| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 188/2022/0709/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/734 |
| Огноо | 2022-06-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/734
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
нарийн бичгийн дарга: Ц.Хонгорзул,
улсын яллагч: Н.Ундрах,
шүүгдэгч: Э.Г /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг мөн хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Г-д холбогдох эрүүгийн 0000000000000 тоот хэргийг 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Э-ын Г /РД:0000000000/,
Монгол улсын иргэн, ****оны ** дүгээр сарын**-ны өдөр*********аймгийн ******* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ганцаараа, Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо Буянт-Ухаа 0 дугаар хороолол 0-0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):
Шүүгдэгч Э.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Чухаг хотхоны гадаа гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдарч байсан Г.О-ыг хамт амьдрах дургүй байхад нь “Зүүн салаа руу очиж хамт амьдрая, хамт байя” гэж тодорхой үйлдэл хийхийг шаардан “Чи ямар их зугтаадаг юм бэ, чамайг энд чинь алчихъя, чи надаас зугтааж холдож чадахгүй” гэж хоолойноос нь боох, үснээс нь зулгаан чирэх, зүүн нүдрүү алгадах зэргээр хүч хэрэглэн сүрдүүлсэн,
Мөн шүүгдэгч Э.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 0дугаар хороо Чухаг хотхоны гадаа гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдарч байсан Г.О-ыг “Хамт явсангүй” гэх шалтгааны улмаас хувийн таарамжгүй харилцаа үүсгэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хоолойноос нь боох, үснээс нь зулгаан чирэх, зүүн нүдрүү алгадах зэргээр зодож эрүүл мэндэд нь зулайн хуйханд үс халцралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, зүүн бугалганд цус хуралт гэмтэл хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч Э.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Чухаг хотхоны гадаа гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдарч байсан Г.О-ыг “хамт амьдаръя” гэх шалтгааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хоолойноос нь боож, үснээс нь зулгаан чирэх, зүүн нүдрүү алгадах зэргээр зодож, эрүүл мэндэд нь “зулайн хуйханд үс халцралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, зүүн бугалганд цус “ гэмтэл хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
-Хохирогч Г.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 11-ний орой 21 цагийн үед надруу залгаад тараад ир, хэлэх үг байна, уулзъя” гэхээр нь би эгчдээ хэлээд гараад уулзсан чинь “Хойшоо зүүн салаа руу очиж хамт амьдаръя, хамт байя би дахиж архи ууж янз бүрийн элдэв авир гаргахгүй, дахиж зодож нүдэх гэж дайрахгүй миний буруу, намайг уучлаарай” гэж хэлэхээр нь би “Би чамтай хамт амьдрахгүй, би эндээ байна, зүүн салаа явахгүй, чамтай хамт амьдрахгүй гэдгээ хоорондоо яриад дууссан” гэж хэлсэн юм. Тэгээд ТҮЦ ороод тамхи авъя гэхээр нь орцноос гартал “Хоёулаа эндээс шууд явчихъя” гэхээр нь “Үгүй, явахгүй” гэтэл миний хувцаснаас заамдаж аваад хашаа руу хүчтэй түлхээд миний зүүн хацар орчим 1 удаа алгадсан, тэгээд “Явъя” гэж байна гээд намайг угзарч татаад чирээд байсан юм. Тэгээд хашаанд нь онгорхой нүх байхаар нь би тэрүүгээр нь ороод гүйгээд зугтаад шатны орчим тэр хүнд баригдаад миний хоолойг боогоод “Чи ямар их зугтаадаг юм бэ, чамайг энд чинь алчихъя” гээд илүү хүчтэй боогоод “Чи надаас зугтааж холдож чадахгүй” гээд байсан. Тэгээд намайг тавьчихаад “Гэрт чинь оруулаад өгье” гээд бид хоёр орцны үүд рүү алхаж явж байсан чинь миний гар утас руу эгч маань залгахаар нь би “Аниа гялс гараад ир” гээд дуудсан чинь “Чи эгчийгээ дуудчихаж байгаа юм уу, ийшээ явъя” гээд миний куртикнээс татаад чирэхээр нь би гараа тавиулаад зугтаагаад гүйсэн чинь миний ардаас ирээд үснээс зулгааж татахаар нь би хажууд байсан сандалнаас зүүгдсэн боловч маш хүчтэй татаад байсан юм. Тэгээд миний үснээс татаад чирч байхад манай эгч гарч ирээд салгасан чинь яваад өгсөн юм. Ийм учраас би цагдаагийн байгууллагад хандаж байна. ...2016 онд алгадсан хэсэг нь бага зэрэг хавдчихсан байсан, хөл бол зүгээр байсан. Сүүлд өчигдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 11-ний орой миний үснээс зулгаасны улмаас орой хэсэг нь халзарчихсан, мөн хоолой өвчинтэй байна ...