Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2435

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Аын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/01774 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Аын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т ТӨҮГ-т холбогдох  

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Итгэлбат, Б.Өнөржаргал нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Нямсүрэн

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ш.Сарангэрэл

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Өнөржаргал, Б.Итгэлбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.А нь 2014 оны 10 дугаар сараас Т ТӨҮГ-т хэвлэлийн мэргэжилтний албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр захирлын Б/28 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар, Буянт-Ухаа 2 хорооллоос орон сууц худалдан авахдаа урьдчилгаа төлбөрийн баримтыг хуурамчаар бүрдүүлж, орон сууцны зээл авсан нь тогтоогдсон, хөдөлмөрийн гэрээний 10.2.47-д заасан заалтыг зөрчиж, ноцтой зөрчил гаргасан гэж хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Гэтэл хавтаст хэрэгт цугларсан баримтууд болон талуудын мэтгэлцээнээр ноцтой зөрчил гаргасан гэдэг нь нотлогдоогүй байна. Бэлэн мөнгөний орлогын баримт нь Д.Аын хэвлэл, олон нийттэй харилцах мэргэжилтний хөдөлмөрлөх чиг үүрэгтэй холбоотой баримт бичиг биш юм. Бэлэн мөнгөний орлогын баримт нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, дүрмээр тухайн байгууллагад хэн нэгэн этгээд бэлнээр орлого өгснийг нотолж байгаа баримт болохоос албан хэрэг хөтлөлтийн журамд заасан баримт бичиг биш юм. Гэтэл ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ орон сууцны захиалгын гэрээтэйгээ холбон үзэж тус баримтыг Д.Аыг үйлдсэн гэж буруутгасан. Тухайн үед Монголбанкнаас санхүүжилт байхгүй гээд банкны зээл судлуулах хугацаа хойшилсон. Ингээд ХААН банкнаас 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр зээл олгохоор шийдвэрлэсэн. Д.Аыг урьдчилгаа төлбөрийн баримтаа авчрахыг шаардсан, байгууллагаас баримтаа авах гэхэд 13 291 200 төгрөг ороогүй гээд баримт өгөөгүй юм билээ. Нэхэмжлэгч нь 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нягтлан бодогч н.Алтангэрэлд дээрх мөнгийг бэлнээр тушаасан,гэтэл тэр баримт нь ороогүй байна гэсэн асуудал гарч ирсэн байдаг. Ажил олгогч энэ баримтаар төлсөн мөнгө кассанд ороогүй гэж байгаа учир нэхэмжлэгч нь н.Алтангэрэлээс энэ мөнгийг тусдаа нэхэмжлэх болно. Ажил олгогч нь ажилтныг үндэслэлгүйгээр ноцтой зөрчил гаргаагүй байхад ажлаас нь халсан байна. Мөн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр энэ баримтыг үйлдсэн Д.Ад хамааруулж үзээд байгаа бол тухайн үед мөрдөж байсан хөдөлмөрийн гэрээний хамааралтай зөрчил биш юм. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өнөржаргал, Б.Итгэлбат нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.А нь Т ТӨҮГ-т хэвлэл, олон нийттэй харилцах мэргэжилтнээр ажиллаж байсан. Манай захиалгаар баригдсан Буянт-Ухаа 2 хорооллоос орон сууц худалдаж авахаар гэрээ байгуулсан. Ажилтан ямар нөхцөлөөр орон сууц худалдаж авдаг вэ гэхээр 30 хувийн урьдчилгаа төлж, үлдсэн 70 хувьд ипотекийн зээлд хамрагдах замаар орон сууц худалдаж авах журамтай. Банкнаас ипотекийн зээл авахдаа 30 хувиа манай байгууллагын дансанд төлсөн байх буюу манай Т ТӨҮГ-ын дансанд байршуулж, төлсөн баримтыг нь банкинд өгөх зарчимтай байдаг. Тухайн үед Д.А урьдчилгаанд төлөх 13 291 200 төгрөг төлөөгүй байсан гэдгийг бид нар мэдээгүй. Манайд 2017 оны хавар аудитын шалгалт орж, Д.Аын урьдчилгаанд төлсөн 13 291 200 төгрөг хаана байна вэ гэдэг асуудал хөндөгдсөн байдаг. Ингээд Д.Ааас өөрөөс нь тайлбар авахад би мөнгөө төлсөн гэж ярьсан. Тухайн үед манай байгууллагад өмнө нь ажиллаж байсан нягтлан бодогч н.Алтангэрэл ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд маргаан үүсэж тодруулга авахад Д.А нь тус мөнгийг өөрөө төлөөгүй болох нь нотлогддог. Ингээд төлөөгүй гэдэг байдал тогтоогдсоны дараа Д.А 2017 оны 04 дүгээр сарын 15-ны үед байгууллагын дансанд мөнгө шилжүүлсэн байдаг. Ипотекийн зээл нь 2017 оны 03 дугаар сарын 20-нд гарсан. Бид хүсэлт гаргаж ХААН банкнаас нотлох баримт гаргуулсан. Зээлийн хувийн хэрэгт нь Т ТӨҮГ-ын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт байдаг ба үүнд байгууллагын нэр гэдэгт ТОСК, мөнгө тушаагч гэдэгт Д.А, гүйлгээний утга хэсэгт Буянт-Ухаа 2, 1014-14 тоот урьдчилгаа 20 хувь, 13 292 100 төгрөг гэж бичээд доор нь нягтлан бодогч Алтангэрэл гэж бичсэн баримт байсан. Дараа нь энэ мөнгө ороогүй байна гэсэн асуудал яригдахад мөнгөө төлсөн гэж өөрөө худал хэлсэн. Гэтэл төлөөгүй болох нь тухайн үед ажиллаж байсан нярав, нягтлан нарын мэдүүлгээр тогтоогддог. Тиймээс Д.Аыг байгууллагын итгэл эвдсэн, хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр ажлаас нь халсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй учир хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хөдөлмөрийн гэрээ бол өргөн агуулгатай, олон харилцааг зохицуулдаг. Зөвхөн чиг үүрэгтэй холбоотой асуудлыг зохицуулдаггүй. Д.А нь энэ үйлдлээрээ ажил олгогчийн итгэлийг эвдсэн гэж үзэж байгаа. Мөнгөний баримт нь санхүүгийн анхан шатны баримт болж нэг хувь нь няравт байх ёстой боловч тэр нь байдаггүй. Иймд Д.Аыг ажлаас халсан захирлын Б/28 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Аыг урьд эрхэлж байсан Т ТӨҮГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч байгууллагаас 2017 оны 05 дугаар сарын 04-нөөс 09 дүгээр сарын 25-ныг хүртлэх ажлын 95 хоногийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5 584 765 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Аын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцож, нөхөн бичилт хийж баталгаажуулахыг ажил олгогч Т ТӨҮГ-т даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 104 306 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Итгэлбат, Б.Өнөржаргал нар давж заалдах гомдолдоо: “...Д.А нь "ТОСК" ТӨҮГ-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийтгэй харилцах мэргэжилтнээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд тус хугацаанд өөрийн байгууллагын захиалгаар баригдсан "Буянт-Ухаа" 2 хорооллоос орон сууц худалдаж авахдаа 13 292 100 төгрөгийг дутуу төлж байгууллагад хохирол учруулсан байдаг. Д.Аын энэхүү үйлдэл ёс зүйгүй, гэмт хэргийн шинжийг агуулсан бөгөөд ажил олгогчийн итгэлийг эвдсэн тул ажил олгогчийн зүгээс хамтарч ажиллах боломжгүй гэж үзсэн. Д.А нь "ТОСК" ТӨҮГ-ийн Захиргаа, санхүүгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтнээр ажиллаж байсан. Тушаал дээр Захиргаа, санхүүгийн газрын мэргэжилтэн гэж харьяалах газар хэлтсийн нэрээр тушаал гаргасан байтал шүүх Захиргаа, санхүүгийн газрын мэргэжилтэн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн хоёрыг өөр ажлын байр мэтээр дүгнэсэн нь буруу байна.

Түүний ажлын байрны нэршил нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан, хөдөлмөрийн гэрээнд тодорхой бичигдсэн байхад шүүх уг нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлж үзэлгүй буруу дүгнэлт гаргасан байна. Ажлын байрны нэршилтэй холбоотой асуудлаар зохигчид маргаагүй болно. "ТОСК" ТӨҮГ нь иргэн Д.Аын хууль бус гэмт хэргийн шинжтэй үйлдлээс үүдэж түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Залилан мэхлэх замаар байгууллагадаа 13 292 100 төгрөгийн хохирол учруулсан ажилтанг цаашид үргэлжлүүлэн ажиллуулах нь байгууллагын бусад ажилтнуудад үлгэр дуурайлалгүй, сахилга батгүй, хөдөлмөрийн дотоод журам үйлчилдэггүй байдлыг өөгшүүлсэн болно гэж үзсэн. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

       Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

       Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Т ТӨҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчийг ноцтой зөрчил гаргасан гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Т ТӨҮГ-т 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/135 тоот тушаалаар хэвлэл, олон нийттэй харилцах мэргэжилтнээр томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад тус байгууллагын гүйцэтгэх захирлын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/28 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөр дуусгавар болгон цуцалж, ажлаас чөлөөлсөн болох нь дээрх тушаал, хөдөлмөрийн гэрээнүүд, хөлсөөр ажиллах гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх 3, 4-10, 11-12, 13-15, 107-11/

 

Анхан шатны шүүх ажил олгогч нь ажилтныг ажлаас үндэслэлгүй халсан гэж дүгнэн, түүнийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг зөв тооцож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Харин Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан эсэх үйл баримтын талаар хийсэн шүүхийн дүгнэлт учир дутагдалтай болжээ. Хэргийн 77 дугаар талд авагдсан баримтад 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “БУ-2 1014-14 тоот урьдчилгаа 20 хувь” гэсэн гүйлгээний утгатай, 13 292 100 төгрөгийг Д.Ааас хариуцагч байгууллагад тушаасан гэх тус байгууллагын санхүүгийн тэмдэгтэй бэлэн мөнгөний орлогын баримт үйлдэгдсэн байгаа нь Хөдөлмөрийн гэрээний 10.2.47-д заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзнэ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар зөрчил гаргаснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулж болохгүй талаар заажээ.

 

Нэхэмжлэгч Д.А нь 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр баримт үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр дууссан байна. Гэтэл ажил олгогчийн ажилтныг ажлаас чөлөөлөх тухай тушаал нь 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гарсан байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Итгэлбат, Б.Өнөржаргал нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/01774 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Итгэлбат, Б.Өнөржаргал нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

   2. Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                           ШҮҮГЧИД                                   Д.БАЙГАЛМАА

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН