа хохирогч Н.Бы нурууны доод хэсэгт хайчаар хатгаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

 

Хайч нь зориулалтын хувьд ахуйн өдөр тутмын хэрэгцээний багаж, зэмсэгт хамаарах ч бүтцийн хувьд аливаа зүйлийг хайчлах, тасдах ир үзүүртэй шинжээрээ аливаа биетийг устгах, гэмтээх бүрэн боломжтой. Энэ байдлаараа хүйтэн зэвсэгт тооцогдоно.

 

Улсын яллагч: “Шүүгдэгч Ч.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2  дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жил хорих ял оногдуулж нээлттэй хорих ангид эдлүүлэх” саналыг гаргасан.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Шүүгдэгч Ч.Мад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2  дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жил хорих ялын гуравны хоёроос багагүй ял оногдуулж нээлттэй хорих ангид эдлүүлэх” саналыг гаргасан.

 

Иргэдийн төлөөлөгч: “Шүүгдэгч Ч.Мыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэж дүгнэсэн болохыг дурдав.

 

Иймд шүүгдэгч Ч.Мын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ч.М нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Ч.Мын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлбөрөө сайн дураараа нөхөн төлсөн, хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан шударга ёсны зарчмыг удирдлага болгон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 /гурван/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

 

Бусад асуудал:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж тус тус зааснаар шүүгдэгч Ч.М бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч Н.Б нь гэм хорын хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Ч.М нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Мын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Ч.Мад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ өдрөөс эхлэн эдлэх ялыг нь тоолов.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтын журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Ч.Мад 3 /гурван/ жил 5 /таван/ сар хорих ял оногдуулсугай.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мад оногдуулсан 3 жил 5 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4. Хохирогч Н.Б нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах гэм хорын хохирол, зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

            5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч Ч.Мад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ өдрөөс эхлэн эдлэх ялыг тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Мад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.МӨНХТУЛГА

 

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.ОДОНТУУЛ

 

                                                    ШҮҮГЧ                                     Т.ШИНЭБАЯР