Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 601

 

 

 

 

 

 

 

 

   2022        04          21                                     2022/ШЦТ/601

 

-          

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

нарийн бичгийн дарга Б.Хонгорзул,

улсын яллагч К.Чимгээ,

шүүгдэгч Я.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Я.От холбогдох эрүүгийн 2206 00000 0653 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч  Я.О нь 2021 оны 01 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо ХД-37 дугаартай орон сууцны бүжгийн заалны зориулалтаар үйл ажиллагаа явуулдаг В1 давхрын 00 тоотод нэр бүхий иргэдийг “Техас” буюу мөрийтэй тоглоом эхлэх гэж байна тоглох уу гэж утсаар дуудан “Хаан банкин дахь өөрийн эзэмшлийн 5058172910 дугаартай дансанд бооцооны мөнгийг байршуулж, ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Я.О шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 26-30 дугаар хуудас/

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Батбарын “2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 21 цагийн орчимд манай найз Я.О над руу залгаад Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 37 дугаар байранд 13 мөрийтэй тоглоом тоглож байна, ирж тоглох уу гэж асуухаар нь би 23 цагийн орчимд очсон. Намайг очиход 7-8 хүн 13 гэх мөрийтэй тоглоом тоглож байхаар нь би ширээнд нь нэмэгдэж суугаад тоглосон. Би бэлнээр 20,000 төгрөг өгөөд 1000 төгрөгийн хасаа 20 ширхгийг аваад ширээн дээр суутал гаднаас цагдаа нар ороод ирсэн.” /хх-ийн 5 дугаар тал/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Цоггэрэлийн “Я.О ах над руу залгаад Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 37 дугаар байранд “Техас” буюу мөрийтэй тоглоом эхлэх гэж байна. Тоглох уу гэхээр нь би 22 цагийн орчимд очиход 4 хүн байсан учраас тоглоом эхлээгүй байсан. Хүмүүс нэмж ирэхийг хүлээж байгаад шөнийн 01 цагийн орчимд “Техас” мөрийтэй тоглоом эхлээд удаагүй байхад гаднаас цагдаа нар ороод ирсэн. Би 40,000 төгрөгөөр 2000 төгрөгийн хасаа 20 ширхэгийг аваад ширээнд суун тоглож байсан.” /хх-ийн 7 дугаар тал/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Нямбаярын “2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 00 цагийн үед Я.О ах намайг дуудаад ах нар нь цугларчихсан байна, ирж ёндоогоо үзэх үү гэхээр нь би түүний дуудсан газар болох Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 37 дугаар байрны В1 давхрын 00 тоотод очиход Я.О ах найзуудтайгаа 13 модны покер тоглоод сууж байсан. Тэгээд бид нар олуулаа болоод 20,000 төгрөгт “Техас” нэртэй хөзрөөр тоглодог тоглоом тоглосон ба тус хөзрийн тоглоомд хасаа мөнгөний оронд оролцуулсан. Я.О ах өөрөө диллер буюу хөзөр төрөөж хольж байсан. Бооцооны мөнгийг бид нар Я.О ахад цуглуулахаар болоод түүний данс руу хүн тус бүр нэг тоглохдоо дээд тал нь 100,000 төгрөг шилжүүлсэн ба би түүний 5058172910 дугаарын данс руу нийт 97,000 төгрөг шилжүүлсэн, Я.О ах дансаа цаасан дээр бичиж үлдээгээд бид нар тэр цаасан дээр бичиж үлдээсэн данс руу мөнгө хийж байсан.” /хх-ийн 17 дугаар тал/ гэсэн мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Батсүхийн “Очоод 13 гэх хөзрийн тоглоом тоглосон. Тэгээд дараа нь хүмүүс нэмэгдэж ирсэн ба хүмүүс олон болсон учир “Техас” тоглоцгооё гээд нэг мэдэхэд ширээн дээр хясаа гараад ирсэн ба бооцооны мөнгөтэй тоглох болоод цаасан дээр бичсэн байсан Я.О гэсэн нэр бичсэн данс руу бид нар мөнгө шилжүүлсэн. Ингээд бид нар “Техас” тоглож эхэлж байхад цагдаа нар ороод ирсэн. ...би тоглож байхдаа цаасан дээр бичсэн Я.О гэсэн данс руу өөрийнхөө Хаан банкны 5645055520 дугаарын данснаас 100,000 төгрөг 1 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн.” /хх-ийн 19 дүгээр тал/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Соёл-Эрдэнийн “Тухайн үед Я.О хөзөр тарааж, диллер хийж байсан. Тэгээд бид нар тоглохдоо мөнгөний оронд хясаа орлуулсан ба хясаа нэг удаа авахад 20,000 төгрөгөөр Я.Оаас худалдаж авч байсан. Бооцооны мөнгөө цаасан дээр бичээд үлдээсэн данс руу хийхээр тохиролцсон боловч би бооцооны мөнгийг дөнгөж эхэлж байсан хийгээгүй. Тухайн үед бид нар байсан подвалын өрөөний голд ягаан ширээн дээр тоглож байсан ба тэнл байсан хясаанууд болон хөзөр нь Я.Оынх юм.” /хх-ийн 21 дүгээр тал/ гэх мэдүүлэг

Мөрдөн шалгах ажиллгааанд гэрч Н.Цэнгэлбатын “Я.Оыг мөрийтэй тоглох гэж мэдээгүй, надад анх мөрийтэй тоглоно гэж хэлээгүй, найзуудтайгаа жоохон тогломоор байна гэж хэлсэн.Би тэр заалыг бүжгийн болон иогийн сургалтад ашигладаг юм.” /хх-ийн 15 дугаар тал/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Амарсанаагийн “Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо ХД37 дугаартай орон сууцны В1 давхрын 0 тоот нь бүжгийн заалны зориулалтаар ашигладаг ба тохижилт нь хүртэл бүжиг бүжиглэж, бүжгийн хичээл ороход зориулагдсан. Тус байранд хүн амьдардаггүй, харин бүжгийн багш нар бүжгийн хичээлийг хүмүүст ордог газар юм. Тус байранд надаас өөр хэд хэдэн цагийн бүжгийн багш нар бий. Нэг удаа би хичээл орохдоо дунджаар 6 хүнд хичээл заадаг юм.” /хх-ийн 23 дугаар тал/ гэх мэдүүлэг,

 Я.Оын эзэмшдэг Хаан банкин дахь 5058172910 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 64-67 дугаар тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Я.О нь 2021 оны 01 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо ХД-37 дугаартай орон сууцны бүжгийн заалны зориулалтаар үйл ажиллагаа явуулдаг В1 давхрын 00 тоотод нэр бүхий иргэдтэй бооцооны мөнгийг байршуулж, ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

 

Улсын яллагч шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцуулах саналтай.” гэх дүгнэлт гаргасан. Шүүгдэгч Я.О нь уг дүгнэлттэй маргаагүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг гэж олон нийтийн газар эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз турших тоглодог нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд “мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Иймд шүүгдэгч Я.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.О нь “мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Я.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, Я.О нь уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ. Энэ нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчөөгүй байна.

 

Шүүх шүүгдэгч Я.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

           

            Бусад асуудал:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд “2.“Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан ... гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно. 3.Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.

Иймд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 357,000 төгрөгийг улсын орлогод шилжүүлэх,

Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан хар өнгийн National Poker Series 100 гэсэн бичиглэл бүхий 89 ширхэг хясаа, ягаан хар өнгийн 70 ширхэг Texas HolcTem Poker game гэсэн бичиглэл бүхий 70 ширхэг хясаа, цагаан цэнхэр өнгийн National Poker Series 50 гэсэн бичиглэл бүхий 34 ширхэг хясаа, ногоон хар өнгийн Casino Royale гэсэн бичиглэл бүхий 5 ширхэг хясаа, улаан хар өнгийн Casino Royale 100 гэсэн бичиглэл бүхий 16 ширхэг хясаа, Poker Stars гэсэн бичиглэл бүхий 52 ширхэг хөзөр, Хэргийн газар байсан ягаан өнгийн ширээн дээрээс ногоон хар өнгийн Casino Royale 25 гэсэн бичиглэл бүхий 250 ширхэг хясаа, ягаан ногоон өнгийн улаанаар 500 гэсэн бичиглэлтэй 67 ширхэг хясаа, ягаан хар өнгийн бичиглэлгүй 3 ширхэг хясаа, цагаан хар енгийн National Poker Series 100 гэсэн бичиглэл бүхий 1 ширхэг хясаа, ягаан өнгийн бичиг нь элэгдэж байхгүй болсон том хэмжээтэй 1 ширхэг хясаа, Poker Stars гэсэн бичиглэл бүхий 52 ширхэг хөзөр, Joker COPAG гэсэн бичиглэл бүхий алиалагчтай 1 ширхэг хөзөр зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгах нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Я.О нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Я.О нь урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Я.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.От 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Я.О нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн АК7229474 серийн дугаартай, AI5116018 серийн дугаартай, AF3191417 серийн дугаартай, AG8049823 серийн дугаартай, AL1721068 серийн дугаартай, A11831039 серийн дугаартай, A11696161 серийн дугаартай, АК3462332 серийн дугаартай, AI7757708 серийн дугаартай, AF9360247 серийн дугаартай 10 ширхэг 200000 төгрегийн дэвсгэрт, АК9554552 серийн дугаартай, АК3705686 серийн дугаартай, AJ6068795 серийн дугаартай, АК8313330 серийн дугаартай, PS7751353 серийн дугаартай, NZ0708050 серийн дугаартай, NZ6737684 серийн дугаартай, АН7052222 серийн дугаартай, NZ2554517 серийн дугаартай, NZ0689333 серийн дугаартай, АК7878274 серийн дугаартай. 11 ширхэг 10000 төгрөгийн дэвсгэрт, AN0259636 серийн дугаартай, АР0489898 серийн дугаартай, AQ0400899 серийн дугаартай, AQ7425639 серийн дугаартай, АМ7599205 серийн дугаартай, AN7456602 серийн дугаартай, AN4696555 серийн дугаартай, АР1638206 серийн дугаартай, АМ2173430 серийн дугаартай 9 ширхэг 5000 төгрөгийн дэвсгэрт, AV1010255 серийн дугаартай, AZ4670994 серийн дугаартай 2 ширхэг 1000 төгрөгийн дэвсгэрт нийт 357,000 төгрөгийг улсын орлогод шилжүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан хар өнгийн National Poker Series 100 гэсэн бичиглэл бүхий 89 ширхэг хясаа, ягаан хар өнгийн 70 ширхэг Texas HolcTem Poker game гэсэн бичиглэл бүхий 70 ширхэг хясаа, цагаан цэнхэр өнгийн National Poker Series 50 гэсэн бичиглэл бүхий 34 ширхэг хясаа, ногоон хар өнгийн Casino Royale гэсэн бичиглэл бүхий 5 ширхэг хясаа, улаан хар өнгийн Casino Royale 100 гэсэн бичиглэл бүхий 16 ширхэг хясаа, Poker Stars гэсэн бичиглэл бүхий 52 ширхэг хөзөр, Хэргийн газар байсан ягаан өнгийн ширээн дээрээс ногоон хар өнгийн Casino Royale 25 гэсэн бичиглэл бүхий 250 ширхэг хясаа, ягаан ногоон өнгийн улаанаар 500 гэсэн бичиглэлтэй 67 ширхэг хясаа, ягаан хар өнгийн бичиглэлгүй 3 ширхэг хясаа, цагаан хар енгийн National Poker Series 100 гэсэн бичиглэл бүхий 1 ширхэг хясаа, ягаан өнгийн бичиг нь элэгдэж байхгүй болсон том хэмжээтэй 1 ширхэг хясаа, Poker Stars гэсэн бичиглэл бүхий 52 ширхэг хөзөр, Joker COPAG гэсэн бичиглэл бүхий алиалагчтай 1 ширхэг хөзөр зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан  шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Я.О нь түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА