Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2020/ШЦТ/215

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг  

Улсын яллагч Э.Хосбаяр  

Шүүгдэгч Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э-д холбогдох эрүүгийн 2021003410233  дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны  өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19..  оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын ... дүгээр баг ....тоотод оршин суух, гавъяа шагналгүй,  ял шийтгэлгүй, Э-д /РД: ЖЭ...... /.

 

Шүүгдэгч Э нь 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 19 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын .... дүгээр багийн нутаг дэвсгэр Зангиатын ......тоотод байх өөрийн гэртээ эхнэр О-той  хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, баруун мөрний цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас хэргийн талаар нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 05 дугаар сарын 20-ны орой 19 цагийн орчим нөхөр бид хоёр гэртээ гэр бүлийн гадуурх харилцаа, хардалтаас болж хоорондоо хэрэлдсэн юм. Тухайн үед нөхөр маань архи уугаагүй эрүүл байсан бөгөөд намайг ажлын газрын Д гэх хүнтэй хардаж “янхан, гичий бага хүү маань миний хүүхэд биш өөр хүний хүүхэд гэж байна” гэж намайг хий хоосон хардсан. Тэгэхээр нь би бас зөрүүлж “чи газрын тосонд тогооч хийдэг байсан хүүхэнтэй явалдаж байсан биз дээ” гээд бид хоёр хоорондоо хэрэлдсэн. Хэрүүл маань сүүлдээ хурцдаад бид хоёр нэг нэгийгээ элдэв үгээр доромжилсон. Тэр явцад нөхөр маань өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрөхгүй миний духны зүүн дээд хэсэгт зангидсан гараараа хоёр удаа цохисон ба зүүн мөрөнд бас 1 удаа цохисон. Тэгээд би нөхөртөө зодуулсандаа уурлаж цагдаад дуудлага өгсөн юм. ...Нөхөр маань надад толгой бариулсан зардал мөн тархины цусан хангамж сайжруулах эм авч уугаарай гэж нийт 100.000 төгрөг өгсөн. Уг мөнгөнөөс зарим мөнгө нь эм аваад илүү гарсан байгаа. Нөхөр бид хоёр дундаа нэг санхүүтэй учраас би нөхрөөсөө илүү дутуу ямар нэгэн мөнгө төгрөг нэхэмжлэхгүй. Миний хохирол бүрэн төлөгдсөн гэж ойлгож болно. ...Нөхөр бид хоёр одоо хэрүүл маргаандаа цэг тавьж, учир зүгээ олсон. Бид хоёр одоо ямар нэгэн хэрүүл маргаан хийлгүй, аль болох тайван замаар гэрлэлтээ цуцлуулах гэж байгаа юм. Миний зүгээс одоо нөхөртөө ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэжээ. /хх-ийн 26-27/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны ... дугаар сарын ....-ны өдрийн .... тоот дүгнэлтэд:                                                             

1. ......................... биед тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, баруун мөрний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 32-33/

 

............... мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2019 оноос эхэлж эхнэр бид хоёр гэр бүлийн гадуурх харилцаанаас болж хоорондоо хэрүүл маргаантай болж эхэлсэн бөгөөд хардалт, сэрдэлтийн улмаас хэн хэндээ үл ойлголцол сэтгэлийн шархтай болчихоод байгаа юм. 2020 оны 05 дугаар сарын 20-ны орой 18 цагийн орчим би Зангиатын 14-10 тоот гэртээ хүүхдүүдээ хараад сууж байхад манай эхнэр О-той ажлаа тараад гэртээ ирсэн. Тухайн үед манай эхнэр маань нэлээн ууртай цухалдуу байсан бөгөөд надтай хэрүүл хийх гээд намайг өдөөн хатгаж, янз бүрийн зэвүүн үгээр намайг шордоод байсан. Тухайн үед манай 9 сартай бага хүү Э амандаа тал хуруун батарей үмхээд хөхөж байсан. Тэр үед би охидуудаасаа “Энэ батарейны тал нь яасан юм, арай дүү чинь идчихсэн юм биш биз дээ” гэж асуусан. Тэр үед манай эхнэр О охидуудад хандаж “Дүү чинь наад батарейгаа залгиад үхвэл аав чинь баярлах байлгүй” гэж дахин намайг шордож, миний зүрх рүү орсон муухай үг хэлэхээр нь би уураа барьж дийлэлгүй эхнэрийнхээ нүүр лүү зангидсан гараараа нэг удаа цохисон. Тэр үед манай эхнэр маань миний өөдөөс самардаж намайг маажих гэж оролдсон. Эхнэрийн дух нь овойж хавдсан байсан бөгөөд эхнэр хавдсан духаа толинд хараад “Чи намайг гэмтээсэн байна, би цагдаа дуудаж чамайг бариулна” гээд дуудлага өгсөн. Тухайн үед би архи уугаагүй эрүүл байсан учраас эрүүлжүүлэхэд оролгүй үлдсэн. ...Би өөрийн гэм буруу болон хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би эхнэр О-с уучлалт гуйж сайн дураараа эвлэрсэн тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэжээ. /хх-ийн  38-40/

Дорнод аймгийн Хэрлэн сумын .... багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 42/

Э-н иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 43/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Э нь 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 19 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэр Зангиатын ..... тоотод байх өөрийн гэртээ эхнэр О-той  хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар зодож, түүний биед тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, баруун мөрний цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн гэмт хэргээ хүлээсэн “...би уураа барьж дийлэлгүй эхнэрийнхээ нүүр лүү зангидсан гараараа нэг удаа цохисон. Эхнэрийн дух нь овойж хавдсан байсан” гэх мэдүүлэг, хохирогч О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...миний духны зүүн дээд хэсэгт зангидсан гараараа хоёр удаа цохисон ба зүүн мөрөнд маань бас зангидсан гараараа 1 удаа цохисон. Тэгээд би нөхөртөө зодуулсандаа уурлаж цагдаад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны …..дугаар сарын ….-ны өдрийн ….. тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч Э  нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Э үйлдлийн улмаас хохирогч О-н биед тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, баруун мөрний цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ...  тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв. 

 Шүүгдэгч Э-д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхээс шүүгдэгч Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас хохирогчид 100.000 төгрөг төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж үзэв.

Шүүгдэгч Э нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Э-н үйлдлийн улмаас хохирогч О-той эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч О нь мөрдөн шалгах ажиллагаанд “...Нөхөр маань надад толгой бариулсан зардал мөн тархины цусан хангамж сайжруулах эм авч уугаарай гэж нийт 100.000 төгрөг өгсөн. Уг мөнгөнөөс зарим мөнгө нь эм аваад илүү гарсан байгаа. Нөхөр бид хоёр дундаа нэг санхүүтэй учраас би нөхрөөсөө илүү дутуу ямар нэгэн мөнгө төгрөг нэхэмжлэхгүй. Миний хохирол бүрэн төлөгдсөн...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Э—г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Э-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э-д хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч О-д 100.000 /нэг зуун мянга/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЖЭ................. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

                                          

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          П.ПАГМА