Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 00164

 

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 142/ШШ2018/00164

Орхон аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум М.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

“Авто зогсоолуудын дуудлага худалдааг хүчингүй болгуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүдэрчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Мэндбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ Миний эзэмшилд байгаа Орхон аймаг Баян-Өндөр сумын 17,18, 21, 22, 23, 46 тоот 90 метр квадрат талбайтай авто зогсоолын нэг бүрийг нь 20 000 000 төгрөгөөр 2015-11-30-нд “Найдвар Од Аудит” ХХК-аар үнэлүүлсэн. Өнөөдрийн байдлаар валютын ханш /2495,29/ өссөн байгаа тул би үнэлгээгээ дахин хийлгэх санал тавьсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба миний саналыг хүлээн зөвшөөрөөгүй. Хүлээн зөвшөөрөхгүй байсаар анхны дуудлага худалдааг явуулсан. Энэ тухай би 2016.08.06-ны өдөр шүүхэд өгсөн боловч 2016.09.13-ны 142/ШЗ2016/04833 дугаартай шүүгчийн захирамж гарсан. Өнөөдрийн байдлаар миний хөрөнгийг бага дүнгээр үнэлж дуудлага худалдаа явуулсанд гомдолтой байгаа тул шийдвэрлэж өгнө үү. Өмнө нь ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч хариу ирүүлэхгүйгээр албадан дуудлага худалдааг явуулсан” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: “М.Мэндбаярын нэхэмжлэлтэй Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хариуцагдах үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага биш бөгөөд тухайн үед маргааны гол зүйл болох гражуудыг тухайн үед огт үнэлээгүй бөгөөд үнэлгээн дээр хоёр тал тохиролцсон тухай баримт хэрэгт байхгүй учир үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага байхгүй юм. Шүүх нэхэмжлэлийг хүлээн аваад 2017-01-24-ний өдрийн 693 дугаартай иргэний хэрэг үүсгэх тухай захирамжаараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох гэсэн байх тул нэхэмжлэгч М.Мэндбаярын Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5 дугаар бичил хорооллын 24 дүгээр байрны урд талд байрлах авто зогсоолууд /17, 18, 21, 22, 23, 46 тоот/-ыг 2016 онд дуудлага худалдаанд оруулсан. Дуудлага худалдааг Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зүйл заалтуудын дагуу явуулах учиртай байтал хууль зөрчиж дуудлага худалдааг явуулсан учир дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү. 2016 оны 06 дугаар сард явагдсан дуудлага худалдааны тогтоол болон тэмдэглэл байхгүй учир шаардлагаа дэлгэрэнгүй бичих боломжгүй байна. Иймд Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Уртбулаг багийн нутагт байрлах авто зогсоолуудыг дуудлага худалдаанд оруулсан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар 15-ны өдрийн 284 дүгээр шүүгчийн захирамжаар М.Мэндбаяраас 122 671 365 төгрөг гаргуулж, аймгийн Төрийн банкинд олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч М.Мэндбаярын өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 24 байр а-17, 18, 21, 23, 46, а-22 дугаартай авто зогсоолыг 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 56/05 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх актаар битүүмжилж, 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 56/05 дугаартай эд хөрөнгө хураасан актаар хураасан. 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлбөр төлөгч М.Мэндбаяр нь төлбөрт хураагдсан тус авто зогсоолыг тус бурийг нь 20 000 000 /хорин сая/ төгрөгөөр үнэлж үнийн санал өгсөн. Төлбөр авагч Төрийн банк нь төлбөр төлөгч М.Мэндбаярын үнийн саналтай танилцаж, үнийн саналыг зөвшөөрсөн тул /Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гуйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтооно/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу төлбөрт хураан авсан. Төлбөр төлөгч М.Мэндбаярын өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 24 дүгээр байр а-17, 18, 21, 23, 46, а-22 авто зогсоолыг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 15 цагт тус бүрийг нь 20 000 000 төгрөгөөр тогтоосон үнэлгээний 70 хувь болох 14 000 000 /арван дөрвөн сая/ төгрөгөөр дуудлага худалдаанд, 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 10 цагт тус бүрийг 22 000 000 төгрөгөөр тогтоосон үнэлгээний 50 хувь болох 10 000 000 /арван сая/ төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь дуудлага худалдаанд оруулсан боловч сонирхогч этгээд оролцлоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасны дагуу мөн борлогдоогүй тус эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох хурлыг 2017 оны 01 дүгээр 30-ны өдөр зохион байгуулж, төлбөр авагч Төрийн банк нь худалдан борлогдоогүй тус 6 зогсоолыг хоёр дахь дуудлага худалдааны доод үнэ болох тус бүрийг нь 10 000 000 төгрөг, 50 000 000 төгрөгөөр тооцон авсан...” гэжээ.

