Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
Хэргийн индекс | 134/2018/00017/И |
Дугаар | 134/ШШ2018/00054 |
Огноо | 2018-04-09 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 134/ШШ2018/00054
Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаа
Ц.Ү-ын нэхэмжлэлтэй,
ШО-д холбогдох
Хэлцлийн үүрэгт 1 710 000 төгрөг, зардал болох 77 000 төгрөг, нийт 1 787 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ц.Ү миний бие 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ШО ХК-ийн Худалдаа хангамжийн хэлтэс /хуучин нэрээр/-ийн дарга Н.А хэлцэл байгуулан, уурхайн үйл ажиллагаанд нэн шаардлагатай байгаа коматцу брендийн хүнд машин механизмын 1 900 000 төгрөгийн үнэ бүхий джинам болон 2 ширхэг ремень-ийн хамт тухайн өдрөө уурхайн ажлын талбар дахь сэлбэг материал хадгалах агуулахад хүлээлгэн өгсөн. Хэлцэл болон хүлээлгэн өгсөн актыг хэлцлийг захирлаар батлуулах шаардлагатай гэж хэлэн авч үлдсэн бөгөөд надад одоог болтол хувийг өгөөгүй болно. Үүний дараа төлбөрийг удахгүй шилжүүлнэ гэж хэлсэн боловч одоог болтол шилжүүлээгүй байна. Төлбөрийг нэхэмжлэн удаа дараа очиж уулзан, хүсэлт хүргүүлсэн боловч одоог хүртэл төлбөрийг барагдуулаагүй байна. Улмаар 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн биеэр очиж хэлцэл болон хүлээлгэн өгсөн баримтыг авахыг хүсэхэд мэдэх хүн байхгүй, олдохгүй байсан тул арга буюу тооцооны үлдэгдлийн баталгаа /баталгааны хуулбарыг хавсаргав/-г хийсэн бөгөөд үүнд үнийн дүнгээс хүн амын орлогын албан татварыг хасаад Ш О ХК надад 1 710 000 төгрөгийн өртэй гарсан.
Иймд, хэлцлийн төлбөр болох 1 710 000 төгрөг, энэхүү төлбөрийг нэхэмжлэн очиход гарсан 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Шивээговь сум руу явах замдаа Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр зөрлөг дээр байрлах Тэс шатахуун түгээх станцаас шатахуун авсан 47 000 төгрөгийн зардлууд нийт 1 787 000 төгрөг болон шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43 542 төгрөгийн хамт гаргуулан өгч намайг хохиролгүй болгоно уу гэв.
Хариуцагч ШОХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүхэд гаргасан тайлбартаа:
Ц.Ү нэхэмжлэлдээ ШО ХК-д коматцу брендийн хүнд машин механизмын Джинам болон 2 ширхэг ремень нийлүүлсэн түүний төлбөрт 1 710 000 төгрөг Ш О ХК руу очиход гарсан замын зардал, улсын тэмдэгтийн хураамж 120 542 төгрөг, нийт 1 830 542 төгрөг шаардсан байна. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг Ш О ХК нь хүлээн зөвшөөрөхгүй болно.
Учир нь, Ц.Ү байгуулсан гэх хэлцэл олдохгүй байна. Мөн замын зардал, улсын тэмдэгтийн хураамжийг Ш О ХК-иас шаардсан нь хууль зүйн үндэслэлгүй хэмээн үзэж байна. Ш О ХК-ийн хувьд Ц.Ү нийлүүлсэн гэх бүтээгдэхүүний асуудлыг судалж байгаа бөгөөд холбогдох нотлох баримтыг жич бүрдүүлэн шүүхэд өгөх болно гэжээ.
Хариуцагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа:
Ц.Ү нь Монголын конвейерын тээвэр ХХК-ийн захирал бөгөөд 2015 оноос Ш О ХК-тай хамтран ажиллаж гэрээний дагуу ажил гүйцэтгэх, худалдах, худалдан авах гэрээний дагуу сэлбэг, бараа нийлүүлж байсан харилцагчийн нэг юм. Монголын конвейрын тээвэр ХХК болон Ш О ХК-ийн хооронд 2016-2017 онуудад байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлттэй холбоотой маргаан бүхий асуудал үүссэн бөгөөд өнөөгийн байдлаар Монголын конвейерын тээвэр ХХК-тай холбоотой сэлбэг, барааны асуудал болж байгаа тул авах ёстой өрөнд суутган авах үндэслэлтэй хэмээн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие үзэж байна.
Иймд, дээрх үндэслэлээр Ц.Ү коматцу брендийн хүнд машин механизмын Джинам болон 2 ширхэг ремень 1 710 000 төгрөг, Ш О ХК руу очиход гарсан замын зардал, улсын тэмдэгтийн хураамж 120 542 төгрөг, нийт 1 830 542 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж байна. Хэргийн хувьд Д.Ү нь Ш О ХК-с жанам болон хоёр ширхэг ремень нийлүүлсэн 1 710 000 төгрөг, нааш, цааш явсан зардал болох 77 000 төгрөг, нийт 1 787 000 төгрөг нэхэмжилсэн. Нэгдүгээрт, жанам нийлүүлсэн гэдгийг баримтаар нотлох ёстой. Нэхэмжлэлд дурдагдсан үйл баримт өөрөө хавтас хэрэгт авагдсан баримтаар нотлогдох ёстой. Хэлцэл байгуулсан зүйл байна уу гэвэл хэлцэл байхгүй байна. Хоёрдугаарт, А гэрээ хийгээд бүх баримтаа өгсөн гэж байна. Хэрэг үүсгэснээс хойш нилээн хугацаа өнгөрсөн байна. Энэ хооронд хүсэлт гаргаад А гэрчээр асуух боломжтой байсан. Гэтэл А гэрчээр асуух хүсэлт гаргаагүй байна. Хавтас хэрэгт тооцоо нийлсэн актыг хавсаргасан байгаа. Үүнд санхүүгийн албаны нябо У гарын үсэг зурсан байсан. Тооцоо нийлсэн актыг хэзээ, хаана үйлдсэн он, сар тодорхойгүй. Юу нэхэж, юуг тооцоод байгаа нь тодорхойгүй, зөвхөн 1 710 000 төгрөгийн тоо байна. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл эс үйлдэхүйг хэлцэл гэнэ заасан. Хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно. Хэлцэл хийснээр нөгөө тал бараа материал хүлээн авсан гэсэн баримт нь байхгүй байна. Хэлцлийн тодорхойлолт өөрөө биелэгдэхгүй байна. Тооцоо нийлсэн акт нь хэлцлийг нотлох боломжгүй. Тооцоо нийлсэн акт дээр гарын үсэг зурсан У нь компанийг төлөөлөх эрхтэй этгээд, 1, 2 дугаар гарын үсэг зурах эрхтэй этгээд биш. Энэ актыг гүйцэтгэх захирал тушаалаар батлаагүй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар анхан шатны баримт мөн үү, биш үү гэдэг зүйл яригдана. Тэгэхээр Д.Үүрцайх нь 1 710 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг Ш О ХК-д нийлүүлсэн гэсэн баримт байхгүй байна.
Иймээс нэхэмжлэлийн шаардлага 1 710 000 төгрөг нотлох баримтаар үгүйсгэгдэж байна. Хоёрдугаарт, хэлцэл өөрөө үгүйсгэгдсэн. Мөн нааш цааш явсан замын зардал 77 000 төгрөг гэж байна. Шатахууныг ямар зорилгоор авсан бэ, өөрөө хувьдаа хэрэглэх гэж авсан байж болно. Баримт нь ийм шатахуун түгээх станцаас тэдэн төгрөгийн бензин авсан гэж бичсэн байна. Ийм зардлаар Шивээговь суманд ирээд буцсан гэсэн нотлох баримт байхгүй байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ нотлох баримтаар үгүйсгэгдэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Ү нь хариуцагч Ш О ХК-иас хэлцлийн үүрэгт 1 710 000 төгрөг, төлбөрийг нэхэмжлэн очиход гарсан зардал 77 000 төгрөг, нийт 1 787 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Ш О ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... нэхэмжлэлийн шаардлага 1 710 000 төгрөг нотлох баримтаар үгүйсгэгдэж байна, хоёрдугаарт, хэлцэл өөрөө үгүйсгэгдсэн, нэхэмжлэгч нь Шивээговь суманд ирээд буцсан гэсэн нотлох баримт байхгүй хэмээн маргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
1. Хариуцагч Ш О ХК нь нэхэмжлэгч Ц.Ү коматцу брендийн хүнд машин механизмын джинам болон 2 ширхэг ремень-ийг 1 900 000 төгрөгөөр худалдан авсан байна. Энэхүү үйл баримтын талаар хариуцагч тал маргах боловч шүүх хуралдааны талуудын эвлэрэн хэлэлцэх саналын хэлэлцүүлгийн явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...1 710 000 төгрөгөөр эвлэрч болно, тооцоо нийлсэн актаар авсан нь үнэн болохоор 1 710 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэж шүүх хуралдаанд эвлэрэхээр хэлэлцсэн нь джинам болон 2 ширхэг ремень-ийг худалдан авсан үйл баримт тогтоогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь Ш О ХК-д коматцу брендийн хүнд машин механизмын джинам болон 2 ширхэг ремень-ийг 1 900 000 төгрөгөөр худалдсан болох нь хэрэгт авагдсан тооцоо нийлсэн акт /хх-5/ болон зохигч талуудын тайлбараар нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл, талууд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд хэлцэл хуульд нийцсэн, хүчин төгөлдөр байна.
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол хэлцлийг хийсэн гэж үзнэ гэж заасан ба талууд бичгээр гэрээ байгуулаагүй боловч худалдагч Ц.Ү нь коматцу брендийн хүнд машин механизмын джинам болон 2 ширхэг ремень-ийгхудалдах, худалдан авагч Ш О ХК нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцсон тул талуудынхооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ хэмээн заажээ.
Өөрөөр хэлбэл, худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөл нь худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх эд хөрөнгө болон түүний үнийг тохиролцсон байхыг шаардах ба зохигчдын энэхүү хүсэл зориг ньилэрхийлэгдсэн байна.
Иймд, хариуцагч Ш О ХК-иас хэлцлийн үүрэгт 1 710 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
2. Хариуцагч нь Ш О ХК-иас төлбөрийг шаардаж очиход шатахууны зардал нийт 77 000 төгрөгийг зарцуулсан гэх нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байна. Учир нь, хавтаст хэрэгт авагдсан Ц.Ү Голомт банкны кредит картын хуулга нь гүйлгээ хийгдсэн болон нэхэмжлэгдсэн огноо, гүйлгээний утга, гүйлгээний дүн нь харагдаж байгаа боловч нэхэмжлэгчийн нэхэмжилж буй шатахуун түгээх станцаас шатахуун авсан гэдэг нь тогтоогдохгүй байна.
Иймд, шатахууны зардал болох 77 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 43 542 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 42 310 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Ш О ХК-иас 1 710 000 /нэг сая долоон зуун арван мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ү олгож, нэхэмжлэлээс үлдэх 77 000 /далан долоон мянган/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43 542 /дөчин гурван мянга таван зуун дөчин хоёр/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 42 310 /дөчин хоёр мянга гурван зуун арван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.