Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 154

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2017/00154

 

 

 

 

 

 

 

 

 

Я.Цэрэндэндэвийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/00976 дугаар шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч Я.Цэрэндэндэвийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Н.Баасанжавд холбогдох

 

            10 925 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ижилцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч              Б.Норовжанцан

Хариуцагчийн өмгөөлөгч                                       М.Энхбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга             Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ижилцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний нөхөр Я.Цэрэндэндэв нь 2013 оны 1 дүгээр сард иргэн Н.Баасанжавтай миний автомашиныг 22 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, 10 000 000 төгрөгийг бэлнээр, 12 000 000 төгрөгт нь хөөрөг авсан. 2015 оны намар мөнгөний хэрэг гараад уг хөөргөө хүнд үзүүлэхэд “үнэ хүрэхгүй юм байна” гэсэн. Ингээд үнэлгээний компани дээр очиж үнэлүүлэхэд 1 600 000 төгрөгийн үнэтэй болохыг нь мэдсэн. Хариуцагч Н.Баасанжавтай уулзаж хөөргийг авахгүй гээд мөнгө авах талаар хэлэхэд мөнгийг нь гүйцээж өгье гэсэн ч 1 400 000 төгрөг өгөөд үлдсэн мөнгийг өгөхгүй байх тул цагдаад хандсан. Прокурорын газрын хариу бичигт “ноцтой төөрөгдөлд орж хийсэн хэлцэл” байх тул эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлтэй гэсэн. Иймд Н.Баасанжаваас хөөрөгний үлдэгдэл төлбөр 10 600 000 төгрөг, хөөрөгний нуух дахин хийхэд орсон 245 000 төгрөг, үнэлгээний хөлс 80 000 төгрөг, нийт 10 925 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч тал 1 600 000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн гэдгийг зөвшөөрч байгаа. Үүнээс харахад мөнгийг буцааж өгнө гэдгийг зөвшөөрч байна гэж ойлгож байна. Прокурор ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж дүгнэсэн. Прокурорын тогтоол хүчин төгөлдөр тогтоол байна. Н.Баасанжав өөрөө төөрөгдүүлж хийсэн хэлцэл гэдгээ зөвшөөрсөн. Тийм учраас хөөргийг буцааж өгөөд мөнгөө буцааж авах л шаардлага гаргаж байгаа юм гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн Б.Норовжанцан шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Я.Цэрэндэндэв 2013 оны 1 дүгээр сард өөрийн хүсэлтээр мөнгөний хэрэг байна гээд машинаа надад худалдахаар хэлцэл хийсэн. Төлбөрийн хувьд 10 000 000 төгрөг бэлнээр өгөөд, хөөргийг 12 000 000 төгрөгөөр өгөхөөр тохиролцож хийсэн хэлцэл байгаа юм. Энэ хэлцэл нь хууль зөрчсөн зүйл болоогүй. Хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Хөөрөгний толгой салаад унасан талаар тухайн үед нь хэлээгүй. Эрсдэлийн асуудлыг тухайн эзэмшигч нь хариуцах ёстой. Хэлцэл хийхдээ талууд тухайн хөөрөгний хувьд үнийг мэдэж байж хийсэн. Худалдаа арилжаа богино хугацаанд хийгдээд дуусаагүй. Тийм учраас төөрөгдсөн гэж үзэхгүй. Зах зээлийн үнэ бол чөлөөт зах зээлээр тодорхойлогдоно. Хүн болгон хөөрөг хийх ур чадвартай биш. Манай өгсөн хөөрөг бол төрлийн хувьд нэг үнийн шинжтэй. Хөөрөг бол их гарын хөөрөг ба бүтэн сийлбэртэй. Усан хээ бол бэлэгдлийн шинж чанартай. Энэ хөөрөг бол зүгээр сийлэгдсэн биш, донж маягийг тааруулж сийлэгдсэн. Сийлбэрийг маш нарийн, захиалгын дагуу сийлэгдсэн. Дахин давтагдашгүй хийгдсэн хөөрөг. Ийм хөөргийг зах зээл дээр байгаа янз бүрийн хөөрөгтэй жишиж үнэлэх боломжгүй. Хөөргийг гар урлалаар хийдэг. Хөөргийг тухайн үед хариуцагчийн хувьд маш өндөр үнээр захиалж худалдаж авсан. Үнэ дээшээ доошоо буурснаас болж төөрөгдсөн гэж үзэж болохгүй. Зах зээлийн хувьд талууд харилцан тохиролцоод хийгдсэн хэлцэл юм. Энэ бол үндэслэлгүй нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч М.Энхбаяр шүүхэд болон шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: Хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд хийсэн хэлцэл нь Иргэний хуульд заасны дагуу дээрх хэлцэл нийгдсэн байна. 2015 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр тээврийн хэрэгслийг шилжүүлж өгсөн. Гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэсэн хуулийн зохицуулалттай. Эрх бүхий этгээд хийсэн хэлцлийн доголдлыг хөөн хэлэлцэх хугацаанд илрүүлж гомдол гаргах эрхтэй байдаг. Нэхэмжлэгч 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн үнэлгээг өмнө нь мэдэх боломжтой байсан талаарх нотлох баримт байхгүй байна. Хөрөнгийн үнэлгээний төвийн хөөргөнд үнэлгээ хийсэн тухай баримт нь хөөн хэлэлцэх хугацааг тасалдуулах үндэслэл болохгүй. Хөөн хэлэлцэх хугацаа 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр дууссан гэж үзэж байна. “Дамно” ХХК-ийн гаргасан үнэлгээн дээр ямар нэгэн эд хөрөнгийн доголдол байхгүй гэдгийг тогтоосон. Тийм учраас доголдолгүй эд зүйл өгсөн байна. Талууд хоорондоо хэлцэл хийхдээ эрх зүйн бүрэн чадамжтай этгээдүүд хэлцэл хийсэн. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл нь эд зүйлийг хүлээж авснаар баталгаажна. Автомашиныг 22 000 000 төгрөгийн үнэтэй гэдгийг тогтоосон талаарх нотлох баримт байхгүй байна. Хөөргийг хийж байгаа чулуу тухайн үед ховор байсан. Их гарын хөөрөг гэдэгтэй маргаагүй. “Дамно” ХХК 1 600 000 төгрөг гэж үнэлсэн. Зах зээлийн ханшаар өөр үнэтэй байгаа. “Дамно” ХХК-иар хөрөнгийн үнэлгээ хийсэн нь эргэлзээгүй хийсэн гэх зүйл байхгүй. 1 400 000 төгрөгийг ямар зорилгоор өгсөн гэдгийг Х.Ижилцэцэг өөрөө мэдэж байгаа. Энэ мөнгийг Н.Баасанжав өгөөгүй. Энэ талаарх баримт хэрэгт байхгүй энэ мөнгийг Н.Баасанжавын эхнэр н.Өнөрцэцэгт өгсөн. Энэ бол өөр зорилгоор өгсөн мөнгө байгаа юм гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар 243.1, 58 дугаар зүйлийн 58.2.3-т заасныг  тус тус баримтлан хариуцагч Н.Баасанжаваас хөөрөгний үнийн зөрүүд 10 925 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Я.Цэрэндэндэв, Х.Ижилцэцэг нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тус шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 4143 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 189 750 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ижилцэцэг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...Сүхбаатар Дүүргийн Шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/00976 дугаартай шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Худалдах худалдан авах хэлцэл нь ноцтой төөрөгдлийн улмаас хийгдсэн хэлцэл байх тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад худалдах худалдан авах гэрээнээс татгалзсан хэмээн үзэж иргэний хуулийн холбогдох заалтыг хэрэглэсэн нь хууль хэрэглээний алдаа байна. Хариуцагч этгээд нь нэхэмжлэлд дурьдсан үйл баримтыг зөвшөөрсөн ярианы бичлэгийг хэрэгт хамааралгүй хэмээн үзсэн нь үндэслэлгүй байх бөгөөд уг баримтыг хууль зөрчиж цуглуулсан гэдгийг нотлоогүй байж нотолгооны хэрэгсэлд тооцоогүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч нь Я.Цэрэндэндэв нь хариуцагч Н.Баасанжавт холбогдуулан хөөрөгний зөрүү мөнгө 10 600 000 төгрөг, хөөрөгний нуух хийлгэхэд гарсан зардал 245 000 төгрөг, үнэлгээний хөлс 80 000 төгрөг нийт 10 925 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 2013 оны 1 дүгээр сард нэхэмжлэгч Я.Цэрэндэндэв нь Соната-7 маркийн автомашиныг хариуцагч Н.Баасанжавт 22 000 000 төгрөгөөр худалдаж 10 000 000 төгрөгийг бэлнээр авч, 12 000 000 төгрөгт тооцон их гарын цагаан шүрэн хөөрөг авсан үйл баримтын талаар талууд маргаагүй байна. Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалттай нийцэж байна.

           

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Хөөрөгний үнийн талаар ноцтой төөрөгдөлд орж хэлцэл хийсэн” гэж тайлбарлан, “Дамно" ХХК-ийн хөөрөгний үнэлгээг 1 600 000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайланг ирүүлжээ. /хэргийн 9-13 дугаар тал/

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Худалдах-худалдан авах гэрээний төлбөрт тооцож хариуцагчаас авсан хөөрөгний шинж чанар буюу материал, хэмжээ, хийцийн талаар төөрөгдсөн” гэж тайлбарлаагүй, харин үнийн талаар төөрөгдсөн гэж маргажээ. Нэхэмжлэгч Я.Цэрэндэндэв цагаан шүрэн хөөргийг бодитойгоор хүлээн авах үед түүний материал, хэмжээ, хийц зэрэг шинж байдлыг мэдсэн тул эд зүйлийн шинж байдлын талаар төөрөгдсөн гэж үзэх боломжгүй юм.

 

            Иймээс Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.2-т “Хэлцлийн зүйлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн” тохиолдолд хүсэл зоригоо илэрхийлэгч хүсэл зоригоо илэрхийлэх үйлдэл дээрээ болон хэлцлийн агуулгын талаар бус харин хэлцлийн нөгөө талын шинж, зан байдлын талаар төөрөгдсөн гэж үзэх бөгөөд хөөрөгний шинж байдлын талаар бус харин үнэ, ханшны талаар төөрөгдсөн байх нь уг зүйлийн зохицуулалтад хамаарахгүй болно.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэг хүлээдэг бөгөөд мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн өмгөөлөгчийн тайлбар зэрэг нотолгооны хэрэгслээр нотлох баримт тогтоогдох тул талуудын дээрх тайлбараас үзэхэд их гарын цагаан шүрэн хөөрөгний шинж байдлын талаар бус уг хөөрөгний үнийн талаар төөрөгдсөн агуулгатай тайлбарыг нэхэмжлэгч гаргасан байна.

 

            Зохигчид худалдах-худалдан авах гэрээний зүйлийг харилцан шаардаагүй, уг гэрээний дагуу худалдагч тал буюу нэхэмжлэгч Я.Цэрэндэндэв нь автомашинаа худалдан авагч буюу хариуцагчид Н.Баасанжавт шилжүүлэн өгч, автомашины үнэд 10 000 000 төгрөг болон цагаан шүрэн хөөргийг хүлээн авч худалдах, худалдан авах гэрээний үүргийг хэн аль нь биелүүлсэн байхад шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт худалдах, худалдан авах гэрээний үндсэн үүрэгт хамаарах хуулийн заалтыг баримталсан нь буруу болжээ.

 

Мөн шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт “...10 925 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж найруулгын алдаатай бичсэнээс нэхэмжилсэн мөнгийг гаргуулсан атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон мэт хоорондоо зөрчилдөөнтэй шийдвэр болсон байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах шаардлагатай юм.

 

Нэхэмжлэгч Я.Цэрэндэндэв нь өөрийн гэр бүлийн хүн Х.Ижилцэцэгт итгэмжлэл олгож уг итгэмжлэлээр нэхэмжлэл гаргах болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх үүргийг өөрийнх нь нэрийн өмнөөс хэрэгжүүлэх эрхийг олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байгаа бөгөөд уг итгэмжлэлийн дагуу Х.Ижилцэцэг өөрийн нэрээр нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байгаа бөгөөд шүүх нэхэмжлэгч Я.Цэрэндэндэв, Х.Ижилцэцэг нарын нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн байгааг зөвтгөж Я.Цэрэндэвийн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэсэн боловч хүсэлт шийдвэрлэсэн захирамжаа бичгийн хэлбэрээр албажуулаагүй байна. Шүүх хүсэлт шийдвэрлэсэн захирамжаа албажуулаагүй нь энэхүү хэргийн шийдэлд нөлөөлсөн гэж үзэхээргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил биш байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй юм.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “…хариуцагч Н.Баасанжав үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн бичлэгийг нотолгооны хэрэгсэлд тооцоогүй” гэсэн үндэслэлээр давж заалдсан гомдлыг хангах боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар цахим хэлбэрээр байгаа мэдээллийг шүүхэд хүсэлт гаргаснаар шүүх үзлэг хийх замаар баталгаажуулдаг. Нэхэмжлэгчээс гаргасан ярианы тэмдэглэл нь хуульд заасан шаардлага хангасан нотлох баримт биш байх тул уг баримтыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотолсон баримтад хамааруулан үзэх боломжгүй байна. 

 

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/00976 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.3-т заасан үндэслэлгүй тул хариуцагч Н.Баасанжаваас хөөрөгний үнийн зөрүүд 10 925 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Я.Цэрэндэндэвийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож гэж,

шийдвэрийн 3 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн” гэсний дараа “тухай” гэсэн үгийг нэмж тус тус өөрчлөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ижилцэцэгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа “Х.Ижилцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 189 750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                  ШҮҮГЧИД                             Ш.ОЮУНХАНД

                                                                                   Ц.ИЧИНХОРЛОО