Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/733

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: Ц.Хонгорзул,

улсын яллагч: Э.Чанцалням,

шүүгдэгч: Ч.Д /өөрөө өөрийгөө өмгөөлөсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Ч.Д-д холбогдох эрүүгийн 00000000000 тоот хэргийг 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Ч-ын Д /РД:00000000/,

Монгол улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр *** аймгийн **********суманд төрсөн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа барилга дээр засал чимэглэлийн ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо Хангайн 0 дугаар гудамж 0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

 Шүүгдэгч Ч.Д нь 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо ХМК 0 дугаар байрны 0 тоотоос У.Х-ийн эзэмшлийн Samsung Galaxy А-72 маркийн гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч, бусдад 1.200.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.        

              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Ч.Д нь 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо ХМК 0 дугаар байрны 0  тоотоос У.Х-ийн эзэмшлийн Samsung Galaxy А-72 маркийн гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 1.200.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Б.Б-т 550.000 төгрөгийн хохирол учирсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

-Хохирогч У.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 10 цагийн орчимд бид хоёр сэрсэн ба тухайн үед миний гар утас, эд зүйлс байсан ба өдөр 11 цагийн орчимд Намуунзаяагийн найзууд нь гээд үл таних дөрвөн залуу гаднаас орж ирээд бид нар нийлж архи, пиво хувааж уусан. Нэг мэдсэн чинь би согтоод унтчихсан байсан ба орой 22 цагийн орчимд сэрсэн чинь хамт архи ууж байсан хүмүүс болох Намуунзаяа түүний найзууд архи уугаад сууж байсан...би гар утсаа хайтал олдохгүй болохоор нь Намуунзаяагаас асуусан чинь мэдэхгүй байна гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Samsung Galaxy А-72 загварын хар өнгийн андройд үйлдлийн системтэй эвдрэл гэмтэл, сэв зураас содон шинж тэмдэггүй... Тухайн үед миний гар утас зочны өрөөний ширээн дээр ил тавьчихсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-22-рр хуудас/,

-Иргэний нэхэмжлэгч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би дээрх имей кодтой Samsung Galaxy А-72 загварын гар утсыг 2021 оны 11 дүгээр сарын эхээр л байсан санагдаж байна. Яг өдрийг нь сайн санахгүй байна. Манай нөхрийн найз Алтан-Од гэх залуу 21 дүгээр хороололд барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулдаг бөгөөд тухайн хүнээс барьцаанд хураагдсан шинэвтэр, гайгүй утас байна гэхээр нь тухайн гар утсыг би 550.000 төгрөгөөр худалдан авч одоог хүртэл ашиглаж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-27-р хуудас/,

-Гэрч Ц.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр 21 дүгээр хороололд Тулгуур Стандарт нэртэй барьцаалан зээлдүүлэх газар хувиараа ажиллуулдаг юм. 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Ч.Д гэх хүн Samsung Galaxy А-72 загварын гар утсыг өөрийнхөө бичиг баримтаар 400.000 төгрөгийн барьцаанд 7 хоногийн хугацаатайгаар тавьсан. Тухайн хүний барьцаат зээлийн гэрээний үндсэн хугацаа 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр дууссан бөгөөд хүлээлгийн 10 хоногийн хугацаанд тухайн хүнтэй холбогдох гэсэн боловч гэрээ байгуулах үед өгсөн 00000000 дугаар нь холбогдохгүй байсан учраас 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тухайн гар утас нь манай байгууллагын өмч болсон. Тэгээд дээрх гар утсыг би өөрийн найз Балжиннямын эхнэр Б гайгүй утас байвал авна шүү гэж захьсан байсан учраас тухайн Samsung Galaxy А-72 загварын гар утсыг 550.000 төгрөгөөр Б-т зарсан...Ч.Д гэх хүн гар утас барьцаанд тавих үедээ ганцаараа явж байсан. Манай байгууллага хяналтын камертай. Тэгэхдээ бичлэгээ 45 хоног хадгалдаг. Одоо бол тухайн үеийн бичлэг байхгүй...” гэх /хавтаст хэргийн 29-30-р хуудас/,

-Мастер үнэлгээ ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 21/095 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан “...нийт дүн 1.200.000 төгрөг ...” гэх /хавтаст хэргийн 41-43-р хуудас/,

-Юнител ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 05-01/698 дугаартай “...30000000000 имей кодтой утсанд 00000000 дугаарыг 2021 оны 11 дүгээр сарын 19-өөс 2022 оны 01 дүгээр сарын 19-ны өдрүүдэд хийж ашигласан байна. 00000000 Б Б, 000000, Улаанбаатар хот Хан-Уул 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 0 сургуулийн ажилчдын байр 0  тоот...” гэх албан тоот /хавтаст хэргийн 71-р хуудас/,