Тухайн үед Г нь миний гарнаас хүчтэй бариад татаад байсан, мөн үснээс зулгааж учруулсан гэмтлүүд байна. Зүүн нүдний дээд зовхины гэмтлийг намайг алгадаж учруулсан юм. ... Би гомдолтой байна, хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт байхгүй байна, хэргийг хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19-р хуудас/,
-Гэрч Г.П-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай төрсөн дүү О нь 10 настай охины хамт манай гэр болох Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, чухаг хотхоны 0-0 тоотод амьдарч байгаа юм. Тэгээд 2022 оны 4 сарын 11-ний өдөр Г.Оттонжаргалын хуучин нөхөр болох Э.Г нь залгаад “Охинд гутал хувцасны мөнгө өгөх гэсэн юм” гээд залгаад байхаар нь би дүүгээ гэрээс гаргаагүй юм. Тэгээд тэр өдрийнхөө орой 20 цагийн орчим дахиж залгаад “Уулзах хэрэгтэй байна гэж хэлсэн ба Г.О “Эрүүл байх шиг байна, зүгээр ээ аниа санаа зоволтгүй, би уулзчихаад ирье” гээд гарсан юм. Тэгээд орж ирэхгүй удаад байсан ба Г.О-ын охин Солонго нойлын өрөөнд уйлаад байхаар нь очоод юу болсон талаар асуутал “Аав сая залгаад ээжтэй нь хамт зүүн салаанд очиж хоноё гээд байна” гэж хэлэхээр нь би Г.О руу залгасан чинь “Аниа орцны үүдэнд гараад ир” гээд их айж сандарсан байдалтай хэлэхээр нь би шууд орцны үүдэнд гараад харахад Э.Г нь Г.О-ын үснээс нь зулгааж газраар чирээд явж байхаар нь би шууд очоод орилоод тэр хоёрыг салгаад Г.О-ыг гэртээ оруулсан юм. Тэгээд түүнээс хойш Э.Г-тай дахиж уулзаагүй. Г.О-ын хоолой нь улайчихсан, үс нь орой хэсгээрээ унаад халзарчихсан, зүүн нүдний дээд зовхи хэсгээр улайчихсан байсан. ...Г нь ажил төрөл хийдэггүй, хардаж сэрддэг, мөнгө төгрөг нэхэж байдаг учраас 2 жилийн өмнөөс тусдаа амьдрах болсон юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-р хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай:
1.“...Г.О-ын биед зулайн хуйханд үс халцралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28-29-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Өөрөөр хэлбэл гэрч, хохирогчийн мэдүүлгүүд цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүгдэгч Э.Г-ын яллагдагчаар өгсөн: “...2022 оны 4 сарын 11-ний өдөр 16 цагийн орчим би хуучин эхнэр Г.О-ын утас руу нь залгаад “Өнөөдөр миний цалин орно, цалин орохоор хоёулаа хүүхэддээ хувцас авч өгье, сайхан хоол унданд орье” гэхэд Г.О “Ээж маань нас барчихсан, миний сэтгэл санаа тавгүй байна, уулзмааргүй байна” гэсэн юм. Тэгээд тухайн өдөр миний цалин ороогүй юм. Тэгээд би ганцаараа 2 лааз пиво уугаад, тэр өдрийн орой нь Г.О-ын амьдарч байгаа гэр болох Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, чухаг хотхоны гадаа очоод залгаж дуудаад орцонд нь уулзсан юм. Тэгээд бид хоёр орцон дотор ойр зуурын юм болон буцаж нийлэх талаар ярьж суунгаа тус тусдаа 1 лааз пиво ууцгаасан бөгөөд пиво дууссаны дараа орцноос бид хоёр гарахад Г.О намайг хүргэж өгнө гэхээр нь би “Хоёулаа зүүн салаанд охиноо аваад гурвуулаа очоод хоноё” гэсэн чинь эгчрүүгээ мессеж бичээд утсаар ярьсан чинь утасны цаанаас эгч нь “Чамайг битгий гар гээ биздээ, наад юмтайгаа битгий уулз гэж хэлээ биздээ, цагдаа дуудна” гээд орилоод байсан юм. Тэгэхээр нь би эгчийгээ өөрсдийн амьдралд оролцууллаа гээд уурласан чинь О эгчийгээ өмөөрөөд би зүүн салаа явахгүй гээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь би уурлаад баруун хацарлуу нь зүүн гараараа алгадах үед О тэр хавиар орилоод чарлаад эхэлсэн юм. Тэгээд бид хоёр орцны үүдний орчим очоод би түүнээс “Хоёулаа учраа олье, цагдаа сэргийлэхээр яах гээд байгаа юм бэ” гээд гарнаас нь татсан чинь сандлаас зуураад хөдлөхгүй үснээс нь татаад зулгаасан юм. Тэгэхэд тавихгүй байхаар нь куртикны захаас нь барьж байгаад татаж чирсэн юм. Тэгээд байж байтал удалгүй эгч нь гарч ирэхээр нь “Би тантай юм ярихгүй. эхнэртэйгээ юм ярьж байна” гэж хэлтэл дүүгээ аваад гэртээ орсны дараа би гэрлүүгээ явсан юм.... гэж /хавтаст хэргийн 56-58-р хуудас/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Хувийн байдлын хувьд иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 42-р хуудас/, Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн албан тоот /хавтаст хэргийн 37-р хуудас/, Сонгинохайрхан дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот /хавтаст хэргийн 40-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хавтаст хэргийн 43-р хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Г нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай дүгнэлтээр хохирогч Г.О-ын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон, шүүгдэгч Э.Г нь хохирогч Г.О-ын хоолойноос нь боох, үснээс нь зулгаан чирэх, зүүн нүдрүү нь алгадаж цохиж байгаа нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдэл гэж үзэх үндэслэлтэй.
Мөн түүнчлэн шүүгдэгчийн, гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагчийнхаа эрүүл мэндийн эсрэг хүч хэрэглэсэн үйлдэл гаргаж байгаа нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5.1.1."гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан /3.1.Энэ хуулийн үйлчлэлд дараахь этгээд хамаарна: 3.1.1.эхнэр…хамтран амьдрагч.../ этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэж заасанд хамаарч байна.
Шүүгдэгч Э.Г-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл” үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул уг зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасан гэмт хэрэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин прокуророос Э.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “заналхийлэх” гэсэн хэрэгт гэм буруутай гэж зүйлчилж ирүүлсэн хэргийн үйлдлийн хувьд хохирогч нь гэр бүлийн хамаарал бүхий хүн бөгөөд түүнийг сүрдүүлж буй үйлдлийн шинж нь “заналхийлэх” гэмт хэргийн бүрэлдэхүүнд хамаарахгүй.
Өөрөөр хэлбэл гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг гэмт хэргийн шинж дэх бүтэц бүрэлдэхүүн буюу санаа сэдэлт, үйлдлийн хэлбэр нь ямар нэг үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж байдаг, харин дээрх зүйл ангид холбогдох үйлдлийн хохирогч ямар нэг харилцаа хамааралгүй байдгаараа ялгаатай тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 “гэмт хэргийн шинжгүй”-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Г.О нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Э.Гантулгыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “Шүүгдэгч Э.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэн нийт 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирүүлээгүй болно...” гэх дүгнэлттэй шүүгдэгч Э.Г нь мэтгэлцээгүй буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрч, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Э.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруугаа ухамсарлаж байгаа, түүний ажил эрхлэлт /хувиараа ажил эрхэлдэг/ зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Э.Г-д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгийн торгох ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Г нь торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн Б овогт Э-ын Г-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Б овогт Э-ын Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Э.Г-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА