| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 171/2022/0143/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/196 |
| Огноо | 2022-05-25 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/196
2022 05 25 2022/ШЦТ/196
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав,
Улсын яллагч Г.Эрдэнэзул,
Иргэний нэхэмжлэгч С.Х /цахим/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд, Б.Тулга,
Шүүгдэгч П.О, Ч.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.О, Ч.Т нарт холбогдох эрүүгийн 2225000110*** дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, П.О
Монгол Улсын иргэн, Ч.Т
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.О нь Булган аймаг Сэлэнгэ сумын нутаг дэвсгэр Сэлэнгэ голоос 2021 оны 11 сарын 23-ны өдөр Монгол орны улаан ном болон Монгол улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 5.1-т заасан ховор амьтны жагсаалтад багтсан “Тул” загас 3 ширхэгийг тусгай зөвшөөрөлгүйгээр барьсан,
Шүүгдэгч Ч.Т нь П.О-ын тусгай зөвшөөрөлгүйгээр Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг дэвсгэр Сэлэнгэ голоос 2021 оны 11 сарын 23-ны өдөр Монгол орны улаан ном болон Монгол улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 5.1-т заасан ховор амьтны жагсаалтад багтсан “Тул” загас 3 ширхэгийг барьсныг **-** ОРА улсын дугаартай Тоёота 4 риннер маркийн тээврийн хэрэгслээр Булган аймгийн Сэлэнгэ сумаас Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн нутаг дэвсгэр хүртэл тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч П.О мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр найз Ч.Т, Э, Г, Ц нарын хамт Ч.Т-ийн машинтай Орхон аймгаас Булган аймгийн Сэлэнгэ сум руу загас барихаар, Ч.Т идэшний үхэрний үнэ ханш судлахаар явсан юм. Сэлэнгэ голын эрэг дээр очсон, загас барьсан. Би 3 тул загасыг барьсан. Тэнд хүмүүс тор тавьсан байсан. Хүний тавьсан торыг гаргахад тэр тул загаснууд байсан... Би өөрөө загас муухан мэднэ, бидний хэлдгээр гутаарь нэртэй загасыг би бариагүй, жижиг дөрвөн загасыг бариагүй. Гутаарь болон хамгийн жижиг 4 загас нь тодорхой ялгагдана... Загас агнах зөвшөөрөл аваагүй, би барьсан загасаа өөрөө татаж гаргасан... Загас барихад зөвшөөрөл авдаг гэдгийг мэднэ... Тул загас барьсан гэдгээ мэдээгүй. Мал мах нэгдсэн арга хэмжээ зохион байгуулаад цагдаа нар шалгалт хийж байгааг мэдсэн. Хэрвээ тул загас барьсан гэдгээ мэдсэн бол шалгахаас өмнө нэг тийш нь болгох л байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 106-107х/,
- Шүүгдэгч Ч.Т мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ажлынхаа Э, П.О, Г, Ц нарын хамт гэр бүлийн хэрэгцээнд унадаг **-** ОРА улсын дугаартай, хар саарал өнгийн Тоёота Рав-4 руннэр маркийн машинтайгаа Орхон аймгаас Булган аймгийн Сэлэнгэ сум руу салхинд гарах, салхинд гарангаа идэшний үхэрний үнэ ханш судлахаар тохирвол авахаар явсан. Тэгээд Сэлэнгэ сумын төвөөс дээшээ өгсөж Сэлэнгэ голын эрэг дээр очсон... Өглөө эрт 3 ширхэг жижиг загас барьчихаад идэшний үхэрний үнэ ханш асуухаар хүнтэй уулзахаар явсан. Эргээд ирэхэд эд нар юм хумаа бөөгнүүлээд явахад бэлэн болчихсон байсан. Тэгээд юмаа ачаад наашаа ирсэн. Би тул загас барьсан байсныг мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 111-112х/,
- Иргэний нэхэмжпэгч С.Х мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: “...надад хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Би дүгнэлттэй танилцсан, надад асууж тодруулах зүйл байхгүй... Загас агнахад заавал зөвшөөрөл авах ёстой. Хохирлыг төлж барагдуулсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14х/,
- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, илтгэх хуудас /хх-ийн 5-8х/,
- Гэрч С.Ц мөрдөн шалгах ажиллагаанд “...2021 оны 11 сарын 22-ны өдрийн барагцаагаар 13 цагийн үед би найз болох Ч.Т, П.О, Э, Г нарын хамт Ч.Тгийн машинтай Орхон аймгаас Булган аймгийн Сэлэнгэ сум руу салхинд гарах зорилгоор явсан юм. Тэгээд Сэлэнгэ сумын төвөөс дээшээ баруун хойш чиглэлтэй явж Сэлэнгэ голын эрэг дээр очсон, тэгээд тэндээ загасчилсан бөгөөд хээр хоносон....бид нарын загас барих гээд очсон газар тор тавьж загас барьж байсан шинжтэй цоолчихсон байсан. П.О тэр хавиар явж байгаад хүний хаясан тор олоод тэр тороороо загас барьсан юм. Загас барьсан чинь 2 тул загас барьсан байсан, тул загас барихдаа П.О ганцаараа байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29, 31х/,
- Гэрч О.Э мөрдөн шалгах ажиллагаанд “...Би 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өглөө найз Ч.Т, Г, П.О, Ц нарын хамт салхинд гарах зорилгоор Орхон аймгаас Булган аймгийн Сэлэнгэ сум руу явсан. Ингэхдээ Ч.Тгийн машинд бүгдээрээ сууж явсан. Тэгээд Сэлэнгэ сумын төвөөс дээшээ багцаагаар 10 орчим км явж Сэлэнгэ голын эрэг дээр очсон. Ингээд хоол унд идэнгээ согтууруулах ундаа хэрэглэсэн. Тэгээд бид нар авч явсан жижиг лоомоор мөс цоолж мармушик шидсэн... би 2 ширхэг гутаарь, 2 ширхэг зэвэг нэртэй загас барьсан. Би өөрөө загас мэддэг болохоор өөрийн барьсан загасыг мэдэж байна... 3 ширхэг тул загасыг П.О барьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37, 42х/,
-Гэрч Л.Г мөрдөн шалгах ажиллагаанд “...П.О, Ц, Э гурав загас барьсан. Ч.Т айл руу явахаасаа өмнө хамт явсан, гэхдээ загас барьсан эсэхийг мэдэхгүй байна. Наашаа явах гээд цуглах үед П.О азтай байна, ёндоотой байна гээд яриад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45х/,
-Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газрын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар дүгнэлтэд: “...Шинжилгээнд Тул (Hucho taimen), Гутаар (lota, lota), Зэвгэ (brachymstax lenok) зэрэг 3 төрлийн 15 загас ирүүлсэн байна. Эдгээрийг дараах шинэ тэмдгээр танилаа. Үүнд:
Тул (Hucho taimen) загасыг бие бүдүүн уртавтар. Ам тэгш том, дээд эрүү урт, нүднээс хойш давсан. Толгой дээрээ жижиг дугуй, бараан толботой, биеийн гадаргуудаа Х хэлбэрийн, хагас сар хэлбэрт хар бараан толботой, хайрс жижиг, Тулын нуруу хүрэвтэр бараан, хажуу тал зэсэн улаан хүрэн, өөхий мөнгөлөг цагаан өнгөтэй, үржлийн үед биеийн гадаргуу зэсэн хүрэн, сүүлний сэлүүр улаан зэрэг шинж тэмдгээр,
Гутаар (lota, lota) загасыг бие уртавтар, сүүл хажуугаасаа хавчгар. Нурууны сэлүүр цуваа 2 байх ба эхнийх богино, удаах уртассан. Сүүлний сэлүүр тэгш хэмт дугуй. Эрүүн дороо сахалтай. Толгой хавтгар өргөн. Толгой, залмагайн хавтас, хоолойн хайрстай. Эрүү, самалдагтаа өргөслөг шүдтэй. Дээд эрүү доод эрүүн дээгүүр бага зэрэг давсан. Хажуугийн шугам бараг сүүлний сэлүүр хүртэл үргэлжилсэн зэрэг шинж тэмдэгээр.
Зэвгэ (brachymstax lenok) загасыг бие хажуугаасаа хавчгардуу. Ам тэгш, жижиг. Дээд эрүү богино, нүдний дунд хэсэгт хүрнэ. Биеийн зүс алтлаг бор буюу алтлаг бараавтар. Хайрс жижиг. Биеийн хажуу, толгой, нурууны болон сүүлний сэлүүрүүд дугуйвтар том хар толботой. Биеийн хажуугаар 5-6 зэсэн улаан судалтай. Нурууны сэлүүрийн ард өөхөн сэлүүртэй. Сүүлний сэлүүрийн ухлаадас бага. Нурууны сэлүүрт салаалаагүй зэрэг шинж тэмдэгээр.
Амьтны тухай хуулийн 9.2 дахь заалтад заасан хугацаанаас бусад хугацаанд загас барихыг хориглоно.
Шинжилгээнд ирүүлсэн 15 загаснаас Тул загас Монгол Улсын ном болон Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 5 дахь хэсгийн 1-т зааснаас ховор, гутаар, зэвгэ зэрэг загас нь Монгол Улсын улаан ном болон Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 07 дүгаар тогтоолын 1 хавсралтад тусгагдаагүй тул элбэг ангилалд хамрагдана.
Тул экологи-эдийн засгийн үнэлгээ 211,100*30%=63,000₮, амьтны тоо толгой 2, нийт экологи эдийн засгийн үнэлгээ 126,000₮,
Гутаар экологи-эдийн засгийн үнэлгээ 13,000₮, амьтны тоо толгой 8, нийт экологи эдийн засгийн үнэлгээ 104,000₮,
Зэвгэ экологи-эдийн засгийн үнэлгээ 17,000₮, амьтны тоо толгой 5, нийт экологи эдийн засгийн үнэлгээ 85,000₮ нийт амьтны тоо толгой 15, нийт үнэлгээ 315,000₮ Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 23 дугаар тогтоолын хавсралтад тусгагдсан тайлбарын дагуу төл тул загасны экологи эдийн засгийн 30%-иар тооцов.
Шинжилгээнд ирүүлсэн 15 загас тус бүрийн экологи-эдийн засгийн үнэлгээг Монгол улсын Засгийн газрын 2012 оны 23 дугаар тогтоолын дагуу тооцож, нийт дүнгээр 15 загасны экологи-эдийн засгийн үнэлгээ 2,187,000 (хоёр сая нэг зуун наян долоон мянган) төгрөг болохыг тогтоолоо” гэсэн дүгнэлт /хх-ийн 52-53х/,
-Биологийн хүрээлэнгийн Гидробиологи, загас судлалын лабораторийн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс гаргасан шинжээчийн дүгнэлтэд “...ердийн тул /Hucho taimen/ 3 ширхэг, гутаарь 2 ширхэг, шөвгөр хоншоорт зэвэг 7 ширхэг, шивэр сугас 4 ширхэг бодгаль загас байна. Ердийн тул загас нь Монгол орны улаан ном болон Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 5 дахь хэсгийн 1-т зааснаар ховор, Монгол орны улаан дансанд бүс нутгийн хэмжээнд устаж болзошгүй буюу А2dе болон АЗdе болон В2ab ангилалд хамаарна. Харин зэвэг, гутаарь, шивэр сугас загас нь нэн ховор, ховор ангилалд хамаарахгүй болно... 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй болно... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 72-74х/,
- П.От эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хийсэн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 117, 119, 135х/,
-Ч.Тд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хийсэн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 140, 141, 147х/,
- Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “А.Дуламжавын эзэмшлийн **-** ОРА улсын дугаартай 2014 онд үйлдвэрлэгдсэн 2019 онд Монгол улсад орж ирсэн 4 Runner маркийн автомашины өнгө, үзэмж, техникийн байдал, норм норматив зориулалт зэргийг харгалзан үзэж 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар зэх зээлийн дундаж үнийг 71,000,000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов...” гэсэн дүгнэлт /хх-ийн 175-177х/,
- Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 178х/,
- Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хх-ийн 180-181х/, хохирол төлсөн талаарх баримт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.Т, П.О нарт гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Дээрх нотлох баримтуудаар П.О, Ч.Т, О.э, Л.Г, С.Ц нар нь загасчилхаар, мөн Ч.Т нь идэшний үхэрний үнэ судлахаар 2021 оны 11 сарын 22-ны өдөр шүүгдэгч Ч.Тгийн эхнэр А.Д-ын эзэмшлийн **-** ОРА улсын дугаартай тоёота 4 риннер маркийн тээврийн хэрэгслээр Орхон аймгаас Булган аймаг Сэлэнгэ сумын нутаг дэвсгэр Сэлэнгэ гол дээр очиж хоносон. Маргааш өглөө нь буюу 23-ны өдөр О.Э, С.Ц, П.О, Ч.Т нар нь тул, зэвгэ, гутаар зэрэг нийт 16 ширхэг загас барьснаас шүүгдэгч П.О нь ховор амьтан болох 3 ширхэг тул загас барьсан. Тэд барьсан загаснуудаа тээврийн хэрэгсэлдээ хийгээд Булган аймгийн Сэлэнгэ сумаас Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн нутаг дэвсгэрт ирэхэд цагдаа зогсоож шалгасан үйл баримт болсон байна.
