Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2021/0015

 

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2021/0015

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би, Г.Мөнхбатын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргад тус тус холбогдох Нийслэлийн Засаг даргын 2004 оны 552 дугаар захирамжийн Г.Мөнхбатад холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, кадастрын зургийг шинээр хийлгэн, газрын хэмжээнд өөрчлөлт оруулан гэрчилгээ гаргахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Мөнхбат нь шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: ... Миний бие Готовдорж овогтой Мөнхбат нь газрын кадастрын талаар нэхэмжлэл гаргасан. Сонгинохайрхан дүүргийн Газрын алба болон гуравдагч этгээд Ч.Давхарбаяр нартай зөвшилцөн тохиролцож байгаа тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах..., мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно., 66.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасны дагуу нэхэмжлэгч иргэн Г.Мөнхбатын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргад тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаар уг асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алддаг болох; мөн хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох талаар тайлбарлан танилцуулсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Мөнхбат нь Нийслэлийн Засаг даргын 2004 оны 552 дугаар захирамжийн Г.Мөнхбатад холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, кадастрын зургийг шинээр хийлгэн, газрын хэмжээнд өөрчлөлт оруулан гэрчилгээ гаргахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ  Б.МӨНХ-ЭРДЭНЭ