Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2020/ШЦТ/214

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг  

Улсын яллагч Д.Ганчимэг  

Шүүгдэгч Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д-д холбогдох эрүүгийн 2021003270241 дугаартай хэргийг 2020 оны 07  дугаар сарын 02-ны   өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19..  оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн ....сумын .. дүгээр баг “......” гэх газарт оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Д /РД: ЖВ ....../.

Шүүгдэгч Д нь Дорнод аймгийн .....сумын ... дугаар багийн нутаг “.......” гэх газарт болон гэртээ 2020 оны 05 дугаар сарын 06-наас 07-ны өдрүүдэд хамтран амьдрагч Д-н эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас хэргийн талаар нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр миний нөхөр Д нь надаас модны үртэс асгана гэж бэлэн 50.000 төгрөг аваад гарсан юм. Ингээд нөхөр Д гэртээ ирэхгүй болохоор нь би орой 18 цагийн орчимд гар утас руу нь залгахад “би одоо модны үртсээ асгаад очлоо” гэж хэлээд удалгүй бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирэхээр нь би “Чи өмнө нь архи уухгүй ухаарсан” гэж хэлсэн биз дээ яагаад хэлсэн амандаа хүрэхгүй байгаа юм бэ гээд уурлан гартаа барьж байсан гар утасныхаа цэнэглэгчээр цохиод гэрээс яв гэж хөөсөн юм. ...20 цагийн орчимд миний нөхрийн найз Г-н  эхнэр М бага насны хүүхдээ тэврэн манай гэрт орж ирээд “Танай нөхөр Д чинь манай нөхөр Г уруу татан архи уугаад явж байна, хоёулаа тэр хоёрыг олъё” гэж хэлсэн юм. Ингээд М бид хоёр сумын төвөөр хайж байхад шатахуун түгээх станцын гадаа миний нөхөр Д нь найз Г хамтаар гарч ирээд машинд суугаад намайг ирснийг мэдээд зугтаасан юм. Тухайн үед М бид хоёр араас нь хөөж явж байгаад сумын  төвөөс урагш 3 орчим км зайд байх “М” гэх газар луу орсон бөгөөд мөн араас нь явж ороход тэр хоёр модон дунд шар айраг уугаад сууж байсан юм. Дандаа хүн уруу татаж архи уулгадаг биз дээ гэж хэлээд нөхрийгөө бага зэрэг загнахад нөхөр уурлаад намайг хөөгөөд миний үснээс зулгааж, толгой руу цохиж, хатуу түрийтэй гутлаараа мөн өшиглөсөн. Миний хувьд нөхрөөсөө айгаад мод руу зугтааж ороод сумын төв рүү явж байхад араас миний нөхрийн найз Тэмүүлэн эхнэртэйгээ ирээд намайг хадмын гэрт хүргэж өгсөн юм. ...Миний нөхөр эхлээд “М” гэх газарт миний үснээс зулгааж, хацар луу хэд хэдэн удаа алгадаж, баруун хөлний шилбэ хэсэгт хөлөөрөө өшиглөсөн. Мөн хадам аавын гэрт үснээс зулгааж, газарт унагааж хэвлийн хэсэг рүү хөлөөрөө өшиглөж, зүүн мөрийг хазсан...” гэжээ. /хх-ийн 23-25/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны ...  дугаар сарын ... -ний өдрийн ...  тоот дүгнэлтэд:                                                             

1. Д-н  биед духны зулгаралт, хүзүүний няцарсан шарх, зүүн мөр, баруун бугалга, баруун шилбэ, зүүн шилбэний цус хуралт, баруун, зүүн тохой, бүсэлхий, зүүн ташааны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 31-32/

 

Д мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...сумын төвөөс урагш 2 орчим км зайд байх “..............” гэх газарт очоод модон дунд сууж байхад эхнэр Д-н болон Г-н эхнэр М хоёр ирээд эхнэр Д нь уурлаж намайг хэлэх хэлэхгүй үгээр хэлж доромжлоод найз Г “долир” гэж хараахад нь би уурлаад “Чи хүнийг яагаад доромжлоод байгаа юм бэ, зүгээр намайг доромжлохгүй” гэж хэлээд эхнэр Д-г түлхэж газарт унагаад баруун, зүүн хөл рүү нь хөлөөрөө өшиглөсөн юм. Ингээд миний хувьд шууд сумын төв рүү найз Г-н хамтаар явж эхнэр Д нь Г эхнэр М нар тэр газарт үлдсэн юм. ...Д нь орой 22 цагийн орчимд байх миний гар утас руу залгаад “Чи гэрээс хүүхдийн живх аваад ир, би танай гэрт байна” гэж ярьсан бөгөөд миний хувьд хүүхдийнхээ живхийг авч очоод эхнэр Д-д өгөөд буцаад гэрээс гарах гэж байтал намайг гэрээс гаргахгүй гээд хэрүүл маргаан үүсгээд байхаар нь би уурандаа гараараа нүүрэн тус газарт нь 2 удаа алгадаж, түлхэж газарт унагаасан юм...” гэжээ. /хх-ийн 42-44/

Эмчийн тодорхойлолт /хх-ийн 30/

Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 46/

Д-н иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 47/

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 48-56/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Д-нь 2020 оны 05 дугаар сарын 06-наас 07-ны өдрүүдэд Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар багийн нутаг “..............” гэх газарт болон гэртээ хамтран амьдрагч Д биед духны зулгаралт, хүзүүний няцарсан шарх, зүүн мөр, баруун бугалга, баруун шилбэ, зүүн шилбэний цус хуралт, баруун, зүүн тохой, бүсэлхий, зүүн ташааны зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн гэмт хэргээ хүлээсэн “...эхнэр Д-г түлхэж газарт унагаад баруун, зүүн хөл рүү нь өшиглөсөн юм. ...хүүхдийнхээ живхийг авч очоод эхнэр Д-д өгөөд буцаад гэрээс гарах гэж байтал намайг гэрээс гаргахгүй гээд хэрүүл маргаан үүсгээд байхаар нь би уурандаа гараараа нүүрэн тус газарт нь 2 удаа алгадаж, түлхэж газарт унагаасан юм...” гэх мэдүүлэг, хохирогч Д-д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...нөхөр эхлээд “.......” гэх газарт миний үснээс зулгааж, хацар луу хэд хэдэн удаа алгадаж, баруун хөлний шилбэ хэсэгт хөлөөрөө өшиглөсөн. Мөн хадам аавын гэрт үснээс зулгааж, газарт унагааж хэвлийн хэсэг рүү хөлөөрөө өшиглөж, зүүн мөрийг хазсан...” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ..... тоот дүгнэлт, эмчийн тодорхойлолт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч Д-г нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Д-н үйлдлийн улмаас хохирогч Д-н биед духны зулгаралт, хүзүүний няцарсан шарх, зүүн мөр, баруун бугалга, баруун шилбэ, зүүн шилбэний цус хуралт, баруун, зүүн тохой, бүсэлхий, зүүн ташааны зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ...  тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв. 

 Шүүгдэгч Д-д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхээс шүүгдэгч Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд  шүүхээс шүүгдэгч Д-г гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал, хохирогчид төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж үзэв.

Шүүгдэгч Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

Шүүгдэгч Д-н үйлдлийн улмаас хохирогч Д-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч Д нь мөрдөн шалгах ажиллагаанд нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Д-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Д нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д-н хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЖВ....... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болцогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

           

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          П.ПАГМА