| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2018/00108/И |
| Дугаар | 00189 |
| Огноо | 2018-02-23 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 00189
| 2018 оны 02 сарын 23 өдөр | Дугаар 142/ШШ2018/00189 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Л.О-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Т.Э-д холбогдох
“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж шийдвэрлүүлэх, хүүхдийн тэтгэлэг нөхөн гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.О, хариуцагч Т.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Л.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие Т.Этай 2003 оноос хамтран амьдарч 2005.02.08-нд хүү Э-г төрүүлсэн. 2006 онд Орхон аймгийн Маргад Их сургуульд суралцахаар явсан хугацаанд нөхөр Т.Эы зан ааш өөрчлөгдөн өөр эмэгтэйтэй хамтран амьдрах болсон. Т.Эаас гэрлэлтээ цуцлуулж хүүхдийнхээ асрамжийн асуудлыг шийдүүлэхээр 2011 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шийдүүлж чадалгүй өдий хүрсэн учир дахин энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймээс миний гэр бүлийн асуудлыг шийдэн хүү Эын тэтгэмжийн асуудлыг нөхөн тооцож хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Гэрлэлтээ цуцлуулна, хүү Э.Э-гоо аавых нь асрамжинд өгөхөөр бид тохиролцсон. Хүүхдийн тэтгэлэг нөхөн гаргуулах шаардлагаасаа татгалзсан... ” гэжээ.
Хариуцагч Т.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Огийн өргөдөлтэй танилцлаа. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүү Эын асрамжийн талаар Л.О шаардлага гаргаагүй. Хүү маань төрсөн цагаас хойш бид хамт амьдарч байсан. Л.О нь 2006 онд өөрөө бид хоёрыг орхиж явсан. Үүнээс хойш би хүүтэйгээ амьдарч байгаад 2009-2011 онд гадаадад амьдарч байгаад ирсэн ч энэ хооронд миний аав ээжтэй байсан. Эргэн ирж хүүтэйгээ байхад нь Ог нь 2012 онд аван гэрлэлт цуцлуулахад шүүхэд ирэхгүй удаа дараа ирээгүйн улмаас өргөдөл буцсан. Энэ хугацаанаас өнөөдрийг хүртэл би хүүтэйгээ уулзаж байсан. Ийм учраас би хүүгээ өөр дээрээ өөрийн асрамжинд байлгах хүсэлтэй байна. Хүүхдийн тэтгэвэрийг нөхөн төлөхийг зөвшөөрөхгүй” гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.О нь Т.Эд холбогдуулан “гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж шийдвэрлүүлэх, хүүхдийн тэтгэлэг нөхөн гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Л.О, Т.Э нар нь 2003 оноос хамтран амьдарч, 2005 оны 03 дугаар сарын 14-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 2005 оны 02 дугаар сарын 08-нд хүү Э.Э төрсөн болох нь зохигчийн тайлбар, №О/Г-12 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, №0/Г-13 дугаартай Э.Эын төрсний гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байна.
Гэрлэгчид 2006 оноос хойш тусдаа амьдарсан байх ба, хэн аль нь өөр гэр бүлтэй болж, Л.О хоёр хүүхэдтэй, Т.Э гурван хүүхэдтэй болсон талаар талууд тайлбарласан.
Нэхэмжлэгч хариуцагч нар гэрлэлтээ цуцлахыг харилцан хүлээн зөвшөөрч, хүү Э.Э-г эцэг Т.Эы асрамжинд үлдээхээр харилцан тохиролцсон байна.
Иймд Л.О, Т.Э нарын гэрлэлтийг цуцалж, 2005 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Э.Э-г эцэг Т.Эы асрамжинд үлдээж, хариуцагч хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурьдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Л.О нь хүүхдийн тэтгэлэг нөхөн гаргуулах шаардлагаасаа татгалзсан болно.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан Л.О, Т.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2005 оны 02 дугаар сарын 08-нд төрсөн хүү Э.Э-г эцэг Т.Эы асрамжинд үлдээж, Т.Э нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурдсугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Номинд даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА