Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
Хэргийн индекс | 142/2018/00036/И |
Дугаар | 00163 |
Огноо | 2018-02-09 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 00163
2018 оны 02 сарын 09 өдөр | Дугаар 142/ШШ2018/00163 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Д.М-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Л.Б-д холбогдох,
“Зээлийн гэрээний төлбөр 13 590 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Мшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “ Д.М нь Л.Бд 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1 000 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр 3 000 000 төгрөгийг тус тус зээлүүлсэн. Хариуцагчтай зээлийн гэрээ байгуулж, гэрээ байгуулсан өдрөө мөнгөө шилжүүлсэн. Гэтэл зээлдэгч Л.Б нь зээлийн гэрээ байгуулсан өдрөөс өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний төлбөрт нэг ч төгрөг өгөөгүй. Иймээс 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний төлбөрт үндсэн зээл 1 000 000 төгрөг, зээлийн хүү 1 200 000 төгрөг, анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн хуулийн зохицуулалтын дагуу алданги 50 хувь болох 1 100 000 төгрөг нийт 3 300 000 төгрөг. 2014 оны 11 сарын 24-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний төлбөрт үндсэн зээл 3 000 000 төгрөг, хүү 3 860 000 төгрөг, гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувь болох алданги 3 430 000 төгрөг нийт 10 290 000 төгрөг. Хоёр зээлийн гэрээний төлбөрт нийт 13 590 000 төгрөгийг нэхэмжилж байх тул Л.Бгаас тус мөнгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Л.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.У шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Иргэн Л.Б би иргэн Д.М-тэй найз нөхдийн холбоотой. Би хэрэглээнд мөнгө хэрэгтэй болсон тул Д.М-тэй ярьж тохирон 2014 оны 11 сарын 26-ны өдөр 1 000 000 төгрөгийг 5%-ийн хүүтэйгээр зээлж авсан. Хүүнд 12 сарын 26-нд 50 000 төгрөг, 01 сарын 26-нд 50 000 төгрөг, 02 сарын 26-нд 50 000 төгрөг, З сарын 26-нд 50 000 төгрөг тус тус өгсөн. 2017 оны 8 сарын 29-нд 300 000 мянган төгрөг, 2017 оны 12 сарын 19-нд 83 000 төгрөгийн коктэйл өгсөн. Мөн 2014 оны12 сарын 26-нд дахин мөнгөний хэрэг гарсан учир 3 000 000 төгрөгийг 5%-ийн хүүтэйгээр зээлж авсан. Миний бие хувиараа бизнес эрхэлдэг байсан хэдий ч 2015 оны 01 сараас ашиг орлогогүй болж дээрх зээлийг төлөх боломжгүй болсон. Иргэн Д.М-гийн Орхон аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд 2014 оны 1 сарын 26-ны өдөр авсан 1 000 000 сая төгрөгний зээлийн хүү 1 200 000 төгрөг, 2014.12.26-ны өдөр үндсэн 3 000 000 сая төгрөг түүний зээлийн хүү 3 860 000 төгрөгийг төлөх боломжгүй. Харин зээлж авсан 1 000 000 сая төгрөг, 3 000 000 сая төгрөг болон үндсэн зээлийн 50%-иас хэтрүүлэхгүйгээр хүүг төлөх саналыг шүүхэд гаргаж байна. Мөн дээрх зээлийг авахдаа Д.Мбид 2 амаар ярилцаж тохиролцсон. Сүүлд 2017 оны 11 сард зээлийн гэрээ гэх хоёр бичвэр дээр тус тус гарын үсэг зуруулж хувийг надад өгсөн. Би энэ зээлийн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь зээлийн гэрээ өөрөө хуулийн дагуу хийгдээгүй шаардлага хангахгүй гэрээ тул хүчин төгөлдөр бус гэж үзнэ. Зээлийн гэрээ нь баллаж цохолсон, өөр өнгийн бэхээр нөхөж бичсэн ...” гэжээ.
Зохигчийн тайбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Мнь хариуцагч Л.Бд холбогдуулан “зээлийн гэрээний үүрэг гэж 13 590 000 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч, нэхэмжлэлээс үндсэн зээлийг зөвшөөрнө, хүү гэж 583 мянган төгрөг төлсөн. Зээлийг авахдаа Д.М-тэй амаар ярилцаж тохиролцсон. Сүүлд 2017 оны 11 сард зээлийн гэрээ гэх хоёр бичвэр дээр гарын үсэг зуруулж нэг хувийг нь өгсөн. Энэ зээлийн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь зээлийн гэрээ өөрөө хуулийн дагуу хийгдээгүй, сүүлд гарын үсэг зуруулсан хүчин төгөлдөр бус... гэж тайлбарласан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хэргийн 4, 5 дугаар хуудас дахь зээлийн гэрээнүүдэд үндэслэсэн.
Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба, зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж хуульд заажээ.
Тиймээс нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.
Хариуцагч нь 2014 оны 11 сарын 26-ны өдөр 1 000 000 төгрөгийг 5%-ийн хүүтэйгээр зээлж авсан, 2014 оны12 сарын 26-нд дахин мөнгөний хэрэг гарсан учир 3 000 000 төгрөгийг 5%-ийн хүүтэйгээр зээлж авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.
Харин зээлийн гэрээнд 2017 оны 11 дүгээр сард гарын үсэг зуруулсан, хүү гэж 12 сарын 26-нд 50 000 төгрөг , 01 сарын 26-нд 50 000 төгрөг, 02 сарын 26-нд 50 000 төгрөг, З сарын 26-нд 50 000 төгрөг тус тус өгсөн. 2017 оны 8 сарын 29-нд 300 000 мянган төгрөг, 2017 оны 12 сарын 19-нд 83 000 төгрөгийн коктэйл өгсөн гэх боловч тайлбар татгалзалтайгаа холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй.
Түүнчлэн хэргийн 4 дүгээр хуудас 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1,0 сая төгрөгийн зээлийн гэрээний 5 хувь гэдэг нь балласан гэх боловч, өөрт өгсөн нэг хувь нь засваргүй, 5 хувийн хүүтэй гэж бичсэн талаар хариуцагчийн төлөөлөгч тайлбарласан тул хүү тохирсон гэж үзэх үндэслэлтэй. Өөр өнгийн балаар нөхөж бичсэн нөхцөл байдал нотлогдоогүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан бөгөөд энэ үүргээ хариуцагч биелүүлээгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 1 000 000 төгрөг, хүү 1 200 000 төгрөг, алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж зааснаар багасгаж 500 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 3 000 000 төгрөг, хүү 3 860 000 төгрөг, алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар багасгаж 500 000 төгрөг гаргуулахаар нийт 10 060 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлээс 3 530 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 225 900 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 175 910 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д заасныг тус тус баримтлан Л.Бгаас 10 060 000 төгрөг гаргуулан Д.М-д олгож, нэхэмжлэлээс 3 530 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 225 900 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 175 910 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА