Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 1478

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мбаяр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

      Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 106А байрны 12 тоотод оршин суух Б овогт Ч-ын М /РД: /,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 24 дүгээр байрны 76 тоотод оршин суух О овогт Д-ийн М /РД: / нарын нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 106Б байрны 119 тоотод оршин суух Х овогт С М /РД: -д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 35.742.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч, нэхэмжлэгч Д.М-ийн төлөөлөгч Ч.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Ариунжаргал /ШТҮД:0-236/, хариуцагчийн төлөөлөгч Г.Гармаа, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Отгонбаяр /ШТҮД: 2226/, нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч Ч.М шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: 2015 оны 3 дугаар сард С.М надаас байр авах гэтэл мөнгө дутаад байна гээд 38.759.134 төгрөг зээлсэн. Энэ мөнгийг С.Мд би доорх байдлаар С.Мгийн Худалдаа хөгжлийн банкны данс руу өөрийн ХААН банкны 1105072023 данснаас шилжүүлсэн. Үүнд: Ч.М би өөрийн Голомт банкны 1105072023 данснаас 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр С.Мгийн Худалдаа хөгжлийн банкны данс руу 12.500.000 төгрөг, мөн өдрөө Худалдаа хөгжлийн банкны С.Мгийн данс руу 1.820.000 төгрөг, мөн өдрөө Худалдаа хөгжлийн банкны С.Мгийн данс руу 16.400.000 төгрөг, Ч.М миний ХААН банкны 5111181122 данснаас С.Мгийн Худалдаа хөгжлийн банкны данс руу 2015 оны 5 дугаар сарын 15-нд 50000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 812000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 2.538.000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 812.000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 810.000 төгрөг, С.Мгийн төрсөн дүү С.Отгончимэгийн ХААН банкны 5075327819 данс руу 1.508.567 төгрөгийг өөрийн ХААН банкны 5114058752 данснаас тус тус шилжүүлсэн. 2015 оны 03 дугаар сарын 12-ныөдөр шилжүүлсэн 16.400.000 төгрөгийн 14.000.000 төгрөгийг манай ээж Д.М шилжүүлсэн учир хамтран нэхэмжлэгчээр оролцож байгаа. С.Отгонтуяад 1.508.567 төгрөгийг шилжүүлснээ нэхэмжилсэн боловч Монголд байхгүй байгаа тул С.Отгонтуяаг энэ хэрэгт оролцуулахаас татгалзсан болно. Иймд С.М-гаас зээлийн гэрээний үүргийн дагуу 35.742.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч С.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ч.М надаас 35.742.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. Миний зүгээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь миний бие Ч.Мтай 10 жилийн сургуульд байхаасаа бие биенээ таньдаг байсан. 2014 оноос дотносож үерхээд 2015 оны 1 сараас хамтран амьдарсан. Хамт амьдраад 3, 4 сараас үл ялих зүйлээс шалтгаалж уурлан, бүдүүлэг үг яриагаар доромжлон гар хүрч цохиж зодон, догшин ширүүгн авирлах болсон. Охиныг маань намайг байхгүйд байнга дарамталж, ээждээ хэлбэл ална шүү гэж сүрдүүлж айлгадаг байсан. Машиндаа хоёул явж байх үед босоогоороо яв, сууж болохгүй шүү гөлөг минь гэх мэтээр олон удаагийн дарамт үзүүлдэгийг сүүлд мэдсэн. Хамт амьдрах хугацаанд 2 удаа жирэмсэлсэн. Эхний удаа жирэмсэн байхад зодож, хамт амьдрахгүй хүн байна гээд үр хөндөлт хийлгэсэн. Гуйж гувшсаар эхний удаа уучиллаа гээд өнгөрсөн. Харин 2015 оны 11 дүгээр сард 3 сартай жирэмсэн байхад минь дахин зодож 2 хоног халуурч эмнэлэгт хүргэгдэг үр зулбасан. Энэ удаад уучилж чадахгүй салсан. 1 жилийн хугацаанд энэ хүний догшин ааш дарамтанд байж эрүүл мэнд,сэтгэл санааны хямралд орж хохирсонд маш их гомдолтой байна. Миний бие 2003 оноос Улаанбаатар хотод ажиллаж байгаа бөгөөд аавынхаа тусламжтайгаар хоёр өрөө байр 2010 онд худалдан авсан. 2014 онд уг байраа зарсан. Нийлсэн үеэс мөнгө санхүү нэг байж, бизнес хийнэ, мөнгө өсгөж өгнө гээд багагүй л мөнгө надаас авч байсан. Найз нөхдөөсөө зээлэн, өөрийн мөнгө, энэ тэрээгээ нийлүүлж өгсөн. 2015 оны 3 дугаар сард миний бие байраа томруулан 3 өрөө байр авах болж өгсөн мөнгөө л авсан. Ч.Маас миний бие огт мөнгө зээлээгүй болно. Одоо бодоод байхад энэ хүн намайг ашиглаж байсан байна лээ. Гэр бүлийн хүчирхийлэлд өчнөөн сар зовж, эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирч үлдсэн гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Гармаа шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Ч.М, С.М нар 2014 оноос дотносоод 2015 оноос хамт амьдарч эхэлсэн. 2015 оны 04 дүгээр сарын 20-нд хариуцагч жирэмсэн байхад гар хүрч зодсоны улмаас зулбасан. Дараа нь 2015 оны 11 сард 3 сартай жирэмсэн байхад зодож ураг нь зулбасан. Ийм байдлаар цаашид хамт амьдрах боломжгүй болсон. Ч.М нь 35.742.000 төгрөгийг зээлсэн гэж үзэж нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээ нь санал гаргаснаар болон саналыг хүлээн авснаар байгуулагддаг. Өөрөөр хэлбэл хоёр тал хүсэл зоригоо илэрхийлсэн, гэрээний талаар санал нэгдсэн байхыг шаарддаг. Гэтэл талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа огт үүсээгүй, хамтран амьдрах хугацаандаа орон сууц худалдан авч, нэхэмжлэгчээс хариуцагчийн дансанд мөнгө шилжүүлсэн байдаг. Үүнийг буцааж авна гэсэн тохиролцоо байгаагүй. Уг маргаан Иргэний хуулийн 195, 281 дүгээр зүйлд заасан шинжийг агуулаагүй байна. Д.М нь өөрийн бэр болох С.Мд орон сууц худалдан авахад нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх зорилгоор мөнгө шилжүүлсэн болохоос зээлсэн, тэдгээрийн хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

          Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг  бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.М нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч  С.М, С.Отгончимэг нараас зээлийн гэрээний үүрэгт 38.759.134 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран нэхэмжлэгчээр Д.Мийг татан оролцууулж,  хариуцагч С.Отгончимэгийг жинхэнэ хариуцагч С.Отгонтуяагаар сольжээ.

Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Отгонтуяагаас татгалзаж, хариуцагч С.Мгаас 35.742.000 төгрөг шаардаж байх ба уг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж шүүх үзлээ.

Учир нь зохигчид 2015 оны 1 дүгээр сараас хойш хамтран амьдарч байх хугацаандаа Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 106Б байрны 119 тоотын 3 өрөө орон сууцыг худалдан авахаар орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээ байгуулж, улмаар Худалдаа хөгжлийн банкны орон сууцны зээлийн гэрээнд хамрагдан С.М болон түүний дүү С.Отгонтуяа нарын нэр дээр худалдан авч 2015 оны 11 дүгээр сарыг хүртэл хамтран амьдарч байсан болох нь зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх орон сууцыг худалдан авах урьдчилгаа төлбөрийг бүрдүүлэхэд нэхэмжлэгч Ч.Маас 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 12.500.000 төгрөг, нэхэмжлэгч Д.Мөөс 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 14.000.000 төгрөгийг тус тус хариуцагч С.Мд, орон сууцны зээлийг төлөхөд зориулж нэхэмжлэгч Ч.Маас 2015 оны 08 дугаар сард 812.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сард 810.000 төгрөгийг тус тус хариуцагч С.Мд шилжүүлэн өгсөн болох нь хариуцагч С.Мгийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгаар нотлогдож  байна.

Нэхэмжлэгч нь дээрх шилжүүлсэн мөнгийг С.М нь байр авахад мөнгө дутаад байна гээд зээлсэн гэсэн үндэслэлээр шаардаж байгаа бол хариуцагч талаас талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, нэхэмжлэгчээс хариуцагчийн дансанд шилжсэн мөнгийг буцаан авах тохиролцоо хийгээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байна.

          Хариуцагчийн татгалзал үндэсгүй гэж шүүх дүгнэв.

Хэдийгээр зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдаагүй хэдий ч хариуцагч С.М нь нэхэмжлэгч нараас шилжүүлсэн мөнгийг  орон сууцны урьдчилгаа төлбөрт зарцуулан Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 106Б байрны 119 тоотын 3 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болсон  байх ба үүнийг Иргэний хуулийн 496 дугаар зүйлд заасан бусдын зардлаар  хөрөнгөжсөн гэж үзнэ.

Нэхэмжлэгч Ч.М, хариуцагч С.М нар зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрахгүй болсон тул нэхэмжлэгч Ч.М, Д.М нар нь хариуцагч С.Мгийн  дээрх орон сууцыг худалдан авахад өөрсдөө сайн дурын үндсэн дээр гаргасан зардлаа Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2-т зааснаар шаардах эрхтэй байна.

Хариуцагч С.М нь нэхэмжлэгчид өгсөн мөнгөө буцаан авсан гэж хариу тайлбартаа дурдсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ нотолж нотлох баримт гаргаж өгөөгүй тул хариуцагчийн татгалзал нотлогдохгүй байна.

Иймд хариуцагч С.Мгаас нэхэмжлэгч нарын 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр шилжүүлсэн 26.500.000 төгрөг болон орон сууцны зээлийн төлбөр төлөхөд зориулж  2015 оны 06 дугаар сард шилжүүлсэн 812.000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сард шилжүүлсэн 810.000 төгрөг, нийт 28.122.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.М, Д.М нарт олгох нь зүйтэй байна.

         Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7.620.000 төгрөгийн шаардлагыг хуульд нийцээгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон ба хангаж буй үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон           

ТОГТООХ нь:

 

     1. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Мгаас 28.122.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.М, Д.Мт нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7.620.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

     2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 351.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Мгаас улсын тэмдэгтийн хураамжид 298.560 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч Ч.М, Д.М нарт олгосугай.

 

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МБАЯР