Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/66

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Э.Оюун-Эрдэнэ, шүүгч Б.Володя нарын бүрэлдэхүүнтэй

Улсын яллагч О.Батнасан,

Шүүгдэгч Б.А,

Өмгөөлөгч Э.Наранцацрал, Б.Балжидмаа,

Иргэдийн төлөөлөгч Д.Оюунчимэг,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                                  

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овгийн Б-ын А-д холбогдох 2228000410030 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.         

Биеийн байцаалт: 

А овгийн Б-ын А, ...............................       

 Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь согтуугаар 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 13 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг, ............. тоотод иргэн Б.Д-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж, улмаар зэвсэг хэрэглэн, цээжин тус газарт нь 1 удаа хутгалж, цээжний хөндийд нэвтэрсэн шарх үүсгэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.А-ийг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Хийсэн гэм буруутай үйлдэлдээ гэмшиж, харамсаж байна. Тухайн үед гарч явж байгаад буцаж очиж тийм асуудал болсон. Архи уусан байсан учраас тийм асуудал болсонд харамсаж байна гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гадуур гарсан. Би гэрээс гарахдаа гэрт байсан 0.33 грамын Хараа архи байсныг аваад гарсан. Би хэсэг гадуур явж байгаад ............. тоотод байх Б ахын гэрт очиж нөгөө архиа шинэ оны мэнд гээд гаргаж өгсөн. Тэр архийг задлаад Б ах түүний эгч Д бид гурав хувааж уусан. Бид гурав архиа хувааж ууж дуусгаад сууж байхад гаднаас 2 эрэгтэй 1 эмэгтэй 3 хүн Б ахын гэрт орж ирсэн. Б ах тэр орж ирсэн 3 хүний нэг залууд нь архины шавхрууг хийж өгсөн. Түүнийг тэр залуу татсан чинь эхнэр нь нөгөө залууг явъя гээд нуруу руу нь 2-3 удаа алгадаад чи юундаа энд хорогдоод байгаа юм бэ гээд аваад гарсан. 1 залуу нь үлдсэн. Би тэр хоёрыг явсны дараагаар нь санаандчгүй энэ залуу чинь өөрөөсөө эгч л хүнтэй суусан юм шиг байх юм мөрөн дээр нь алгадаад аваад гарлаа гээд хэлсэн чинь Д эгч гэрээс гараад гүйсэн. Тэгээд би явъя гэж бодоод сууж байхад нөгөө залуу гэрт сүр, сар гээд гүйгээд орж ирээд намайг сандал дээр сууж байхад тийрч унагаасан, тэгээд дээрээс шууд зодсон. Би нүүрээ дараад хэвтэж байсан чинь гэнэт амьсгаа авч болохоо байгаад явчихсан. Тэгэхээр нь куртикаа тайлаад цамцаа тайлаад энэ яасан байна гээд асуухад хутгалчихсан байна шүү дээ гэж хэлсэн. Тэгсэн миний фудволкоор миний шархыг дарсан. Тэгэхээр нь би гэртээ харъя гээд гэрээс гарсан. Би гэрээс гарахдаа өөрийн ээж рүүгээ залгаад хүү нь хутгалуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд би гэрээс гараад дээшээ алхаж байхад араас түргэний машин хүрээд ирсэн. Миний өмнөөс манай ээж мөн хүрээд ирсэн. Тэгээд эмнэлэг дээр очоод үзүүлсэн чинь хэвтүүлж эмчилнэ гээд намайг 7 хоног эмнэлэгт хэвтүүлээд эмнэлгээс гаргасан. Би тухайн үед танихгүй байсан сүүлд нь А гээд хүн намайг хутгалсан талаар мэдсэн. Намайг яагаад хутгалсан талаар нь мэдэхгүй байна... Тухайн үед А намайг 1 удаа тийрээд дараагаар нь нуруу хэсэг рүү 2-3 удаа цохиж авсан. Би А-д хутгалуулж гэмтсэн бусдаар ямар нэгэн байдлаар биедээ гэмтэл аваагүй. Миний эмчилгээний зардал болох 480.000 төгрөгийг А төлсөн учраас надад нэхэмжлэх зүйл байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” /хавтаст хэргийн 21-22 дахь тал/

Гэрч С.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би оны өмнө Манлай сумаас ирээд төрсөн эгч Мгийнд байгаа. 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өглөө босчихоод хүргэн А бид хоёр Б гэдэг хүнийд усны тэрэг хүргэж өгөх гэж очсон чинь Б шартчихсан бид хоёрыг 1 шил архи аваад ир гээд А-д 14.000 төгрөг өгсөн. Бид хоёр Солонго дэлгүүр орж нэг шил "Цагаан архи" гэсэн 0.75 граммын архи аваад буцаж Б-ын гэрт очоод бид гурав хувааж уусан. Хүргэн бид хоёр тэр архийг хувааж уучихаад гэр рүүгээ явсан. Гэртээ очоод хоол хийж идчихээд сууж байхад А намайг Б-ын гэрт очоод ирье гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Б-ын гэрт алхаад очиход Б, Дэ гэдэг хүнтэй 0.33 граммын Хараа архи уугаад дуусгаж байсан. Тэр архины улдэгдлээс бид хоёрт нэг нэг хийж өгсөн. Тэгсэн араас нь манай эгч М хүрч ирээд А-ийг явъя гээд аваад явсан. А, М нар гэрээс гарсан чинь Дэ гэдэг залуу энэ хөгшин авгайд баригдчихсан бацаан гэж хэлсэн. Тэгэхээр нь би хөгшин хүнтэй суусан байна уу чамд ямар хамаатай юм бэ гэсэн чинь над руу дайраад чи муy тэсийн тэнэг үү гэхээр нь би Манлай сумынх гэж хэлсэн чинь Манлайн мангарууд намайг барахгүй шүү гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хэрэлдсэн. Тэгж байхад Бын эхнэр До гэрээс гараад А, М нарыг дуудаж байгаа чимээ гарсан. Удаагүй А, М нар гэрт ороод ирсэн. А гэрт орж ирээд чи хүнийг хөгшнөөр нь дууддаг хэн бэ гээд Дэ рүү дайрсан. Тэгээд тэр хоёр зууралдахаар нь бид нар салгасан. Тэгсэн чинь А гэрийг бүтэн тойроод эргээд нөгөө залуу дээр ирсэн. Тэгсэн чинь Дэ энэ намайг хутгалчихлаа шүү дээ гэхээр нь би худлаа яриад бай хэдий завандаа гэж хэлсэн чинь нуруунаас нь цус гарч байсан. Тэгээд эмнэлэг дуудах уу, цагдаа дуудах уу гэж байхад нэг нь эмнэлэг дуудсан. Тэгсэн чинь Дэ гэдэг залуу гэртээ харина гээд гэрээс гараад явсан. Түргэний машин ирээд Дэг хашааны гаднаас аваад явсан. Мөн А хамт явсан. Удаагүй цагдаа нар ирсэн. Тэгээд намайг цагдаагийн газар дээр авч ирсэн. А хутга хаанаас авсныг мэдээгүй гэнэт л хутга барьчихсан байсан. Тэр хутгыг сүүлд нь харахад хар иштэй хутга байсан. /хавтаст хэргийн 27 дахь тал/

 

Гэрч С.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өглөө босоод нөхөр А дүү Мө нарыг усанд явуулсан. Тэр хоёр усанд яваад нэлээд удаж байгаад ирэхээр нь яагаад ингэж удав гэсэн чинь Б нэг шил архи аваад ир гээд мөнгө өгөхөөр нь архи аваад бид гурав хувааж уучихаад ирлээ гэж хэлсэн. Тэгээд бид гурав хоол хийж идсэн. Тэгж байхад манай нөхөр Догийн усны тэргийг хүргэж өгнө гээд гарахаар нь би хамт явна гээд явсан. Бид гурав Бын гэр буюу ............. тоотод очиход Б, До, Д нар байсан. Д, Б нар архи уугаад дуусч байгаа бололтой Ерөөл нэртэй 0.33 архины шил байсан. Бид нарыг ороод очиход Д ганц жоохон юм уухад яасан олон хүн таардаг юм дээ гэж хэлж байсан. Тэгээд би нөхрийгөө явъя гээд загнаад гэрээс аваад гарсан. Манай дүү Мө тэнд суугаад үлдсэн. Тэгээд нөхөр бид хоёр гэр рүүгээ явж байхад араас До дуудсан. Яасан гэсэн чинь энэ дүүгээ авахгүй бол болохгүй нь Д дүүг чинь өдөөд хэл амаар доромжлоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь юу гээд байгаа юм гэж асуухад До манай нөхөрт хандаад чамайг бас хөгшин хүүхэнтэй суугаад толгойгоо мэдүүлчихсэн юм гээд байна гэж хэлсэн чинь манай нөхөр Б-ын гэр рүү гүйгээд явчихсан. Араас нь би До-гийн хамтаар алхаад ороход Д куртикаа тайлчихсан танай нөхөр чинь намайг шаачихлаа шүү дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би худлаа яриад бай гэж хэлээд фудволкыг нь сөхөөд харсан чинь цус шүүрч байсан. Би фудволкоор цусыг нь дарсан. Тэгээд эмч дууд гэж хэлсэн чинь Д би гэр рүүгээ явмаар байна гэхээр нь чи эмнэлэгт үзүүлэхгүй бол болохгүй гэсэн чинь Д өөрөө утсаараа эмнэлэг дуудсан. Тэгээд Д гэр рүүгээ явлаа гээд гарахаар нь хамт дагаад гарсан. Удаагүй эмнэлгийн машин ирээд гудамжинд явж байсан Д-ыг аваад явсан. Намайг ороод очиход А, Д-ыг гараараа 2-3 удаа цохиж авсан бөгөөд миний амьдрал чамд ямар хамаатай юм бэ гэж хэлж байсан. Би орж очингуутаа Аийг татаж авсан. Намайг хөгшин авгай гэж хэлснээс болж уурлаад л хутгалсан гэж бодож байна. /хавтаст хэргийн 32 дахь тал/

Гэрч О.До мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:2022 оны 01 дүгээр сарын 03-ны өглөө гэрт байж байхад А, Мө нар усны тэрэг гуйж ирсэн бөгөөд усанд явахад нь манай нөхөр Б 10.000 төгрөг өгөөд энүүгээр ганц юм аваад ир шартаад байна гэж хэлсэн. А, Мө нар удаагүй дэлгүүрээс 0.5 граммын нэг шил архи аваад ирсэн бөгөөд тэр архийг тэр гурав хувааж уусан. Тэгчихээд А, Мө нар гараад явсан. Өдөр 13 цагийн үед манай нөхөр Б охиноо дагуулаад айлд очно гээд явсан би хоол хийх санаатай мах хэрчээд сууж байхад гаднаас Д гэдэг залуу ганцаараа ороод ирсэн. Тэгээд намайг сайн байна уу гэхээр нь би дуугарахгүй байсан чинь Д намайг танихгүй байна уу пиздаа минь гэж хэлсэн. Тэгэхээр нь би босоод танихгүй байна, чи айлд орж ирчихээд яасан их том дуугардаг юм бэ гэсэн чинь гэрийн баруун талд очоод суусан. Тэгчихээд би Дэ байна шүү дээ гэж хэлсэн. Тэгхээр нь өө тийм байна шүү дээ гэж хэлээд цай хийж өгсөн. Дыг цай уугаад сууж байхад манай нөхөр Б гаднаас охиноо дагуулаад ороод ирсэн. Тэр үед Д баруун ханцуйнаасаа 1 шил 0.33 граммын архи гаргаж ирээд Бт өгсөн. Б архыг нь харсан чинь Д голоод байгаа юм уу пизда чинь гэж хэлсэн. Тэр үед Б үгүй ээ гээд архийг задалсан. Тэгээд тэр хоёр тэр архийг хувааж уугаад дуусах гэж байхад гаднаас А, Мө, М нар ороод ирсэн. Тэр үед Д жоохон юм нь дээр яасан олон хүн цуглардаг пиздаа вэ гэж уурласан. Тэгсэн чинь удалгүй М, А-ийг загнаад аваад гарсан чинь Д энэ арчаагүй пизда вэ, хөгшин авгайдаа толгойгоо мэдүүлчихсэн залуу хун аваад суучихаж болдоггүй пизда вэ гэж хэлсэн чинь гэрийн зүүн талд сууж байсан Менх-Очир, Дт хандаад чи юу гээд манай эгчийг доромжлоод байгаа юм бэ гэсэн чинь Д гэрийн баруун талд сууж байгаад чи тэсийн тэнэг пизда юу гэсэн чинь Мө би тэсийнх биш Манлайнх гэж хэлсэн чинь өө чи Манлайн мангар байсан байна шүү дээ гэж хэлээд би чамайг шаачих уу гэж хэлсэн. Тэр үед нь би Д-т хандаад чи яагаад хүн доромжлоод байгаа юм бэ гэж хэлэхэд Д босч ирээд Мөыг өдөөд байхаар нь энэ хоёр муудалцаж байгаад зодолдох байх гэж бодоод гэрээс гараад М, А нарын араас нь дуудаад Д, Мөыг хэл амаар доромжлоод байна мөн чамайг хөгшин авгай гээд байна Мө-ыг авч яв гэж хэлсэн. Тэгсэн чинь А түрүүлээд гүйгээд гэр рүү яваад өгсөн, би араас нь М-гийн хамтаар гэрт яваад ороход А, Д хоёр хоорондоо ноцолдоод байж байсан. М гэрт ороод Аийг салгаж авсан. Тэгсэн чинь Д ёооё энэ намайг шаачихлаа гэж хэлсэн. Тэгсэн чинь М, Дын фудволкийг сөхөж үзээд дараагаар нь цусыг нь цэвэрлэсэн. Тэгээд Д ээжийгээ болон түргэн дуудсан. Д, А, М гурав гэрээс гараад яваад өгсөн. Эхнэрийг нь болон дүүг нь Д хэл амаар доромжлоод байсан. Түүнээс болоод л хутгалсан байх.” /хавтаст хэргийн 34-35 дахь тал/

Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өглөө гэрт эхнэрийн хамтаар А, Мө нар усны тэрэг гуйж ирсэн бөгөөд усанд явахад нь 10.000 төгрөг өгөөд энүүгээр ганц юм аваад ир гээд өгсөн. А, Мө бид гурав хувааж уусан. Тэгээд А, Мө нар гэр рүүгээ явсан. Би гадуур явж байгаад өдөр гэртээ эргээд ирсэн чинь манай гэрт Д гэх залуу ирчихсэн 1 шил 0.33 граммын архи тавиад сууж байсан. Тэр архийг нь Д бид хоёр хувааж уугаад дуусч байхад гаднаас А, Мө, М нар ороод ирсэн. Тэгсэн Д жоохон юм нь дээр яасан олон хүн цуглардаг пиздаа вэ гэж уурлаад байсан. Тэр үед манай аав Тө Дархан хотоос залгасан учраас би утсаар яриад гарсан. Би гэрийн ард гараад утсаар ярьж сууж байгаад эргээд гэртээ орж ирэхэд Д хутгалуулчихсан гээд хэвтэж байсан. Тэгээд удаагүй Д манайхаас гараад явсан араас нь А, М, Мө нар гараад явсан. Би гэртээ байж байхад цагдаа нар ирж уулзаад явсан.” /хавтаст хэргийн 37 дахь тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 49 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Д-ын биед цээжинд цээжний хөндийд нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Б.Д-ын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Б.Д-ын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 40-41 дэх тал/

Шүүгдэгч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: ... Би болсон асуудлын талаар гэрчээр мэдүүлэг өгөхдөө дэлгэрэнгүй ярьсан байгаа учраас одоо нэмж ярих зүйл байхгүй. Мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Би хохирогчийн ор, хоногийн мөнгийг төлсөн. Гуурсан аппаратын мөнгийг төлсөн, мөн ойр зуурын хэрэглээний зүйлүүдийг нь авч өгсөн байгаа. Би бусдын биед гэмтэл учруулсан үйлдэлдээ маш их харамсаж байна. /хавтаст хэргийн 48 дахь тал/ 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 59 дэх тал/

Иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 51 дэх тал/

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар багийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 177 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 52 дахь тал/

Өмнөговь аймаг Өмнийн говийн баялаг ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 22/12 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 56 дахь тал/

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 61-68 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Б.А нь согтуугаар 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 13 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг, ............. тоотод иргэн Б.Д-тай хөгшин эхнэртээ базуулсан гэх шалтгаанаар маргалдсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Улмаар шүүгдэгч Б.А нь хохирогч Б.Д-ын цээжин тус газар нь хутгалсан үйл баримт тогтоогдож байна.

Тодруулбал: Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Д-ын: “...Би тэр хоёрыг явсны дараагаар нь санаандчгүй энэ залуу чинь өөрөөсөө эгч л хүнтэй суусан юм шиг байх юм мөрөн дээр нь алгадаад аваад гарлаа гээд хэлсэн чинь Д эгч гэрээс гараад гүйсэн. Тэгээд би явъя гэж бодоод сууж байхад нөгөө залуу гэрт сүр, сар гээд гүйгээд орж ирээд намайг сандал дээр сууж байхад тийрч унагаасан, тэгээд дээрээс шууд зодсон. Би нүүрээ дараад хэвтэж байсан чинь гэнэт амьсгаа авч болохоо байгаад явчихсан. Тэгэхээр нь куртикаа тайлаад цамцаа тайлаад энэ яасан байна гээд асуухад хутгалчихсан байна шүү дээ гэж хэлсэн.” /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

Гэрч С.Мө-ын: “...А гэрт орж ирээд чи хүнийг хөгшнөөр нь дууддаг хэн бэ гээд Дэ рүү дайрсан. Тэгээд тэр хоёр зууралдахаар нь бид нар салгасан. Тэгсэн чинь А гэрийг бүтэн тойроод эргээд нөгөө залуу дээр ирсэн. Тэгсэн чинь Дэ энэ намайг хутгалчихлаа шүү дээ гэхээр нь би худлаа яриад бай хэдий завандаа гэж хэлсэн чинь нуруунаас нь цус гарч байсан.” /хавтаст хэргийн 27 дахь тал/,

Гэрч С.М-гийн: “...нөхөр бид хоёр гэр рүүгээ явж байхад араас До дуудсан. Яасан гэсэн чинь энэ дүүгээ авахгүй бол болохгүй нь Д дүүг чинь өдөөд хэл амаар доромжлоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь юу гээд байгаа юм гэж асуухад До манай нөхөрт хандаад чамайг бас хөгшин хүүхэнтэй суугаад толгойгоо мэдүүлчихсэн юм гээд байна гэж хэлсэн чинь манай нөхөр Бын гэр рүү гүйгээд явчихсан. Араас нь би Догийн хамтаар алхаад ороход Д куртикаа тайлчихсан танай нөхөр чинь намайг шаачихлаа шүү дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би худлаа яриад бай гэж хэлээд фудволкыг нь сөхөөд харсан чинь цус шүүрч байсан.” /хавтаст хэргийн 32 дахь тал/,

Гэрч О.До-гийн: ...гэрээс гараад М, А нарын араас нь дуудаад Д, Мө-ыг хэл амаар доромжлоод байна мөн чамайг хөгшин авгай гээд байна Мөыг авч яв гэж хэлсэн. Тэгсэн чинь А түрүүлээд гүйгээд гэр рүү яваад өгсөн, би араас нь М-гийн хамтаар гэрт яваад ороход А, Д хоёр хоорондоо ноцолдоод байж байсан. М гэрт ороод А-ийг салгаж авсан. Тэгсэн чинь Д ёооё энэ намайг шаачихлаа гэж хэлсэн. Тэгсэн чинь М, Д-ын фудволкийг сөхөж үзээд дараагаар нь цусыг нь цэвэрлэсэн.” /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

Гэрч Т.Б-ын: “...Би гэрийн ард гараад утсаар ярьж сууж байгаад эргээд гэртээ орж ирэхэд Д хутгалуулчихсан гээд хэвтэж байсан. Тэгээд удаагүй Д манайхаас гараад явсан араас нь А, М, Мө нар гараад явсан. Би гэртээ байж байхад цагдаа нар ирж уулзаад явсан.” /хавтаст хэргийн 37 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.А-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Д-ын эрүүл мэндэд цээжинд цээжний хөндийд нэвтэрсэн шарх бүхий хүнд хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 49 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 40-41 дэх тал/-ээр тогтоогдож байна.  

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно” гэж заасан ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ хутга хэрэглэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хутга нь ердийн шинж чанараараа ахуйн хэрэглээний эд зүйл боловч бусдад хор уршиг, хохирол учруулснаар хүйтэн зэвсэгт хамаарна.

Иймд хутга нь зэвсэг гэх ойлголтод хамаарах тул шүүгдэгч Б.А-ийг зэвсэг хэрэглэн бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.А нь согтуугаар 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 13 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг, ............. тоотод иргэн Б.Д-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж, улмаар зэвсэг хэрэглэн, цээжин тус газарт нь 1 удаа хутгалж, цээжний хөндийд нэвтэрсэн шарх үүсгэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Иргэдийн төлөөлөгч Д.О гэм буруугийн саналдаа: Хүнийг мэс ашиглан гэмтээсэн учраас гэм буруутай гэж үзэж байна гэх дүгнэлт гаргасан ба иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүх нотлох баримтад тулгуурлаж гаргасан эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Шүүгдэгч Б.А нь зэвсэг хэрэглэн бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлаж, үр дагавар нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол, хор уршиг учирсан үр дагаврыг бий болгосон ба энэ үйлдлээ хүсч үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.А нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Д-тай маргалдан улмаар зэвсэг хэрэглэн бусдын эрүүл мэндэд халдаж буй үйлдлийг болгоомжгүй гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хутга хэрэглэн бусдын эрх чөлөөнд халдах нь хууль бус гэдгийг ухамсарлаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол, хор уршиг учирсан үр дагаврыг зориуд бий болгосон төдийгүй өөрийн үйлдлээ ухамсарлаж үйлдсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” /хавтаст хэргийн 21-22 дахь тал/ гэснээр, мөн хохирогчид 1.480.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирол төлбөр төлсөн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Б.А-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.А-д ял оногдуулахдаа түүний гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.А-ийн хувийн байдал нь ..................... зэрэг баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгчийн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал, гэр бүлийн нөхцөл байдал, хохирлоо төлсөн нөхцөл байдлыг анхааран үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг хэрэглэн оногдуулах ял шийтгэлийг доогуур оногдуулж өгнө үү гэсэн улсын яллагчийн саналтай байр суурь нэг байна гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгчийн зүгээс хийсэн хэрэгтээ гэмшиж, харамсаж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү?, дахиж ийм хэрэг хийхгүй гэх тайлбарыг тус тус гаргав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулахаар заажээ.

Шүүх шүүгдэгч Б.А-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж буй байдал, хохирогчид учруулсан хор уршигаа нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Ад 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч энэ гэмт хэргийг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл болохгүй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.” гэж заасан ба шүүгдэгч Б.Ад 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 03 дугаартай шүүхийн тогтоолоор цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан тул шүүгдэгч Б.А-ийн цагдан хоригдсон 18 /арван найм/ хоногийг шүүгдэгчийн эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн бариултай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгав.

Шүүгдэгч Б.А нь хохирогч Б.Д-т 1.480.000 /нэг сая дөрвөн зуун наян мянга/ төгрөгийн хохирол төлбөрийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.  

Шүүгдэгч Б.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овгийн Б-ын А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Ад 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ийн цагдан хоригдсон 18 /арван найм/ хоногийг шүүгдэгчийн эдлэх ялд оруулан тооцсугай.     

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн бариултай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

6. Шүүгдэгч Б.А нь хохирогч Б.Д-т 1.480.000 /нэг сая дөрвөн зуун наян мянга/ төгрөгийн хохирол төлбөрийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.   

7. Шүүгдэгч Б.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  

 

                                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Т.ДЭЛГЭРМАА

 

                                                                  ШҮҮГЧИД                                   Э.ОЮУН-ЭРДЭНЭ

 

                                                                                                                       Б.ВОЛОДЯ