Зохигчийн тайбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч М.Мэндбаяр нь хариуцагч Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан “авто зогсоолуудын дуудлага худалдааг хүчингүй болгуулна” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.  

            Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаан дээр хоёр албадан дуудлага худалдааг хоёуланг нь хүчингүй болгуулна гэж тодруулсан.

 Нэхэмжлэгч М.Мэндбаяр нь Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 284 дугаартай тогтоолоор Төрийн банкинд 122 286 673 төгрөг төлөхөөр шийдвэрлэгдэж, дээрх тогтоолын дагуу тус шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 142/ШШ2016/01535 дугаартай албадан гүйцэтгэх шүүгчийн захирамж гарч, 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гүйцэтгэх хуудас бичигдэж Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргэгджээ.

Гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу 2016 оны 03 дугаар сарын 29-ны өдөр 16140364 дугаартай “шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай” ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарчээ./хх87/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр эд хөрөнгийг битүүмжлэх 56/05 дугаартай акт үйлдэж эд хөрөнгийг битүүмжилж, төлбөр төлөгчид эд хөрөнгийг хариуцуулж тэмдэглэл үйлдсэн, мөн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр эд хөрөнгийг хураахаар акт үйлдсэн байна. /хх-66-71 хуудас/,

Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 16/56/08 тоот тогтоолоор дээрх авто гражуудыг албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 15 цагт явуулахаар /хх74/ болж, анхны албадан дуудлага худалдаанд оролцогч ирээгүй тул хоёр дахь дуудлага худалдааг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 16/56/01 дугаартай тогтоолоор 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 10 цагт явуулж /хх81/, албадан дуудлага худалдаанд үнийн санал ирүүлээгүй тул комисс хуралдаж албадан дуудлага худалдааг явагдсанд тооцжээ. Дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, дуудлага худалдааг явуулахдаа Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуульд заасан дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч нь дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ гэснийг зөрчсөн, мөн албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг төлбөр төлөгчид хүргүүлнэ гэснийг зөрчсөн гэж тайлбарласан.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2016 оны 3 дугаар сарын 29-нд үүссэн байх ба /хх87х/ шүүхэд 2017 оны 01 дүгээр сарын 17-нд хандаж, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 24-ндиргэний хэрэг үүсгэсэн байна.

Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2017 оны 7 дугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд, төлбөр төлөгч М.Мэндбаярын энэ хэрэгтэй холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу явагдаж байсан тул 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг баримтлан шийдвэрлэх үндэслэлтэй шүүх гэж үзэв.  

2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д албадан дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч уг худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ гэж заасан бөгөөд, эхний албадан дуудлага худалдаа 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн Зууны мэдээ сонинд, хоёр дахь дуудлага худалдаа 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Зууны мэдээ сонинд тус тус зарлагдсан нь хуулийн дээрх заалттай нийцэхгүй байна. Энэ нь өөрөөр хэлбэл 14 хоногийн өмнө биш 14 дэхь хоног дээрээ зарлагдсан байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47.1-д заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

Мөн 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д шийдвэр гүйцэтгэгч албадан дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт болон төлбөр төлөгчид хүргүүлнэ гэж заасан бөгөөд Үл хөдлөх хөрөнгийн бүргэлийн газарт хэдийд хүргүүлсэн нь хэрэгт ирүүлсэн баримтуудаар нотлогдоогүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хэдийгээр нэхэмжлэгч албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулна гэж байгаа боловч энэ нь угтаа алдбадан дуудлага худалдааны тогтоолыг хүчингүй болгох гэж ойлгох нь зүйтэй юм.  

Тус шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШЗ2017/00941 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгохоор заав.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.   

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 47 дугаар зүйлийн 47, 43 дугаар зүйлийн 43.3-д заасныг баримтлан Орхон аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны  2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 16/56/08 дугаартай, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 16/56/01 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах болон, хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолуудыг хүчингүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Тус шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШЗ2017/00941 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.   

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХИШИГДАВАА