Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/192

 

 

 

 

 

 

 

 

 

2022         05          24                                        2022/ШЦТ/192

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав,

Улсын яллагч Г.Анх-Ирээдүй,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндбаяр, М.Ганзориг,

Шүүгдэгч Т.Ч нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ч-д холбогдох эрүүгийн 2225000000*** дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т.Ч  

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Ч нь 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 15 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг *-** дүгээр байрны *** тоотод өөрийн төрсөн хүү Ч.Г-ыг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Т.Ч шүүх хуралдаанд: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,

 

- Шүүгдэгч Т.Ч мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2022 оны 03 дугаар сарын 13-ны үдээс хойш гэртээ ганцаараа архи уусан юм. Тэгээд би согтчихсон бөгөөд миний хувьд согтохоороо хүн харахаар эрүүл юм шиг яваад байдаг бөгөөд ухаанаа алдчихдаг. Тэгээд нэг мэдсэн чинь манай гэрт баахан цагдаа нар хаалга онгойлгож орж ирээд намайг авч явсан. Тэгээд орой 23 цагийн үед намайг том хүү Галбадрах ирж авсан. Би түүнээс юу болсон талаар асуухад намайг хүү Гантулгыг зодсон гэж хэлсэн. Гэртээ очиход эхнэр Нарангэрэл хүү Ч.Г нар байхгүй байсан бөгөөд би гэртээ ганцаараа хоносон. Түүнээс хойш би гэрээс гаралгүй гэртээ ганцаараа байсан... түүний биед учруулсан гэмтлийг би учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,

 

- Хохирогч Ч.Г мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2022 оны 03 дугаар сарын 13-ны өглөө 09 цагийн үед гэртээ сэрэхэд аав Т.Ч нь байхгүй гараад явчихсан харин ээж Н маань унтаж байсан. Би салхилах гээд гэрээс гарсан бөгөөд над руу найз Эрдэнэбат залгаж дуудсан. Ингээд бид хоёр 4-р микрт уулзаж 0,33 литрийн 1 шил архийг хувааж уусан. Тэгээд дараа нь найз Ч.Г-тай уулзаж түүний машинд Э бид гурав 0,75 литрийн 1 шил архийг хувааж уусан. Ингээд би нилээн согтож гэр лүүгээ 15 цагийн үед ороход аав гэртээ согтуу байсан. Би гэрт ороод хувцасаа угаах гээд байж байтал аав шууд намайг сууж байхад баруун чамархай руу жийж унагаан, хоолойн дээр гишгэж байгаад толгой руу өшиглөсөн. Тэгтэл би хэсэг манарч байгаад гэрээс гарч зугтаагаад 3 давхрын Одноо эгчийн утсаар ээж рүү залгаж ярьснаа санаж байна. Харин цагдааг яаж дуудсанаа санахгүй байна. Нэг мэдэхэд би эмнэлэг дээр ирчихсэн сэхээнд сэрснээ санаж байна. Миний хувьд согтуу, аав бүүр илүү согтуу байсан. Миний биед учирсан гэмтлүүдийг манай аав Т.Ч нь хөлөөрөө хэд хэдэн удаа дэвсэлж учруулсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-60х/,

 

- Гэрч Э.Н мөрдөн шалгах ажиллагаанд: “...Өнөөдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 15 цагийн үед намайг гадаа машины хажууд зогсож байтал манай 9-р орцноос нэг залуу гарч ирээд “утсаараа яриулчихаач цагдаа дуудъя” гэсэн. Тэрээр аав намайг зодчихлоо, аав согтуу, би халамцуу байгаа юмаа гэж хэлсэн. Тухайн үед тэр залуугийн баруун шанаа нь хавдаад ам нь цус болчихсон байсан. Тэгээд би өөрийнхөө дугаараас цагдаа руу ярьсан бөгөөд мөн тэр залууг өөрийг нь яриулсан юм. Тэр залуу утсаар ярьчихаад орцны үүдэн дээр сууж байсан. Анх тэр залууг надтай уулзахаас өмнө манай орцны дээд давхарт 2 хүн хэрэлдэх чимээ гараад байсан, харин тэр залууг гарч ирснээс хойш хэрүүл маргаан сонсогдоогүй юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64х/,

 

- Гэрч Н.О мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 15 цаг 20 минутын үед Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, *-**-*** тоотод оршин суудаг Ч.Г гэдэг залуу хаалга тогшиж онгойлгосон чинь баруун талын хацар хэсэг хавдсан, архи уусан байхаар нь “яасан юм бэ хүнд зодуулсан юм уу” гэсэн чинь харин аавд зодуулаад толгой тархи дээр дэвсээд толгой өвдөөд байна, та ээж рүү залгаад өг гэхээр нь залгаж холбогдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66х/,

 

- Гэрч Д.Н мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 03 дугаар сарын 13-ны өглөө 07 цаг өнгөрч байхад нөхөр гэрээс гарсан, хүү маань 09 цаг өнгөрч байхад гарсан. Би харин 13 цагийн үед гэрээсээ гарсан. Тэгтэл манай доод айлын Одноо над руу 15 цаг 28 минутанд ярьсан бөгөөд “Ч.Г аавдаа зодуулаад нүүр ам нь аймар болчихсон байна” гэж хэлсэн. Тэгээд би гэртээ очиход хаалга онгойлгохгүй байсан бөгөөд цагдаагаас залгаж намайг эмнэлэг дээр ир гэсэн. Тэгтэл хүү Ч.Г-ын нүүр нь хавдчихсан, тархинд нь цус хуралт ихтэй байна гээд хагалгаанд орсон юм. Тухайн үед хүү маань хэлэхдээ “аав ирээд шанаа руу өшиглөж унагаагаад, дээрээс дэвссэн” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68х/,

 

- Гэрч А. мөрдөн шалгах ажиллагаанд: “...Тэгээд би хэзээ очсоноо санахгүй байна, эмнэлэг дээр очиж Ч.Г-тай уулзахад “тэрээр би тархины хагалгаанд орсон” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “яачихсан юм бэ?” гэтэл тэрээр аавд зодуулчихсан гэж хэлсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 72-73х/,

 

- Шинжээч эмч Ж.Г мөрдөн шалгах ажиллагаанд: “...Үзлэг ба шинжилгээний хэсэгт хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал нь хуучин гэмтэл байна гэдгийг тодорхой бичсэн тул дүгнэлт хэсэгт эдгээр гэмтлийг бичээгүй. Тухайн хэргийн улмаас /2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр бусдад зодуулсан/ гэх үүссэн гэмтлүүдийг дүгнэлтдээ тодорхой бичсэн байгаа. Ч.Г-ын биед учирсан хамрын ясны хугарал, таславч муруйлт баруун нүдний ухархайн дотор хананы хугарал зэрэг гэмтлүүд нь хуучин гэмтлүүд болно. Мохоо зүйлийн үйлчлэл гэдэгт гар, хөлөөр, эсвэл ямар нэг хурц үзүүр ирмэггүй, тодорхой нягттай мохоо зүйлээр цохих, өшиглөх, мөргөх, дэвсэх, тийрэх гэх мэт үйлчлэлүүд багтдаг. Ч.Г-ын биед учирсан гавал тархины битүү гэмтэл, тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн хатуу бүрхүүл хальсан доорхи их хэмжээний цусан хураа, баруун зулай, чамархай, шанаа, хацрын зөөлөн эдэд цус хуралт, баруун нүдний салстанд цус харвалт бүхий гэмтлүүд нь хохирогч өөрийн биеийн жингээр унах, хатуу зүйл мөргөх, цохих, цохигдох зэрэг үйлчлэлийн улмаас үүсэхийг үгүйсгэхгүй. Дээрх гавал тархины битүү гэмтэл нь хохирогчийн толгойн баруун талаас мохоо зүйлээр олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 101-102х/,

 

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 16- ны өдрийн 102 дугаартай “... Ч.Г биенээс авсан гэх цусанд 2,55 промилл процент этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарагдана...” гэсэн дүгнэлт /хх-ийн 84-85х/,

 

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 18- ны өдрийн 103 дугаартай “... Т.Ч-ын биенээс авсан цусанд этилийн спирт 2.6 промиль процент илэрсэн болно. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарагдана...” гэсэн дүгнэлт /хх-ийн 90-91х/,

 

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 22- ны өдрийн 249 дугаартай “1. Ч.Г-ын биед гавал тархины битүү гэмтэл, тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн хатуу бүрхүүл хальсан доорхи их хэмжээний цусан хураа, баруун зулай, чамархай, шанаа, хацрын зөөлөн эдэд цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх болно.

4. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна.

5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана.

6. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх байдлыг эдгэрэлтээс шалтгаалан тогтооно...” гэсэн дүгнэлт /хх-ийн 96-97х/,

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 3-9х/,

 

- Хүний биеэс биологийн дээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 10-11х/,

 

- Т.Чод мөрдөн шалгах ажиллагааны үед хийсэн тэмдэглэл /хх-ийн 141х/,

 

- Шүүгдэгч Т.Чын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 136х/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

    

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ч-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу хангалттай тогтоогдсон байна. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг нотлох баримтуудыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн үйлдлийг нотолсон гэж дүгнэв. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрдүүлэхдээ хохирогч, гэрч, шинжээч, яллагдагчаас мэдүүлэг авахдаа оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан нөхцөл байдал болон мөрдөн шалгах ажиллагааны журам зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй байх тул уг нотлох баримтуудыг үнэлэх боломжтой гэж үзэв.    

 

Шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр шүүгдэгч Т.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба өөрийн хүү Ч.Г-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн орж ирэхэд нь толгой руу нь өшиглөх, дэвсэх зэргээр зодож улмаар гавал тархины битүү гэмтэл, тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн хатуу бүрхүүл хальсан доорхи их хэмжээний цусан хураа, баруун зулай, чамархай, шанаа, хацрын зөөлөн эдэд цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт бүхий гэмтэл учруулсан үйл баримт болсон байна.

 

Гэм буруугийн талаар:

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч: Яллах дүгнэлтийн хавсралтад тусгасан нотлох баримтуудыг яллах талын нотлох баримтаар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалж, шүүгдэгч Т.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндбаяр, М.Ганзориг нар гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч Т.Ч нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ч.Г-ын “...Би 2022 оны 03 дугаар сарын 13-ны өглөө 09 цагийн үед гэртээ сэрэхэд аав Т.Ч нь байхгүй гараад явчихсан харин ээж Нарангэрэл маань унтаж байсан. Би салхилах гээд гэрээс гарсан бөгөөд над руу найз Эрдэнэбат залгаж дуудсан. Ингээд бид хоёр 4-р микрт уулзаж 0,33 литрийн 1 шил архийг хувааж уусан. Тэгээд дараа нь найз Ч.Г-тай уулзаж түүний машинд Э бид гурав 0,75 литрийн 1 шил архийг хувааж уусан. Ингээд би нилээн согтож гэр лүүгээ 15 цагийн үед ороход аав гэртээ согтуу байсан. Би гэрт ороод хувцасаа угаах гээд байж байтал аав шууд намайг сууж байхад баруун чамархай руу жийж унагаан, хоолойн дээр гишгэж байгаад толгой руу өшиглөсөн. Тэгтэл би хэсэг манарч байгаад гэрээс гарч зугтаагаад 3 давхрын Одноо эгчийн утсаар ээж рүү залгаж ярьснаа санаж байна... Миний хувьд согтуу, аав бүүр илүү согтуу байсан. Миний биед учирсан гэмтлүүдийг манай аав Т.Ч нь хөлөөрөө хэд хэдэн удаа дэвсэлж учруулсан юм...” гэсэн, гэрч Э.Нармандахын  “...2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 15 цагийн үед намайг гадаа машины хажууд зогсож байтал манай 9-р орцноос нэг залуу гарч ирээд “утсаараа яриулчихаач цагдаа дуудъя” гэсэн. Тэрээр аав намайг зодчихлоо, аав согтуу, би халамцуу байгаа юмаа гэж хэлсэн. Тухайн үед тэр залуугийн баруун шанаа нь хавдаад ам нь цус болчихсон байсан... Анх тэр залууг надтай уулзахаас өмнө манай орцны дээд давхарт 2 хүн хэрэлдэх чимээ гараад байсан, харин тэр залууг гарч ирснээс хойш хэрүүл маргаан сонсогдоогүй юм...” гэсэн, гэрч Н.Од-ийн  “...2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 15 цаг 20 минутын үед Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, *-**-***0 тоотод оршин суудаг Ч.Г гэдэг залуу хаалга тогшиж онгойлгосон чинь баруун талын хацар хэсэг хавдсан, архи уусан байхаар нь “яасан юм бэ хүнд зодуулсан юм уу” гэсэн чинь харин аавд зодуулаад толгой тархи дээр дэвсээд толгой өвдөөд байна, та ээж рүү залгаад өг гэхээр нь залгаж холбогдуулсан...” гэсэн, гэрч Д.Н-ийн “...2022 оны 03 дугаар сарын 13-ны өглөө 07 цаг өнгөрч байхад нөхөр гэрээс гарсан, хүү маань 09 цаг өнгөрч байхад гарсан. Би харин 13 цагийн үед гэрээсээ гарсан. Тэгтэл манай доод айлын Одноо над руу 15 цаг 28 минутанд ярьсан бөгөөд “Ч.Г аавдаа зодуулаад нүүр ам нь аймар болчихсон байна” гэж хэлсэн. Тэгээд би гэртээ очиход хаалга онгойлгохгүй байсан бөгөөд цагдаагаас залгаж намайг эмнэлэг дээр ир гэсэн. Тэгтэл хүү Гантулгын нүүр нь хавдчихсан, тархинд нь цус хуралт ихтэй байна гээд хагалгаанд орсон юм. Тухайн үед хүү маань хэлэхдээ “аав ирээд шанаа руу өшиглөж унагаагаад, дээрээс дэвссэн” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгүүд, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 249 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Т.Ч-ын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаа дугаар зүйлийн 13-т ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулсан. Гэтэл шүүгдэгч Т.Ч нь өөрийн хүү болох Ч.Г-ын хуулиар баталгаажуулсан иргэний халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдсон.

 

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч, хохирогч нарын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь нөлөөлсөн гэж үзлээ.

 

 Шүүгдэгч Т.Ч-ын гаргаж буй үйлдэл нь хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах боломжтой, хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж түүнийг хүсч үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. Иймд шүүгдэгч Т.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирогч Ч.Г нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...би төрсөн аавдаа ямар ч гомдол саналгүй. Миний эмчилгээний зардал төлбөрийг гаргаж намайг маш сайн эмчлүүлж байгаа. Одоо миний бие сайн байгаа, эмчилгээ үргэлжүүлэн хийлгэж байгаа болно...” гэсэн, хэрэгт хохирлын талаар нотлох баримт авагдаагүй байх тул шүүгдэгч Т.Ч-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Шүүгдэгч Т.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Улсын яллагч: “... Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ч-ыг арван мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндбаяр, М.Ганзориг нар: “...1998 онд шийтгүүлж байсныг урд нь гэмт хэрэг үйлдэж байсан гэж үзэх үндэслэлгүй, хуучин хуулиар ялтай байх байдал өнгөрсөн, энэ хуулиар ялтай байдал гэж байхгүй учраас шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж болохгүй юм. Иймд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй... түүнийг анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, улсаас авсан гавъяа шагнал болон түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бага торгуулийн ял болох арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Т.Ч-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан учруулсан хохирлоо нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Т.Ч нь бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хууль бус үйлдэлдээ шууд санаатай хандсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэж хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлгүй байна.   

 

 Шүүх шүүгдэгч Т.Ч-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт буруугаа хүлээн зөвшөөрсөн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван мянга нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10,100,000 төгрөгийн торгох ялаар шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон гэж үзэв.

 

Шүүгдэгч Т.Ч нь тэтгэвэрт байдаг гэх тул түүний хөрөнгө, орлого зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Т.Ч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтаар шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч Т.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ч-ыг арван мянган нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,100,000 /арван сая нэг зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ч-д оногдуулсан 10,100,000 /арван сая нэг зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Т.Ч нь 10,100,000 /арван сая нэг зуун мянга/ төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Т.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ч-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.НАРМАНДАХ