-Тулгуур стандарт барьцаалан зээлдүүлэх газрын барьцаат зээлийн /хавтаст хэргийн 47-р хуудас/

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 12-15-р хуудас/,

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 16-р хуудас/,

-Шүүгдэгч Ч.Д-гийн яллагдагчаар өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо ХМК 0 дугаар байрны 0  тоотод 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн өглөө 10 цагийн орчим найз Э-тын хамт Н гэх эмэгтэйн гэрт очсон ба тухайн айлд очиход Намуунаа найз залуугийнхаа хамт байсан ба бид нар 1 литрийн Соёрхол архи 2 шил, нилээн их пиво хувааж ууж байгаад 16 цагийн орчим би тэдний гэрээс гарч явсан. Тэдний гэрт архи ууж байхдаа гэр дотор нь байсан буйдан дээр ил байсан Samsung Galaxy А-72 маркийн хар өнгийн гар утсыг хэнд ч мэдэгдэхгүй ганцаараа хулгайлж авч гараад Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороололд ломбарданд өөрийн бичиг баримтаар өөрийнхөө гар утас гэж хэлээд 300.000 төгрөгөөр барьцаанд тавьсан ба очиж аваагүй...” гэж /хавтаст хэргийн 88-89-р хуудас/  мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Хувийн байдлын хувьд иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 51-р хуудас/, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 52-рр хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 53-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 54-р хуудас/,  нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 55-р хуудас/, депозит дансны хуулга /хавтаст хэргийн 58-69-р хуудас/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 48-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судаллаа.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.Д нь тусгай дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Ч.Д нь нууц аргаар, шууд санаатай үйлдлээр “Samsung Galaxy А-72” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авсан болох нь дээр дурьдсан баримтуудаар тогтоогдож байна.

Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “ Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч Ч.Д-гийн үйлдэл нь өмчлөгчийн дээрх эрхийг зөрчиж, хохирогчийн эд хөрөнгө буюу “Samsung Galaxy А-72” маркийн гар утсыг нь хариу төлбөргүйгээр өөртөө шилжүүлэн авах зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр нууц далд аргаар үйлдсэн байгаа нь хууль бусаар өмчлөх эрхэд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.   

Хохирогчийн “Samsung Galaxy А-72” маркийн гар утас 1.200.000 төгрөг болох нь хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар “бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэж үзэх бөгөөд хохирлын хэмжээ гэмт хэргийн шинжийг бүрдүүлж байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ч.Д-нг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч У.Х нь одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, иргэний нэхэмжлэгч Б.Б 550.000 төгрөгийн төгрөгийн хохирлыг гаргуулахыг хүсч байна” гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд тус тус мэдүүлсэн байна.  

Шүүгдэгч Ч.Д-нг гэм буруутай болохыг тогтоосон бөгөөд иргэний нэхэмжлэгч Б.Б-т 550.000 төгрөгийн хохирол учирсан талаар гэрч, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлгээр тогтоогдсон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж зааснаар дээрх хохирлыг шүүгдэгч төлөх үүрэгтэй.

Иймд мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт ”Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж зааснаар 550,000 төгрөгийг шүүгдэгч Ч.Д-гээс гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Б-т олгох нь хууль зүйн үндэслэл бүхий юм.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Шүүгдэгч Ч.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх саналтай байна. Иргэний нэхэмжлэгч Б.Б-т 550,000 төгрөгийн хохирол төлбөрийг гаргуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй болно” гэх дүгнэлттэй шүүгдэгч Ч.Д нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Ч.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэргийн нөхцөл байдлын хувьд мөрдөн шалгах ажиллагааны үр дүнгийн улмаас гар утсыг хураан авч, хохирогчид буцаан өгсөнөөр шууд хохирол төлөгдсөн хэдий ч энэ гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Б.Б-т 550.000 төгрөгийн хохирол учирсан байгааг шүүгдэгч төлөх талаар ямар нэг үйлдэл санаачилга гаргаагүй тул түүний цаашид төлөх талаараа илэрхийлж байгааг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн бөгөөд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх саналыг хүлээн авахгүйгээр шийдвэрлэв.

Харин учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруугаа ухамсарлаж байгаа, хувийн байдал /хувиараа барилга дээр засал чимэглэлийн ажил эрхэлдэг, ам бүлийн хувьд эхнэр хүүхдийн хамт амьдардаг/ зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Ч.Д-д 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүргийг хүлээлгэж шийтгэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ гэж үзэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.  

 

2.3. Бусад асуудлын талаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Б овогт Ч-ын Д-нг бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д-д 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д-нг “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарласугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

          5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д-гээс 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Б-т олгосугай.

 

          7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

         

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.УРАНГУА