Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2019/ДШМ/33

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 01 өдөр                          

  2019/ДШМ/33                                  Зуунмод

 

 

Г.О-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Сувд-Эрдэнэ,

Шүүгдэгч Г.О,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Цэцэгмаа,

Нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ю.Энхмаа, шүүгч Ш.Гандансүрэн нарын бүрэлдэхүүнтэй хянан  шийдвэрлэсэн, 2019 оны 02 сарын 20-ны өдрийн 06 дугаар шүүхийн тогтоолтой шүүгдэгч Г.О-т холбогдох 201719000224 дугаартай 5 хавтас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 04 сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч Г.О нь Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутагт байрлах Зэвсэгт хүчний жанжин штабын сургалтын нэгдсэн төвийн буудлагын талбайд Зэвсэгт хүчний 350 дугаар анги хээрийн сургуулилт явуулж байх үед тус ангийн захирагчийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр баталсан хичээлийн хуваарийг зөрчиж "гар гранат 1 дүгээр дасгал боловсруулах" галын бэлтгэл хичээлийг 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн инженерийн бэлтгэл хичээлийн цаг дээр буюу 17 цаг 25 минутаас 18 цаг 10 минутын хооронд явуулж, хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас байлдааны гранат дэлбэрч зэвсэгийн албаны офицер ахмад Б.Мөнгөншагай, гранатомётчин Б.Ариунболд нарын амь нас хохирч, ахлагч П.Данзанравжаа, ахлагч Б.Тэмүүжин нарын эрүүл мэндэд хүндэвтэр, дэд ахлагч Д.Батболд, Г.Анхбаяр, Б.Бат-Эрдэнэ, Б.Цэндсүрэн, Г.Пүрэвжав, ахлах ахлагч Б.Ганзориг, ахлагч О.Ууганбаяр Ж.Бадмаанямбуу, Л.Очирбат нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 20-ны өдрийн 06 дугаар шүүхийн тогтоолоор: 

           Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.О-т холбогдох эрүүгийн 201719000224 дугаартай хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Энхбат гаргасан эсэргүүцэлдээ: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу яллах дүгнэлтэд яллагдагчийн эцгийн нэр, өөрийн нэр, биеийн байцаалттай холбоотой бусад мэдээллийг, мөн яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт буюу гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг тус тус дурьдсан болно.

Мөн яллах дүгнэлтэд шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1/2265 дугаартай: "2.Ангийн захирагчийн 2017 оны А/104 дүгээр тушаалаар буудлагын ахлах удирдагчаар томилогдсон тагнуулын тасгийн дарга, хошууч Г.О нь салааны байлдааны буудлага, хээрийн дадлагыг удирдан зохион байгуулан явуулах, салаа, ротын захирагч, бие бүрэлдэхүүнээс хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, зааврыг хэрхэн сахин биелүүлж байгаад хяналт тавих үүрэгтэй албан тушаалтан мөн. З.б.Буудлагын ахлах удирдагч хошууч Г.О нь "буудлагын зэвсэг, байлдааны машин, танкийн буудлагын курс" БК-89 зааврын нэгдүгээр хавсралтын буудлага удирдах түүнд үйлчлэх хүмүүсийн үүргийн 1-д: "Буудлагын ахлах удирдагч нь буудаж буй салбаруудаар тогтоосон журам, аюулгүйн арга хэмжээ, боловсруулж буй дасгалын нөхцөлийг сахиулах явдлыг хариуцна" гэсэн заалтыг зөрчсөн байна. Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагчийн баталсан "Салбарын жигдрэлтийн шатны хээрийн гаралтын үед 1МБР-ын бие бүрэлдэхүүнд заах хичээлийн хуваарь"-ийг мөрдөлгүй 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 08:30-аас 10:05 цагийн хооронд явагдах ёстой байсан гap гранат 1 дүгээр дасгал боловсруулах" галын бэлтгэл хичээлийг 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн инженерийн бэлтгэл хичээлийн цаг дээр буюу 17 цаг 25 минутаас 18 цаг 10 минутын хооронд явуулсан нь "Ангийн захирагчийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр баталсан хичээлийн хуваарь"-ыг зөрчсөн байна. Буудлагын ахлах удирдагч хошууч Г.О нь хичээлийн хуваарь өөрчлөх талаар бие даан шийдвэр гаргах эрхгүй албан тушаалтан болно." гэх дүгнэлтийг / 2 хх-ийн 167-170-р хуудас/ дэлгэрэнгүй байдлаар тусгажээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт "Ерөнхийлөгч Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч байна", мөн зүйлийн 10 дахь хэсэгт "Зэвсэгт хүчний нийтлэг дүрмүүдийг батална". гэж хуульчилсан ба шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шинжээч С.Өлзийтогтох нь зэвсэгт хүчинд мөрдөгдөж буй дүрэм, журам, зааврууд нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт юм гэж мэдүүлсэн.

Мөн шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан БК-89 заавар нь 1989 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Батлан хамгаалах яамны сайдын 196 дугаартай тушаалаар батлагдсан, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д заасан төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч захиргааны төв байгууллага болох Засгийн газрын харьяа Батлан хамгаалах яамнаас баталсан захиргааны хэм, хэмжээний акт бөгөөд шүүгдэгч Г.О нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм, хэмжээний актыг зөрчсөний улмаас дээрх гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь нотлогдон тогтоогдсон болно.

2. Шинжээч С.Өлзийтогтох, О.Түвшинжаргал, Д.Мэндбаяр нарын гаргасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн, эзэмшсэн тусгай салбарын мэдлэгийн хүрээнд гарсан дүгнэлт бөгөөд шүүхийн тогтоолд шинжээч нар нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дүгнэлтийн аль хэсгийг хамгаалж чадаагүй зөрүүтэй мэдүүлсэн, аль шинжээчийн дүгнэлтүүд нь хэрэгт авагдсан ямар нотлох баримтаас өөр байдлаар тусгагдаж, эргэлзээтэй байдал бий болгосныг харьцуулж үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр, ерөнхий байдлаар дахин дүгнэлт гаргуулах талаар даалгасан нь ойлгомжгүй байна.

3. Хэргийн газраас буюу сургалтын нэгдсэн төвийн буудлагын талбайгаас 2-3 км зайтай хээрийн байрлалд сургалтанд ашиглах гранатыг хадгалж байсан, буудлагын талбайд 25 ширхэг гранатыг ангийн захирагчийн зөвшөөрөлгүйгээр зэвсгийн офицер Б.Мөнгөншагай нь хохирогч Б.Ганзоригийн БТР 70 тээврийн хэрэгслээр тээвэрлүүлэн, хэрэг осол гарахын өмнө модон хайрцагтай гранатыг дэлбэрэлт болсон газарт зөөвөрлөн аваачсан болох нь хохирогч Б.Ганзориг, гэрч Д.Өлзийбаяр, С.Галбадрах, Б.Гантулга, П.Чинзориг, яллагдагч Г.Оын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Тухайн үед ангийн захирагчаар ажиллаж байсан Д.Өлзийбаярыг өөрийнх нь тушаал шийдвэрээр хориглосон байсан сургалтад хяналтаа бүрэн тавьж ажилласан эсэх талаар шалгах нь хэрэгт төдийлөн чухал ач холбогдолтой биш бөгөөд гранатын хадгалалт, хамгаалалтыг хариуцаж байсан Б.Мөнгөншагай нь ангийн захирагчийн тушаал шийдвэрийг зөрчиж, тэсрэх бөмбөгийг сургалтын талбайд дур мэдэн байрлуулсан үйлдэл нь хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн нэг болох нь нотлогдон тогтоогдсон болно.

4. Тухайн гэмт хэрэг нь 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гарсан бөгөөд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан үйлдэл 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул Г.О-н  үйлдэлд "Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах" гэмт хэргээр нэмж ял сонсгох үндэслэлгүй юм. Мөн 2002 оны болон 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гэж хуульчлагдаагүй болно.

 Иймд Г.О-т холбогдох хэргийг прокурорт буцаасан Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичиж, хүргүүлэв.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сувд-Эрдэнэ гаргасан тайлбар, дүгнэлтэндээ: Прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Шүүхийн тогтоолыг хүчингүй болгон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Цэцэгмаа гаргасан тайлбартаа: Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй гарсан. Прокурорын яллах дүгнэлт нь хуулийн шаардлага хангахгүй байгаа. Яг ямар хуулийн, ямар гэрээний заалтыг зөрчсөн гэдэг нь ойлгомжгүй байдаг. Шинжээчийн дүгнэлт нь миний үйлчлүүлэгчийг буруутгаагүй. Хууль хэрэглээний хувьд энэ хэрэг нь хуучин үйлчилж байсан хуулийн үед гарсан. Өмнөх хуучин хуульд болгоомжгүй хүндэвтэр гэмтэл учруулах нь гэмт хэрэгт тооцогдохгүй байсан. Хүндэвтэр, хөнгөн гэмтэл учирсан хохирогч нарыг бөөнд нь яллах дүгнэлтэд оруулж ирсэн нь буруу гэж үзэж байгаа. Шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүдэгч Г.О-т холбогдох эрүүгийн 201719000224 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Г.О-т холбогдох 201719000224 дугаартай эрүүгийн хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцаасан Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаартай шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан байна.

Прокурорын 2019 оны 11 сарын 07-ны өдрийн 319 дугаартай яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсгийн гэмт хэргийн товч агуулгад яллагдагч Г.О нь ямар хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний ямар акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас байлдааны гранат дэлбэрч 2 хүний амь нас хохирч, бусдын эрүүл мэндэд хүндэвтэр, хөнгөн хохирол учирсан талаар тодорхой тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан яллах дүгнэлт нь тэмдэглэх, тогтоох хэсэг, хавсралтаас бүрдэнэ. Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт яллаж байгаа гэмт хэргийн товч агуулгыг тусгана гэж заасантай нийцээгүй байна. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн, гүйцэд тодорхойлолгүйгээр гэмт хэргийг зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь буруу байна.  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн мэргэжлийн шинжээч, шинжилгээний байгууллагаас гадуурх мэргэжлийн шинжээч нарын хамтарсан багаар дахин бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулах ажиллагааг хийлгэхээр заасан нь үндэслэлтэй байна. Прокурор гаргасан эсэргүүцэлдээ шүүгдэгч Г.О-т холбогдох хэрэг дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулах боломжгүй гэж байх боловч 3-р хавтаст хэргийн 238-р талд авагдсан баримтаас үзвэл Зэвсэгт хүчний жанжин штабын Ар талын газрын цэргийн зэвсэглэлийн хэлтэст хандан тусгай мэдлэг бүхий этгээдийн мэдээллийг гаргуулан авч Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар шинжилгээг шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх боломжтой байна.

Шүүхийн тогтоолд дурдсан “ Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутагт байрлах Зэвсэгт хүчний жанжин штабын сургалтын нэгдсэн төвийн буудлагын талбайд явуулж буй хээрийн сургуулилтын хичээлийн хуваарийг баталсан тус ангийн захирагч нь дээрх сургалтын арга хэмжээний үеэр хээрийн сургалтын төв байрны зэвсгийн агуулахад тэсрэх бөмбөг хэрхэн хадгалагдаж байгаа талаар, мөн зэвсгийн агуулахаас тэсрэх бөмбөг дэлбэрсэн буюу хэрэг учрал болсон гэх буудлагын талбайд чухам хэдэн тооны тэсрэх бөмбөгнүүд хэний зөвшөөрлөөр хэрхэн яаж очсон, уг зэвсгийн агуулахаас тэсрэх бөмбөгийг гаргасан, зөөвөрлөсөн, тээвэрлэсэн зэрэг ажиллагаанд хууль, зохих дүрэм журмын дагуу хяналтаа бүрэн тавьж ажилласан эсэхийг тодруулах” гэснийг дахин мөрдөн байцаалтын ажиллагаагаар шалгах шаардлагагүй байна гэж үзлээ. Учир нь шүүхийн тогтоол дурдсан дээрх асуудал нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас авсан мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон байна.

Мөн шүүхийн тогтоолд дурдсан “Хэрэг учрал болох үед хохирогч Данзандаржаа, Тэмүүжин нарын эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохиролд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж тогтоох” гэсэн ажиллагааг явуулах шаардлагагүй байна. Шүүхийн тогтоолд хохирогч П.Данзанравжаагийн нэрийг буруу бичсэн болон “ ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан...” гэж буруу бичигдсэнийг техникийн шинжтэй алдаа гэж үзнэ. 

П.Данзанравжаа, Б.Тэмүүжин нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан хэрэг учрал нь 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр буюу 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байх үед гарсан. 2002 оны оны Эрүүгийн хуульд “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалт хуульчлагдаагүй байсан. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “2. Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж хуульчилсан.

Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын гаргасан эсэргүүцлийн хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 20-ны өдрийн 06 дугаар шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Г.Энхбатын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Г.О-тавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Г.БОЛОРМАА

 

                   ШҮҮГЧИД                                                                      Т.ЭНХМАА

                                                                                           

                                                                                                          Р.МӨНХ-ЭРДЭНЭ