Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 342

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

  2022         03           07                                  2022/ШЦТ/342

 

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

      Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

   Улсын яллагч М.Отгонжаргал,

   Хохирогч О,

Өсвөр насны шүүгдэгч Э.С, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Энхтуул  түүний өмгөөлөгч Б.Тогоодулам нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

            Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Сид холбогдох эрүүгийн 2106 00000 2633 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Өсвөр насны шүүгдэгч Э.С нь насанд хүрээгүй М.Гантогтохтой бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 13 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 19 дүгээр гудамжны 259 тоотод байдаг иргэн Огийн эсгийн гэрийн цоожийг эвдлэн хууль бусаар нэвтэрч бугуйн цаг 2 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг, хуучин савхин хүрэм 1 ширхэг, шилэн өргөмжлөл 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Од нийт 290.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2021 оны 11 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө насанд хүрээгүй М.Гантогтохтой бүлэглэн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Гарден ресиденс” хотхоны 70 дугаар байрны автомашины дулаан зогсоолд байрлуулсан иргэн С.Бямбадоржийн эзэмшлийн 3240 УБН улсын дугаартай цайван цэнхэр өнгийн тоёота приус-30 загварын тээврийн хэрэгслийн зүүн хойд талын гурвалжин шилийг хагалж, автомашинаас Asus, 2-р үеийн нөтбүүк, өвлийн эрэгтэй куртик 1 ширхэг, зэс аяга 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн С.Бямбадоржид 519.000 төгрөгийн хохирол учруулсан буюу "Хулгайлах” гэмт хэргийг бусадтай хамтран, хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Өсвөр насны шүүгдэгч Э.С нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

            Хохирогч О нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Ажил дээрээ байхад хажуу талын айл танай гэрийг ухсан байна гэж хэлсэн. Би эхнэр хүүхэд ирсэн байх гэж бодоод нэг их зүйл бодоогүй. Ажлаа тараад ирэхэд хамаг юм онхилоод цоожийг эвдсэн байсан. Манай хажуу талд барилга баригдаж байсан. Тэрний камерыг шүүтэл 1 цагийн үед арван жилийн 2 хүүхэд ухаад гарсан байсан. Би цагдаагийн байгууллагад хандахад юмандаа битгий хүрээрэй, одоо очлоо гэж хэлсэн. Хоёр хүүхэд хуваагаад хохирлоо барагдуулна гэж цагдаа дээр байхдаа хэлж байсан. Түүнээс хойш огт холбоо бариагүй. 290.000 төгрөг нэхэмжилж байна.” гэв.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Иргэн Огаас гаргасан "Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 19 дүгээр гудамжны 259 тоотод 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 09 цагаас -19 цагийн хооронд монгол гэрийн цоож эвдэн хулгайч орж эд зүйл алдагдсан" гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01-р тал/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /04-08-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Огийн өгсөн “Орой ажлаа тараад 19 цагийн орчимд гэртээ ирэхэд монгол гэрийн цоожийг эвдээд хулгайч ороод гэрт байсан 2 ширхэг бугуйн цаг, мөнгөн бөгж алдагдсан байсан. Манай гэрийн зүүн хойд талд барилгын хяналтын камер байдаг. Тухайн хяналтын камерт дээгүүрээ ногоон болон хар өнгийн куртиктэй арван жилийн хүүхэд гэмээр эрэгтэй хүүхэд манай гэрт орж байгаа бичлэг байсан. ..камерт бичигдсэн 2 эрэгтэй хүүхдийг сэжиглэж байна. Би цагдаад мэдүүлэг өгчхөөд буцаж очоод юмнуудаа бүртгэхэд манай гэрээс миний цагаан дотортой савхин хүрэм, мөн шилэн өргөмжлөл алдагдсан байсан. " / хх ийн 12-15-р тал/ гэх мэдүүлэг,

 

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ны шинжээчийн БЗ1-21-1197, БЗ1-21 1245 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 32-33, 36-37-р тал/,

Камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “Дүрс бичлэгт ногоон өнгийн цамцтай, хар өнгийн өмдтэй, 160-165см орчим өндөртэй этгээд, 155-160см орчим өндөртэй 2 этгээдийн дүрс бичлэг байх ба ...айл руу хамтдаа ороод 13 цаг 10 минутад гарч яваад ертөнцийн зүгээр урагшаа чиглэлтэй явж байгаа бичлэг байсныг тэмдэглэл болгон бичив" /хх-ийн 41-р тал/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 111 р тал/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 112-121/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Бямбадоржийн: “Миний эзэмшлийн 3240 УБН улсын дугаартай цайван цэнхэр өнгийн тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслийг манай эхнэр Б.Энхнаран өчигдөр орой 21 цагийн үед Цайз-16-аас мах авах гээд гарч яваад буцаад 22 цагийн үед ирж байрны доод талын грашид байрлуулсан. Тэгээд өнөөдөр өглөө 07:20 цагт танихгүй дугаараас над руу залгаад "Таны машин руу хулгай орсон юм шиг байна" гэхээр нь би гарч иртэл миний машины хойд талын гурвалжин шилийг хагалан орж эд зүйлийг нь ухаж үзсэн байсан. Миний машинаас саарал өнгийн өвлийн малгайтай куртик, зэс аяга, хар өнгийн 2 дугаар үеийн Asus notebook 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Алга болсон эд зүйлс машины хойд сандал дээр байсан.” /хх-н 126-127-р тал/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Вансэмбэрүүгийн: "2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зүс таних Лууяатай утсаар ярьсан, тэгэхэд “энд нөтбүүк байна, би хэдэн бацаануудаас авсан юм, би ажиллуулж мэдэхгүй байна, чи худалдаж авах уу" гэж хэлсэн. Тэгээд би Лууяагийн төмөр авдаг цэг дээр очоод нөтбүүкийг шалгаж үзэхэд асаж байсан тул Лууяагаас 50.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд уг нөтбүүкийг гэртээ авч ирээд дуудлагын засварчин дуудаж кодыг нь 10.000 төгрөгөөр гаргуулсан. Өчигдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр над руу залгаад уг нөтбүүкийг хулгайн эд зүйл болохыг хэлсэн...би нөтбүүк худалдаж авсан 50.000 төгрөг, завсар хийлгэсэн 10.000 төгрөг, нийт 60.000 төгрөгийг хулгай хийсэн гэх хүүхдийн эцэг эх нь надад өгсөн.” /хх-н 129-130-р тал/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Луубаярын: "2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр би Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг төмөр авах цэг дээр ажиллаж байсан. Өдөр 10 цагийн үед зүс таних 2 дүү ирээд 5 ширхэг гар утас, нетбуук, мөнгөн бөгж 5 ширхгийг авч ирээд "манай ахын юм байгаа юм" та худалдаж аваач гэж хэлсэн. Би энэ бүх зүйлсийг нийт 50.000 төгрөгөөр худалдаж авсан, худалдаж авсан нетбүүкээ зүс таних Сүмбэрээ гэх хүүхэнд 50.000 төгрөгөөр зарсан...манай төмөр авдаг гэрийн тэр хавьд амьдардаг хүүхдүүд, Өмнө нь ганц нэг удаа төмөр тушааж байсан.” /хх-ийн 132-133-р тал/ гэх мэдүүлэг,

 

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хх-134-135-р тал/;

Asus, 2-p yеийн нөтбүүк, өвлийн эрэгтэй куртик 1 ширхэг, зэс аяга 1 ширхэг, тоёота приус-30 маркийн автомашины гурвалжин шил зэргийг нийт 519.000 тегрегеер унэлсэн Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 137-138-р тал/,

 

Мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл /хх-н 142-143-р тал/;

 

Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны яллагдагч Э.Сийн: "Би 2021 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт ногоон цагаан өнгийн байрны граж дотор өөрийн найз Гантогтохын хамт орж, цэнхэр өнгийн тоёота приус-30 маркийн автомашины баруун хойд талын гурвалжин шилийг төмрөөр хагалж, дотор нь байсан маркийг нь мэдэхгүй нөтбуук 1 ширхэг, цэнхэр өнгийн куртик 1 ширхэг, зэс аяга 1 ширхгийг хулгайлж авсан. Тэгээд хулгайлсан эд зүйлсээсээ нөтбүүк, зэс аяга зэрэг эд зүйлсийг Цагаан даваа руу дээшээ өгсөх замд байдаг төмөр худалдаж авдаг хүнд нийлүүлээд 50.000 төгрөгөөр зарж борлуулсан. Зарж борлуулсан мөнгөөрөө идэж уух юм аваад дуусгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 153-154-р тал/ 15. Насанд хүрээгүй яллагдагч М.Гантогтохын: "...бид 2 машинуудын цонхыг хагалж явж байгаад цэнхэр өнгийн приус-30 машинаас зэс аяга, нөтбуук, куртик зэрэг эд зүйлс авсан. Тэгээд Э.С бид 2 шөнөдөө гараад алхаж явсаар байгаад өглөө 09 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Алтан Өлгийд байдаг төмөр авдаг ах дээр очоод нөгөө хулгай хийсэн нетбүүк, зэс аягаа өгтөл нөгөө ах Э.Сид 50.000 төгрөг өгсөн.” /хх-н 164-165-р тал/ гэх мэдүүлэг,

 

Өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

           

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-90 дугаар хуудас/,

 

Төрсний гэрчилгээний хуулбар /хх-84 дүгээр хуудас/,

 

Сурагчийн хувийн хэрэг /хх-85-89 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           

Өсвөр насны шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч “Өсвөр насны шүүгдэгч Э.С нь насанд хүрээгүй М.Гантогтохтой бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 13 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 19 дүгээр гудамжны 259 тоотод байдаг иргэн Огийн эсгийн гэрийн цоожийг эвдлэн хууль бусаар нэвтэрч бугуйн цаг 2 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг, хуучин савхин хүрэм 1 ширхэг, шилэн өргөмжлөл 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Од нийт 290.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2021 оны 11 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө насанд хүрээгүй М.Гантогтохтой бүлэглэн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Гарден ресиденс” хотхоны 70 дугаар байрны автомашины дулаан зогсоолд байрлуулсан иргэн С.Бямбадоржийн эзэмшлийн 3240 УБН улсын дугаартай цайван цэнхэр өнгийн тоёота приус-30 загварын тээврийн хэрэгслийн зүүн хойд талын гурвалжин шилийг хагалж, автомашинаас Asus, 2-р үеийн нөтбүүк, өвлийн эрэгтэй куртик 1 ширхэг, зэс аяга 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн С.Бямбадоржид 519.000 төгрөгийн хохирол учруулсан буюу "Хулгайлах” гэмт хэргийг бусадтай хамтран, хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцуулах саналтай.” гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Өсвөр насны шүүгдэгч Э.С нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

            Үйл баримтын талаарх дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

            Өсвөр насны шүүгдэгч Э.С нь 2021 оны 11 дүгээр сарын 17-18-нд хооронд үргэлжилсэн үйлдлээр бусдын эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдын өмчлөх эрхэд халдсан байна.

 

            Өсвөр насны шүүгдэгч Э.С нь насанд хүрээгүй М.Гантогтохтой бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн боловч насанд хүрээгүй М.Гантогтохыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэн боловч ял оногдуулах насанд хүрээгүй тул 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 12 дугаартай Прокурорын тогтоолоор “зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

           

            Харин өсвөр насны шүүгдэгч Э.С нь мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэлээр 12 нас 2 сар 12 хоногтой болохыг тоолсон тэмдэгдэл, гэрч, хохирогчийн мэдүүлэг, дүгнэлтээс үйл баримт тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж үзэв.  

 

Эрх зүйн дүгнэлт

                     

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хүрэл овогт Энхтуулын Э.Сид яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

 

Өсвөр насны шүүгдэгч Э.Сийн үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь насанд хүрээгүй хүүхдүүд бие биедээ уруу татагдах болон ар гэрийн анхаарал халамж дутуугаас үүдэж гэмт хэрэг гарсан байна гэж үзэв.

 

Хохирол, хор уршгийн талаар

 

            Хохирогч Од гэмт хэргийн улмаас учирсан 290.00 төгрөг төлөгдөөгүй байх тул өсвөр насны шүүгдэгч Э.С нь хохирогч Од 290.000 төгрөгийг төлөх төлбөртэй. Харин хохирогч С.Бямбадоржид гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулсан тул хохирог С.Бямбадоржид төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу өсвөр насны шүүгдэгч Э.С нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

                                                                     

Улсын яллагч: “Өсвөр насны шүүгдэгч Э.Сийг гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан. Түүний насан хүрээгүй, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг зэрэг байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн 8.5 дугаар 1 дэх хэсэгт заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 1 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих, хохирогч Од 290.000 төгрөгийг шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч буюу иргэний хариуцагчаас гаргуулах, эд мөрийн баримтаар хуурагдсан ирсэн 1 ширхэг Си-диг хэрэгт хавсаргуулах саналтай байна.” гэх саналыг гаргасан.

 

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.С нь 2007 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн буюу тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ 14 нас 23 хонож байсан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт буюу орон байранд халдаж гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 2 жилээс 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульд заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан үзээд оногдуулсан ялыг тэнсэх боломжтой байхаар хуулиар зохицуулсан.  Өсвөр насны хүүхдүүдийн гэнэн томоогүй байдлаасаа болж үйлдсэн хэргийг амьдралд нь хар толбо болгож үлдээхээс илүү болохгүй гэдгийг ойлгож ухамсарлуулах нь нийгэм илүү ач холбогдолтой учраас тэнсэн харгалзаж өгнө үү гэж хүсэж байна. Хүүхдийн ирээдүйг бодсон ч хохирлын хэмжээ бага, түүнийгээ маш сайн ойлгосон, ахин давтахгүй байх боломжтой.” гэх саналыг гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй, харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “ эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, ... удаа үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байна.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт:..энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно гэж хуульчилжээ.

 

Уг шаардлагыг хангаж байна гэж үзээд шүүхээс өсвөр насны шүүгдэгч Э.С эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгож ухамсарласан байдал, гэм буруугийн хэлбэр, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй хувийн байдал, хохирлоо нөхөн төлөөгүй, цаашдаа засран хүмүүжихээ илэрхийлж буй байдал, эцэг эхийн хараа хяналт муу байдлаас үүдэх Баянзүрх дүүргийн албан бус боловсролын төвд сурдаг, гэмт хэргийн ангилал зэргийг харгалзан үзэж түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч нарын санал зэргийг тал бүрээс харгалзан үзээд өсвөр насны шүүгдэгч Э.Сид ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч Э.Сийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Э.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1, 8.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Сид ял оногдуулахгүйгээр тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэсүгэй.

 

3. Өсвөр насны шүүгдэгч Э.Сид дээрх хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус зааснаар амьдрах зөв арга барилд сургах, зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Сид авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баянзүрх дүүргийн хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад үүрэг болгосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Сид авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээний хугацаанд тэднийг хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний эцэгт даалгасугай

 

6. Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 510-р зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өсвөр насны шүүгдэгч Э.Соос 290.000 /хоёр зуун ерэн мянган/ төгрөг гаргуулан хохирогч О /-д  олгуулсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Диг  хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Э.Сид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХТУЛГА