Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2023/0735

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

О.Тийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 793 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч О.Т

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга

Хэргийн индекс: 128/2023/0485/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 793 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Тийн “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 дугаар захирамжийн О.Төд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч
О. Т нь Баянзүрх дүүргийн засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А\546 тоот захирамжаар Баянзүрх дүүргийн 12-р хороо Төмөр замын 10-20 тоот хаягт байрлах 339м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг хуулийн дагуу эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулан эзмших эрх үүссэн байсан юм. О.Т нь газар эзэмшиж байх хугацаандаа газрын төлбөрөө төлж мөн газар эзэмших хугацаа дууссан даруйд газар эзэмших эрхийн хугацаагаа сунгуулж байсан юм. О.Т нь эзэмшиж буй газраа хашаа барьж амьдрах гэсэн боловч газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулсан хугацаанд тухайн газар нь Нийслэлийн засаг даргын захирамжаар дахин төлөвлөлтөнд орж, “Ж Г” ХХК нь Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт дахин төлөвлөлт хийжхотхон барихаар шалгарч улмаар тухайн байршилд газар эзэмшиж байсан иргэдтэй “Орон сууц захиалан бариулах” гэрээ байгуулсан юм. О.Т нь ч мөн тус гэрээг байгуулж гарын үсэг зурсан байсан боловч захиргааны хэрэг үүсэгсэн хугацаанд “Ж Г” ХХК-аас тухайн гэрээг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасан боловч тухайн гэрээ байхгүй гэсэн албан бичиг ирүүлсэн байсан юм. Баянзүрх дүүргийн засаг даргын 2022 оны 12 сарын 22-ны өдрийн А\1009 тоот захирамжаар иргэдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, 41-р зүйлийн 41.6 дахь заалтуудыг үндэслэн хүчингүй болгосон. Газар эзэмшигч нь газрын тухай хуульд зааснаар газар дээрээ хашаа барьж амьдрах хүсэлтэй байсан боловч газар нь дахин төлөвлөлтөнд орж газар нь байраар солигдох болсон гэж үзэх хүлээлт үүссэн байсан. Энэ хүлээлт нь Нийслэлийн засаг даргын дахин төлөвлөлтөөс үүссэн. Иймд газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэж үзэх боломжгүй юм. Энэ хугацаанд байр ашиглалтанд орно гэсэн итгэлийг үүсгэсэн байсан тул газар дээрээ хашаа байшин бариагүй болно.

Иймд нэхэмжлэгчийн өөрийн буруутай үйлдлээс хамааран газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэж үзэх боломжгүй тул захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 30-ны өдрийн 793 дугаартай шүүхийн шийдвэрийгхүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч О.Тийн хүчингүй болгуулахыг хүссэн “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 дүгээр захирамжаар (Хавсралтын 22) Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэж, нэхэмжлэгчид анх 2014 оны А/546 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээнд 339 м.кв эзэмших эрх олгосон, 2020 оны А/325 дугаар захирамжаар хугацааг нь сунгасан газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгч О.Тийг эзэмшил бүхий газраа 2 жил дараалан ашигласан гэх, эсхүл газраа эзэмшиж, ашиглахад нь дахин төлөвлөлт буюу бусдын хууль бус үйлдэл нөлөөлсөн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна ...” гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтуудын эргэлзээг арилгалгүй, зөвхөн нэхэмжлэгч өөрөө баримт /гэрээ/ ирүүлээгүй гэж, нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүйгээс үндэслэл бүхий болоогүй байна.

3. Нэхэмжлэгч нь газраа 2 жил дараалан ашигласан гэж маргаагүй бөгөөд харин “...  Миний эзэмшиж байгаа газар нь Нийслэлийн Засаг даргын захирамжаар дахин төлөвлөлтөнд “Ж Г” ХХК нь орон сууцны хотхон барихаар болсон гэж надад хотхоны зураг үзүүлж энэ газар дээр хотхон баригдана тийм учраас хашаа болон үл хөдлөх хөрөнгө барьж илүү зардал гаргах хэрэггүй харин өөрийн эзэмшлийн газраа байраар сольж орон сууц захиалгын гэрээ байгуулчих гэсэн тул Нийслэлийн Заса даргын Тамгын газар очиж орон сууц захиалгын гэрээ байгуулсан. ... Надаас шалтгаалаагүй байдлаас газар эзэмших эрхийг хүчингүй болгосон ...” гэж маргажээ.

3.1. Үүнтэй холбоотой хэрэгт Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр ГХДТ-2014/2 багцын 26.3 га Б талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “Ж Г групп” ХХК-ийг шалгарсныг батламжилсан Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/602 дугаар захирамж, тус талбайн барилгажилтын төсөл  (1-р хавтас, 83, 105 дугаар хуудас) зэрэг баримтууд авагдсан боловч тухайн дахин төлөвлөлтөд нэхэмжлэгчийн газар багтаж байгаа эсэх нь тодорхойгүй байна.

3.2. Мөн төсөл хэрэгжүүлэгч гэх “Ж Г групп” ХХК-аас ирүүлсэн “... 200 гаруй хоёр талт гэрээн дунд О.Тийн дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд хийсэн 2 талт гэрээ манай компанийн төв архивт байхгүй...” гэх хариу  (1-р хавтас, 107 дугаар хуудас) хэрэгт авагдсан, мөн нэхэмжлэгч нь 2 талт гэрээгээ шүүхэд гаргаж өгөөгүй нь тухайн газар нь дахин төлөвлөлтөд орсонтой холбоотой “...  газраа эзэмших, ашиглах боломжгүй байсан” гэх нэхэмжлэлийн үндэслэлийг бүрэн үгүйсгэх нөхцөл байдал гэж үзэхээргүй байна.

3.3. Иймд анхан шатны шүүх тухайн газар нь дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх талбайд хамаарч байгаа эсэх, тухайн төслийн үйл ажиллагаа нь ямар үе шатандаа явж байгаа, газар эзэмшигчтэй ямар нэгэн тохиролцоо хийх ажиллагаа явагдсан эсэх зэрэг холбогдох баримтуудыг цуглуулан нэхэмжлэгч газраа зориулалтын дагуу эзэмшээгүй нь дээрх дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаатай хамааралтай эсэхийг анхан шатны шүүх тогтоосны үндсэн дээр дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх шаардлагатай.

4. Мөн анхан шатны шүүх “... Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа төмөр замын зурвас газрын хэмжээ, хил зааг тогтоох асуудлыг шийдэгдтэл шинээр газар олгох асуудлыг зогсоох, төмөр замын зурвас газарт хууль бусаар газар олгосон шийдвэрийг Газрын тухай хуульд заасны дагуу хүчингүй болгох чиглэлийг хүргүүлсэн байх хэдий ч маргаан бүхий ... А/1009 дүгээр захирамж дээрх чиглэлийг үндэслэж гараагүй байх тул уг үйл баримтад шүүхээс дүгнэлт өгөөгүй” гэжээ.

4.1. Гэтэл хариуцагчийг төлөөлж тус дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны дарга Д.Б-гөөс нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан тайлбарт[1] “... Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон “Улаанбаатар төмөр замын” ХНН-с Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа төмөр замын зурвас газарт шинээр газарт олголт хийхгүй байх газар олгосон шийдвэрийг Газрын тухай хууль тогтоомжийн дагуу хүчингүй болгох тухай албан бичиг ирүүлсний дагуу манай албанаас судлан үзэхэд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5. 40.1.6-д заасны дагуу хүчингүй болох үндэслэл бүрдсэн байсан тул Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 тоот захирамжаар хүчингүй болсон” гэж дурдсан.

4.2. Шүүхээс дээрх тайлбартай холбоотойгоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 4/61 дүгээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн эдэлбэр газрын тухай” албан бичгийг[2] нотлох баримтаар авсан байх ба хариуцагчийн бичгээр гаргасан тайлбарын үндэслэлийн талаар дахин тодруулахгүйгээр анхан шатны шүүх “ маргаан бүхий захирамж нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн чиглэлийг үндэслэж гараагүй ... ” гэж маргааны хүрээг тодорхойлж дүгнэлгүй орхисон нь хангалтгүй байна. Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд “... төмөр замын зурвас газарт олгосон гэж ойлгож болно ...” гэх тайлбараас үзвэл энэ талаар маргаангүй буюу маргаан бүхий актын үндэслэлд хамраахгүй гэж үзэхэд хангалтгүй байна.

4.3. Иймд хариуцагчаас энэ талаар тодруулж, албан ёсоор тайлбар авсны үндсэн дээр маргааны хүрээг тодорхойлж, шаардлагатай бол холбогдох баримт, судалгааг цуглуулж дүгнэлт өгөх нь маргаан бүхий актын үндэслэл, түүний улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэж үзсэн газар эзэмших эрх, ашиг сонирхлыг дүгнэхэд ач холбогдолтойгоос гадна тухайн үйл баримтын талаар дүгнэсэн шүүхийн шийдвэр байгаа гэж үзэх үндэслэл болох эсэхэд хамааралтай юм.

5. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнийг эс зөвшөөрсөн хариуцагчийн тайлбар, маргаан бүхий актын үндэслэл, нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэж үзсэн эрх, ашиг сонирхлыг нь тодруулж, холбогдох тайлбар, баримтыг цуглуулан дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 793 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хгийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БААТАРХҮҮ

                    ШҮҮГЧ                                                     Г.МӨНХТУЛГА

                                ШҮҮГЧ                                                              С.МӨНХЖАРГАЛ

 

 

 

[1] Хэргийн 45-р хуудас

[2] Хэргийн 99-100”р хуудас