Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/177

 

 

 

 

 

 

 

 

 

2022         05           11                                      2022/ШЦТ/177

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав,

Улсын яллагч Т.Дэлгэрмэнд,

Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-д холбогдох эрүүгийн 22250000002** дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Н.Б

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Б нь Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт хувиараа үйл ажиллагаа явуулдаг иргэн Ч.С-аас “56-88 ОРА улсын дугаартай Соната-7 загварын тээврийн хэрэгслийг зарна манай эхнэр Солонгос улс руу явчихсан байгаа, 2022 оны 09 дүгээр сард ирнэ, ирэхээр нь нэрийг нь шилжүүлээд өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 4,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5090560561 тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Н.Б шүүх хуралдаанд: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан...гэсэн мэдүүлэг,

 

          - Хохирогч Ч.С мөрдөн шалгах ажиллагаанд: “...Миний бие 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 11 цагийн үед нөхрийн хамтаар гэртээ байж байтал зүс таних Н.Б гэх залуу **** ОРА улсын дугаартай "Сонота-7” маркийн тээврийн хэрэгслийг унаж ирээд эхнэр бид хоёр шүүхэд 4,000,000 төгрөгийн төлбөр төлөх шаардлагатай байгаа юм, машинаа яаралтай зарах хэрэгтэй байна гэж хэлсэн тэгэхээр нь би нөхөр бид хоёр шууд одоо машиныг чинь худалдаж авах боломжгүй мөнгө байхгүй байна гэхэд яваад өгсөн. Тухайн өдрийн орой 16 цагийн үед манай нөхөр А рүү Н.Б залгаад машиныг минь авчихаач гээд залгаад гуйгаад байхаар нь нөхөр бид хоёр мөнгөтэй болчихсон байсан учраас машиныг нь 4,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Нэрийг нь шилжүүлэх талаар Н.Боос асуухад манай эхнэр Оюунбайгалийн нэр дээр байдаг юм, манай эхнэр Солонгос улсаас ирнэ тэгэхлээр нь нэрийг нь шилжүүлээд өгье гэхээр нь итгээд мөнгөө шилжүүлж өгсөн. Тухайн үед Н.Б **-** ОРА улсын дугаартай “Сонота-7” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг эх хувиар нь гаргаж ирж үзүүлсэн тэгтэл эхнэр Оюунбайгалийн нэр дээр нь бүртгэлтэй байсан учраас итгэсэн юм... гэсэн мэдүүлэг /хх-ийн 11х/,

 

- Гэрч Э.А мөрдөн шалгах ажиллагаанд: ...2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Эрдэнэ багт гэртээ байж байтал Н.Б гэх зүс таних залуу манай гэрт ирээд машин авах уу гэж ирсэн тэгэхлээр нь би машиныг нь үзсэн чинь **-** ОРА улсын дугаартай Сонота-7 маркийн тээврийн хэрэгсэл байсан ба Н.Б 4,000,000 төгрөгөөр зарчихмаар байна, манай эхнэрийн нэр дээр бүртгэлтэй байдаг одоогоор манай эхнэр гадаадад байгаа намар 8 юм уу 9 сарын үед ирнэ тэр үед нэрийг нь шилжүүлээд өгье гэж хэлэхээр нь би дургүйцээд мөнгө төгрөг одоохондоо байхгүй байна гээд явуулсан. Үдээс хойш 13 цагийн үед Н.Б миний гар утас руу залгаад машиныг маань авчихаач дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би гадуур ажилтай явж байна гэж хэлээд утсаа салгасан. 16 цагийн үед дахин миний гар утас руу Н.Б залгаад хаана байна яаралтай мөнгөний хэрэг гараад байна эхнэр бид хоёр шүүхийн шийдвэрт 4,000,000 төгрөг төлөх ёстой юм гээд байхаар нь би Шанд баг 15-р сургуулийн урд талд үйл ажиллагаа явуулдаг “Сайхан” авто угаалгын газарт машин угаалгаж байна энд хүрээд ир гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа Н.Б машин угаалга дээр **-** ОРА улсын дугаартай Сонота-7 маркийн тээврийн хэрэгсэл жолоодоод ирсэн. Тэгээд би машиныг нь үзээд байж байтал банк хаахаас өмнө 4,000,000 төгрөг яаралтай хэрэгтэй байна, шүүхийн шийдвэрт мөнгө төлмөөр байна ядаж 1 хоногийн хугацаатай 4,000,000 төгрөг зээлээч машинаа барьцаанд тавьчихъя маргааш хүүд нь 400,000 төгрөг нэмж өгөөд машинаа авъя 2 хоног харж байгаарай хугацаа хэтэрвэл зардагсан уу, задалж зардагсан уу өөрөө мэд гэж хэлсэн. Ингээд би эхнэрлүүгээ залгаад Н.Бийн Хаан банкны данс руу 4,000,000 төгрөг шилжүүлээд машиныг нь хашаандаа оруулаад тавьчих гэж хэлсэн үүний дагуу манай эхнэр Н.Б-ийн данс руу 4,000,000 төгрөг шилжүүлээд машиныг хашаандаа оруулсан байсан. Маргааш өглөө нь буюу 2022 оны 03 дугаар сарын 08-ний өдөр 09 цаг өнгөрч байхад Н.Б миний гар утас руу залгаад ах нь машинаа 6,000,000 төгрөгөөр хүнд зарахаар болсон хүүтэй нь мөнгийг нь эргүүлээд өгье гэж хэлэхээр нь би за, за, тэг, тэг гэж хэлсэн. Манай хашаанд Н.Б ирээд машинаа аваад явахад нь манай авто машины задаргаан дээр ажилладаг дүү Н-г хамт суулгаад явуулсан удаагүй Н.Б, Н хоёр буцаад хашаанд хүрээд ирсэн. Тэгэхээр нь би яасан гэж асуутал машин авах хүн маань завгүй болчихлоо хэсэг хугацааны дараа хүрээд ир гэж байна гэж надад хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёрыг хүмүүст сэлбэг зараад ажлаа хийж байх хооронд Н.Б машинаа аваад яваад өгсөн байсан. Тэгэхлээр нь би Н.Б руу залгаад хаашаа явчихваа гэж асуутал тамхи авах гээд дэлгүүр дээр байна гэхээр нь би за, за хурдан ирээрэй гэж хэлсэн. Тэгтэл ирэхгүй удаад байхаар нь дахиад гар утас руу нь залгатал машин худалдаж авах хүндээ машинаа үзүүлэх гэж байна гэж хэлсэн ба хаана байгаа талаар нь асуухад байгаа газраа хэлэхгүй гар утсаа салгаад, мессеж бичээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15х/,

 

-Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...Ялтан Н.Б нь 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,000,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн. Ялтан Н.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэхгүй орон нутгаас гарч явсан, хаана байгаа нь тогтоогдохгүй ар гэрийнхэнтэй нь утсаар холбогдоход гэрлэлтээ цуцлуулсан, хаана байгааг нь мэдэхгүй байна гэсэн хариуг өгдөг байсан. Ялтан Н.Бийн утас удаа дараа холбогдохгүй байсан бөгөөд ялын хугацаа дуусахын өмнө гар утас нь холбогдохоор нь миний бие ялтан Н.Б-д “ялын хугацаа дуусахад торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солих” тухай хуулийн зүйл заалтыг танилцуулан торгох ялыг хугацаанд нь биелүүлэхийг мэдэгдэхэд ялтан Н.Б “Би Улаанбаатар хотод байна очих боломжгүй байна, Орхон аймагт миний өмнөөс очоод мөнгө тушаагаад баримтыг нь танд аваачаад өгөх итгэлтэй хүн байхгүй байна. Таны данс руу торгох ялын үлдэгдэл мөнгийг шилжүүлье” гэж хэлсэн. Би ялтанд зөвшөөрч өөрийн Хаан банкны дансаар 1,050,000 төгрөгийг шилжүүлэн авч Төрийн сан дахь холбогдох дансанд тушааж баримтын хувийг хэрэгт хавсаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20х /,

 

-Гэрч Э.О мөрдөн шалгах ажиллагаанд: “...2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гэрлэлтээ цуцлуулсан. 2022 оны 03 сарын 07-ны өдөр Н.Б надаас миний машиныг гуйгаад шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар очиж хүнтэй уулзаад, замаараа хүүхдүүдээ сургуулиас нь аваад ирье гэж хэлээд машиныг минь аваад явсан. Тэгээд 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 11 цагийн үед машиныг минь авчирсан. Н.Б нь миний машиныг худлаа хэлж авч явсан. 2017 онд Улаанбаатар хотоос машинаа худалдаж авч байсан. Манай ээж мөнгийг нь гаргаж байсан. Н.Б ямар нэгэн мөнгө төгрөг гаргаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22х/,

 

-Ч.С-ийн эзэмшлийн Хаан банкны ********** тоот дансны хуулга /хх-ийн 12-13х/,

 

-Н.Б-ийн эзэмшлийн Хаан банкны ******** тоот дансны хуулга /хх-ийн 29-31х/,

 

  • Хохирол төлбөр төлсөн талаарх баримт /хх-ийн 26х/,

 

  • Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37х/,

 

- Н.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх талаарх лавлагаа /хх-ийн 54, 55, 56х/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Б нь 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Ч.С, Э.А нар дээр очиж машинаа 4,000,000 төгрөгөөр зарна, шүүхийн шийдвэрт 4,000,000 төгрөг төлөх хэрэгтэй байна, эхнэр Солонгос улсад байгаа ирэхээр нь нэрийг нь шилжүүлж өгнө гэж 4,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны ********** тоот дансаар шилжүүлэн авсан үйл баримт болсон байна.

 

Прокуророос шүүгдэгч Н.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан тушаалтанд урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Б нь хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ч.С, гэрч Э.А, Э.О нарын мэдүүлгүүд, Ч.С-ийн Хаан банкны ********** тоот дансны хуулга, Н.Б-ийн Хаан банкны ********** тоот дансны хуулга болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Н.-ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгч Н.Бид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч Н.Б-ийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг  хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Н.Б-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь авсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

   Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Н.Б нь хохирол болох 4,000,000 төгрөгийг хохирогч Ч.С-д төлсөн байх бөгөөд хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

 Шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Улсын яллагчаас “...1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналтай...” гэсэн болно.

 

Шүүгдэгч Н.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

 

Шүүх шүүгдэгч Н.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй түүний хувийн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.

 

Улсын яллагчаас оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргасан бөгөөд шүүгдэгч Н.Б нь хаана ажил төрөл эрхэлдэг эсэх нь тодорхойгүй, сургуульд сурдаггүй байх тул шүүх дээрх албадлагын арга хэмжээг хэрэглэсэн болно.

Бусад асуудлаар:

Шүүгдэгч Н.Б нь энэ хэргийн улмаас 9 хоног цагдан хоригдсон, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч Н.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

         2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар оршин суух газраа өөрчилж зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Н.Б нь дээрх үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Н.Б нь бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүгдэгч Н.Б нь 9 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.НАРМАНДАХ