Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2019/ДШМ/32

 

2019 оны 05 сарын 01 өдөр                          

  2019/ДШМ/32                                                               Зуунмод

С.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Энхболд,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ,

Шүүгдэгч С.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр,

Нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Д.Баттулга, шүүгч Г.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй хянан  шийдвэрлэсэн, 2019 оны 02 сарын 25-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч С.Б-д холбогдох 1834000000191 дугаартай 2 хавтас бүхий эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 04 сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

             С.Б, Говь-Алтай аймгийн Халиун суманд 1976 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 43 настай, Монгол улсын иргэн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, хамтран амьдрагч Ц.Нансалмаа, охин Тогтуунбаярын хамт Төв аймгийн ... оршин суух хаягтай,  урьд ял шийтгэлгүй, /РД: ДК...9.

  Шүүгдэгч С.Б  нь Төв аймгийн Борнүүр сүмын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг "Нуурын завсар" гэх газарт байрлах өөрийн гэртээ 2018 оны 05 дугаар сарын 30-наас 31-ний шилжих шөнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Ц.Нансалмааг толгой, цээжин тус газарт нь цохиж алсан гэмт хэрэгт холбогджээ.

  Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2019 оны 02 сарын 25-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолоор: 

           Шүүгдэгч С.Б-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт зааснаар Боржигон овгийн Сайнбилэгийн Батсүхийг бүх насаар нь хорих ялаар шийтгэж,

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Б-д оногдуулсан бүх насаар нь хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ийн урьдчилан цагдан хоригдсон 244 /хоёр зуун дөчин дөрвөн/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, 1.4, 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цус мэт зүйлээр бохирлогдсон 3 хэсэг даавууны хэсгийг устгахыг Төв аймгийн шүүхийн Тамгын газарт даалгаж, "Борнуур сум С.Б  мэдүүлэг шалгах" гэх нэртэй бичлэг бүхий си ди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь хавсаргаж,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар 5 тооны үхэр битүүмжилсэн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 21 дугаартай "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" прокурорын тогтоолыг хүчингүй болгож,

           Шүүгдэгч С.Б-ийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Үржинбадамд гэмт хэргийн хохиролд 1000000 төгрөг болон 3 бод, 20 тооны бог мал өгсөн болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 88,320.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, дээрх нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

    Дээд шатны прокурор гаргасан эсэргүүцэлдээ: “Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч С.Б-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар бүх насаар нь хорих ялаар шийтгэж, урьдчилан цагдан хоригдсон 244 /хоёр зуун дөчин дөрвөн/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож шийдвэрлэхдээ цагдан хоригдсон хоногийг дутуу тооцсон байна.

Шүүгдэгч С.Б-д 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 249 хоног цагдан хоригдсон байна.

 Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

  Шүүгдэгч С.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний бие Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 25-ны өдрийн 65 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараахь гомдлыг гаргаж байна. Би хүн амины хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Энэ хэргийг үйлдэхдээ уурын мунхгаас болж, талийгаачийг н.Гансүх гэгчтэй хардаж, гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Анхан шатны шүүх надад бүх насаар нь хорих ял өгсөнд гомдолтой байна. Би өөрөө ийм хэрэг үйлдсэнээ анх мөрдөн байцаагч н.Эрдэнэбилэгт болсон бүх зүйлийг хэлж, хэргээ сайн дураараа илчилж очиж мэдүүлсэн. Миний бие өмнө нь ямар нэгэн гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Иймд надад оногдуулсан бүх насаар нь хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

    Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр гаргасан давж заалдах гомдолдоо: “Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 25-ны өдрийн 65 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараахь гомдлыг гаргаж байна.

1. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. С.Б ийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож бүх насаар нь хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь амь хохирогч Ц.Нансалмаа нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзэхэд С.Б тэй гэр бүл биш байна. Монгол улсын гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д гэрлэлт гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр сайн дурын, чөлөөтэй тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг, мөн хуулийн 3.1.2-т гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд бий болсон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг, мөн хуулийн 3.1.3-т гэрлэгчид гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх, нөхөр, эхнэрийг хэлнэ гэж заажээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт 1-р хавтаст хэргийн 11-р талд гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа авагдсан байна. С.Б нь 2002 оны 07 сарын 10-ны өдөр Д.Мандахтай гэр бүл болсныг 2004 оны 03 сарын 17-нд бүртгэсэн баримт авагджээ. Өнөөдрийн байдлаар С.Б, Д.Мандах нар нь албан ёсны гэр бүл ба гэрлэлт цуцлагдсан талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй байна. Монгол улсын гэр бүлийн тухай хуулийн 2-р бүлгийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт эрэгтэй хүн нэг эхнэр, эмэгтэй хүн нэг нөхөртэй байна гэж заажээ. Дээрх хуулийн заалтуудаас үзэхэд С.Б ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна. С.Б ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсонд маш их харамсаж байна. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь эр, эмийн хардалтаас болсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс шүүгдэгч Батсүхийн цагдан хоригдсон хоногийг 244 хоног гэж тооцсон. Тооцож үзэхээр 249 хоног болж байх тул шүүгдэгч С.Б ийн цагдан хоригдсон хоногийг зөвтгөн тооцож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр гаргасан тайлбартаа: С.Б өмнө нь 2004 онд Мандах гэдэг хүнтэй гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан баримт хэрэгт байдаг. Амь хохирогчтой гэр бүл байгаагүй нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний амь нас хохироосон гэдэг нь нотлогддоггүй. Гэрч Н.Дашдэмбэрэл нь амь хохирогч нь гэгчтэй 2009 оноос хойш хамт амьдарсан гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Гэр бүлийн хүчирхийлэл нь байнгын шинжтэй байхыг шаарддаг. Ийм баримт бол хэрэгт байхгүй. Батсүх нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Иймд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ гаргасан тайлбартаа: Прокурорын гаргасан шүүгдэгчийн цагдан хорих хоногийг дутуу тооцсон гэсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Харин шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг дэмжихгүй байна. Гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх  тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар ойлгодог. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн амь хохирогчтой гэр бүлээс гадуур харилцаатай байсан гэж дүгнэж байгааг эсэргүүцэж байна. Батсүх нь Мандахаас салаад дараа нь талийгаачтай хамт амьдарч байсан. Дундаас нь хүү Тогтуунбаяр төрсөн байдаг. Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг эсэргүүцэж байна гэв.

      ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий гараагүй байна.

Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаануудыг мөрдөн байцаалтын шатанд хийлгэхээр хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах үндэслэл тогтоогдож байна.

1. 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаагч Б.Цэрэндовдон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ш.Пүрэвдуламыг шинжээчээр томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол гаргажээ. Уг тогтоолын тогтоох хэсгийн 3-р заалтад шинжээчид дүгнэлт гаргуулахаар “1. Шинжилгээнд хүргүүлж байгаа хэргийн газраас илрүүлэн авсан хоёр хэсэг яс нь шинжилгээнд тэнцэх эсэх. 2. Уг ясны ДНХ бүтцийг тогтоох” гэсэн 2 асуултад 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 6777 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 2-р асуултанд хариулаагүй байна. Хэргийн газраас бэхжүүлж авсан нотлох баримт болох хүний шатсан яснаас ДНХ бүтцийг тогтоох боломжтой эсэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасны дагуу нэмэлт шинжилгээ хийлгүүлж, дүгнэлт гаргуулах шаардлагатай байна. Мөн шинжээчээс гаргасан дүгнэлттэй нь холбогдуулж мэдүүлэг авах ажиллагааг явуулах нь зүйтэй байна.

2. С.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэмт хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.3, 1.6 дах хэсэгт заасан гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг яаж үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэрэг байдлуудыг бүрэн бодитой нотлоогүй байна.  Мөн яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт хэргийн товч агуулга: “Яллагдагч С.Б  нь Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг “Нуурын завсар” гэх газарт байрлах өөрийн гэртээ 2018 оны 05 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Ц.Нансалмааг толгой, цээжин тус газарт нь цохиж алсан” гэжээ. Шүүгдэгч С.Б ээс амь хохирогч Ц.Нансалмааг хэдэн цагийн үед цохиж зодсон, хэдэн удаа толгой, чээж рүү нь цохьсон, зодсоны дараа амь хохирогч ямар байдалтай байсан, хэдэн цагийн үед амь хохирогч нас барсан, нас барсан эсэхийг нь яаж мэдсэн, амь хохирогч нь шүүгдэгчийн өөдөөс биеэ хамгаалах үйлдэл хийсэн эсэх зэрэг байдлуудыг асууж тодруулан “хүнийг санаатай алах” гэмт хэргийг хэрхэн яаж үйлдсэнийг бүрэн нотлох шаардлагатай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хуульд заасан бүх арга хэмжээг авч шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох нь хэргийн бодит байдлыг нотлоход зайлшгүй ач холбогдолтой байна.

3. 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаагч Б.Цэрэндовдон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ш.Цэцэгмааг шинжээчээр томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол гаргажээ. Уг тогтоолын тогтоох хэсгийн 3-р заалтад шинжээчид дүгнэлт гаргуулахаар асуусан 4-н асуултад 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 801 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 1-р асуултанд нь шинжээч хариулаагүй байна.

2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаагч С.Эрдэнэбилэг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ш.Пүрэвдуламыг шинжээчээр томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол гаргажээ. Уг тогтоолын тогтоох хэсгийн 3-р заалтад “ 3. ДНХ тогтоц нь хэн гэдэг хүний ДНХ тогтоц вэ” гэсэн асуултад 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 6778 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хариулт өгөөгүй байна.

Дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2-т заасан “Шинжилгээг тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн бодитой хийх, шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуултын дагуу шинжилгээ хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах” гэснийг зөрчсөн байна.

4. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч С.Б ийн хувийн байдлыг бүрэн бодитой тогтоогоогүй байна. Тухайлбал хүмүүжил, боловсрол, амьдралын нөхцөл байдалтай холбоотой, танил, найз нөхдийнх нь С.Б-ийн талаар тодорхойлсон мэдээлэл гэх зэргийг хэрэгт баримтжуулж авах шаардлагатай болно.  

Шүүгдэгч С.Б  нь гэм буруугийн талаар маргаагүй байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн мэдүүлэг нь дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй. Харин түүнийг гэмт хэрэг хэрхэн үйлдсэн, гэм буруугийн талаар хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтаар давхар нотлогдсон байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцнэ.     

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож урьдчилсан хэлэлцүүлэгт дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа тул “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах”-аар гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол зэргийг хэлэлцээгүй болно.           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 25-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож шүүгдэгч С.Б-д холбогдох эрүүгийн 1834000000191 дугаартай хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч С.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

3. “Шийтгэх тогтоол өөрчлөлт оруулах тухай” дээд шатны прокурорын эсэргүүцэл, “Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж оногдуулсан ялыг хөнгөрүүлэх тухай” шүүгдэгч С.Б , шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр нарын давж заалдах гомдлыг хэлэлцээгүйг дурдсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Г.БОЛОРМАА

                   ШҮҮГЧИД                                                                      Т.ЭНХМАА

                                                                                                                                                                         Р.МӨНХ-ЭРДЭНЭ