Гэм буруугийн талаар:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч: “...Шүүгдэгч П.О нь Булган аймаг Сэлэнгэ сумын нутаг дэвсгэр Сэлэнгэ голоос 2021 оны 11 сарын 23-ны өдөр Монгол орны улаан ном болон Монгол улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 5.1-т заасан ховор амьтны жагсаалтад багтсан “Тул” загас 3 ширхэгийг тусгай зөвшөөрөлгүйгээр барьсан, шүүгдэгч Ч.Т нь П.Оын тусгай зөвшөөрөлгүйгээр Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг дэвсгэр Сэлэнгэ голоос 2021 оны 11 сарын 23-ны өдөр Монгол орны улаан ном болон Монгол улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 5.1-т заасан ховор амьтны жагсаалтад багтсан “Тул” загас 3 ширхэгийг барьсныг **-** ОРА улсын дугаартай Тоёота 4 риннер маркийн тээврийн хэрэгслээр Булган аймгийн Сэлэнгэ сумаас Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн нутаг дэвсгэр хүртэл тээвэрлэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч П.О нь экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж 3 тул загасны үнэ 1,266,000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байна гэсэн дүгнэлт гаргасныг шүүх үндэслэлтэй байна гэж үзэв.
Харин шүүгдэгч П.О нь гэм буруугийн талаар маргаагүй боловч “... тул загас барьсан гэдгээ мэдээгүй...” гэж, шүүгдэгч Ч.Т “...тул загас гэдгийг мэдээгүй, идэшний үхэрний үнэ асуугаад ирэхэд ачаагаа баглаад явахад бэлэн болчихсон байж байсан тэгээд ачаа бараагаа ачаад ирсэн...” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тулга, Р.Цэрэнханд нар нь “ ... гэмт хэргийн субъектив шинж нь үгүйсгэгдэж байна ямар загас барьснаа мэдээгүй, мэдэж байсан болох нь тогтоогдоогүй... шалгасан цагдаа нар нь мэдээгүй, шинжээчийн дүгнэлт гарахад тул загас барьснаа мэддэг... гэмт хэргийн шинжгүй учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж мэтгэлзсэн нь үндэслэлгүй байна. Шинжээчийн дүгнэлт 2021 оны 12 сарын 27-ны өдөр гарсан байх бөгөөд тухайн үед шалгаж илрүүлсэн мөрдөгч нарын илтгэх хуудсанд “... зохих зөвшөөрөлгүй тул загас тээвэрлэж явсныг илрүүлсэн...” гэж, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд “...ногоон өнгийн шуудай дотор 1 ширхэг тулбага загас...” гэж, шүүгдэгч нар нь 2021 оны 11 сарын 23, 12 сарын 11-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлгүүдээр няцаагдаж байна.
Шүүгдэгч П.О нь ховор амьтан болох тул загасыг тусгай зөвшөөрөлгүйгээр барьсан, шүүгдэгч Ч.Т нь ховор амьтан болох тул загасыг 44-26 ОРА улсын дугаартай тоёота 4 риннер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, гэрч С.Цогтбаатарын “...Загас барьсан чинь 2 тул загас барьсан байсан, тул загас барихдаа П.О ганцаараа байсан...” гэсэн, гэрч О.-ын “...Тэгээд бид нар авч явсан жижиг лоомоор мөс цоолж мармушик шидсэн... би 2 ширхэг гутаарь, 2 ширхэг зэвгэ нэртэй загас барьсан. Би өөрөө загас мэддэг болохоор өөрийн барьсан загасыг мэдэж байна... 3 ширхэг тул загасыг П.О барьсан...” гэсэн, гэрч Л.Гантөмөрийн “...П.О, Ц, гурав загас барьсан. Ч.Т айл руу явахаасаа өмнө хамт явсан, гэхдээ загас барьсан эсэхийг мэдэхгүй байна. Наашаа явах гээд цуглах үед П.О азтай байна, ёндоотой байна гээд яриад байсан...” гэсэн мэдүүлгүүд, Биологийн хүрээлэнгийн Гидробиологи, загас судлалын лабораторийн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс гаргасан шинжээчийн дүгнэлт, Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газрын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлт, илтгэх хуудас, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1, 2-т “...амьтан...гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна, Монгол Улсын ан амьтан төрийн өмч мөн” гэж зааснаас үзэхэд ан амьтан бол үндэсний баялаг бөгөөд ан амьтдын нөөц болон нөхөн сэргэх чадвар, экологийн ач холбогдлоор нь нэн ховор, ховор, агнах нөөцтэй гэж ангилдаг байна. Шүүгдэгч П.О, Ч.Т нар нь тархац нутагтаа тоо толгой нь цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй “ховор” амьтныг барьсан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгч Ч.Т, П.О нарын дээрх үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, байгаль орчин, экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр барьсан, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн зүйлчилэл тохирсон байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч П.О-ыг ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр барьсан, шүүгдэгч Ч.Т-г ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр барьсныг тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохиролын талаар:
Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж, 37.2 дахь хэсэгт “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно” гэж заасны дагуу шүүгдэгч П.О нь 3 ширхэг тул загасны экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж 1,266,000 төгрөгийг төлсөн болох нь Худалдаа хөгжлийн банкны орлогын баримтаар нотлогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч Ч.Т, П.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Улсын яллагч: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т, П.О нарыг тус бүр долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 16 ширхэг загас, тор зэргийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгах, шинжээчийн дүгнэлт гаргахад 150,000 төгрөгний зардал гарсан үүнийг шүүгдэгч нар тэнцүү төлөх ёстой гэтэл П.О төлсөн тул Ч.Тгээс 75,000 төгрөгийг гаргуулан шүүгдэгч П.От олгох саналтай. Шүүгдэгч Ч.Тгийн хэрэг болох үед унаж явсан тээврийн хэрэгсэл нь ховор амьтан болох тул загасыг барьсан үйлдэлд ашиглаагүй, харин барьсны дараа тээвэрлэсэн үйл баримт тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзэх үндэслэлгүй, тээвэрлэсэн үйлдэл нь тусдаа гэмт хэргийн шинжийг агуулж байх тул тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох саналтай...” гэв.
Шүүгдэгч П.О: “...Ялын талаар хэлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч Ч.Т: “...Ялын талаар хэлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар “...торгох ялын доод хэмжээгээр торгох шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ч.Т, П.О нарын учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Ч.Т, П.О нарын үйлдсэн хэргийн шалтгаан нөхцөл, хохирол, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Тг таван мянга найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5,800,000 төгрөгийн торгох ялаар, шүүгдэгч П.Оыг зургаан мянган гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6,300,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон гэж үзэв.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Ч.Т, П.О нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 16 ширхэг загас, загасны тор, ягаан өнгийн хуванцар савтай загасны хэрэгсэл зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж зохицуулсан байна.
Шүүгдэгч Ч.Тгийн жолоодож явсан 44-26 ОРА улсын дугаартай тоёота 4 риннер маркийн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзэх үндэслэлгүй байх тул прокурорын 2022 оны 03 сарын 07-ны өдрийн 02 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр барьсан гэмт хэргийг, шүүгдэгч Ч.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр барьсныг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Оыг зургаан мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6,300,000 /зургаан сая гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Чадраабалын Ч.Т-г таван мянга найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,800,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О, Ч.Т нарт тус бүр оногдуулсан дээрх торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.О, Ч.Т нар нь тус бүр оногдуулсан торгох ялыг дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч П.О, Ч.Т нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт тэдний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 16 ширхэг загас, загасны тор, ягаан өнгийн хуванцар савтай загасны хэрэгсэл зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, прокурорын 2022 оны 03 сарын 07-ны өдрийн 02 дугаартай **-** ОРА улсын дугаартай Тоёота 4 риннер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Т, П.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