Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 209

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

  2022         02           14                                  2022/ШЦТ/209

 

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

      Нарийн бичгийн дарга Б.Баттэргэл,

   Улсын яллагч Ц.Батболд,

   Хохирогч Д.О түүний өмгөөлөгч Г.Гансүх,

Шүүгдэгч Э.А түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 2206 00000 0070 дугаартай хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.А нь 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр дунд замын “До До” пиццаны газрын замын хойд талын автобусны буудал дээр хохирогч Д.Оын баруун талын нүдэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч М.Наранбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлж байна” гэв.

           

Хохирогч Д.О нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би эмчилгээний зардал болон өмгөөлөгчийнхөө зардал цаашид гарах эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 хуудас/,

 

Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 2 хуудас/

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Оын “2021 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 00 цагийн үед би ажлаа тараад Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо замынхаа урд талд байдаг Хүлэг зочид буудлын зүүн талд байрлах ажлынхаа гадаа машин дотор сууж байсан. Тэр үед нөхөр ТҮЦ рүү тамхи авах гээд явсан. Тэгээд би машиндаа сууж байх үед ажлын газрын Хонгорзул гэх эмэгтэй ирээд машины цонх тогшихоор нь яасан гэж асуутал аниа агааг тэнд хүмүүс зодоод байна гэсэн. Тэгээд би буугаад замынхаа хойд талд байх 6 дугаар хорооны автобусны буудал дээр яваад тэнд байх ТҮЦ-ний гадаа очсон чинь нэг залуу манай нөхөртэй зууралдаад нөхрийг тэнд байсан нэг цагаан машины хажууд боогоод зогсож байсан. Тэгээд би тэр залуугийн гарыг тавиулах гээд нүүр рүү нь 2 удаа гараараа цохисон чинь тэр залуу гараа тавихгүй байсан. Тэгсэн чинь тэр залуу зөрүүлээд миний баруун талын нүд рүү гараараа нэг удаа цохисон чинь би тас гэдэргээ саваад газарт уначихсан. Тэгээд босоод ирсэн чинь миний баруун талын нүдний хөмсөг хэсгээс цус гарахаар нь би нүдээ гараараа дараад зогсож байхад тэр газарт ажлын газрын Хонгорзул ирчихсэн зогсож байсан. Тухайн үед миний баруун хөмсөг хэсгээс их цус гарсан. Тэгээд би толинд харсан чинь баруун хөмсөг язарчихсан шарх үүссэн байсан. Тухайн гэмтлийг надад тэр үед манай нөхөртэй зууралдсан байсан залуу гараараа 1 удаа цохиж учруулсан. Миний хөмсөг рүү цохисон залуу тухайн үед согтуу дээгүүрээ цагаан саарал өнгийн куртка өмссөн байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Миний биед учирсан гэмтлээс болж би ажлаа хийж чадахгүй байна. Манайх ил гал тогоон дээр үйлчлүүлэгчдийнхээ нүдэн дээр пицца хийж өгдөг. Гарсан хохирлоо барагдуулж авмаар байна” /хх-ийн 15-16 хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Оын дахин өгсөн “Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Уг гэмтлүүдийг тухайн үед манай нөхөртэй маргалдаж байсан залуу учруулсан. Өөр хүн бол учруулаагүй. Би хөмсөгнийхөө цусыг тогтоосныхоо дараа тэр залууг ойролцоо сандал дээр сууж байсан бөгөөд надад хандаад “эгчээ та утсаараа яриулчхаач, манай эхнэр өнөөдөр өглөө төрсөн, би охинтой болсон гээд байсан. Тэгэхэд нь би мэдрэл муутай юм уу, төрсөн хүн рүү утсаар ярьж, сэтгэл санааг нь үймүүлэх гээ юу гээд залгаж өгөөгүй юм. Мөн уг залуу нь миний гар утас А52 гэсэн утас байх ёстой, гар утас яасан бол гэхээр нь бид нар чи гар утасгүй байсан шүү, бид нар мэдэхгүй гэж хэлсэн. Уг залуу нь өөрийнхөө халаасыг ухаж байгаад бөхийн өргөөний билет болон задгай хэдэн төгрөг гаргаж ирчхээд буцаагаад хийсэн. Тухайн үед намайг байх үед тэр залуугийн биед халдсан зүйл байхгүй. Би өөрийнхөө хохирлыг гаргуулж авахыг хүсэж байна. Би 267.000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн байгаа. Дээр нь нэмээд ажилгүй үеийнхээ цалинг нэхэмжилж байна” /хх-ийн 89, 90 хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Үнэнжаргалын өгсөн “2021 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө би Натурын замын хойд талд байх ТҮЦ-ээс тамхи авсан.Тэгээд картаа өгөөд уншуулаад зогсож байсан чинь нэг согтуу цагаан куртиктэй залуу миний баруун талын мөрөн дээгүүр гар нь давж орж ирээд тамхи авъя гээд ТҮЦ-ний ах руу картаа өгсөн. Тэгээд би тамхи картаа аваад ТҮЦ-ээс гарах гээд за зөрчих үү гэсэн чинь тэр залуу миний араас куртканы хэсгээс барьж аваад би барилддаг шүү, намайг дийлэх үү гэсэн. Тэгээд тэр залуу бид 2 барьцалдаж аваад ТҮЦ-нээс гарсан чинь тэр залуу намайг хавсраад унгаачихсан. Тэгээд тэр залуу намайг машины урд хамар хэсэгт шахаад боож байх үед манай эхнэр ирчихсэн болиоч гээд дуу нь гарч байсан. Тэгээд би тухайн үед боолтод ороод тэрний гарыг нь тавиулаад доошоо тонгойж байх үед манай эхнэр хойшоо саваад газар унаж байгаа нь харагдсан. Тэгээд би тэр залууг эхнэрийг цохичихлоо гэдгийг мэдээд тэр залуугийн хөлөөс зуураад бариад байж байсан. Тэр үед эхнэр босож ирсэн чинь нүүрнээс нь цус гарч байсан. тэр үед манай ажлын 3 залуу замын урд талын ажлаас гарч ирээд, бид нар тэр согтуу залууг барьж аваад ажлын байр руу оруулсан. Ажил руу оруулаад би тэр залууг уур хүрээд мөр рүү нь гараараа 1 удаа цохисон. Зүүн гараараа тэрний чихнээс барьж байгаад зулгаасан. Эхнэрийн баруун хөмсөг язарчихсан байсан. Тэгээд тэр шөнө гэмтэл орж оёдол тавиулсан.Тухайн үед тэр залуу намайг заамдаж аваад боосон, тохойгоороо цээж рүү 2-3 удаа цохисон. Машины тэнд байхад миний хөлийн булчин, шилбэ рүү 2-3 удаа өшиглөсөн. Тухайн үед миний биед сүртэй гэмтэл, шарх учраагүй, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, гомдол санал байхгүй” /хх-ийн 18, 19хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Тэгшийн өгсөн “Тухайн үед бол тэр 2 залуу бие биетэйгээ зууралдаад байсан болохоос биш бие биеэ бол цохиогүй. Тэгээд би тэр хоёрт цаашаа яв, больцгоо гэж хэлчхээд буцаад ТҮЦ-рүү орчихсон. Тэгээд би түцэндээ байж байтал 30-аад минутын дараа Жагаа ах орж ирээд аль түрүүний залуу манай эхнэрийн хөмсөг рүү цохичихлоо гэж ярьсан” /хх-ийн 26 хуудас/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 11971 дугаартай шинжээчийн “1.Д.Оын биед баруун хөмсөгний няцарсан шарх, баруун нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 - д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-ийн 30-31/ гэх дүгнэлт,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

 Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 38 дугаар хуудас),

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас),

Байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 39 дүгээр хуудас),

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 40 дугаар хуудас),

Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас),

            Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 39 дүгээр хуудас),

Б.Анхбаярын Депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 52-55 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч “Шүүгдэгч Э.А нь 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр дунд замын “До До” пиццаны газрын замын хойд талын автобусны буудал дээр хохирогч Д.Оын баруун талын нүдэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцуулах саналтай.” гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Э.А нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

            Үйл баримтын талаарх дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Э.А нь хохирогч Д.Оын биед баруун хөмсөгний няцарсан шарх, баруун нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тус тус үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 11971 дугаартай шинжээчийн “1.Д.Оын биед баруун хөмсөгний няцарсан шарх, баруун нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 - д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн хамаарахаар тогтоож, хохирогч Д.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирчээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж үзэв.  

 

Эрх зүйн дүгнэлт

                     

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан

 

Шүүгдэгч Э.А нь хохирогч Д.Оын эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогч нарын Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Шүүгдэгч Э.Аийн үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийн хувьд “муухай харлаа” “машин дотроо амаа дарахгүй ханиалгалаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдсанаас үүдэж гэмт хэрэг гарсан байна гэж үзэв.

 

Хохирол, хор уршгийн талаар

 

Шүүгдэгч Э.А нь хохирогч Д.Од эмчилгээний зардал 270000 төгрөгийг шүүх хуралдаан дээр өгсөн, мөн түүний ажилгүй байсан 17 хоногийн цалин 850.000 төгрөгийг 2022 оны 5 дугаар сарын 15-ны дотор төлөхийг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, энэ талаар хохирогч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.

 

Өмгөөлөгчийн зардал 700000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахгүй байхаар шийдвэрлэлээ. Учир нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь иргэний эрх зүйн сайн дурын үндсэн дээр хийгддэг. Иргэн хэдэн ч өмгөөлөгч, сонгон авах, ямар хөлстэй гэрээ байгуулах нь сайн дурын үндсэн дээр, гэрээний талуудын чөлөөт байдалд тулгуурлаж хийгддэг тул гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол гэж үзэхэд учир дутагдалтай юм. Харин хохирогч нь гэм хорын хохирол, түүнтэй холбоотой цаашид гарах зардал байвал нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Э.А нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

                                                                     

Улсын яллагч: “Шүүгдэгч Э.Ад анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, хохирлоо цаашдаа нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг гаргасан.

 

Хохирогчийн өмгөөлөгч: “Улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байна.” гэв.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байна.” гэв.

 

Эрүүгийн хуулийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч Э.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо зарим хэсгийг нөхөн төлсөн бусад хэсгийг төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгож ухамсарласан байдал, гэм буруугийн хэлбэр, , гэмт хэргийн ангилал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Аийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.А нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 505-р зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.Аээс 850.000 /найман зуун тавин мянган/ төгрөг гаргуулан 2022 оны 05 дугаар сарын 15-ны дотор хохирогч Д.О  олгуулсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гэм хорын хохиролтой нэхэмжлэл байвал баримтаа бүрдүүлэн иргэний журмаар хангуулах эрхтэйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХТУЛГА