Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 000178

 

2018 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 142/ШШ2018/00178

Орхон аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Амарын өргөн чөлөө Хүрэнбулаг багт байрлах Капитрон банкны Эрдэнэт салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Б.Д,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Г.Б нарт холбогдох

“2016 оны 11 сарын 10-ны өдрийн 3052-2016/215 тоот зээлийн гэрээг цуцалж, 6 485 502 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алтансүх, хариуцагч Г.Б, Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Капитрон банкны Эрдэнэт салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Батдорж овогтой Далайжаргал, Ганбаатар овогтой Баярбөх нар нь тус банктай 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр №00 тоот зээлийн болон зээлийн барьцааны гэрээ байгуулан 8 000 000.00 төгрөгийн зээлийг жилийн 27.6 %-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан юм. Зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалттай авсан бөгөөд зээлийн барьцаанд Б.Дын өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг, 22 дугаар баг Яргуйт Толгод 1-28 тоотод байрлах 48.0 м/кв талбайтай хувийн сууц, 800 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын хамт зээлийн барьцаанд тавьсан бөгөөд, зохих журмын дагуу нотариатаар гэрчлүүлж, эрхийн улсын бүртгэлийн албанд бүртгүүлсэн болно. Зээлдэгч Б.Д, хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Б нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчин зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй байх тул зээлийн гэрээний 7.1.5, 10.2-д зааснаар талуудын хооронд байгуулсан №3052-2016/215 тоот зээлийн гэрээг цуцапж, үндсэн зээл 6 000 112.32 төгрөг, зээлийн үндсэн хүү 473 746.75 төгрөг нэмэгдүүлсэн хүү 11 643  төгрөг, нийт 6 485 502 төгрөгийн үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөр, мөн улсын тэмдэггийн хураамжид төлсөн 118 719 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэн, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар дурьдаж өгөхийг хүсье” гэжээ.

Хариуцагч Г.Б, Б.Д нар шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Иргэн Б.Д би хүү Г.Бөөр батлан даалгуулж Орхон аймгийн Капитрон банкнаас өөрийн үл хөдлөх хөрөнгөө барьцаалан 8 000 000 төгрөгийн зээлийг жилийн 27.6 %-ийн хүүтэй 24 сарын хугацаатай авсан нь үнэн бөгөөд тодорхой шалтгааны улмаас зээлийн гэрээний зөрчилд орж банк санхүүгийн ажилд хүндрэл учруулсан буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Иймд үндсэн зээл 6 000 112.32 төгрөг, зээлийн үндсэн хүү 473 746.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11 643 төгрөг, нийт 6 485 502 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 118 719 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2018 оны 04 сард 1 604 221 төгрөг, 2018 оны 05 сард 2 500 000 төгрөг, 2018 оны 06 сард 2 500 000 төгрөгөөр хувааж төлөх хүсэлтэй байна. Харин гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Капитрон банкны Эрдэнэт салбар нь Г.Б, Б.Д нарт холбогдуулан “2016 оны 11 сарын 10-ны өдрийн 3052-2016/215 тоот зээлийн гэрээг цуцалж, 6 485 502 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Хариуцагч нар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, 6 485 502 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн, харин барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

             Г.Б, Б.Д нар нь Капитрон банкны Эрдэнэт салбараас 2016 оны 11 сарын 10-ны өдөр 8 000 000 төгрөгийг  жилийн 27,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн болох нь 3052-2016/215 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, хэргийн 12-14 дүгээр хуудас дахь баримтууд, талуудын тайлбаруудаар нотлогдож байна.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан гэрээний харилцаа үүсчээ.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451.1, 452.1, 453.1-д зааснаар болон гэрээний дагуу хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

Зээлийн гэрээ болон барьцааны гэрээнүүд нь хуульд заасан шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээнүүд байна.

Хариуцагч нар нь 3052-2016/215 тоот зээлийн гэрээний үүргийг зөрчиж 2017 оны 06 дугаар сараас хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээний 10.2.2-д заасан “зээлдэгч энэхүү гэрээний заалтыг ноцтой зөрчсөн” гэж үзэхээр байна. Зээлийн гэрээний 2.1.10-д ноцтой зөрчил гэж юу болох талаар заажээ.

Тиймээс Капитрон банкны Эрдэнэт салбарын 3052-2016/215 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзнэ.         

Зохигчийн хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байх тул зээлийн төлбөрийн үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэгчийн шаардлага хуульд нийцсэн байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хариуцагч нараас гаргуулахаар заав.

             

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-д заасныг баримтлан Капитрон  банкны Эрдэнэт салбарын Г.Б, Б.Д нартай байгуулсан 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 3052-2016/215 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцласугай.

2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Б, Б.Д нараас тус бүр 3 242 751 төгрөг гаргуулан Капитрон банкны Эрдэнэт салбарт олгосугай.

3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч нар зээлийн төлбөрийг төлөх үүргээ эс биелүүлбэл зээлийн барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2101013518 дугаарт бүртгэлтэй Орхон аймаг Баян-Өндөр сум 22 дугаар баг Яргуйт толгодын 1-28 тоот 48 м.кв хувийн сууц,  эрхийн улсын бүртгэлийн Г-2101004607 дугаарт бүртгэлтэй Орхон аймаг Баян-Өндөр сум 22 дугаар баг Яргуйт толгодын 1-28 тоот 800 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг албадан дуудлага худалдаанд оруулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 118 719 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 59 359,5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Капитрон банкны Эрдэнэт салбарт олгосугай.

5. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХИШИГДАВАА